Дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг орчим хувьтай тэнцэх буюу 1.5 их наяд төгрөгийг зарцуулснаар эдийн засаг, санхүүгийн хямралаас эрсдэл багатай гарах боломж байна гэж Засгийн газар үзжээ.
Үнэндээ ч мөнгө байвал хямрахгүй байх боломжтой. Харин тэрхүү мөнгө нь байхгүйд л хамгийн гол учир байгаа билээ.
Гэвч энэхүү 1.5 триллион төгрөгийг хэрхэн олох талаарх яриаг түр алгасаад энэ хэмжээний мөнгө олбол Засгийн газар юу хийх гэж байгааг УИХ-д өргөн мэдүүлээд буй төлөвлөгөөнөөс нь харья.
УИХ-д өргөн мэдүүлсэн төслөөр бол уг төлөвлөгөө нь дараах хүснэгтэд жагсаасан есөн бүлэг арга хэмжээнээс бүрдэж буй аж.


Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт энэ онд 4-5 хувиас доошгүй төвшинд хүрч, ажилгүйдэл 2006 оны төвшинд буюу 3.2 хувиас хэтрэхгүй байх боломжтой гэж Засгийн газар тооцоолсон байна. Мөн банкны салбар дахь нийт хадгаламжийн хэмжээг хямралын өмнөх төвшин буюу 2008 оны 10 дугаар сарынхаас багагүй хэмжээнд байлгаж болно гэж үзжээ.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хямралын эсрэг арга хэмжээндээ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3-10 хүртэлх хувьтай тэнцэхүйц хөрөнгийг зарцуулж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, тухайн улсын хөгжлийн төвшин, хямрал хэр гүнзгийрсэнээс хамаарч харилцан адилгүй хөрөнгө зарцуулж буй юм байна. Энэ утгаар авч үзвэл бидэнд дотоодын нийт бүтээгдэхүүний маань гуравны нэгтэй тэнцэх хөрөнгө шаардагдаж байгаа нь хямрал нэлээд гүнзгийрснийг илтгэх биз ээ.

Засгийн газраас албан ёсоор мэдэгдэж байгаагаар хямрал Монголд 2008 оны хоёрдугаар улирлаас ажиглагдаж, мөн оны гуравдугаар улирлаас илэрч эхэлсэн байна. Хямралын таагүй нөлөөлөл 2009 оны эцэс хүртэл үргэлжлэх магадлал өндөр байна хэмээн мөн л албан ёсоор мэдээллээ.

Хямрал Монголд хэдийнээс мэдрэгдэж эхэлсэн хийгээд хэдий хүртэл үргэлжлэх, үүнийг эрсдэл багатай гэтлэхэд хэр хэмжээний хөрөнгө шаардагдахыг Засгийн газар маань ийнхүү тооцоолж, тоон илэрхийллээр зарлалаа.

Нүдэн балай, чихэн дүлий байхтай жишвэл таагүй байдал хэдий хүртэл үргэлжлэх, хэр хэмжээний хөрөнгө хэрэгтэй, үүгээр юу хийхээ тооцоолж, төлөвлөсөн нь сайн хэрэг. Гэвч хямралын бодит нөлөөлөл мэдрэгдэж эхэлснээс даруй хагас жилийн дараа цаасан дээр буусан тоотой, гарт баригдах төлөвлөгөөтэй болно гэдэг Засгийн газрын хариу арга хэмжээ зааны хурдтай байгааг л харуулна.


Төлөвлөгөө бэлэн боллоо. Тэгээд яах вэ? 

Төлөвлөгөө ч яахав бэлэн боллоо. Харин асуудал зөвхөн төлөвлөгөөнөөс хамаарахгүй нь гачлантай. Учир юу гэхээр төлөвлөгөө хэрэгжиж, үр дүнд хүрэх эсэх нь мөнөөх 1.5 триллион төгрөг олдох эсэхээс л шалтгаалахаар байна.

Хямралаас гарахад шаардагдаж буй хөрөнгө дотоодын банк, санхүүгийн салбарт байхгүйг ч Засгийн газар мэдэгдлээ. Иймд гадаад орон, олон улсын байгууллага, олон улсын зах зээлд бонд гаргах зэрэг орлогын шинэ эх үүсвэрийг яаралтай хайж олох шаардлага гарчээ.

Гадаадаас орж ирэх аливаа тусламж, зээлийн суваг ОУВС, Дэлхийн банк зэрэг санхүүгийн томоохон байгууллагуудаар дамжин нээгддэг. Гэтэл ОУВС-тай санхүүгийн хөтөлбөр тохирох асуудал бүтэмж муутай байгааг Засгийн газар УИХ-д мэдэгдсэн байна. Тус сангийн зүгээс тавьж буй хөтөлбөр ярихын өмнөх урьдчилсан нөхцөлүүд хатуу болзолтой байгаагаас энэ удаад үр дүнд хүрээгүй гэжээ. Мэдээж, ОУВС-тай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх нь тодорхой ч тус сангийн ажлын хэсэг энэ оны 3-4 дүгээр сард дахин ирж ажиллах чиглэлтэй байгаа аж. Хямралын нөлөө энэ оны эцэс хүртэл үргэлжилнэ гэж бодоход бид эсрэг арга хэмжээг эхэлж амжаагүй байхад эхний улирал нь шувтарч мэдэх нь.

Яг л нөгөө “Уг нь гурил олчихвол айлаас давс гуйгаад хоол хийхгүй юү, даанч мах байхгүй” гэдэг онигоо шиг юм болж байна даа.