МАН-ын Удирдах зөвлөл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайд нарыг урьдчилсан байдлаар нэрлэжээ. Эхнээс нь сонсоод л толгой эргэж, хоолой хорсох мэт...Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын “зовлон”-г ойлгож байна аа. Түүнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зовлон “халдварлаж” өвлөгдсөн нь тодорхой. Энэ нь ялсан намын дарга Ерөнхий сайдын албыг хашихаас зугтаж огцроход бэрхээр нь УИХ-ын дарга болдог З.Энхболдын эхлүүлсэн “модель”-оос үүдэлтэй.

Намын дарга, Ерөнхий сайдын алба тусдаа байгаагаас болж Ерөнхий сайд танхимаа толгой мэдэн бүрдүүлэх боломжоо “хүний гараар могой бариулах” зорилгоор бэлэглэдэг болсон. Ерөнхий сайдад үүний “гамшиг” ирдэг. Энэ нэр хүндтэй албыг хүлээж авчихаад намын даргаа сөрөх эрхгүй. Сөрж чадахгүй боловч танхимаа бүрдүүлэх үүрэг нь хэвээр. Ийм доголон эрх үүргийн хуваарилалт намын даргад л ашигтай. Учир нь тэр огцрохгүй. УИХ-ын даргыг огцруулах нь Ерөнхий сайдыг огцруулахаас арай “бартаатай” замыг туулдаг болохоор тэр.

Харин УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаанаараа Удирдах зөвлөлийн өчигдөр гаргасан шийдвэрийг шууд хүлээн зөвшөөрөх аваас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын жинхэнэ зовлон эхлэх билээ. Түүнд С.Баярын, М.Энхболдын, С.Батболдын, бас У.Хүрэлсүхийн “цуглуулж” өгсөн сайд нараар танхим бүрдүүлж, түүнийг удирдаж ажиллана гэдэг ямар хүнд гээч. Илгээгдсэн сайд нарын хувьд бол Ж.Эрдэнэбат бараг л хэн ч биш. Эзнээ л дагана. Үүгээрээ М.Энхболдын Засгийн газар буюу өнөөх Л.Гүндалайтай, Б.Эрдэнэбаттай, Б.Жаргалсайхантай танхимаас ч хүнд хэцүү байдалд орж байгаа хэрэг. Учир нь тэд нэг намынхан шүү дээ.

Хэрэв мөрөөдөл биелдэг бол Ерөнхий сайдаас бусад нь заавал УИХ-аас томилогдох албагүй юм. Сангийн сайдаар УИХ-д нэр дэвшихээс ч татгалзсан, улаанбуудайн мөнгийг жижиг бизнес эрхлэгчдийг тэтгэх “Хөгжлийн алтан сан” буюу Хас банк болтол нь өсгөсөн Ч.Ганхуяг томилж болох байв. Түүнд дургүйцлээ гэхэд Монголбанкны ерөнхийлөгчөөр аваачиж залчихаад “Увсын шахаас” Н.Баяртсайханыхаа туршлагыг ашиглаж Сангийн сайдаар томилсон бол зөв “маневр” болох байсан. Уг нь шинэ үеийн эдийн засагч гэдгээрээ Ч.Хашчулуун илүү ч түүнд Хөгжлийн банк ч юм уу, өөр бэлэг бэлдсэн гэж найдъя.

Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Г.Өнөрболор гэж ёстой хатуу зөөлний тэмдгээс ч хэрэггүй “үсэг” орж ирэв. Барилгынхан хаачсан юм бэ. Дундговьд нэр дэвшүүлээгүй хуурч авч үлдсэн Монгол Улсын зөвлөх инженер Ц.Ганхүү хаачаа вэ. Гоёлын костьюм, зангиатайгаа траншей руу давхиад орчихдог түүний дэргэд хоолны нэвтрүүлэг орчуулдаг байсан “Сөүл” группийн захирал гэгч Г.Өнөрболор хэн юм бэ. Түүний ашиг сонирхлын зөрчлийг хаашаа нуух гэж байна.

Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэдэг гуншингаас ч ичсэнгүй. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө нэгнээ “хөл хорьж” байж нэр дэвшсэн Ж.Батсуурийг “хохирогч” Ц.Анандбазартай нь зэрэг сайд болгох шинжтэй. Байнгын хороодын дарга нарын тухайд Байгаль орчин, хөдөө аж ахуйн Байнгын хорооны даргаар Ц.Гарамжавыг томилж байгаагаас харахад байгаль орчин сүйдэлсэн гэж гомдоллох нутаг орны иргэдийн нийслэлийг зорьж ирж хэвлэл мэдээллийнхэнд дуулгасан мэдээлэл “ТӨРД” огт хамаагүй бололтой. Энэ бүхнээс харахад “Мэргэжлийн Засгийн газар” байгуулна гэсэн МАН-ынхан “урьдчилсан төлбөрт” томилгоо хийхэд бэлэн болчихоод байгаа аж. Тэдний эл үйлдлийг УИХ дахь МАН-ын бүлэг, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох бусад гишүүд тогтоож дийлэхгүй бол МАН-ын даргын нэр хүнд л унахаас биш Ерөнхий сайдыг тэгтлээ зэмлэх хүн ховор дог шүү.