Монголын нийгэмд хүний эрх зөрчсөн ямар л асуудал босно, тэр бүхний голд явж, хууль эрх зүйн өмгөөлөл үзүүлж, тодорхой үр дүн гаргахын төлөө цуцалтгүй тэмцэж явдаг хуульч, өмгөөлөгч Цэрэнгийн Монголтой ярилцлаа. Тэрбээр өнөөдрийн нийгмийн энэ бүх хямралын эх уурхайг хууль эрх зүйн талаас нь тодорхой тайлбарласан нь сонирхолтой байлаа.

-Мэргэжлийн хуульч хүнтэй уулзсаных ойрын хугацаанд болж өнгөрсөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлыг асууя гэж бодож байлаа. Цэцийн дүгнэлт, УИХ-ын сонгуулийн системийн талаарх таны байр суурь ямар байв?

-Ерөөсөө ийм л юм. Шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 25 жил өнгөрлөө. Манай ардчилал Үндсэн хуульд зааснаараа, зөв голдрилоор явсан бол Монгол Улс одоо эдийн засгийн өндөр чадавхтай, ард түмэн нь Үндсэн хуульд заасан эрх нь хангагдчихсан, хөгжлийн зөв замдаа орчихсон байх хугацаа. Гэтэл 1992 оноос хойш  Үндсэн хуулийг хэрэгжүүлэх үйл явц эхнээсээ буруу явсан. Ялангуяа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуулийн үзэл санаа, агуулгын дагуу биш, хуучин нийгмийн үеийн захиргааны бүтцэд тулгуурлан баталж хэрэгжүүлж ирсэн нь том алдаа боллоо. Соц нийгмийн үеийн засаг захиргааны бүтэц зохион байгуулалт нь хэвээр үлдсэн тул энэ хуучин тогтолцоо нь аажмаар ардчилсан Үндсэн хуулийн хямралд хүргэх нэг гол шалтгаан болсон.

-Ер нь1992 оны шинэ Үндсэн хуулийг та хэр чансаатай хууль болсон гэж үздэг вэ?

-Ерөнхийдөө сайн хууль болсон. Сайн Үндсэн хуулийн хүрээнд гарах ёстой бусад хуулиуд нь харин их алдаатай гарсан. Жишээ нь хамгийн гол хуулиудын нэг Засаг захиргааны нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийг сая би шүүмжиллээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд  эсрэг тэсрэг хоёр өөр бүтэц чинь  нэгнийгээ үгүйсгэж, зөрчилдүүлэхээр Үндсэн хуулиа хүчгүйдүүлдэг юм байна. Бусад улс орнуудын түүхэнд ч тохиолдож байсан аюултай үзэгдэл.

-Гэхдээ өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн алдаа оноог шүүж, засч залруулахаар 1999 онд өөрчлөлт хүртэл хийсэн шүү дээ?

-Үндсэн хуульдаа 1999 онд гар хүрсэн. Энэ нь өнөөдөр ард түмний ярьж байгаа дордохын долоон өөрчлөлт нь юм. Ер нь бол тэр үед Үндсэн хуулийн замаар төрийн эргэлт хийсэн гэж болно. Яагаад гэвэл төр төвтэй олон намын систем байсныг нам төвтэй төрийн систем рүү шилжүүлсэн. Энэ бол уруудах зам руугаа орсон хэрэг. Яагаад гэвэл УИХ-аар олонхын шийдвэр гаргах асуудлыг гажуудуулж, зөвхөн 39 гишүүний ирцтэйгээр 18, 19-ийнх нь саналаар хууль баталж гаргах болсон. Энэ нь мөн чанартаа Монголд ардчилсан зөв засаглал байхгүй болсон гэсэн үг. Наад зах нь Засгийн газраа чиглүүлж, бодлогыг нь тодорхойлж өгч байх ёстой УИХ дотроо Засгийн газрын гишүүн нь давхар сууж байгаа нь ардчиллын том ухралт шүү дээ.

-Монголд засаглалын хуваарилалт алдагдсан гэдгийг ярьсаар удлаа, шийдсэн юмгүй л байна?

-Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зааг ялгаа байхгүй болсон учраас онолын хувьд ч практик амьдрал дээр засаглал байхгүйтэй адил болсныг хүмүүс нь мэдэж байгаа. Энэ бол төр дэх эмх замбараагүй явдал. Хуулийн төсөл, төрийн бодлогын асуудлыг эхлээд намын бүлгүүд дээр ярьж шийдвэрлээд байнгын хороод руугаа оруулдаг систем тогтсон. Эхлээд нам шийдвэр гаргаж байна. Тэгэхээр намын даргад, өөрөөр хэлбэл нэг хүний, хэсэг бүлэг эрх мэдэлтний мэдэлд төрийн эрх төвлөрсөн нь харагдаж байгаа юм. Үнэндээ олонхын намын дарга бол хаан эзний суудалд суусан.

-Таныхаар бол өнөөдрийн засаглалын хямрал 1999 оны дордохын долоон өөрчлөлтөөс эхлэлтэй  гэж үзэж байгаа юм байна?

-Шууд шалтгаант холбоотой. Уг нь бол долоон өөрчлөлтийг чинь Үндсэн хуулийн Цэцээр хүчингүй болгосон юм. Гэвч УИХ хүлээж аваагүй. Үндсэн хуулийн манаач болох Үндсэн хуулийн Цэц нь аажмаар улстөржсөн институци болж, эрх мэдэлтнүүдийн нөлөөнд орж байна гэж хэлэхээр үйл явц өрнөж байна. Ер нь бол өнөөдөр төрийн эрх баригч намуудын зүгээс хуулийн байгууллагуудыг, Үндсэн хуулийн Цэцийг аажмаар улс төрийн нөлөөнд оруулах үйл явц төгөлдөржиж байна. Дээд шүүх гэдэг байгууллага гэхэд утгаа алдаад байна. Би яагаад үүнийг хэлж байна гэхээр Дээд шүүх бол Үндсэн хуульд зааснаар хууль тайлбарладаг, нийт шүүгчийн хурал хийж хэрэг шийдвэрлэдэг. Гэтэл энэ функцээ сүүлийн үед хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. Хуулийг хэн дуртай нь өөртөө ашигтайгаар тайлбарладаг эрх зүйт төрд байж боломгүй гажуудал бий болоод байна.

-Арай ч тийм биш байлгүй дээ. Шүүх ямар ч цаг үед, аль ч улс оронд бие даасан засаглал шүү дээ?

-Дээд шүүх Үндсэн хуулиар олгогдсон зарим эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаан хийхээс гадна хууль тайлбарладаг, нийт шүүгчийн хуралдаан хийдэг, асуудал шийдвэрлэдэг системийг саяын эрх зүйн шинэчлэлээр алга хийсэн. Үндсэн хуулийн Цэцээс үүнийг Үндсэн хууль зөрчсөн байна аа гээд дүгнэлт гаргасан боловч тэр нь хэрэгжихгүй байгаа. Үндсэн хуулийг батлахдаа анхнаасаа Үндсэн хууль халдашгүй байх баталгааг хуульд зааж өгөөгүй. Тиймээс 1999 оны үед намууд үндсэн хуульд халдсан. Ийм замаар хямрал үүсгэчихээд бурууг Үндсэн хууль руу чихэж, өөрснөө гэмгүй болж үлдэхээр санаархаж байна. Мөн сүүлийн үед  Үндсэн хуулийн Цэц дээр эрх баригчидтай холбоотой асуудал үүсгэхээр Цэцийн даргыг нь огцруулчихаж байна. Яривал их юм байна. Жишээ нь: Шүүхийн шинэчлэлийн багц хуулийн олон арван заалт Үндсэн хуулийг зөрчиж гарсан. Үүнээс 24 заалт нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Цэц  тогтоосон. Манай Цэц тодорхой хэмжээгээр үүргээ гүйцэтгэсэн байгаа биз. Гэтэл хууль санаачлах эрх бүхий зарим этгээд Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Цэцэд маргаан шийдвэрлэх хуулийг өөрчлөх замаар Цэцээс “өшөө авах” арга сэдэж, санаандаа хүрч байна. Энэ ариун явдал мөн үү.

-Хуулийн практикт Үндсэн хууль зөрчсөн, нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргадаг тохиолдол байна уу?

-Байна аа. Жишээ нь: Баянзүрх дүүргийн IV, V хорооны “Оросын гэх” байрнуудын асуудал байна, хүмүүс нь мэднэ дээ, Монгол Улсын өмчийг ОХУ-ын өмч гээд гэрчилгээ олгоод Үндсэн  хууль зөрчөөд шийдвэр гаргачихсан. Ийм асуудал улс орнуудын түүхэнд ч байхгүй, Гиннесийн номонд ч бичигдэхэд багадах  асуудал гарчихсан байгаа. Мөн Дээд шүүхийн Эрүүгийн танхимаас нэг асуудлыг “гэмт хэрэг” гэж үзсэн байхад Захиргааны хэргийн танхим нь “хууль зөрчөөгүй” гэж шийдвэрлэсэн байдаг. Энэ асуудлыг шийдэх гэхээр Үндсэн хуулийн харьяалан шийдэх маргаан биш байдаг. Энэ бол хуулийн цоорхой...

-Монголын шүүхээс тийм шийдвэр гаргасныг Та нийгэмд хүргэж шуугиан тарьсан. Одоо тэгээд зөв зохисоороо шийдэгдэж байна уу?

-Монголынхоо мянга мянган иргэнд авах ёстой байр орныг нь аваад өгчихье гэсэн стратегийн өмгөөллийн маань ажил. Ер нь бол Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар гэж байдаг. 1999 онд орос хэл дээр өгсөн материал, хүсэлтийг үндэслээд БЗД-т байгаа 56 обьектыг “Энэ бол ОХУ-ын өмч” гээд байшин бүр дээр гэрчилгээ гаргачихсан. Энэ бол  Үндсэн хуульд зааснаар Монгол Улс өөрийнхөө нутаг дэвсгэр дээр байгаа ямар нэгэн өмчийг ОХУ-ын өмч, Хятадын өмч гэж гэрчилгээ олгож болдоггүй байхгүй юу. Дипломат төлөөлөгчийн газар болон Элчин сайдын яамдын өмч бол тусдаа. Монгол Улсын нийтийн эзэмшлийн орон сууцны хууль гэж байдаг юм, түүнд орон сууц бол нийтийн өмч байна гээд заачихсан байдаг. Гэтэл дотор нь амьдарч байгаа айл ч хэний өмч болохыг мэдэхгүй, хэний эзэмшилд байгаа нь мэдэгдэхгүй, ийм айхавтар зүйл гаргаж ирсэн. Тэгээд энэ асуудал дээр Монголын шүүх хараат бусаар үнэн зөв шийдвэр гаргаж зургаан орон сууцны ОХУ-ын өмч гэсэн гэрчилгээг  хүчингүй болгосон юм.

-Гэхдээ л наад маргаан чинь үргэлжилсээр байгаа харагдах юм байна шүү дээ?

-Шүүхээс хүчингүй болгосон шийдвэр гаргачихаад байхад Засгийн газар асуудлаа шийдчихэж чадахгүй, асуудлаа судалдаггүй, мэддэггүй, баахан шинэ нөхөд намын албан тушаалаар томилогдчихсон. Өнөөх бидний яриад байгаа төрийн ажлын дадлага туршлага, төрийн залгамж халаа байхгүй болсны гай энд гараад байгаа юм. Нэг сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг бөөн бөөнөөр ажлаас нь халчихаар   төрийн залгамж халаа, ой санамж нь байхгүй болчихоод байгаа юм. Онолоороо  бол онцгой тохиолдолд л төрийн албаны гуравны нэгийг өөрчилж болно. Оросын байрны асуудал дээр гэхэд түрүүчийн дөрвөн жилийн хугацаанд Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн хороо бидний эсрэг байснаа сүүлд нь шүүхийн шийдвэр гараад ирэхээр ойлгоод, Гадаад хэргийн яамныхан намайг хүлээж авч уулзаад, Төрийн өмчийн хорооны хурлаар миний бүх материалыг авч хэлэлцүүлээд, Засгийн газраар оруулаад, Их хуралд тогтоолын төсөл өргөн барьсан. Ингээд хууль номынхоо дагуу, үнэн рүүгээ явж байтал гэнэт тухайн үеийн Гадаад харилцааны сайд нь “Бид энэ асуудлыг аваад дор нь шийдчихье” гээд татчихсан. Түүнээс хойш шийдсэн юм байхгүй бас дахиад л 7,8 жил өнгөрчихлөө. Уг нь бол Монголынхоо хэдэн өрхөд л авах ёстой байрыг нь хууль ёсных нь дагуу аваад өгчихье гэсэн ажил шүү дээ.

-Ямар сайд нь тэгж татаж аваад өнөөдрийг хүртэл шийдэхгүй байгаа юм бэ?

-С.Оюун сайд нь байсан. Шийдчихэж болох л асуудал байгаа юм, гэтэл ажлаа мэдэхгүй хүмүүс чинь ингэж явсаар   7,8 жил болчихлоо.

-Та хүний эрх зөрчсөн байж болох олон асуудлаар маргаан үүсгэж, өмгөөлөл үзүүлж, тэмцэх юм. Ганцаараа тэмцээд үр дүнд хүрдэг цаг үе өнөөдөр мөн үү?

-Ард түмнийг хүнд суртлаар дарж, янз бүрийн шийдвэр гаргаж, эрх ашгийг нь зөрчөөд байхад яах ёстой юм бэ. Хууль эрх зүйгээ гадарлах би мэт нь тэмцэх л ёстой биз дээ. Энэ хана хэрэм шиг болсон хүнд сурталтай иргэн хүн тэмцэхэд маш хүнд байдаг.  “Да хүрээ” захаар жишээ авахад л тэнд худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд дарамт шахалт үзүүлэхийн тулд тэнд байсан банк, нэг цэгийн үйлчилгээнүүдийг нь бүгдийг нүүлгэсэн. Хууль бусаар, хоорондоо ярилцаад албан бичиг өгөлцөөд л шийдчихэж байгаа юм. Үүнийгээ тайлбарлахдаа “Дээрээс сайд л ийм чиглэл өгсөн” гэнэ, сайд нь болохоор “Энэ асуудлыг анхаар” гэж чиглэл өгсөн болохоос биш  тэгж нүүлгэ, ингэж буулга, хөөж туу гэсэн шийдвэр өгөөгүй гэдэг. Ингээд эцэстээ тэмцэж байж эерэгээр шийдүүлж байх жишээтэй. Өнөөдрийн төрийн бүтэц шат шатандаа нэг иймэрхүү л байгаа.

-Энэ бүгдийг засч залруулах эхний алхам бол хуулийн шударга засаглал биз дээ?

-Өнөөдөр ард түмэн бодитойгоор улс төр, эдийн засаг, санхүүгийн хямралд нэрвэгдчихлээ. Ардчилал гэдэг бол аль ч талаараа эрүүл нийгмийг хэлнэ. Өнөөдөр Монголын төрд ямар улстөрчид хэрэгтэй байна гэвэл эрүүл нийгмийг хүсдэг, оюуны потенциалтай, төр, нийгмийн уялдаа холбоог шинжлэх ухааны үндэслэлтэй ойлгосон, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн л хэрэгтэй. Тийм хүмүүс ардчиллыг бодитоор бий болгож бүтээнэ. Улс төрийн буруу тоглоомонд нэг орсон хүн санаа зовох юмгүй болчихдог юм шиг байна. Хариуцлагын тогтолцоо байхгүй тул тэд дураараа дургиж байна.

-Өнөөдөр засаглалд байгаа хүмүүс өөртөө зориулсан хууль хийж байна гэж иргэд шүүмжилж байгаа?

-Өнөөдрийн парламент ямар ч хууль гаргаж болно. Үндэсний эрх ашиг зөрчсөн хууль ч гаргаж болно, тодорхой албан тушаалтанд үйлчилсэн хууль ч гаргаж болно, энэ бол  асуудал биш болсон гэдгийг та бид харж байна. Энэ Их хуралд хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй учраас олонхын ардчилал гэдэг чинь дарангуйллаас долоон дор юм байна гэсэн алдартай үгийг санагдуулахад хүрлээ. Дарангуйлагч бол хэрвээ ард түмэн босох юм бол амь насанд нь халтай, дэлхий ертөнц Кадафигаас харсан. Шууд тэр нөхрийг барьж аваад хариуцлага тооцчихно. Харин манай ардчилал бол баг зүүсэн, нүүрээ нуусан хэлбэрийн төдий хуурамч ардчилал болчихоод байгаа юм. Нүүрээ нуусан ардчиллыг дарангуйллаас дор гэж яагаад хэлсэн гэхээр гаргасан шийдвэртээ хэн нэг хариуцлага хүлээдэггүйд байгаа юм. Үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргасан ч гэсэн олонхоороо шийдсэн, 76-уулаа шийдсэн гээд л дундаа орхиод, эзэнгүй хаячихна. Тэр намынх, энэ намынх, би байгаагүй, та нар 76 гишүүнээ шийтгэчих гэхчилэн эзэн байхгүй дуусна.

-Та парламентын дээд, доод танхимын зарчмыг ярьдаг хүмүүстэй үзэл бодол нэг юм байна?

-Өнөөдрийн УИХ-д хариуцлагын тогтолцоог бий болгоё л гэж байгаа бол хоёр шатны парламенттай болгохоос өөр аргагүй. Дээд танхим нь муу хууль гаргасан доод танхимын гишүүдийг эргүүлэн татдаг, хариуцлага хүлээлгэдэг ийм л тогтолцоо руу шилжихгүй бол энэ тогтолцоогоор одоо явах боломжгүй болсон. 1920-иод он хүртэл Европын бүх улс орон ардчилал руу шилжсэн. Тэгээд 1930-аад онд яг өнөөдрийн Монголд болж байсан үйл явдал болж, эдийн засаг нь доройтсон,  гадаадын хараат болж байсан, Германд гэхэд еврейчүүд нь эдийн засгийг нь  атгачихсан, үндэсний бухимдал нь дийлдэхээ больсон. Тэгээд тайван замаар төрийн эрх мэдлийг нацист нам авч улмаар фашист засаг тогтсон. Бусад улс орнуудад бүгдэд нь энэ түүх давтагдсан. Эцэстээ бүгд дарангуйллаар солигдсон юм шүү. Энэ тухай би номондоо бичсэн байгаа.

-Монголыг одоо дарангуйллын тогтолцоо хүлээж байна гэж хэлэх гээд байгаа юм биш биз дээ?

-Түүх нь тийм юм гэдгийг хэлж байна. Гарц бол байгаа, тайван замаар энэ бүх асуудлыг өнөө маргаашгүй шийдэхгүй бол маш хүнд байдалд орж байна. Бидний хэн нь ч дарангуйлал тогтоосой гэж хүсэхгүй. Гэхдээ айдастай болж эхэлж байна. Ер нь боломжтой нөхцөл бүрдэж байна шүү л гэж. Улс төрийн хямрал, эдийн засгийн хямрал хоёр нийлэхээр чинь дампуурал руугаа орох нь тодорхой биз дээ.

-Гэхдээ шүүмжлэхээсээ илүүтэй энэ бүгдийн зөв гарцуудыг олж харах, ярих цаг үе өнөөдөр ирлээ?

-Одоо бол улс төрийн, эдийн засгийн, Үндсэн хуулийн, тэр байтугай сонгуулийн хямралаасаа хэрхэн тайван замаар гарахыгаа ярих ёстой. Гарахын тулд ардчиллын үнэт зүйлсийг хамгаалсан, ардчилсан төрийн тогтолцооны талаарх онол, практикийг судалсан, хэрэгжүүлсэн  эрдэмтэд, иргэдийн санааг тусгасан зөв хуулиудыг боловсруулж гаргах ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан дордохын долоон өөрчлөлтийг нэн даруй өөрчлөх ёстой. 2012 онд үүнийг өөрчилнө гэж гарч ирсэн шүү дээ, хэсэг гишүүд. Тэгээд сураггүй. Мөн хоёр толгойг ашигтай ажиллуулна гэж бас хэсэг хүмүүс гарч ирсэн. Гэтэл хоёуланг нь хийсэнгүй. Монголын өнөөдрийн улс төр-эдийн засгийн хямралын гол зангилаа нь энд л байгаа. Үндсэн хуульд бол өөрчлөлт оруулахдаа нийгмийн харилцаанд тулгуурлаж, үнэнд ойр бодитой заалт оруулах ёстой. Хамгийн гол нь Үндсэн хуульд өөрт нь халдахгүй байх ёстой баталгааг бий болгох, Үндсэн хуулийн Цэцийг бүрэн утгаар нь манаач байлгах, хараат бус байлгах, хуучин нийгмийн үеийн засаг захиргааны тогтолцоог өөрчлөх, эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгох заалтыг оруулж өгөх ёстой юм. Үндсэн хуулийн үг нэг бүр нь хууль болж задрах ёстой. Одоо хийх гэж байгаа өөрчлөлтөөр бол Үндсэн хууль маань жирийн нэг хууль шиг болох гээд байгаа юм. Түүнд би их шүүмжлэлтэй хандаж байгаа. Бас Үндсэн хуульд маш тоймтой өөрчлөлт оруулаад засаглалын хямралаас гарах боломж ч байгаа. Парламент хоёр танхимтай болох ёстой. Дээд, доод танхимтай, дээд танхим нь хяналтын үүргээ гүйцэтгээд явна. Бага хурал яаж байлаа, түүн шиг л ажиллах хэрэгтэй. 26 жилийн дотор бий болсон 600 гаруй хуулийг цэгцлэх шаардлагатай байгаа. Нийгмийн харилцаанд тохируулаад, иргэдийн эрх ашигт нийцүүлээд явах. Мөн ард нийтийн санал асуулгыг жинхэнэ утгаар нь хийгээд саналыг нь жинхэнээр нь хуульд тусгаж байх цаг үе одоо ирсэн байна.