Оюутолгойн ордын ашиглал­тын лицензийг эзэмшиж буй “Айвенхоу Майнз” компани болон түүний 10 хувийг худалдаж авсан “Рио Тинто” компанийн хооронд байгуулсан гэрээ ирэх есдүгээр сард дуусгавар боло­хоор улаан гэрэл анивчуулж байна.
Автомашины шатахуун дуу­сахад дохио өгдөг гэрэл шиг анивчиж байгаа дээрх гэрээний хугацаа дууслаа гэхэд яах вэ? Гэрээг хоёр тал цааш сунгах эсэх нь Оюутолгойн ордыг ашиг­лах Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах үгүйгээс хамаа­рахаар болоод байгаа ажээ.  “Айвенхоу Майнз Монголиа Инк” компа­нитай Монголын Засгийн газрын байгуулах Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталвал “Рио Тинто” гэрээгээ сунгах, ингэхдээ тус компанийн 46 хүртэл хувийг эзэмшиж, 1.6 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх тохирол­цоотой юм байна. Харин гэрээ батлагдахгүй бол “Рио Тинто” Айвенхоутой байгуулсан, есдү­гээр сар хүртэл хүчинтэй байгаа гэрээгээ цааш нь сунгах уу, үгүй юү гэсэн асуудал үүсээд байгаа аж.

Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахгүй  бол гэрээгээ дуусгавар болгож, батлагдвал сунгана гэсэн яв цав гаргалгаатай зүйл биш юм. Гэрээ батлагдахгүй байлаа ч “Рио Тинто” гэрээгээ сунгаж болох ч гол хүлээлт нь Оюутолгойн ордыг ашиглаж эхлэх явдал гэдэг нь харин үнэн.

Одоогоор тогтоогдоод байгаа нөө­цөөр 35 сая тонн зэс агуулж буй Оюутолгойн ордын ирээдүйг тооцоолс­ны үндсэн дээр “Рио Тинто” Айвен­хоутой хамтарсан нь гарцаагүй. Аливаа бизнесийн ашиг цаг хугацаагаар хэмжигдэж байдаг тул Монголын Засгийн газар гэрээ байгуулахыг гурван жил хүлээсэн тэд одоо яах бол.

Өнөөдөр Засгийн газартай гэрээ байгуулахаар ярилцаж байгаа хөрөнгө оруулагчдыг Монголыг хаяад гараасай гэж хүсч буй хүчин улс төрд ч, түүний гадна ч бий гэсэн хардлага байдаг нь нууц биш. Гэхдээ ийм сонирхол бүхий  тал баярлахад эрт байгаа нь ч үнэн.

Учир нь саяхан Оюутолгойн хөрөн­гө оруулалтын гэрээг хэлэлцэж буй явц, саад бэрхшээлээс халгахгүй, эрх ашгаа эцсээ хүртэл хамгаалахаа “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто”-гийн зүгээс УИХ-д албан ёсоор мэдэг­дээд байгаа билээ. “Рио Тинто” Мон­голоос гарахдаа тулбал уул уурхайн ертөнцөд байр суурь дутуугүй “Би Эйч Биллитон” компанийг татан оролцуулж магадгүй гэсэн таамаглал ч тодорхой хүрээнд байгаа юм.

Ер нь яагаад “Рио Тинто” биш бол “Би Эйч Биллитон”, “Би Эйч Биллитон” биш бол өөр хэн байх вэ гэсэн яриа үүсээд байгаа нь бас л учиртай. Ашиглахад маш төвөгтэй тогтоцтойд тооцогддог Оюутолгойн ордыг уул уурхайн туршлагаар дээрх акулуудыг бараадахгүй, шинэ тутам “Айвенхоу Майнз” ганцаараа хүчрэхгүй гэдэгт л өөр хэн нэг хамтрагчийг хайх шалтгаан оршиж буй аж. Уурхай, үйлдвэр байгуулах, улмаар ашиглах, баяжуулах техник, технологийн хувьд ч, хөрөнгө санхүүгийн чадавхи, туршлагын хувьд ч Оюутолгойн ордод “Айвенхоу”-д хамтрагч хэрэгтэй бололтой.

Чухам энэ учраас “Рио Тинто”-гийн Айвенхоутай байгуулсан гэрээний хугацаа дуусах дөхөж байгааг нь айдас, асуултыг дагуулж буй.

“Рио Тинто” гэрээгээ цааш сун­гахгүй байлаа гэхэд “Айвенхоу”-д түүнээс өөр хамтрагч олдох нь тодор­хой. Гэхдээ тэр нь Хятадын “Чайналъо” компани ч байж болох хувилбар хам­гийн магадлалтайд тооцогдож байна.

Оюутолгойн ордыг ашиглахад хөрөнгө оруулах боломжтой гэж Хята­дын албаны хүмүүс Монголын парламент, Засгийн газрын гишүүдэд ам гарч байсан нь бий. Энэ үг санамсаргүй ч гарсан хий биш нь ойлгомжтой.

Уул уурхайд олборлолт хийх тех­нологи, туршлага гээд байхааргүй “Чайналко” дэлхийд томоохон ком­паниу­дын хувийг эзэмших замаар бэхжин тодорч буй бөгөөд өнөөг хүртэл энэ салбарт эхний байруудад яваа “Би Эйч Биллитон”-ыг ч, “Рио Тинто”-г ч сонирхож амжсан.

Хоолны цэсэн дээрх сайхан нэр шиг, халбагадъя гэхнээ оргүй хоосон зүйл болчихоод байгаа Оюутолгойг ашиглалтад оруулах шийдвэрийг төр, засаг маань гаргах гэсээр байтал гадаад хүчин зүйлүүд өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувьсч байна. Арай гэж нэг хувилбар дээр хөрөнгө оруулагчидтай тохиролцоод байж байтал биднээс үл хамаарах хөндлөнгийн хүчин зүйлс нөхцөл байдлыг өөрчилж орхино.

УИХ энэ хаврын чуулганаараа хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэж, бас ч гэж байр сууриа тодорхойлж чадсан нь асуудал ахиж л байгаагийн илрэл. Гэхдээ тэр байр суурийг нь хөрөнгө оруулагч тал хүлээж авах боломжгүй гэчихлээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Засгийн газар, хөрөнгө оруулагч гээд гэрээг байгуулах ёстой хоёр тал хэлэлцээг үргэлжлүүлж буй аж. Тэд УИХ-ын шаардлагыг тусгасан, хөрөнгө оруулагчдын байр суурийг ч бодолцсон альтернатив хувилбарын эрэлд гарсан гэдэг мэдээлэл байх аж.