Бүх урлагийн дотроос  хамгийн чухал нь кино гэж Лениний хэлсэн үнэнд улам л дөхөөд байх шиг. Түүхийн ямар ч чухал үйл явдлыг олон нийт нэг их анзаарахгүй хэрнээ кинонд хурцаар дүрслээд орхивол шагшин гайхаж, сонирхон уншиж эхэлдэг болж байна. Хамгийн сүүлчийн нэг томоохон жишээ нь “47 ронин” кино болов.

1701-1702 онд Японд болсон бодот үйл явдлыг кинонд ид шид, үлгэр домгийн дүрслэлээр чимэн үзүүлжээ. 47 ронины түүхийн хамгийн сэтгэл хөдөлгөм, гайхаж биширмээр учиг нь тэд зорьсон үйл нь бүтсэн ч бүтээгүй ч эцэст нь үхэл хүлээж буйг ойлгож байсан, үхлийг үл тоон, үйл хэргээ өмнөө тавьсанд оршиж байгаа юм.

Тэгвэл манай түүхэнд бас 47 ронинтой төстэй гэмээр, 37 цэргийн хэрэг гарч байсан байх юм. Зарим талаараа тун төстэй, харин зарим талаараа яг эсрэг нь гэмээр, түүхийн энэ нууцлаг нэгэн явдлын тухай энэхүү нийтлэлдээ өгүүлсү.



1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглаж, Олноо өргөгдсөний дараахан Беатрис Булстрод гэж британи эмэгтэй нөхрийн хамт Монголоор аялжээ. Аяллын тэмдэглэл нь 1920 онд эхлээд Лондон, дараа нь Нью-Йорк хотноо хэвлэгдсэн байна.  Номын өмнөх үгийг тухайн үед “Таймс” сэтгүүлийн Бээжин дэх сурвалжлагч байсан Дэвид Фрэйзэр бичсэн, Монголын улс төрийн 1920 оны байдалд дүгнэлт өгч, ирээдүйг нь тааварласан нь нэн сонин, гэвч энэ удаад тэр тухай бичих гэсэнгүй. 

Булстродын тэмдэглэлд олон сонирхолтой баримт үлдсэнээс  Гэндэн баатарыг хөнөөсөн цэргүүдийг цаазаар авах мөчийг нүдээр үзсэнээ нарийн тод бичсэн хэсэг маш сонирхолтой. Зоригт баатар Тогтохын цэрэг, Ховдыг чөлөөлөх дайнд гарамгай гавьяа байгуулсны тул Түрэмгий баатар цол хүртэж асан Гэндэн баатарыг өөрийнх нь цэргүүд юуны учир хөнөөв гэдэг Монголын түүхийн нэгэн нууц болон хоцорчээ. Энэ тухай түүхч, доктор Жамсрангийн Урангуа багшаас лавласанд доорх хоёр сурвалж буйг хэлж өгөв. Үүнд:

Монгол улсын архивын баримт

Гэндэн баатарыг харьяат цэргүүд нь хөнөөсөн тухай архивын баримтанд тэмдэглэснээр:  “...Түрэмгий баатар, гүн Гэндэн санаа сэтгэл хувьсаж, шашин төрийг доромжлон, Нийслэл Хүрээг самууруулах санаа үүсгэсэн тул 37 хүн санаа сэтгэл нэгдэж, Хоёрдугаар он, өвлийн сүүл сарын 25-нд түүнийг харван алжээ...” (ҮТА Х А186. Д 1. Хн 397. Нуг 1) гэсэн байдаг аж.

Үүнийг одоогоор манай төр засгийн албан ёсны тайлбар гэж үзэж болно. Ямар ч байсан гучин долоон цэрэг эвсэн хөдөлснийг, мөн яагаад тэгэх болсныг нь тайлбарласан байна. 

Коростовецийн дуртгал

Харин И.Я.Коростовец дуртгалдаа ийн бичиж: 

“Гэндэн гүнийг (Монгол цэргийн захирагч нарын нэг) алсан этгээдүүд тэрээр Хутагтыг элдвээр муулан доромжилж, түүнд хүртээсэн гүн цолны тэмдгийг газар хаяж, бас Өргөөд төрийн эргэлт хийн, халхуудыг хөөн зайлуулж, цөмийг нь цахар хүмүүсээр солино гэсний нь төлөө, эцэст нь цэргүүдийнхээ цалин хөлсийг төлөхгүй байсан учир алсан гэж байцаалт дээр өчсөн байна. Сүүлчийн шалтгаан л хамгийн бодитой байсан болов уу” гэжээ. (“Монголд өнгөрүүлсэн есөн сар” УБ, 2010. 278-р тал)

Дээрх хоёр эх сурвалжид давхардаж байгаа санаа гэвэл Архивын “шашин төрийг доромжлон” гэдэг нь Коростовецийн “Хутагтыг элдвээр муулан доромжилж” гэдэгтэй, “Нийслэл Хүрээг самууруулах” гэдэг нь “Өргөөд төрийн эргэлт хийж, халхуудыг хөөн зайлуулж” гэдэгтэй тус тус дүйцэж байна. 

Беатрисын сонссон түүх

Тэгвэл энэ явдлаас хэдхэн сарын дараа Монголд очиж, Гэндэн баатрыг хороосон цэргүүдийг буудан хороохыг нүдээр үзсэн Беатрисын сонссон хувилбарыг бас авч үзэх нь зүйтэй.

Тэрбээр ийн бичиж (3 цэг хатгасан хэсгийг товчлон, орхисон хэмээн ойлгоно уу):
“Долоон сарын нэг сайхан өглөө... Ховд хотноо 400 цэргээ удирдан 4000 хятадыг дийлж байсан даргаа хөнөөсөн цэргүүдээс гурвыг нь цаазлах гэж байна. Цэргийн дэг, залхаалт дэндүү ширүүн байснаас болж цэргүүд нь даргаа үзэн ядах болжээ. Их ялалтынх нь баяр бахдалыг ч дарахуйц, тийм их өс хонзон, үзэн ядалт хуримтлагдсан аж. Тийм ч учраас Гэндэнг хөнөөхөөр хэдэн цэрэг сонгогдож, үлдсэн нь бүгд тэднийгээ дэмжсэн гэнэ. Нэг сарын нэг хүйтэн өглөө цэргүүд босов. Хорин ч маузер бууны сумыг даргын зүг хоосолжээ. Гэвч Гэндэнгийн хүч чадал үнэхээр гайхамшигтай байв. Зузаан гуяараа буудуулсан атлаа зугтсаар л байж. Английнхаар бол нэг бээр газар доголон гүйжээ. Тэгсээр хот руу орж ирсэнд хүмүүс гэрээсээ гарч, яагаад ийм зүйл болж буйг гайхан асууцгаасан байна. Гэвч хариултыг нь сонсож чадахуйц ойр байсангүй. Ямар ч байсан ойртон ирсэн хүмүүсийг “Надаас холд. Алуулна шүү” хэмээн хөөж байсан гэнэ. Тэр ч бүү хэл замдаа байсан хэдэн хүүхдийг аврахын тулд үхэхээсээ өмнө хамгийн аюул багатай газрыг сонгон зугтаж байжээ. Хатуу ширүүн дэгтэй боловч сэтгэл зүрх нь зөөлөн хүн байж дээ. Гүйсээр нэг хаалган дээр ирээд, амийг нь аварч болох эцсийн газар болохынх нь хувьд хамаг хүчээрээ түлхэв. Хүчтэй хүн байсан тул хаалгыг эвдэн унагасан ч, өөрөө мөн хамт унаад ахин боссонгүй. Удалгүй араас нь цэргүүд нь ч гүйгээд ирлээ. Гэндэн “Намайг хурдхан алаад орхи. Хойт нас, шинэ амьдралдаа үтэр түргэн очмоор байна” хэмээн хашхирсан байна. Цэрэг ч түүний яг толгойд сум зоов...” гэжээ.  (Beatrix Bulstrode, A Tour in Mongolia, New York 1920, 199-200 тал)

Беатрисын энэ түүхийн онцлог нь нэгд, үйл явдал болоод удаагүй, шинээрээ байхад очсон, мөн Гэндэнг буудуулахыг харсан хүмүүсээс мэдээлэл авсанд оршино. Учир шалтгааныг улс төр, шашин шүтлэгтэй гэхээсээ илүү цэргийн хатуу ширүүн дэгтэй холбон өгүүлсэн нь сонирхолтой юм. Энэ нь Коростовецийн “цэргүүдийнхээ цалин хөлсийг төлөхгүй байсан учир” гэдэгтэй мөн дүйж байна. Ямар ч байсан гучин долоон цэрэг даргынхаа эсрэг босон хороосон нь тодорхой, үүнд төр улсаа, шашин төрөө хамгаалах нэгэн зорилго, өөрсдийнхөө эрх ашгийг харсан бас нэгэн давхар санаа байсан нь илт байна. Ялих шалихгүй зүйлээр хүний амь хороосон биш, томоохон итгэл үнэмшлийн дагуу нэгдсэн 37 хүн байсан гэдгийг дараагийн өгүүлэх зүйл батлах мэт. 

Буудан хороох үйл ажиллагаа

Беатрис Булстродын тэмдэглэлийн хамгийн чухал хэсэг нь мөнөөх боссон 37 цэргээс 3 толгойлогчийг нь цаазаар авах ёслолыг нүдээр үзсэнээ сийрүүлсэн бүлэг юм. Гэндэнг хэрхэн хороосны тухайд бол Беатрис хүнээс дам сонсож бичсэн бол буудан хороох үйл ажиллагааг чухам нүдээр үзэж бичжээ.Номын 201-204-р талд бичсэн нь:

“Ийм нэгэн хэрэг үйлдсэн цэргүүдийг цаазаар авах ажиллагааг үзэхээр бид хоёр ч цаг хүлээн суулаа. Монголчууд ер нь цаг барина гэж байхгүй. Ганц хоёроороо толгой даван ирсээр байлаа. Тэр толгой нь тэнгэр бурхадаас цуст үйлийг нь нуух, халхлах ёстой аж. Богд уул Өргөө хотын бүхий л цэгээс харагддаг учраас Богд уул харагдахааргүй газар байх ёстой ажээ...”

Хотын зүүн хойт хэсэг рүү очиж энэ явдлыг үзсэн гэх нь Шар хадны энгэрийг хэлж байгаа хэрэг. Хожим хэлмэгдүүллийн үед ч Шар хадны энгэрт цаазаар авдаг хэвээр байв. Учир нь тэрүүхэн хэсэг газар Богд уул харагддаггүй байж. Беатрис цааш нь:  

“Бидний дэргэд жар, далан хятад ирж, хөгжил хөдөлгөөн, дуу шуу нэмэв. Тэдний хувьд хүн үхэхийг, ялангуяа монгол хүн үхэхийг харах нь баяр баясгалан бололтой. Тэд монголчуудаас салангид, зайтай суух бөгөөд энэ хоёр үндэстэнд ойр дотно гэх юм бараг алга... Цэргээр хүрээлүүлэн хамгаалсан хоёр үхэр тэргэн дээр гэмт этгээдүүдийг гарыг нь ард нь хүлсэн авчирлаа... Гурван цэргийн нэг нь шоронд 6 сар суусан гэхэд эрч хүчтэй, цовоо цолгин хэвээр, майханд суугаа албаны хүмүүс рүү их дуугаар хашгиран “Хөөе, та нар юунд майхандаа шигдээв? Гарч ирж цаазаа үз. Бидний үхэхийг хар” хэмээнэ.

Цаазаар авахын өмнө хэрэгтнүүдэд идэх юм өглөө. Өөрсдөө идэж чадахгүй учир аягыг нь урууланд нь дөхүүлэн барив. Гэтэл өнөөх эр хоолыг нь голж, эрхээ эдэлнэ хэмээн дуу шуу үүсгэж байна. Өгсөн ус, замбай гурилыг нь хүртэхгүй,  харин цай, мах авчир гэх аж.

Хооллосныхоо дараа тэднийг газарт хатгасан саваа модноос хүлэхдээ сөхрүүлэн суулгав. Ингэхдээ бууны амыг харахгүйгээр байрлуулсанд өнөөх чинь ахиад л гомдоллож эхлэв. “Яагаад та нар намайг бууны өөдөөс харуулахгүй байна вэ? Би цэрэг хүн. Цэргийн ёсоор үхэж болохгүй юу?” Гэвч гомдлыг нь авч хэлэлцсэнгүй...

Жаазтай зураг барьсан лам хоригдлуудын өмнө очлоо. Ламын юу хэлж буй нь бидэнд сонсогдсонгүй, харин нэг нь “Би хойт насандаа ахиад цэрэг болж төрмөөр байна” хэмээн хариулах сонстов. Гурвуул Бурхан багшийн зургийг хангалттай удаан харсан нь хойт төрлөө хурдан олохыг даатган залбирч байгаа бололтой. Ламыг явмагц хөх өнгийн хувцастай гурван цэрэг тун шуурхай ирж, гэмт хэрэгтнүүдэд их ойрхон, ойролцоогоор таван ярдын (4 метр хагас) зайтай байр эзлэв. Удалгүй пүн пүн пүн, гэсэн дуу гарч, хэсэгхэн тоос дэгдлээ. Хоёрынх нь толгой гулжийсан байх нь сум хийдгээ хийснийг гэрчилнэ. Гэвч хууль ёсоор хоёр, гуравдахь удаагаа мөн буудах ёстой. Ингээд бүхий л зүйл дууссаны хойно хачирхалтай нь нөгөө гол баатар маань үхээгүй байх нь харагдав. Хамгийн муухай нь биднээс өөр хэн ч түүнийг тоосонгүй, бүгд таран оджээ. Хамт явсан норвеги маань толгой даван давхиж, учирлан байж албаныхныг буцааж авчрахаар боллоо. Аль хэдийн Өргөөг зүглэн давхисан цэргүүдээс нэгийг нь буцаан авчрах хүртэл өнгөрсөн тавхан минут таван цагийн дайтай санагдаж билээ. Цэрэг ирүүт, мориноосоо буугаад өвдөглөж байгаад ахин нэг буудав. Энэ удаад алдаа гарсангүй, хөөрхий тэр эр арайхийн нэг юм тайван нойрссон доо.       

Бид гэр лүүгээ дуу муутайхан явлаа. Ард улайны газар хэсэг шувуу эргэлдэнэ. Хэдхэн копейкоор хөлслөгдсөн хүн-тас (тас шувуу адил олз олж буй гэсэн утгаар. Гэхдээ хувцсыг нь тайлах гэж хөлслөгдсөн болохоос авах гэж байгаа хэрэг биш) бас эцсээ хүртэл эрэлхэг зоригтой байсан хөөрхий гурван эрийн ноорхой хувцсыг салгах таатай бус ажлаа хийхээр, биднийг далдрахыг хүлээн зогсоно. Дараа нь Өргөөгийн муухай ноход тас шувуутай тэмцэлдэж эхлэх биз ээ...

Монголын гучин долоон ронин гэхийн учир, адил тал ба ялгаа

Японы 47 ронины түүх кино болон, дэлхий даяар алдаршиж байхад манай 37 цэргийн энэ нууцлагдмал түүхийг дэлхий биш юм аа гэхэд монголчууд бид өөрсдөө мэддэг байгаасай гэсэн үүднээс, өөрөөр хэлбэл олны анхаарлыг татах үүднээс нийтлэлээ ингэж нэрлэсэн юм. Сонин нэртэй юмыг унших гэдэг болсон цагт залуусаар юм уншуулах нэг арга гэх үү дээ.

Гэвч бас адил төстэй шинжүүд энэ хоёр түүхэнд бий. Хамгийн гол нь ронинууд ч тэр, манай цэргүүд ч тэр эцсийн эцэст цаазын ялтайгаа мэдэж байсан ч үйл хэрэгтээ үнэнчээр зүтгэсэн байгаа юм. Цаазаар авхуулахаасаа өмнө гаргаж буй гурван цэргийн ааш араншинг харахад зүгээр нэг цалингаа өгөхгүй болохоор нь хүн хөнөөчихсөн улс биш болох нь тодорхой байна. Хойд насандаа ахин цэрэг болж төрнө гэж байгаа нь ч тэр, төр шашнаа хамгаална гэсэн тэр үзлийнх нь илрэл болж байгаа нь дамжиггүй.

Харин ялгаатай тал бол Японы самурай, Монголын цэрэг хоёрын хувьд үнэнчээр зүтгэнэ гэдэг нь хэний төлөө, юуны төлөө вэ гэдэг асуудал, өөрөөр хэлбэл амьдралын утга учир, мөн чанар, үнэ цэнэт зүйлийг харах нь өөр байна. Самурай нар эзнээ алдсанаар ронин болсон, эзнийхээ өшөөг авахаар боссон бол монгол цэргүүд Богд хутагтыг нь доромжилсны эсрэг, төр шашныг нь самууруулна гэсний эсрэг, харин ч бүр өөрийн шууд эзнийг хөнөөсөн байгаа юм. Тэгэхээр тэд яг удирддаг даргаасаа дээшээ, илүү алс, ерөнхий үзэл суртлыг зорилгоо болгодог гэсэн үг.

Гэх мэтээр энэ талаар олныг өгүүлж болох ч энд хүрээд өндөрлөе. Цэргийн түүхч нар илүү сонирхолтой зүйл гаргаж ирэх биз ээ. Кино бүтээгч нарт ч болсон явдлыг өөрийнхөө өнцгөөс харж, сонирхолтой бүтээл туурвих нэг сэжүүр болж болох юм.