True sign of intelligence is not knowledge, but imagination”,

 “Mathematic will get you from A to B. Imagination will take you everywhere”


.. гэх мэт “imagination” –ыг магтсан ишлэлүүдийг Эйнштэйн, Томас Эдисон, Стив Жобс нарын суутнууд хэлж, түүнийг нь манайхан янз янзаар орчуулж цахим орчинд тараах болж. Ихэнхидээ л “imagination” –ыг  ”төсөөлөл” гэж махчлан буулгадаг. Жишээ нь “Математик А цэгээс Б цэг хүрэхийг л заана, харин төсөөлөл хаа ч хүрэхийг заана”, “Мэдлэг биш төсөөлөл илүү чухал” гэх маягаар. Эйнштэйн өөрөө физикч, түүний харьцангуйн онол математик тооцоогүй төрөх боломжгүй учир “математик нь чухал биш, математик сэтгэхүй чухал” гэсэн санаа дурдсан байх. Эйнштэйний хувьд математик нь багаж хэрэгсэл төдий, харин өөрийн нь сэтгэн бодох чадвар гол давуу тал. Товчхондоо Эйнштэйн, Томас Эдисон нар “ургуулан бодох”, “сэтгэн бодох” гэсэн утгаар “imagination” гэсэн үгийг хэрэглэсэн биз. Харин манайд “imagination” –той төстэй “fantasy” –г ч бас “төсөөлөл” гэж орчуулдаг. Эйнштэй, Стив Жобс нарын авч үзсэн нь “imagination” болохоос “fantasy” яавч биш. “fantasy” нь илүү урлаг уран сайхны, хийсвэр төсөөллийг хэлнэ. Зөгнөл ч гэдэг.

Өөрийн анзаарсан энэ жижигхэн юмыг facebook хуудсандаа бичсэн чинь “Imagination –ыг өмнө нь хэзээ ч ургуулан бодох, сэтгэн бодох, сэтгэхүй гэж орчуулж байгаагүй юм мэддэг юмаа хуц...” гэж орчуулагч байрын улсууд хараагаад эхлэх шив. Нээрээ ч янз бүрийн толь бичигээс “imagination” –ы орчуулгыг харахад дандаа л “уран төсөөлөл”, “төсөөлөл”, “хийсвэр бодол” гэсэн утга заасан байх юм. “Comment” гэж үг “Тайлбар” гэсэн ерөнхий утгатай байсан. Жишээ нь “тайлбаргүй” шог зурагны доор “no comment” гэж бичдэг. Харин интернэтийн хөгжлөөс үүдээд “comment” –ыг “сэтгэгдэл” гэж өмнөхөөс тэс хөндлөн утгаар бас орчуулдаг болов. Хүн тухайн мэдээнд тайлбар бичих гэхээсээ тухайн мэдээ уншаад төрсөн сэтгэгдлээ хуваалцаж буй учир ингэж амьдрал дээрхи утгандаа хувирсан хэрэг. Тэгэхээр “imagination” гэдэг үгийг ч “төсөөлөл” гэж тогтсон махчилсан орчуулгаас хааяа ялгаж салгах нь зүйтэй ч юм шиг. Гол нь юу илэрхийлж байгаа цаад язгуур утгыг нь олж хараад, махчилсан утгыг хааяа “аних” хэрэгтэй байх л даа.

Юм гэдэг жижгээс эхэлдэг, бүр жижигхэн орчуулгын зөрөөнөөс ч эхэлдэг. Уран төсөөлөл буюу фантазтай хүн Гүндалайгаас эхлээд хаа сайгүй л байна. Харин “imagination” буюу “ургуулан бодохуй”, “сэтгэн бодохуй”, “сэтгэхүй” нь бараг алга. Гэхдээ "imaginary friend" гэвэл мэдээж "төсөөллийн найз" л даа. Хэлэх гээд байгаа гол санаа бол залуус гадаадын элдэв буруу орчуулгатай үг өгүүлбэрт автаж сайхан фантазтай л байхад мэдлэг, шинжлэх ухаан хамаагүй юм байна гэсэн үзэлд автах вий л гэж. Шал хэрэггүй юм бичсэн бол уучилна биз.