Хүнд өвчтэй иргэнээ халуун хэвтэртэй нь чирч авчирч гарын үсэг зуруулдаг Төр
Хүнд өвчтэй иргэнээ халуун хэвтэртэй нь чирч авчирч гарын үсэг зуруулдаг Төр
Хэвтрийн иргэнийг биеэр ирж, гарын үсэг зур гэж төрийн албан хаагч үүрэгдсэнээр ар гэрийнхэн нь хүнээ Чингэлтэй дүүрэг дээр зөөвөрлөн авчирч байгаа бичлэг цацагдаж шуугиан тарилаа.
Бид тус иргэний ар гэртэй нь холбогдож асуудлыг тодруулахад "Сэлэнгэ аймгийн харьяат 54 настай хэвтрийн иргэн байв. Түүний группийн бичиг баримтыг бүрдүүлэхэд тоон гарын үсэг шаардагджээ. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны ажилтнууд тус иргэнийг биеэр ирж гарын үсгээ өг” гэснээс үүдэж уг асуудал дэгдэв.
Ийм явдлууд өвчний улмаас хөдөлмөрлөх чадвараа алдаж, хүнд хэцүү байдалд орсон энэ давхаргад өдөр бүр л болж байдаг. Хөдөө орон нутгийн иргэд бол аймгийн төв дээрээ очно. Учраа олох гэж бөөн адал явдал. Тасар татчих гэсэн л хүмүүс сууж байдгийг нь гайхан ярьж байхтай олон таарсан. Уг нь иргэд ийм юм үзэхгүй, элдэв хүнд сурталд сөхрөхгүй, хэвийн үйлчилгээ авч,амар тайван амьдрах гэж л төр засгаа сонгодог. Ямар ч илүү явдал суудалгүй, зөв тунгалаг харилцаа хандлагатай төрийн төлөө л татвар төлдөг. Гэвч манай төр ингэж үзэхгүй байна. Тэд одоо ч бараг хуучин клончлогчдын арга барилаараа ажиллаж байна. Зөвлөлтийн үеэс далд суучихсан, иргэдээ эд нар юу юм гэж хардаг, эрэлхүү дээрэлхүү үзэл санаа нь одоо хүртэл арилаагүй. Хэвтрийн хүнийг хээв нэг өөрөө ирж үйлчилгээ ав гээд аашилж аархаж суудаг төрийн албан хаагч байна гэдэг үүний л илрэл шүү дээ. Тэр үеийн төр хүнийг аль болох залхаах, мохоох арга барилаар ажилладаг байсан, өөрөөр хэлбэлтөрийн буулганы өмнө жижгээ юм болгон дээрээс мэдэрч байхаар зохион байгуулалт нь угсрагдсан байдаг. Энэ бол колоничлолын бодлого. Ийм бодлогоор монголчууд сүүлийн 400 жил дарлуулж ирсэн.Манжийн 300, зөвлөлтийн 100- аад жил. Энэ үзэл санаа, тэр үеийн хүйтэн бодлогыг угаар нь бид халах цаг болсон. Ингэж яриад гучин дамжлаа. Энэ амь тэмцүүлсэн явдлуудаас болоод одоо ч манайхны дотор “МАН-ыг гадны байгуулж өгсөн нам. Тэд яг зөвлөлтийн үеэр барилаар ард түмэндээ ханддаг. Өөрсдийн хүмүүс нь л сайхан амьдардаг. Бусад нь нохой шиг байх ёстой. Тиймдээ ч нам дагасан хүмүүс нь ажилтай албатай, бусад нь шоовдорлогдож явдаг” гэж бачимддаг. Оргүй зүйл биш. Он удаанаар ийм мэдрэмж аваад явчихсан хүмүүс шүү дээ.
Одоо татвар төлөгчид мөнгөө өгч дарангуйлагчдыг тэжээхээс шууд татгалздаг болж байна. Дэлхий даяараа. Бид ч ингэмээр байна. Ард түмнээ бүх юмны нэгдүгээрт тавьдаг төртэй байхыг бид хүсэж байна. Хөл нь ургачихна гэж байхгүйгээс хойш хэзээ ч босоод явж чадахаа больсон иргэнээ яаж халуун хэвтэртэй нь чирч авчруулж гарын үсэг гээчийг зуруулж байдаг юм бэ.
Миний санаж байгаагаар одоогийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан одоогоос хоёр жилийн өмнө хөдөлмөрийн насны залууст халамж олгохгүй, тэднийгээ чадавхжуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого явуулна гэж мэдэгдэж байв. Бид ч дуу нэгтэй дэмжин хүлээж авсан.
Халамжийн бодлого хавтгайрсан, зорилтот түвшнийхнээс хальсан, намын тавиул, танил талууд халамжийн хэсэг рүү хүмүүсээ шургуулсаар байгаад утгаа алдсан гэдгийг бүгд хэлдэг.
Мөн тэрбээр хөдөлмөрийн чадвар нь бүрэн алдагдаж, эргэн сэргэхгүй болсон иргэдийг жил бүр дуудаж группийн хуралд оруулдаг явдлыг болиуллаа гэж мэдээлж байж билээ. Гэвч түүний энэ амлалт хэрэгжээгүй байгааг бид харлаа. Сайдын маань бурам шиг үг цаасан дээр л үлдсэн юм байж. ЭМЯ-ны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын А758, А197-р тушаалаар нийтдээ 451 өвчний жагсаалт баталсан байдаг. Үүнийх нь 84 өвчин нь хугацаагүй группт хамрагдах заалттай. Энэ хүмүүс дахин дахин үзлэг шинжилгээнд орохгүй шууд групптээ хамрагдана гэх мэдээг томоохон шинэчлэл хэмээн бид баярлан хүлээж авсан.
Нийгмийн хамгааллын яамны салбарт процессын дахин инженерчлэлийн томоохон судалгаа явагдлаа гээд их л сүржин мэдэгдлүүд л цацагдаж байсан. Одоогоос хоёр жилийн өмнөх тоо баримт дурдахад шүү дээ. Энэ үеэр Монгол Улсын хэмжээнд 102600 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байна гэх судалгаа хийгдсэн. Энэ бол маш өндөр дүн. Эдгээр иргэд маань ямар өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж буйг нягтлан үзэхэд үндсэндээ таван өвчин байна. Нэгд, дотрын өвчин. Хоёрт, сэтгэцийн эмгэг. Гуравт, мэдрэлийн өвчин. Дөрөвт, гэмтэл согог. Тавд, нүдний өвчин орж байна. Эдгээр таван өвчин нийт хөдөлмөрийн чадвар алдагсдын 78 хувийг эзэлж байна. Үүн дээр гар хөлөө тайруулсан, хүнд хэлбэрийн сүрьеэ зэрэг өвчнөөр өвдсөн хүмүүс нэмэгдээд хугацаагүйгээр групп нь сунгагддаг байсан 87 өвчний тоо 97 болж нэмэгдсэн юм байна.
Сэтгэцийн өвчтэй иргэд хяналтгүй гадуур бэлчиж байна. Тэднийг багтаах эмнэлэг байхгүй. Олигтой асрамжийн газар ч шинээр баригдахгүй байна. Аутизмтай хүүхдүүдээ яахаа мэдэхгүй байж байна. Ийм байхад аз жаргалтай нийгмийн тухай мөрөөдөх ч гунигтай байна.

