Өнөөдөр ардчиллын өлгий гэгдэх АНУ ерөнхийлөгчөө сонгож байна. Тэднийх хар арьст ерөнхийлөгчтэй болно уу, цагаан арьст ерөнхийлөгчтэй байна уу бидэнд хамаагүй ч юм шиг. Хэрэв өнгөт арьст Барак Обама ерөнхийлөгч болбол Иранд хийж буй дайн зогсч, АНУ-д “дайн” эхэлнэ, харин Жон Маккейн ерөнхийлөгч болбол АНУ-д амар тайван ноёлж, лалын ертөнцтэй хийж буй дайн үргэлжилнэ гэж гадаадын хэвлэлүүд таамаглаж байна. Энэ мэт мэдээллийн хажуугаар бидний олонхийн маань чих сортойхгүй өнгөрч чадахгүй л байгаа. Хүний нутагт болж буй сонгуулийн дуулианд чих тавьсан шигээ байх зуурт өөрийн минь нутагт өрнөсөн сонгуулиуд юу болоод байна вэ?
Орон нутгийн сонгууль болсноос хойш сар шахам хугацаа өнгөрсөн ч нийслэл хот ИТХ-аа бүрдүүлж чадаагүй хэвээр. Хэрэв энэ хэвээр нийслэл ИТХ-гүй байгаад байвал юу болох бол? Яах вэ, нэлээн хэдэн хүн л завтай болох байх даа...
Нийслэлийн сонгогчдын идэвх тааруу байснаас болоод сонгууль хүчингүй болсон ч дараагийн сонгуулийн тухай бүтэлтэй зүйл сонсогдохгүй л байна. Дахин сонгууль явуулах гэтэл хэн үүнийг зарлан хуралдуулах нь хуульд тусаагүй байна гэх. Эзэн олдоод сонгууль зарлалаа гэхэд үүнээс 28 хоногийн өмнө Нийслэлийн сонгуулийн хороо болоод тойргийн сонгуулийн хороод байгуулагдсан байх ёстой аж. Сонгуулийн тойргийн хороодоо байгуулья гэтэл түүнийг тухайн дүүргийнх ИТХ нь байгуулах хуультай. Гэтэл зарим дүүрэгт ИТХ нь эмхэрч амждаггүй. Ийм нэгэн хямрал нийслэлд нүүрлэчихээд байгаа билээ. Найзаа уснаас татаж гаргах дээс томох гээд гахайнаас хялгас гуйна, гахай хариуд нь боргоцой гуйна... Ингээд эцэс төгсгөлгүй эрэл үргэлжилдэг үлгэр байдаг сан. Яг л ийм “үлгэр” өнөөдөр орон нутгийн сонгуулийн араас хөвөрч байна. Бүр сонирхолтой нь сонгуулийн маргаашаас эхлээд л тамга, тэмдгээ булаалдсан тэмцэл өрнөснийг хэлээд яана. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дагавраар Иранд дайн эхлэх, эцэслэх нь шийдэгддэг юм байж. Манайд бол сонгуулийн маргаашнаас намууд хоорондын “дайн” эхлэх аж.
Энэ улс оронд хууль байдаггүй юм уу гэхээр хараахан тийм биш. Хууль бол хангалттай байгаа. Харин  сайн, муу нь бол асуудал. Гэхдээ л муу хуулийг дагаж мөрдөхгүй гэсэн “хууль” бас байхгүй. Гэсэн хэр нь хуулийг дагаж мөрдөхгүй байж болно гэсэн дам “хууль” үйлчилдэг мэт. Ялангуяа энэ нь сонгуулийн орчинд үйлчилдэг бололтой. Энэ орчинд асуудлыг хуулиар биш намууд хоорондын тохиролцоогоор зохицуулж байгаа нь илэрхий болов. Хамгийн сүүлийн сонгодог жишээ гэвэл УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт АН-ын С.Эрдэнэ, МАХН-ын Н.Баяртсайханы хэн нь ялсныг хуулийн дагуу тогтоосонгүй, харин хоорондын тохиролцоогоор дүнг гаргалаа. Яагаад гэвэл тэдний хооронд үүссэн маргааныг цагдаа, прокурор шалгасан боловч үнэн бодит байдал ямар байсан талаар шүүх шийдвэр гаргасангүй. Харин Н.Баяртсайханыг яамны дайтай газрын дарга, С.Эрдэнийг УИХ-ын гишүүн болгох тохиролцоо хийсэн гэдэг мэдээлэл цацагдав. Ийм тохиролцооны дүнг тусгасан тогтоолыг СЕХ хэлэлцэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, СЕХ хэлэлцэн Ерөнхийлөгчид өргөн барих гэж байгаа тогтоолд С.Эрдэнийн нэр багтаж байгаа. Мөн энэ асуудлыг дөрвөн сарын турш хуулийн байгууллагаар шалгаад үнэн мөнийг тогтоогоод эцэслэчихэж чадахгүй байна гэдэг юуны шинж тэмдэг юм бол доо. Энэ бүхнээс сонгуулийн дүнд  хуулиас хараахан өөр зүйл үйлчлээд байгаа нь ойлгогдох болов уу.
Ямар ч зүйлийг их амархан улстөржүүлж болно гэж онолын хувьд үздэг юм байна. Тухайлбал, АНУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өглөө их хэмжээний цас орсон байлаа гэж бодьё. Тэгвэл хотын захирагч нь Бүгд найрамдах намын дэмжигч байлаа гэхэд бүгд найрамдахчууд олноор амьдардаг гудамжны цасыг эхлээд цэвэрлүүлэх жишээтэй. Гудамжны цас цэвэрлэх үзэмжийг хүртэл улстөржүүлж болох аж.
Харин Монголд хуулийг улстөржүүлж, хуулиа улс төрийн сонирхолд нийцүүлэн хэрэглэж чаддаг нь л хамгийн аймшигтай. Хууль цаазат нийгмийн үндэс нь юу билээ. Ердөө л бүх зүйл хуулийн хүрээнд захирагдах ёстой. Гэтэл бид хуульдаа захирагдах биш, хуулиа захирч чаддаг гайхалтай улс юм даа.
Уг нь зүгээр л хуулиа сахьдаг бол Нийслэлийн ИТХ-ын дахин сонгууль болдгоо болоод өнгөрсөн байх ёстой. Гэтэл энэ сарын 23-нд дахин сонгууль явуулбал тохиромжтой юм гэсэн бүдэг бадаг тов өчигдрөөс л сонсогдож эхлэв. Бодвол энэ өдрийг зурхайч эрх биш сайн гэж айлдсан юм болов уу даа. Яагаад гэвэл нэгэнт хуулиа баримтлахаа байсан юм чинь ах ламын л амыг харна шүү дээ.