– Эрх чөлөө гэж юу вэ? Сонголт арвин байх явдал уу?

Гэтэл сонголт хэт ихэдвэл эсрэгээрээ сонголт хийхэд хүндрэлтэй болж, эндүү сонголт хийх эрсдэл ч байдаг шүү дээ. Тийм эрх чөлөөг жинхэнэ эрх чөлөө гэж хэлэх үү?

Жишээлбэл таны өмнө М, А, Н, Х гэсэн 4 үсгийг сэлгэж холбож нэрлэсэн 20 намын нэр болон, тус бүрийн мөрийн хөтөлбөрийг эгнүүлж тавиад
- Таны ямар сонголт хийснээс, таны ирээдүй бүрэн шийдэгдэх болно гэж тулгавал ямар байх уу?

- Миний ирээдүйн төлөө ийм олон бүлгэм санаа зовдог байх нь
гэж баярлаад, мөрийн хөтөлбөр нэг бүртэй сайтар танилцаж, тэдэн дотроос хамгийн  таалагдсанаа сонгох уу? (Эсвэл хамгийн танил цөөхөн хэдийг нь унших юм уу, бүр огт уншилгүйгээр урьдын сонголтоо давтах уу?)

Яалт ч байхгүй, сонголтын тоонд хязгаар гээч юм байж, эрх чөлөөг тав тухтайгаар мэдрэхэд хамгийн тохиромжтой хэм хэмжээ гэж байдаг мэт.

– Тэгвэл тэр сонголтын тоо нь ойролцоогоор хэд байвал хамгийн зохистой вэ?

Сэтгэлзүйч George Armitage Miller–ийн хариултаар бол, тэр шидэт тоо нь 7 ± 2 юм гэнэ. Өөрөөр хэлбэл, 7 хавьцаа сонголт байхад хамгийн тохиромжтой. Түүнээс олон сонголт гараад ирвэл ихэнх хүмүүс сонгож чадахаа больж, үр дүнд нь юуг ч сонголгүй бүхнийг хэвэнд нь үлдээдэг. Эсвэл сонгосон ч "буруу сонголт" хийх нь ихэснэ.
– Үүнээс дээр сонголт байсан юм биш үү? маягаар сэтгэж, сонгосон сонголтдоо сэтгэл дундуур үлдэх явдал ч гарна.

Зарим судалгаагаар, эдийн засгийн таатай цаг үед олон компани дундаас ажлын сонголт хийсэн хүмүүсээс илүүтэйгээр, тогтворгүй цаг үед олдсон цөөхөн компаниасаа сонголт хийсэн хүмүүсийн "сэтгэл ханамжийн төвшин" өндөр байдаг гэсэн бодит дүгнэлт ч байдаг.

Өөрөөр хэлбэл, сонголт их байх тусмаа сонголтын дараах сэтгэл ханамж доогуур байдаг гэсэн үг.

Гэсэн ч хүмүүс сонголтын арвинд дуртай. Олон сонголтод өөрийн эрхгүй татагддаг. Яг үнэндээ энэ зөрчлийн цаана нэгэн далд урхи отож байдаг гэнэ. Жишээ нь, сонголт арвинтай, дүүрэн бараатай дэлгүүрт хүн олон цугладаг. Гэтэл, хүн цуглахын хэрээр гүйлгээ их байх уу гэвэл заавал тийм байх албагүй юм.

Энд Профессор Sheena Iyengar–ийн "Варень амсах" гэдэг нэгэн алдартай туршилтын талаар толилуулъя.

6 төрлийн варень (буюу цөөхөн сонголттой), 24 төрлийн варень (буюу олон сонголттой) хоёрыг тусдаа лангуун дээр тавиад
– Алийг нь олон хүн сонирхож амсах вэ?
– Алийг нь олон хүн худалдаж авах вэ?

гэдгийг сонжиж үзэж.

Үр дүн нь гэвэл, дэлгүүрт орж ирсэн хүмүүсийн 60% нь олон сонголттой варенийг амсаж сонирхсон бол, үлдсэн 40% нь цөөхөн сонголттойг нь сонирхож үзэв. Өөрөөр хэлбэл сонголт арвин байх тусмаа хүмүүс илүү цугладаг байх нь (1.5 дахин).

Гэтэл бодитоор худалдаж авсан хувь хэмжээг нь харвал, 24 төрлийн варенийг амссан хүмүүсийн ердөө 3% нь л худалдан авалт хийсэн бол, 6 төрлийн варенийг сонирхсон хүмүүсийн 30% нь худалдан авалт хийсэн байна.

Тэгэхээр танд бяцхан тоо бодуулъя л даа.
1000 хүний 60% (буюу 600 хүн) нь олон төрөлт варенийг сонирхож, тэндээс 3% нь варень худалдаж авсан гэхээр, 18 хүн болно. Тэгтэл цөөхөн төрөлт варень амссан 40% (буюу 400 хүн)–ийн 30% нь варень авсан гэхээр, 120 хүн болж байгаа биз? (6 дахин)

Ямар вэ дээ? Эндээс хэлж болох дүгнэлт гэвэл, Олон сонголт нь хүмүүсийг өөртөө татдаг. Гэвч яг худалдаж авах дээрээ тулахаар, хүмүүс сонголтын олонд шаналж, эцэстээ "авалгүй орхих" явдал олон байдаг байх нь.



Энэ төөрөгдөлд хуурталгүй ажилдаг их дэлгүүрүүд (supermarket) ч бий. Зэрэг дэвээрээ дэлхийд 9–д ордог ALDI сүпермаркетийн нийт барааны нэр төрөл нь дөнгөж 1,400 байдаг гэнэ. Жирийн их дэлгүүр дунджаар 45,000 төрлийн бараа тавьж, ALDI–ийн зиндааны акулууд 100,000 төрлөөр нь барааг эгнүүлдэгтэй харьцуулахад, ALDI нь бараг л ТҮЦ шиг харагдана (кетчуп л гэхэд ердөө ганц төрөл!!!).

Гэсэн ч барааны сонголт хомс гээд ALDI–ийн борлуулалт бусдыг дагуулахгүй. ALDI–ийн бай бол, үзэмж төдий олон үйлчлүүлэгч бус, цөөн тооны чанартай үйлчлүүлэгчдээр гарцаагүй "худалдан авалт хийлгэх" явдал бөгөөд, түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж чаддаг бололтой.

Тэгээд ч барааны сонголт цөөхөн байгаа нь эргээд "сэтгэл ханамжийн төвшинг" ч өргөж өгдөг давуу талтай.

Шоглох гэсэн юм шиг албаар олон сонголт эгнүүлж орхивол, хүмүүс
– Энэ нь ч дээр юм уу?!?
– Тэр нь ч үнэтэй юм уу?!
гэх зэргээр "илүү юм" бодож эхэлнэ. Тэгж шаналсан хүн сонголт хийснийхээ дараа харамсах нь олон байдаг.

Эсрэгээрээ сонголт цөөхөн бол тэгтлээ илүү дутуу юм бодож төөрөлгүй, олдсон авсандаа сэтгэл хангалуун үлдэнэ (Санахад, дээр үеийн хүмүүс бүгд гэртээ Лисьва хөргөгчтэй байсандаа тэгтлээ сэтгэл дундуур байгаагүй ч юм шиг).

Түүнээс гадна, сонголт хэт олон байвал хүмүүс залхуурахдаа ч юм уу тогтсон нэг л сонголт хийх хандлага бас байдаг гэнэ. Зайрмаг л гэхэд үнэндээ хэдэн арван төрөл байдаг ч шоколад, гүзээлзгэнэ, ванил гурвын гүйлгээ бүх зайрмагийн 51%–ийг эзэлдэг байх жишээтэй. Хэт их сонголт байвал хүн дассан сурснаа л авъя гэдэг байх нь.

Тэгэхээр бидний сонголтын чадавхид хязгаар байгаа биз?

Ихэнх хүн бусадтай ижилхэн нэгэн хэвийн зүйл авах сонирхолгүй ч, хэт ганган (эсвэл гаж) сонголтоос бас зайлсхийдэг. Хэлбэлзэл хаана очиж тогтворжих вэ гэхээр, "үл ялиг дэгжин" тэр сонголт болно.

Хүн гэдэг хязгааргүй уудам эрх чөлөөг хүсэмжлэх мөртлөө, цагаа тулахаар ганц том алхаад л эрх чөлөөнд сэтгэл ханах аж.

Сонголтгүй нийгмийг тэвчиж чаддаггүй хэрнээ, хэт их сонголт өгчихвөл баахан гомдол тавихаас хэтрэхгүй. Сайн дарга ажилчиддаа "тохирсон хэмжээний сонголт" тулгадаг гэдэг. Хэт мундаг дарга бүгдий нь өөрөө хийгээд байвал, чадвараар үнэлэгдэх хэдий ч, манлайлал болон хүнлиг байдал нь бусдын эргэлзээг төрүүлнэ. Эсрэгээрээ цэргүүддээ бүхнийг даатгаад байвал үл хүндлэгдэхэд хүрнэ.

Ажилчиддаа яг хоёр сонголт үлдээж байвал, манлайлал болон ажлын чадвараа хамгийн өндрөөр үнэлүүлнэ гэсэн туршилтын үр дүн ч байдаг гэнэ.

За тэр яахав.

Ингэхэд өнөөгийн бид сонголтонд бялуурсан нийгэмд амьдарч байна. Тийм ч учраас, бид олонтаа алдаж, бас олноороо сэтгэл дундуур явцгаадаг. Энэ бол ардчилал, эрх чөлөөнд төлдөг бидний өртөг юм (энүүхэндээ гэж хэлэхэд өртөггүй юм гэж хаана ч үгүй. Магадгүй энэ блог ч бас).

Чөлөөт ертөнц гэдэг хязгаарлагдмал ертөнцөөс илүүтэй "сонгох урлаг (техник)"–ийг шаардана. Энэхүү сонгох урлаг гээч нь маш энгийн сэтгэлзүй дээр тогтож байдаг:
Бүхнийг хялбараас нь сонгож эхлэх.

Та жишээ нь машин сонгох гэж байна гээд төсөөлөөд үз. Та эхлээд 56 сонголт бүхий өнгөнөөс эхэлж машиныг сонгох уу? Эсвэл 4 хөн төрөл байдаг хөдөлгүүрээс нь эхэлж сонгох уу?

Мэдээж эхлээд аль хялбараас нь шигшилт хийгээд, хурдхан шиг сонголтын тоогоо цөөлөх хэрэгтэй. Үгүй бол та дороо ядарч орхино. Энэ бол сонгох урлагийн үндэс юм. Түүнээс гадна бидний өдөр тутамдаа хийж байдаг сонголтуудын тэн хагасаас илүү нь үнэндээ "онцын чухал биш" сонголтууд байдаг болохыг анзаарвал сайн. Тэгээд ч тэндээс ямар ч сонголт хийлээ гээд сүйдтэй ялгаа гарахгүй байх явдал, төсөөлснөөс хавьгүй олон бий.

Сонголтын үр дүнд хангалттай томоор сэтгэл ханадаг тийм сонголт үнэндээ арав дотор үсрээд л нэг гарвал их юм. Үүнийг компаний дарга, менежер хүмүүс сайтар ухамсарлаж байдаг. Бусдад даатгах зүйлийг тэр дор нь даатгаж, өөрөө шийдвэр гаргах асуудлыг үсрээ л 10 минутанд шийдэх нь олон. Харин маш чухал шийдвэрийг бол 1 цаг, түүнээс илүү хугацаа зарцуулж няхуур хандана.

Паретогийн хуулиар (Pareto principle) бол
– Өдөр тутмын амьдралаас авах таашаалын 80% нь, ердөө 20%–ийн сонголтын үр дүн байдаг.

Тэгэхээр сонгох урлаг гэдэг маань тэр 20%–ийг л ялгаж харах урлаг гэхэд болно. Үүний тулд, сонголтуудыг хайр найргүй шигшиж сурах хэрэгтэй юм.

Нийгэм судлаач Nikolas Rose ингэж хэлсэн байдаг.
– Орчин үед амьдарч байгаа хүмүүс зүгээр л чөлөөт сонголт хийгээд байдаг юм биш. Тэднийг хүчээр "чөлөөт сонголт" хийлгүүлдэг юм. (Өөрөөр хэлбэл, үнэндээ хэн ч бие даан сонголт хийх хүсэлгүй буюу, бүхнийг зөвхөн өөрийн толгойгоор шийдэх нь тийм ч хүсмээр зүйл биш)

Чөлөөт ертөнцөд амьдрах гэдэг бодсоноос тийм ч хялбар зүйл биш бололтой. Эсрэгээрээ "хязгаарлагдмал эрх чөлөөг" таашаах нь, сэтгэл ханамжийг өндөрсгөх талтай. Тийм ч учраас чөлөөт нийгэмд элдэв жагсаал цуглаан тасардаггүй биз.
Хувьсгалыг шаардах эрс хүмүүс өөрөөсөө ийм асуулт асуугууштай

– Хувьсгал бол зайлшгүй хийх алхам мөн. Гэхдээ энэ алхам арай томдохгүй байгаа???
Учир нь ихэнх хүмүүс ихэнх тохиолдолд тэгтлээ том өөрчлөлт хүсээд байдаггүй. Хоол ихэдвэл хор болно. Яг л түүнтэй ижил.

Эрх чөлөө ч бас ихдэхээрээ эргээд дөнгө болдог мэт. Сэтгэл маань хязгааргүй эрх чөлөөг хүсэвч, бие маань 2 таваг эрх чөлөөнд л цадаж орхино. Харин энэ хоёрын дунд олон хүн одоо ч төөрөлдөж яваа болов уу. Тиймдээ ч авахгүй хэрнээ олон бараатай дэлгүүр рүү хушууралдаж, сонгохдоо шаналдаг хэрнээ сонголтын арвинг хараад баясдаг биз.

Хэт эрх чөлөөт нийгэм гэдэг, савлуурын зогсох ёстой цэгийг бүрэлзүүлнэ. Тэр цэгийг онож хатгахад "сонгох урлаг" бидэнд туслана.

"Юм энгийн тусмаа сайн" гэж философич Ockham хэлсэн удаатай. Харин энгийн байх гэдэг, тийм ч энгийн амар яриа биш бололтой.