УИХ-ын сонгуулийг өнгөт хувьсгал болгож хувиргая, шударга ёсны хувьсгал хийе гэж уриалагчид Монголд цөөнгүй байдаг бол тэдэнд санаа сургамж болгож манай хойд хөршийн тун ойрын холбоотнууд – Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад (ТУХН) өрнөсөн түүхэн зурвас үеийг эргэж сануулах нь зөв болов уу.

2005 оны хаврын барзгар тэр нэг өдрүүд “1989 оны Дорнод Европ биш биз” гэх хардлагыг дэлхий дахинд түгээж байлаа. Хэдхэн хоногт Киргизэд болж өнгөрсөн “түүхэн” үзэгдэл (адал явдал) дэлхийг цочирдуулж алмайруулжээ. Гүрж, Украиныг залгаад гурав дахь нь болох энэ үйл явдал чухам яагаад зөвхөн “СНГ” (буюу ТУХН) гэгч посткоммуниист орон зайд ээрээд байнав. Заавал ёс мэт экс-коммунист ертөнц ийм хувьсгалын үеийг дахин туулах ёстой юу гэх асуултын хариуг нийгэм судлаачид одоо ч өгч чадаагүй байна.

Гүрж (революция роз), Украиныг (революция апельсинов) залгаад тиймэрхүү “революция” гэгчийн хуулбар Кыргызстан, Молдова, Армен, магадгүй Казахстанд өрнөх тухай Жереми Пэйж гэгч бичсэн (“The Times”, 2005.02.21) нь дэлхийн хэвлэлийн сенсаац болж байлаа. Түүнийхээр, мөн тэр үед оросуудын үзэж байснаар ирээдүйн ба одоогийн хувьсгалууд гэдэгт дараахи жагсаалт гарч байв. Үүнд:

-Гүржид – “розовая”

-Украинд – “апельсиновая”

-Киргизэд – “тюльпановая”

-Молдавт – “виноградная”

-Арменд – “абрикосовая”, эсвэл “коньячная”

-Азербайжанд – “баклажанная”

-Оросын Калининград мужид – “янтарная”

-Беларусьд “картофельная” гэхчлэн тодотголоор өрнөх хувилбар байж гэнэ.

 
Төмөр нударгаар улсаа авч яваа Н.Назарбаевыг тэр үед багцаагаар жилийн дараа сонгуулиар унаж, харин Туркменистан, Узбекистан, Беларусиас тийм зүйл горьдолтгүй хэмээн (италийн “Corriere Della Sera” сонин, 2005.03.28) АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейганы зөвлөх асан зөвлөлт судлаач философич Ричард Пайпс таамаглаж байв.

Жереми Пэйж, Ричард Пайпс нар тэгж зарлигдсан учраас энэ элдэв “виноградная”, “абрикосовая”, “баклажанная”, “тюльпановая” хувьсгалуудыг АНУ-аас санхүүжүүлэх төсөл гээд дэлхийд олон хүн ойлгож, зарим нь дэмжиж, зарим сэрдэж, Орост бол эсэргүүцэн хүлээн авчээ.

Коммунизм нурсны дараа СССР-ийн орон зайд айхтар том “хар нүх” үлдэж, тэр цоорхойг бөглөхийн тулд геополитикийн шинэ тулаанд АНУ явж орох ёстой гэсэн санаагаар алдарт Збигнев Бжезинскийн номлосон нь дээрхи “хувьсгалууд”-аар хэрэгжээд байна уу гэх хардлага газар авчээ. Нөгөө өнийн өрсөлдөгч Орос орноо ардчилсан геополитикийн плюрализмаар бүсэлж эхлэв гэсэн шинэ номлолыг энэ онолч тэр үед (“The Wall Street Journal”, 2005.03.29) гаргаж ирээд, түүнийхээр бол мөд ардчилагдах СНГ-ийн тэр улсууд нь Орост аюул учруулахуйц геополитикийн зэвсэгтэй болсон гэж дүгнэсэн нь дайран дээр давс нэмээд байлаа.

Тэр өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш Словакт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар морилохдоо Молдав, Беларусьт эрх чөлөө амлачихаад, өдөн дуудсан нь нөгөөх “хар нүх” бөглөх атлантистуудын геополитик нь ч гэмээр байв. “Азийн өнөөгийн байдал 1989 оны Дорнод Европ, 1948 оны Европыг санагдуулж байна” гэсэн бүрхэг дүгнэлтээр мөнөөх гүн ухаантан зөвлөлт судлаач Ричрад Пайпс дээрхи ардчилсан хувьсгалуудыг томъёолоод, хуучин СССР-т дэгдсэн түймэр Москва руу хүрч мэднэ гэж анхааруулсан нь бүр ч ноцтой гэмээр байв. Р.Пайпсын үзэж байгаагаар бол, дунд хугацааны хэтийн ирээдүйд Орост дэглэм солигдож магадгүй, Оросууд ардчилал гэдгийг коррупц, гэмт хэрэг гэж ойлгодогоос Путин аливаа зөвшилцөлийг саармагжуулж чадаж байна. Гэвч сөрөг хүчин дахин төлөвшиж бүрдээд, хэрэв гурван жилийн дараа Путин Үндсэн хууль зөрчин Ерөнхийлөгчид дахин нэрээ дэвшүүлбэл бослого дэгдэнэ гэж тэрээр анхааруулсан нь үнэний ортой байсан байж бас болно. Энд Д.Медведевийг Ерөнхийлөгч болгосныг эшлэж байна.

Ингэхэд тэр үеийн хамгийн шинэхэн “Хувьсгалт Киргиз”-ээс Монголд тэр үед ирж нялзах юм байсан уу? Одоо сургамж авах ёстой юу гэдэг асуулт битүү тулгагдаж байна. СССР-ийг тарааж, суурин дээр нь 12 улс (ТУХН) Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон. Тэр үед тэгэхээс өөр нөхцөл байгаагүй, үндэсний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдал нэн чухлаар тавигдсан нөхцөлд салж гарсан, дөнгөж тусгаар тогтносон шинэхэн улс үндэстнүүдэд ардчиллаас илүүтэй, ямар нэгэн “Үндэсний эцэг” хэрэгтэй байсан нь мэдээж. Тиймдээ ч тэр дүрдээ Ельцин, Назарбаев, Лукащенко, Акаев, Каримов, Ниязов, Рахмонов, Алиев нар дүүрэн тэнцсэн, одоо ч тэнцсээр байгааг үгүйсгэж болохгүй. Үндэсний төрт-ёсны уламжлалгүй, засаглалын бүтэцгүй, үндэсний зэвсэгт хүчингүй, тэр ч бүү хэл Үндсэн хуульгүй байхдаа эвтэй салж, тусгаар тогтнолоо дор дороо бэлгэнд авцгаасан тэд Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалыг сонгосныг энд буруутгахгүй.

Гэтэл яагаад Киргизээр жишээлэхэд засаглалын хямрал чинээндээ тулсан хэрэг вэ? 1993 оны хавар, намрын Москвагийн мөргөлдөөн, цус урсгасан зэвсэгт тэмцэл, Тажикистаны 10 жилийн иргэний дайн, Казахстаны Ерөнхий сайд нь сөрөг хүчнээ толгойлж хөөгдөж гараад Троцкий шиг Вашингтоноос тэмцлээ үргэлжлүүлсэн, Ашхабадад Ерөнхийлөгчөө алахаар завдсан, Гүрж, Азербайжанд явагдсан удаа дараагийн төрийн эргэлтүүд, Молдова дахь зэвсэгт мөргөлдөөн, үндэсний хуваагдал, Орос, Беларусь, Украинд удаа дараа Засгийн газраа халсан сольсон, адаг сүүлд нь 2004 оны Гүрж, Украины хувьсгал, 2010 оны Киргизийн дараагийн хувьсгалаар Ерөнхийлөгч К.Бакиеваа хөөж явуулсан, 2014 оны Крым, Дорнод Украины иргэний дайн гэхчлэн жагсаалт тоймгүй урт бий.

Харин Киргиз дээр авч яривал, ардчиллын эсрэг хууль бус үйлдлүүд, сонгуулийн шамшигдуулалт, дийлдэхээ больсон хээл хахууль, лалжилт, үндэстэн-угсаатны мөргөлдөөн гэхчлэн энэ улсын Ерөнхийлөгчийн засаглалынх нь “ид шид”-ийг үзүүлэхээр баримт дэндүү олон байв. Төв Азийн орнуудад Ерөнхийлөгчийн шударга ардчилсан сонгууль явуулахын оронд бүрэн эрхийн хугацааг нь ард түмнээрээ сунгуулдаг

сонирхолтой систем хэвшүүлсэн байв. Ерөнхийлөгчийн эрх мэдэл илт давууг “Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн дагуу ганцаарчлан төр барих” гэгчээрээ зөвтгөж, “тогтвортой байдал” хэмээх лут үгээр таглажээ. Ингээд хээл хахууль, гэр бүл кланы цэцэглэлт нэг талд нь, нөгөө талд нь үй олны ядуурал, ажилгүйдэл, өлсгөлөн сүүдэр мэт дагадаг сонгодог жишээг Киргиз үзүүлсэн хэрэг.

Яг 10 жилийн өмнө бол Киргизийн хүн амын 44 хувь нь ядуурлын доод түвшинд, ажилгүйдэл нь 40 хувиасаа давсан, нэг хүн ам тутамд ногдох дундаж орлого 330 ам.доллар, ажилтай гэх хүний дундаж цалин тэр үеийн төгрөгийн ханшаар 40 мянган төгрөг, нийт хүн ам нь 5.2 сая гаруй, нүүдлийн аж төрөлтэй, Хяргас нуураас цаашаа нүүж, Цагаадайн хаант улсад зүтгэж явсан гэхчлэн манайтай төстэй, шууд хамаатуулахаар баримтуудыг жагсааж болж байсан л даа. Хамгийн их хамаатах индекс бол 2005 оны хувьд бол Монгол, Киргиз хоёрт хээл хахууль, ядуурал нь цэцэглэсэн явдал байсан юмсанж.

Хахууль авилга ноёлсон гэдгээр цэврээс нь бохирыг нь хүртэл заасан жагсаалтад 2004 онд манай Монгол нь 84 дүгээр байрт бичигдэн үлэмж итгэлгүй гэж дүгнэгдсэн байсан бол манай араас Киргиз, Тажикстан, Туркменистан, Азербайжан, Парагвай, Чад, Мъянмар, Нигериа, Бангладеш, Гаити гэхчлэн жагссан байжээ.

2004 онд ноён Ц.Элбэгдорж их эвслийн Засгийн газрыг толгойлж гарч ирэхдээ нийгэм-эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхээс гадна шууд авилгатай тэмцээд эхэлснийг, өмнө нь Монголд төдийлөн ярьж хэлж, анхааруулж байгаагүй авилга, хээл хахуулийн эсрэг төрийн зүгээс томоор дуугаргадаг болгосныг тохиолдлын хэрэг гэж үзэхгүй байна. Дэргэд чинь Киргиз ингэлээ шүү гэдгийн дохио санамжийг Монголын төр шууд тусгаж авсны илэрхийлэл тэр байв.

Тэр үеийн А.Акаевын дэглэмийн эсрэг энэхүү өнгөт хувьсгалын гол шалтгаан бол тус улсын төрийн бүх түвшинг нэвт идсэн коррупц нь гэж дэлхийгээрээ ойлгосон. Энэ тухай Акаевын өөрийнх нь томилж явуулсан Элч сайд, “нэрт киргиз хүн” Чингиз Айтматов хүлээн зөвшөөрч байлаа.

Тэгвэл тэр үедээ манай улсад анхааруулга болгосон нэгэн жишээ бол, АНУ-аас тус улсад сууж асан Элчин сайд Альфонсо Ла Порта: Монголын төрийн яамд болон УИХ нь урагшаа биш хойшоо хардаг, тэр ч бүү хэл хуучин зөвлөлт арга барилаар ажилладаг. Хувьчлал нь банкны салбараас өөр ямар ч салбарт урагшлаагүй. Монгол орон бүхэлдээ хээл хахуульд хараахан явтагдаагүй ч байдал өөрчлөгдсөнгүй. Хамгийн чухал нь авилгалын эсрэг арга хэмжээ авч, авилгалтай дайн зарлах хэрэгтэй гэсэн анхааруулга өгч байсан нь ГХЯ-ны архивт үлджээ. Айтматов, Ла Порта нар аль алин нь Элчин сайд, нэг нь эх орноо, нөгөө нь сууж асан орноо тодорхойлсноороо ялгаатай санагдаж байв.

Киргизээс арай дор орох бас нэг үзүүлэлт тэр үеийн Монголд байлаа. НҮБ-ын тусгай элч Жан Зиглер гэгч манайд 10 хоног ажиллаад эгэж очоод ил хэвлээгүй нэгэн илтгэлийг НҮБ-д тараахдаа нүд орой дээрээ гармаар баримт цуглуулсан байв. Тэр тухай ГХЯ-ны архиваас үзэж болно. Түүндээ монголчуудын хүнс тэжээл, хүсний аюулгүй байдлыг үнэлсэн байжээ. Нэг хүн амд ногдох хөгжлийн тусламжийн үзүүлэлтээр дэлхийд толгой

цохиж яваа Монгол Улс хүнс тэжээлийн архаг доройтолтой, энэ үзүүлэлтээр Азидаа бөгсөнд, хүн амынх нь 40 хувь байнга өлөн зэлмүүн, энэ жишгээрээ бол Сахаарын Африкийн улсуудтай нэг эгнээнд, хүнсний аюулгүй байдлын индексээр Азидаа зөвхөн Камбожийн өмнө сүүлээсээ 2 дугаарт яваа ба дэлхийн “хамгийн” хүнс импортлогч улс болжээ гэж байх нь тэр. Ядуурал хотод 39 хувьтай, хөдөөд 32 хувьтай гээд бараг л “турж үхэхэд дөхөж яваа үндэстэн” гэх шахуу дүгнэлт 21 хуудастай тэр илтгэлд нь байсныг би сайн санаж байна.

Ер нь Киргизээс тэр үед бидэнд дээрдэх юм байсан уу? Нэгэнтээ ард түмэн ядуу, хүнс тэжээлийн доройтолтой, алдах юмгүй цайчихсан түг түмэн хүн бөөгнүүлсэн бол “тогтвортой төр”, “тогтвортой байдал” үлгэр болдог жишээ Киргиз болж байсан бус уу?



Ердөө саяхан, хэдхэн хоногийн өмнө 5 дугаар сарын 17-нд Киргизэд төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан ба гэмтнүүдийг баривчилсан тухай оросын хэвлэлээр гэнэт шуугив. Төрийн эрхийг хүчээр булаахаар зэхэж байсан гэх хэргээр сөрөг хүчний хэсэг нөхдийг баривчилжээ. Эх орныг тогтворгүй болгохоор завдсан хэмээн Ерөнхийлөгч А.Атамбаев сөрөг хүчний “Народный парламент” гэгч намыг буруутгав. Тэр ч бүү хэл “гадаадын тусгай албадын генералууд” гэгчдийг буруутгав. Түүний хэлсэн үг:

-Одоогоос яг 100 жилийн өмнө 1916 онд Хаант оросын генералууд Хойд Кыргызстаны хүн амын тал хувийг нь устгасан, 2010 оны 6 дугаар сард гадаадын тусгай албадын генералуудын ажиллагаанаас болж манай 400 гаруй иргэд амь насаа алдсан.

-“Ганси” нисэх хүчний бааз, “Манас” онгоцны буудлын эргэн тойронд хээл хахууль, дураараа аашлах асуудал тасардаггүйг бид сайн мэднэ.

-Гадаадын генералууд манай ард түмэнд хэзээ ч сайн сайхныг авчирч байгаагүй гэдгийг бид сайн мэднэ гэжээ.

 
Акаев, Бакиеваас болон өнөөгийн Киргизээс сургамж авах ёстой юу, хүссэн эс хүссэн энэ асуулт манайд тулгарч байсан уу, одоо яаж байгаа вэ гэдэгт уншигч та хариултаа ол!

“Засгийн газрын мэдээ”, 2016.05.31 № 121 (399)