“Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогт гэдэг хүнийг томилоод 20-оод хонолоо. Эзэмшсэн мэргэжил боловсрол, намтар цадигийн хувьд өөлөх юм алга, цэвцийсэн цэмцгэр юмсанж. Харин өнөөдөр ажил гүйцэтгэж байгаа байдлын тухайд экс захирлын “толгой ажиллаад” байна. Энэ нь ч цаанаа нарийн угшилтай юмсанж. Мал аятай угшил ярьсан нь ямар учиртай вэ гэхээр энэ хоёрыг ижилсгэх нэг хаяг намтар дотор нь бий. Тэр нь “Женерал Электрикс”-ийн Монгол дахь суурин төлөөлөгч байсан явдал.Дашрамд дурьдахад 2016 оны долдугаар сард Б.Бямбасайхан захирлын удирдлагын үед “Эрдэнэс Монгол” компани “General Electric” компани харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байсан юм.

Цаашилбал энэ “угшил”-д “Увс фракц” гэж хэлэгддэг тэр бүлэглэл хамаатай. Үүний цаана хэн байсныг “Эрдэнэс Монгол”-ын асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг, нөлөө бүхий улстөрч дундаас хайхад амархан олдоно. Тэр түүнийг томилуулсан.

Б.Бямбасайханы мэдлэг боловсрол, гоё сайхан CV-г бодоод “солихгүй” ч байж болох лобби хүч өнөөгийн улс төрд байсныг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ Б.Бямбасайхан 2015 оны хоёрдугаар сарын 12-ны Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Эрдэнэс Монгол" компанийн захирлаар Б.Бямбасайханыг томилогдсон, Ерөнхийлөгчийн эрчим хүчний бодлогын зөвлөх, Монголын Бизнесийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан, мөн өмнөх Засгийн газрын үед эдийн засгийн хүндрэлээс гарах "ЭЗЭН-100" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан гээд бодохоор байлгаад байх нь ариун явдал байж болохгүй л байж.

Тэгвэл Б.Бямбасайхан, Ц.Түмэнцогт хоёрыг “General Electric” компанийн “хамтын ажиллагаа”-наас өөр юу нэгтгэв. Үүний цаана Азийн хөгжлийн банкны 35 сая ам.долларын асуудал байдаг аж. 2016 оны гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс Монгол” компанийн институцийг бэхжүүлэх 35 сая ам.долларын Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг байгуулж “Эрдэнэс Монгол” компанийн тухайн үеийн захирал Б.Бямбасайхан, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер нар гарын үсэг зурсан. Гол зорилго нь “Эрдэнэс Монгол” болон түүний охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, алдагдлыг багасгах, менежментийг чадваржуулах, Сингапурын “Темасек”-ийн загвараар үр ашигтай ажиллуулах явдал. Тэр үед АХБ-ны суурин төлөөлөгч “Энэ төслийн гол зорилго нь Эрдэнэс Монгол компаниар дамжуулан Монголын байгалийн баялгийг зохистой удирдах, эрсдлийн менежментийг сайжруулах, ингэснээр компанийн үйл ажиллагааг үр дүнтэй болгоход чиглэсэн” хэмээж байв. Ингээд 15 жилийн хугацаатай, LIBOR +0.15 хувийн хүүтэй 35 сая.ам.долларын зээл “Эрдэнэс Монгол”-д орж ирэв. Үр дүнд нь компанийн хэмжээнд ашигт ажиллагааны түвшин өссөнөөр ирэх 6 жилийн хугацаанд нийт 3.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээс эхлээд бүхэлдээ төрийн мэдлийн энэ компанийн салаалсан мөчир бүхэн мөнгөөр цэцэглэж, менежмент нь чадваржих учиртай.

Үүний дараа буюу 2016 оны наймдугаар сарын 26-нд “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал С.Цэлмэг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв. Түүний энэ шийдвэрийг мөн л УИХ-ын сонгуулийн дүнтэй холбоотой гэж үзэж байлаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын менежмент, Металлургийн кокс, ган төмөрлөгийн үйлдвэр барьж байгуулах төсөл, Хүрэн нүүрсийг дулааны аргаар боловсруулах, сайжруулсан түлш үйлдвэрлэх төсөл, Нүүрсийг хуурай аргаар баяжуулах төсөл, Нүүрсний давхаргын метан хийн төсөл болон ашигт малтмалын хайгуул судалгаа хийх, ашигт малтмалын нөөц газарт харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх зэрэг дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хариуцаж байсан түүнийг ийм шийдвэр гаргах болсонд гайхах хүн цөөнгүй байсан. Тэр тусмаа “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх болон хямд түлшээр хангах чиглэлүүдэд судалгаа шинжилгээ хийх, төсөл хөтөлбөрүүдийг судлах зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байсны хувьд өнөөх 35 сая ам.долларт “хамгийн их хамаатай”, төсөл хэрэгжүүлэгч яагаад зугтах болов гэдгийг сонгуулийн дараах томилгооны дүйвээнээр хэн ч анзаараагүй явуулчихав.

Харин одоо эрчим хүч, электроникийн инженер мэргэжлээр Орос, АНУ-д боловсрол эзэмшсэн, Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Дэд бүтцийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан, Дэлхийн Банкны дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн багийн удирдагч асан Ц.Түмэнцогтын “дипломат” байдал “ЭЗЭН-100”-ийн “эзэн” Б.Бямбасайханыг “эрхэлсэн тодорхой ажилгүй”, эсвэл бизнесмэн биш “Эрдэнэс Монгол”-ын экс CEO “амьд” хэвээрээ гэдгийг харуулах боломжийг автоматаар олгоод байх шиг.

"Эрдэнэс Монгол" нь дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг. Тэдгээрийн зарим “жижиг”-ийг нь төрд авах эсэх асуудал үргэлжилсээр байгаа ч “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг “акулууд” нь, ялангуяа “Эрдэнэс Монгол” компани  дахь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн тал дээр түүний байр суурь нь Ц.Түмэнцогт захирлын цаанаас бүр ч тод гэрэлтээд байх юм гээч. Уг нь улс төр буухиагаа үргэлжлүүлж, “Эрдэнэс Монгол”-ыг чадавхжуулах АХБ-ны 35 сая ам.долларын зарцуулалт ч, “Эрдэнэс Монгол”-ын хувь заяа, бүтэц зохион байгуулалт, нарийн яривал томилгоонууд, тэр ч байтугай Монголын баялгийн “зохистой менежмэнт ч хуучин толгойгоороо ажиллаж мэдэхээр дүр зураг харагдаад байна. Өөрөөр хэлбэл “ЭЗЭН-100”-ийн “эзэн” нь “Эрдэнэс Монгол”-ын “хаан” хэвээрээ байгааг анзаарна уу.