ХХ зууны Монгол Улсын түүх 1911 оноос эхтэй билээ. Монголчуудын тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх үйл явц 1915 оны Хиагтын гэрээгээр тасалдаж, Дундад Иргэн улсын нэгэн хэсэг болсон хэрэг явдал болон автономит эрхээ алдсан адармаатай он жилүүдийн түүхийг өгүүлэх дурсамж тэмдэглэл, судалгааны бүтээлийг хятад хэлнээс орчуулан ГАДААД МОНГОЛЫН ДОТООД НУУЦ нэртэйгээр эмхтгэн гаргав. Энэхүү эмхтгэлийг бэлтгэхдээ БНХАУ-ын Нийгмийн ухааны Академийн хил хязгаарын түүх, газар нутгийг судлах төвийн захирал Лю И Рань-ийн эрхлэн гаргасан эмхтгэл, Тайванийн Хятадын соёлын их сургуулийн Түүхийн хүрээлэнгийн профессор Ли Үйшү, БНХАУ-ын Бинжоугийн их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн судлаач Сүнь Цайшүнь нарын судалгааны өгүүллийг сонгон авав. Эдгээр нь ХХ зууны Монголын эхэн үеийн түүхийг тодотгох баялаг эх сурвалж, анхаарал татахуйц чамбай бүтээл болно.


Судлаач Лю И Рань 1999 онд Умардын Засгийн газрын үеийн Гадаад Монголд холбогдох түүхэн баримт ба Хиагтын бага хурлын тэмдэглэл, Чэнь Лү-гийн Жишигийн тэмдэглэл, Би Гүйфаны Гадаад Монголын гадаад харилцааны эхлэл, төгсгөл, Эн Хуа-гийн Тагна Урианхайн тэмдэглэл-ийг нэгэн дэвтэр болгож эмхтгэн гаргасан юм. Энэхүү эмхтгэл дэх Хиагтын хурлын тэмдэглэл нь чухал баримт болно. Хиагтын гэрээг тусгайлан судалсан доктор О.Батсайхан 1999 онд тус хурлын Орос, Монголын талын тэмдэглэлийг эмхтгэн тусгай ном болгон хэвлүүлсэн юм. Тэдгээр тэмдэглэлийг Хятадын талын тэмдэглэлтэй харгуулан үзвээс Хиагтын хуралд талуудын баримталж байсан байр суурь, хурлын уур амьсгал, түүхэн үйл явц аяндаа тодрон гарах ажгуу. Хиагтад талууд нийт 48 удаа хуралдаж, үүнээс 40 удаа албан ёсны тэмдэглэл хөтөлжээ. 1915 оны 4-р сарын 5-ны өдрийн хуралдаанаас хойш тэмдэглэл хөтлөөгүй нь Чэн Лү-гийн дурсамж дахь “...цаг хожих үүднээс үүнээс хойш хурлын тэмдэглэл хөтлөхгүй байхаар тохиролцов” гэснээс илт байна. Хурлын тэмдэглэлээс гадна Хятадын төлөөлөгч ГЯЯ-ны зөвлөх Ван Зинцигийн хөтөлсөн асуулт хариулт байгааг Чэн Лү мөн тэмдэглэсэн байдаг. Талууд 4-р сарын 16-наас 5 дугаар сарын 20 хүртэл хуралдаагүй нь Хятад, Оросын иргэдийн хэргийг шүүн таслах хийгээд шуудан холбоо, татварын асуудлаар санал зөрөлдөж, Ар, Өвөр Монголын хилийн орчим иргэн суурьшуулахгүй байх шаардлагыг Хятадын төлөөлөгч хүлээж авахаас татгалзаж байсантай холбоотой ажээ. Харин тухайн үед Хятад-Японы харилцаа хурцадсан нь Хиагтын хурал урагшлахад зохих ёсоор нөлөө үзүүлжээ.

Мөн дээрх хуралд Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон генерал Би Гүйфан, Элчин сайд Чэнь Лү нарын дурсамж сонирхолтой сурвалж юм. Тэр тусмаа Хиагтын хурлын дараа Хүрээнд суух Хятадын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан Чэнь Лү-гийн дурсамж тэмдэглэл нь илүү сонирхолтой юм. Тэрээр энэхүү дурсамжаа Шанхайд хэвлүүлсэн бөгөөд үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Тэмдэглэлийн эхний хэсэг нь Хиагтын хурлын өдрийн тэмдэглэл нэртэй. Хэлэлцээрийг дүгнэж бичихдээ 1-д төмөр зам, шуудан холбоо, 2-т татвар, 3-т Ар Өвөр Монголын хилийн орчим иргэн суурьшуулахгүй байх асуудлаар аргагүй эрхэнд буулт хийхэд хүрсэн гээд оросууд 1913 оны Бээжингийн тунхагийн утга агуулгаас хальсан 3 зүйл тодруулбал 1-д гаднын ямар ч улсад үйлдвэрлэсэн барааг Хятадад оруулах, 2-т Хятад, орос иргэдийн хэргийг шүүх тохиолдолд Тяньжины гэрээний 8 дугаар зүйлийг баримтлах, 3-т Ар, Өвөр Монголын хилийн орчим иргэд суурьшуулахгүй байх асуудлыг санал болгож хүчлэн зүтгэсэн гэжээ. Дурсамжийн хоёр дахь хэсэгтээ Чэнь Лү Хүрээнд суусан тухайгаа өгүүлжээ. Хүрээнд суусан тэмдэглэл нь дотроо 3 дэд хэсгээс бүрдэх бөгөөд жил жилээр нь тэмдэглэлээ хуваан хөтөлдөг байсан нь харагдана. Эхний хэсэг нь 1915 оны 6-р сард Хүрээнд суух бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос эхлэн мөн оны эцэс хүртэл үргэлжлэх бол удаах хэсэг 1916, 1917 оныг хамрах аж. Чэн Лү-гийн Хүрээнд суусан тэмдэглэл нь тухайн үеийн монголчуудын амьдрал, ахуй орчин, түүний Хүрээн дэх хувийн амьдрал, болж буй түүхэн үйл явдалд түүний гүйцэтгэсэн үүрэг, байр суурь, Монголын түүхэн бие хүмүүсийн талаарх сонирхолтой олон баримтыг дэлгэн өгүүлнэ. Тухайлбал Чэнь Лү Хүрээнд сууж байсан Саньдо амбантай уулзаж ярилцсанаа Хүрээ тусгаар тогтносон нэртэйгээр өөрийн тэмдэглэлд хавсаргасан байна.

Хиагтын хэлэлцээрт оролцсон өөр нэгэн төлөөлөгч Би Гүйфан 1928 онд Хиагтын хэлэлцээрт оролцсон тухайгаа бичиж хэвлүүлжээ. Тэрээр Орост суралцаж боловсрол эзэмшсэн, орос хэлтэйн хувьд Гадаад Монголын талаарх Оросын бодлогыг цэгнэж, Монголын статусыг тогтоох тухай Хятад, Оросын тохиролцооны талаар дүгнэн өгүүлжээ. Чингэхдээ тэр харуусал харамслын өнгө аясаар дурсамжаа бичжээ. Харин энэ үеийн арай өөр өнгө аястай тэмдэглэл бол Эн Хуа-гийн Тагна урианхайн тэмдэглэл юм. Эдгээр дурсамж тэмдэглэл нь Монголын түүхэнд холбогдох баялаг сурвалж болохын сацуу Гадаад Монголын талаар Хятадын тухайн үеийн бодлогыг илтгэн харуулах чухал баримт болно. Хятадууд Гадаад Монголыг өөрийн газар нутгийн нэгэн хэсэг, Оросын явуулгаар монголчууд “тусгаар тогтносон” гэдэгт бат нот итгэж байсан тул дээрх бүтээл энэхүү үзэл санаа, хандлагаар бичигдсэн гэдгийг сайтар анхаарах нь зүй ёсных билээ.

Хиагтын гэрээгээр тогтоосон Гадаад Монголын статус – автономит эрхийг 1919 онд Хятадын тал устгасан билээ. Энэхүү хэрэг явдлын тухай судлаач Ли Үйшү Гадаад Монголын автономитыг цуцалсан нь бүтээлээ 1948 онд бичиж 1962, 1977 онд хэвлүүлжээ. Тэрээр энэхүү бүтээлийнхээ талаар “...1947 оны хавар ДИУ-ын 6-р (1917) оноос 8-р (1919) онд тус улсын ГЯЯ-наас Орос улстай харилцсан архивын бичиг баримтыг судалж, Хятад, Орос хоёр Гадаад Монголын тухайд харилцсан нь нэртэй бүтээл туурвихаар ажиллаж байх ахуйдаа Гадаад Монголын автономитыг цуцалсан явдалтай холбогдох материалууд нь дээрх бүтээлийн үндсэн цөм болж байгааг ойлгож билээ. Чингээд 1948 оны намар ...энэхүү бүтээлээ эмхтгэн бичсэн. Энэ ажилд Гү Ляннин (Gu Liangning), Ху Цююань (Hu Quyuan) нар зөвлөн тусласныг дурдууштай” гэжээ. Ли Үйшү Гадаад Монголын автономитыг цуцалсан нь бүтээлдээ Гадаад Монгол хэрхэн тусгаар тогтнож, автономит бүс болсон тухай өгүүлж улмаар Хиагтын гэрээний дараах үеийн улс төрийн нөхцөл байдалд голлон анхаарчээ. 1919 онд Нармай Монголын хөдөлгөөн хүчээ авсан нь Гадаад Монголын аюулгүй байдалд шууд нөлөө үзүүлсэн байна. Энэ хөдөлгөөнд Гадаад Монгол нэгдэхгүй аваас Хүрээ, Хиагтад цэргийн хүчээр халдах тухай яриа дэгдэж, Гадаад Монгол ороо бусгаа нөхцөл байдалтай болжээ. Монголын эрх баригчид Бээжингийн Засгийн газраас тусламж эрж цэрэг илгээхийг хүссэн байна. Улмаар хэн нь илүү эрх мэдэлтэй байх вэ гэсэн ноёд, лам нарын зөрчил нь Гадаад Монгол өөрийн хүслээр автономит засгаа цуцлах үндсэн нөхцөл болсныг зохиогч баримт түшиглэн тов тодорхой өгүүлжээ.

Уншигчдад тодорхой, ойлгомжтой байлгах үүднээс түүхэн үйл явдал, түүхт хүн, газар усны нэрэнд зарим нэг тайлбар хийв. Он сар, цаг хугацааг ойлгомжтой байлгах үүднээс дөрвөлжин болон дугуй хашилт хэрэглэв. Мөн тухайн үеийн түүхэн үйл явдлыг сануулан тодотгох үүднээс үйл явдал, түүхэн зүтгэлтний гэрэл зургийг оруулав.

ГАДААД МОНГОЛЫН АВТОНОМИТЫГ
ЦУЦАЛСАН НЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОСУУД ХАМЖИН “ГАДААД МОНГОЛЫГ
ТУСГААР ТОГТНУУЛСАН” НЬ

Орос Японы дайны дараа оросууд Алс Дорнодод ноёрхлоо бататгахад хүч мөхөстөнө гэдгээ ухаарчээ. Тиймээс Японтой хамтран Хятадад нөлөөлөхөөр санаархах болжээ. 1907 оны 7-р сарын 30-ны өдөр Япон, Орос хоёр анхны нууц гэрээгээ байгуулж, үүгээр Хятадын зүүн бүсийн гурван муж, Солонгос дахь эрх ашгаа хувааж улмаар Японы Засгийн газраас Гадаад Монгол дахь Оросын онцгой эрхийг хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү оросууд Гадаад Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон юм.

I хэсэг. Гадаад Монгол Манж Чин улсын шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн нь

Гадаад Монгол тусгаар тогтносон явдалд угтаа оросууд маш их нөлөөлсөн юм. Манж Чин улсын сүүлийн жилүүдэд Гадаад Монголд шинэ засгийн бодлого гэгчийг хэрэгжүүлсэн нь монголчуудыг биднээс түлхэж, тэднийг оросуудтай дотносоход хүргэжээ. Оросууд энэ боломжийг өөртөө ашигтайгаар эргүүлэв.

Манж Чин улсын сүүлийн жилүүдэд Гадаад Монгол дахь манай нөлөө маш ихээр хумигдсан нь иргэд суурьшуулах, цэргийн тоог нэмсэн шинэ бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой юм. Хэвт ёсны 2-р (1910) оны 3-р сард Саньдо нь Хүрээнд суух амбанаар томилогдож, шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэхээр зүтгэлээ. Энэ нь угтаа сүржин нэртэй, тухайн цагийн төлөв байдлыг илтгэсэн тийм л бодлого байж. Саньдо томилогдоод удаагүй байхад төв Засгийн газрын яамд шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх тухай цахилгаан, бичиг тасралтгүй илгээж, чингэхдээ гал авалцах мэт яаруу сандруу хөдлөөд, дотоод ба цэргийн хэргийг ихэд чухалчилсан байна. Чингээд Цэргийн хэрэг хамаарах газар, Эргүүлийн газар, Модны татварын ерөнхий газар, Ариун цэврийн ерөнхий газар, Машин тэрэгний татварын газар, Түшмэлийн хэрэг хамаарах газар, Харилцаа холбооны газар, Тариалан эрхлэх газар, Худалдаа зохицуулах газар, Ажил хэргийг хамаарах газар, Охид, хөвгүүдийн бага сургууль байгуулав. Үүний зэрэгцээ урьдын Манж амбаны яамны тамгын яам, бичиг хэргийн газар, Худалдаа хамгаалах газар, Татварын газар, Эргүүл цагдаагийн газар, Шуудан холбооны газруудыг хэвээр үлдээжээ. Зөвхөн Хүрээнд л гэхэд шинээр 20 гаруй газар байгуулж, эдгээрийн урсгал болон бусад зардлыг Монголоос авдаг өргөл барьц, татвар гувчуураар бүрдүүлэхээр тогтов. Монголын засгийнхан ард иргэдээсээ татвар татах болсонд ард иргэд үүнд ихээр дургүйцэж нүүн шилжээд, ойр хавийн нутаг хошуу нь эзгүйрчээ.

Монголчууд хятад иргэд суурьшиж, цэрэг суулгаж байгаад маш ихээр дургүйлхэж (Хүрээ, Хиагт зэрэг 7 газарт 10 гаруй мянган тариачин суурьшуулжээ), өдрөөс өдөрт дарамт шахалт нэмэгдсэнд шинэ засгийн бодлогыг илт эсэргүүцэж, үймээн самуун дэгдэх бүхий л нөхцөл бүрдлээ. Оросууд энэ боломжийг бүрэн ашиглаж, Гадаад Монголчууд тусгаар тогтносноо зарласан юм.
 
Тухайн үед оросууд Жавзандамба хутагтыг тусгаар тогтнолоо зарлах үйл хэргийн тухай нууцаар хэлэлц хэмээн ятгаж, [Халх] 4 аймгийн ноёдыг Хэвт ёсны 3-р (1911) оны 6-р сарын 15-ны өдөр Хүрээнд цуглуулжээ. Энэ үеэр Ханддорж, Цэрэнчимэд, Сайн ноён хан нарын хүмүүсийг Оросоос тусламж гуйлгахаар Москва руу явуулахаар шийдлээ.

Оросын Элчин сайд [1911 оны] 7-р сарын 5-ны өдөр Манж Чин улсын ГЯЯ-нд хүргүүлсэн бичигтээ “Монголчууд шинэ засгийн бодлогыг илт эсэргүүцэж байна. Миний бие Оросын Засгийн газраас тусламжийн цэрэг илгээхийг хүсэх болно” гээд “Чингийн Засгийн газар шинэ засгийн бодлогоо даруй цуцлах хэрэгтэй. Эс бөгөөс Орос улс үүнийг зүгээр хараад суухгүй. Хариу арга хэмжээ авах нь лавтай” гэсэнд ГЯЯ-наас Саньдо амбанд “Бодит байдлыг ажиглан байж хөдлө” гэсэн цахилгаан илгээв. Ингээд “Шинэ засгийн бодлого үнэхээр их саад бэрхшээлтэй тулгарч байгаа аваас түрдээ хойшлуулж болох юм” хэмээн зааварчилжээ.

Саньдо эхэндээ монголчууд Оросын нийслэлд очиж тусламж эрсэн тухай мэдээгүй бөгөөд [1911 оны] 7-р сарын 11-нд Бээжингээс цахилгаан авч, шанзудба болон Түшээт хан аймгийн ноёдын тухай сураг чимээ дуулаад, хэн үүнийг зохион байгуулсан, хэн хэн Орос руу явсныг тандлаа. Шанзудба хэрэг явдлыг нууж чадсангүй. Хамаг учраа тоочсонд Саньдо Богдод хандаж, орос цэргийг ирүүлэх явдлыг зогсоох, Ханддоржийг Хүрээнд эргэн ир гэж дуудахыг шаарджээ. Жавзандамба адаг сүүлд нь цахилгаан илгээхийг зөвшөөрөхдөө шинэ засгийн бодлогыг цуцлах, Орос руу явсан хүмүүсийг ялаас хэлтрүүлэхийг шаардсанд Саньдо хүлээн авчээ. Ингэснээр Хятад, Монголын тухайн үеийн нөхцөл байдал түрдээ намжих шинжтэй болжээ.

НЭПКО хэвлэлийн газар