-     Францын ван “Гэгээн” хэмээх IX Луисийн Загалмайтны VII аян дайнд монголчуудтай хүч хамжих оролдлого (1248-1254)

Монголын шилдэг нийтлэлчдийн клубын портал-сайт дахь буландаа энэ удаа ахмад дипломатч Ш.Алтангэрэлийн 2010 онд бичсэн түүхэн судалгааны өгүүллийн хэсгээс  нэмж хасалгүй, үг үсгийн ганц нэг засвар хийн дор орууллаа. Тааллаараа соёрхон хүлээн авна уу. Дэлхийн ба Монголын түүхийн мэдлэгт тань хэрэг болж юу магад – Д.Баярхүү

1244 оны 8 дугаар сарын 11-нд монголын жанжин Ясавурдад Сирийн нутгаас шахагдсан Хорезмын үлдэгдэл цэрэг (Желал ад-Дин) Иерусалимыг эзэлж Египетийн мамлюкуудтай хүч нэгдэв. Энэ явдал Европын загалмайтнуудын 200 жилийн аян дайны үр дүнг үгүй болгосон тул ромын Пап лам Ариун хотыг дахин чөлөөлөхийг санаачилж уриалахад түүнд Францын Ван “Гэгээн” хэмээх IX Луисаас өөр хэн ч ач холбогдол өгөөгүй. Германы II Фридрих, английн III Генрих нар улс орноо төвхнүүлэхэд  хүчээ зарж тун завгүй байв. 1245 онд Луис Ван аян дайнд мордохоо зарлаж Норвегийн Ван IV Хоконд хэл хүргэж дуудуулахад тэрээр ч бас татгалзав.

1248 онд Луис Ван 3 000 морьтон, 5 000 сур харваач нийт 15 мянган цэргээ 36 хөлөг онгоцоор Кипр арал руу зөөснөөр Загалмайтны  түүхт VII аян дайн дэгдэв. Гэвч хоёр талд байрласан (Иерусалим-Каир) лалынхнаас хүч нь илтэд дутмаг байсан тул Ван 1249 он гартал дэмжлэг хайсаар байж зөвхөн 6 дугаар сард л Египет рүү довтолжээ. Далайн эргийн Думъят хотыг эзэлээд байтал Нил мөрөн гэнэт үерлэж довтолгоон хагас жилээр саатав. Энэ хооронд Египетийн захирагч Нажм ад-Дин Айуб нас барж хааны суудалд залуу, шийдэмгий Туран Шахыг залав.
   
1249 оны 11 дүгээр сард довтолгооноо үргэлжлүүлэх гэхэд Каирын зам дахь Эль-Мансура хотын дэргэд нэг хэсэг цэрэг нь бутцохигдон командалж очсон Вангийн дүү Роберт д’Артуа алагдав. Луис Вангаар удирдуулсан гол хүч нь жанжин Бейбарсын (хүүхэд насандаа Кыпчакаас олзлогдож мамлюк болсон хөлсний боол–дайчин) цэрэгтэй тулж хашигдав. Тэдэнд Думъят руу буцаж цайзанд нь хорогдох боломж байсан хэдий ч Ван өөрөө Эль-Мансураг эзлэхээр улайрч, олон сарын дараа л үлдсэн цөөн цэрэгтэйгээ ухарч адаг сүүлд нь мамлюкуудад бүслэгдэн бүрмөсөн ялагдаж, өөрөө олзлогдов.           
   
1250 оны 5 дугаар сард Луисыг чөлөөлөхөд 800.000 алтан безант төлж, Думъят хотыг Туран Шахад нь буцаахаар тохиролцсон боловч Вантан нохойтов. Олзолгдсон хэрнээ олзонд байсан энэ хотоороо Иерусалимыг наймаалцах оролдлого хийж бүтэлгүйтэв. Олзноос мултраад цэрэглэн мамлюкудтай дахин тулалдаж, дахин тэдэнд олзлогдож, эцэст нь Думъятыг буцааж өгч байж мултрав.
   
Бүтэлгүй энэ дайнд хүчээ зузаалах гэсэн Луис Вангийн санаархал Ойрх Дорнодыг эзэмшилдээ авч эхлээд байсан монголчуудын сонирхолтой давхацсан билээ. 1242 оноос Хойд Иран, Хойд Кавказ, Бага Азийн захирагчаар томилогдсон Бэсүд омгийн Байжу ноён сельжукийн Султаан Гиас ад-Дин Кей-Хосровтой байлдаж ялаад түүнээс жил бүр 12 сая алтан гиперперперон (византын зоос), 500 боодол торго, 500 тэмээ, 5000 хонь (Гүюг хаанд илгээхээр) авч байхаар тохирсон ч Султаан нь Алтан ордын Бат хаанд (Зүчийн хүү бөгөөд Гүюгийн дайсан) элч илгээж татвараа түүнд төлж ивээлд нь орохоор болжээ.

Нөгөөтэйгүүр Байжу ноён сельжукуудын дайсан болох Киликийн (Бага Азийн) армяны I Хетум хаантай гэрээ байгуулж цэргийн хүнс, шаардлагатай үед цэрэг авч байх, армяны тусгаар байдлыг цэргийнхээ хүчээр баталгаажуулж байхаар тохиролцов. Ийнхүү Бага Ази дахь христосын шашинт армян, лалын сельжук хоёрын зөрчилдөөнд хоорондоо сөргөлдсөн байр суурьтай (Бат-Гүюг) монголчууд энэ нутагт их цэрэг илгээхийг хожимдуулснаас лалынханд хүчирхэгжих боломж олгов. Мөнх хааны илгээсэн цэрэг 1253 онд Монголоос хөдөлсөн хэдий ч 1256 онд Бат хаан нас барж хүү Сартаг нь хаан ширээнд суусан цагт л аян дайнаа эхэлнэ. Батын дүү Бэрх: “Бид Мөнхийг хаан ширээнд залаагүй бил үү? Гэтэл хариу нь юу байна. Бидний нөхдийг хорлож, тэдэнтэй биднийг эвдрүүлж,  бидний холбоотны нутгийг санаархаж байгаа нь бузар хэрэг биш үү” гэж хэлж байв.
   
1247 оны зун монгол цэргийн байрлаж байсан Муганы талд (Каспийн тэнгисийн баруун урд эрэг) Монголоос Элжигдэй ноён ирж Гүюг хааны зарлигаар Байжугийн оронд суув. Багдад руу 1249 онд довтолохоор бэлтгэж байсан шинэ захирагч 1248 оны 12 дугаар сард Кипр арлын Никози хотод байрлаж байсан Луис Ван руу Сейф ад-дин Дауд (Давид), Марк хэмээх христосын шашинтан хоёр арабыг илгээж тэд нь Ванд захидал хүргэхийн хамт Гүюг хааныг христосын шашинд (несториан урсгал) орсон, Элжигдэйг ч несториан болсон болгож мэдээлэв. Ингэснээр тэд Луисыг зоригжуулж Египет рүү довтлуулан Багдадыг дэмжлэггүй болгохыг санаархаж байв.
   
Луис Ван 1249 оны эхэнд Элжигдэй захирагч, улмаар Гүюг хаан руу Андре де Лонжүмо (Доминикан журамт) ламаар ахлуулсан элч нарыг томилж хариу захидалын хамт бэлэг сэлт илгээв. Лонжүмо 1249 оны намар Жунгаарын Эмиль голын хөвөөнд хүрч байж л Гүюг хааны нас барсныг мэдэж (1248 оны 4 дүгээр сард Бат хааны хүмүүст хорлуулж) түүний эхнэр Огул-Гаймыш хатан, зөвлөх Чонохай нартай уулзав. Хатантан Луис Вангийн илгээсэн бэлгийг татварт тооцож, хариу захидалдаа хамтрахын тулд дагаар орохыг шаардав.

1251 оны 4 дүгээр сард Андре де Лонжүмо Палестинд буцаж ирээд IX Луист монголчуудын хариу захиаг гардуулав. Тэрээр энэ үед мамлюкуудад ялагдаж, олзонд байж үзсэн хэдий ч дайныг үргэлжлүүлэх, ариун зорилгоо биелүүлж Иерусалимыг чөлөөлөх, үүний тулд монголчуудтай холбоо тогтоох бодолтой хэвээрээ байв. Тимээс 1253 онд Бат хааны хүү Сартаг (Невийн Александрын хуурай ах) христосын шашинд орсон хэмээн сонсогдоход тэрээр Алтан орд руу хүн илгээж, гэхдээ дипломат бус шашны хэргээр яваа мэт дүр үзүүлэхийг зөвлөв. Энэ аяллыг Гийом Рубрук лам толгойлов.



Францискан журамт (бадарчин) лам, фламанд гаралтай Вилем Рубрук (Гийом нь Вилемын францжуулсан дуудлага) IX Луисийг дагаж загалмайтнуудын хамт Палестинд ирсэн байжээ. Мэдлэг, ухаантай, гярхай ажигч, чийрэг бие, тэсвэр хатуужилтай тэрээр 1253 онд 35-40 насны идэрмэг нэгэн байсан бололтой. Хүмүүстэй амархан ойртож дотносож чаддаг Рубрук нь Бат хаан, Мөнх хаантай ч ойлголцож чадсан байна. Түүний авч явсан Луис Вангийн  захидалд монголчуудтай лалынхны эсрэг хамтрах тухай бус харин Сартагийн нутагт христосын шашин түгээх зөвшөөрөл хүсэх тухай байв. Захидал хүргэх далимаар байдлыг харгалзаж сонирхсон сэдвээр нь хэлэлцхийг зөвшөөрчээ.

Рубрук нь Палестины Аккрагаас 1253 оны эхээр гарч Константинополийн  (эдүгээ Стамбул) боомтоос Хар тэнгисээр Алтан ордын нутагт дахь Крым хойгийн Судак хотод очив. Тэндээсээ 5 дугаар сарын эхэн үед үхэр тэргээр гарч явсаар хоёр сарын дараа Ижил мөрнөөс холгүй нутагт Сартагийг олж уулзав. Луис хааны захидлыг Бат хаанд авч очихыг Сартаг зөвлөж элч нартай нь ямарваа яриа хэлэлцээ хийхээс зайлсхийв.
   
1253 оны зун Бат хаан Ижил мөрний баруун эрэг, өнөөгийн Саратов хотын хавьд зусч голоо уруудан нүүдэлдэж байв. Тэрээр Рубрукийг намар хүртэл дэргэдээ байлгасан хэдий ч шашны асуудлаас нь мөн л зайлж Мөнх хаан руу явуулав. 1253 оны 9 дүгээр сарын 15-нд Рубрук лам Батын намаржааг орхин явж 12 дугаар сарын 27-нд Хархорумд ирэв. Энэ үед Мөнх хаан суудлаа бэхжүүлж Гүюг хааны талынхны “нохойноос дор” Огул-Гаймыш хатан, несториан зөвлөх Чонохай, Хойд Ираны захирагч Байжугийн оронд томилогдож байсан Элжигдэй нарын “77 хуйвалдагч”-ийг цаазаар авч, гадныхантай байгуулсан тэдний хэлэлцээрүүдийг хүчингүй болгосон байв.

Тэрээр Луис Вангийн захидалд хариулахдаа хоорондоо холбоотой байхын ач холбогдлыг үнэлж, дахин элч ирүүлэхийг зөвлөж бичсэн хэрнээ Рубрук ламтай нүүр тулан ярихдаа (Батаас болгоомжилсон бололтой) баруун чигт цэрэг илгээхийг үгүйсгээгүй, Өрнөдийн вангуудын байдлыг харгалзан тэдэн рүү халдахгүй байж болохыг анхааруулав. Энэ үед Хүлэгү жанжин Монголоос гараад (1253 оны 10 дугаар сар) 1254 онд Алмалиг (Ташкент) хотын ойролцоо Цагаадайн хантан Эргэнэгийнд, 1255 онд Самаркандын ойролцоо Маверан-нахрын захирагч Масуд-бек (Чингисийн зөвлөх Махмуд Ялавачийн хүү)-гийнд зочилж байгаад 1256 онд Алтан Ордын Сартаг хаанаас цэрэг ирж нэмэгдэхэд л (1255-1256 оны хавьд Бат нас барсан) Иран, Багдадын чиглэн хөдлөв.
   
1254 оны 7 дугаар сард Рубрук лам Хархорумаас гарч 1255 оны 6 дугаар сарын 16-нд Кипр арлын Фамагуста хотод ирэхэд Францын Ван “Гэгээн” хэмээх IX Луис “Ариун” дайнаа зогсоогоод нэг жилийн өмнө нутагтаа буцсан байв. Энэ үед Хүлэгү хааны  толгойлсон монгол цэрэг довтлох газраа дөхөж ирээд Маверан-нахрын нутагт байрлаж байв. Энэ тухай Рубрук мэдээгүй байлаа...