МАХН-ын дарга Н.Энхбаяр барьц алдав. Түүнийг ингэтлээ тууштай бус болж өтөллөө гэж үү. Эсвэл Өршөөлийн хуульд косметик засвар хийхийн тулд ийн хямрахад хүрэв үү.

Ямартай ч МАХН, МАН-ын ажлын хэсгүүд ирэх сонгуульд  эвсэх эсэх талаар тодорхой тохиролцоонд хүрч санамж бичиг байгуулан гарын үсэг зурцгаасан. Энэ шийдвэрээ нам тус бүрийнхээ хурлаар хэлэлцүүлж эхлээд байтал МАХН-ын дарга гэнэт ирсэн. Тэрбээр уг асуудлыг хэлэлцэхээр болоод байсан МАН-ын Бага хурлыг үл тоон АН-ын даргатай яаран уулзахаар үүд хаалгыг нь онголзуулж тавьтиргүйтэв. Уг нь санамж бичигт Н.Энхбаяр даргыг “эрэг дээр” гаргаад шидчихсэн зүйл огт байхгүй. Гэтэл эмчлүүлж сувилуулж байснаа л ялалтын маргаашийг билгийн мэлмийдээ тольдон зөгнөж юу юугүй төрийн өндөр албан тушаалаа алдах гэж байгаа мэтээр төсөөлөн “өвчин” нь сэдэрсэн бололтой юм.

Түүнд арайхийн хэл амаа ололцсон, үнэн хэрэгтээ өөрийнх нь эвдэж бусниулсан намууд бус зөвхөн өөрийнх нь холбогдож буй гэмт хэргээс ялгүй мултрах, УИХ-ын гишүүний халдашгүй эрх төдийхөн ч биш түүнээс өндөр сэнтий, түүнд хүргэх баг бүрдүүлэхүйц суудал тэргүүтэн хэрэгтэй байж.

Уг нь бяцхан хүлээчихсэн бол жагсаалт үгүй болж магад гэж харзнах байлаа. АН, МАН тус бүр өөр өөрийн намын хамт олноороо шийдвэр гаргахыг хүндэтгэх байв. Өөрөө тийм ч чухал “туслагч”, “зөвлөгч” биш болсон, харин ч хал балгүйхэн салах ёстой фигур болоод байгаагаа ухаарах учиртай байлаа. Гэтэл сүр сархийн хаалга үүд онголзуулсныхаа хариуд АН ч үгүй, МАН ч үгүй болж, аль аль нь “Н.Энхбаяртай эвсээгүй нам” болж харагдахаар яарахад хүргэчихдэг байна шүү.  Бүр одоогоор задраагүй байгаа болохоор эвсэгч нь гэж хэлж МҮАН-ын, МАХН-аас гарсан, гарах гэж байгаа гишүүд нь хүртэл зугтаж байна гээд бод доо. Тэгэхээр яасан байх нь вэ.

Тэр энэ удаад өөрөө өрөөлийн бөхийг засчихав уу даа. Нэгэн цагт, тодруулбал 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ардын уран зохиолч Т.Галсан гуайн “Өөрийнхөө биш өрөөлийн бөхийг засчихсан юм биш үү” гэчихсэнээс хойш гэнэт сэртхийж, он удаан цаг хугацаанд нөхөрлөж олон ялалтыг хамт авчирч байснаа нөхрөө сэрдээд зогсохгүй өөрийг нь өдий зэрэгт хүргэж шидэт саваа гарт нь атгуулсан төрөлх намаа хуваасан их нүглийг зөвхөн өөрийнхөө төлөө хийсэн. Энэ удаад ч тэр зөвхөн өөрийнхөө л төлөө МАХН-тай эвсэх тухай ярьж байсан намыг түлхлээ. Түүний энэ үйлдэл Н.Энхбаяраас өөр хэнд хэрэгтэй гэж. МАН-ын хувьд харин ч ашигтай. МАН, МАХН-ыг нэг нам байхад нь насаа элээж зүтгэсэн хэдэн ахмад, Н.Энхбаярыг мундаг улстөрч гэж бодож явсан гэгээн дурсамжаараа хүндэлж явдаг “лифтэнд суусан” хэдэн “хүүхдүүд” л энэ эвсэлд элэгтэй байсан. Харин үйл явдлыг өнөөдрөөр дүгнэдэг, бодитой, бодолтой дийлэнх гишүүн нь эвсэхийг таашаахгүй байв.

Түүнийг өнгөрсөн хугацаанд хэн хэнтэй нийлж, санасандаа хүрч чадаагүйн улмаас ширээ шаагаад гарч одсон, урваж хөрвөсөн болгоныг тоочиж яахин барах билээ. Гэхдээ хэрэв арай олон гишүүнтэйгээр нь МАН-тай эвссэн бол ямар нэг “улс төрийн аргаар” түүнийг ялаас мултлах байсан нь ч гарцаагүй, ул мөр нь ч үлдсэн.

Гэтэл “харалган” буюу өөрийнхөө гэгээлгээр тайлбарладгаар бол “хүн таньдаггүй гэнэн” гэх Н.Энхбаяр айхавтар андуурч “Над дээр л нар тусах өдрүүд...Би үнэ цэнтэй хэвээрээ байна” гээд жагсаалтын болон нэр дэвших тооны харьцаанд жигтэйхэн шунаж “засраагүй, засаршгүй” гэдгээ нотоллоо.

Одоо түүнд буруутгачих хамсаатан даанч алга. Итгэмжилж илгээсэн гэрээ байгуулах элчийг ичтэл шуналтаж өөрт олдох хамгийн том, магадгүй хамгийн сүүлчийн боломжийг тэр нураалаа. Өөрийн гараар өрөөлийн бөхийг заслаа. Хэрэв МАХН ирэх сонгуульд дангаараа, олонхийн суудал авчихгүй бол шүү дээ.