Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой
Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой
Хэдхэн хоногийн өмнө 25 дугаар сувгаар манай улсын цахим хэрэглэгчдийн тоог долоон саяд хүрсэн гэж мэдээлж байх юм. Бид чинь 3,5 сая хүрэхтэй үгүйтэй хүнтэй шүү дээ. Тэгэхээр энэ тоо өтөл хөгшид, өлгийтэй хүүхдээ оруулаад ч боломжгүй тоо санагдах юм. Эндээс харахад манай цахим ертөнцийг бүрдүүлж буй хаягуудын дор хаяж гуравны хоёр нь хуурамч байх гээд байна. Ингээд харахаар бидний явуулж буй цахим санал, цахим шүүмжлэл, цахим магтаал бүгд хий хоосон худал зүйл болон хувирч байна. Бидний бүх үзэл суртал итгэж найдах боломжгүй хов хоосон зүйл болж таарлаа.
Одоо тэгээд үүнийгээ мэдсээр байж худал хуурмагтайгаа хутгалдан цааш явсаар байх уу. Бидэнд ямар нэгэн голтой итгэл үнэмшил авах, баримжаа болох зүйлсийг цахимаас хайх нь нэгэнт утгаа алджээ.
Саяхны “Өдрийн сонин”- нэгэн дугаарт гарсан германы эрдэмтдийн хийсэн судалгааг эргэн саная. Тэнд өгүүлснээр монголын нийгэмд томоохон доргилт өгдөг улс төрийн сонгууль, засгийн газрууд огцрох зэрэг үйл явдлуудын үеэр орос хятадын агентуудын ажиллуулж буй хэдэн мянган хуурамч хаягууд огцом идэвхжиж, цахим ертөнцийг бүрэн эзэлж, тоглолтыг гартаа авдаг нь нэгэнт тогтоогджээ. Харин бид худал хуурмаг, зориудын цаанаас тавьж өгч байгаа тэрхүү зорилтот ертөнцтэй эвлэрэн, түүгээр дуртайяа тархидуулан, бие биенээ “хядсаар”.
Магадгүй Тагнуулын байгууллага, Цагдаагийн кибер аюулгүй байдлын газар бүгд хамтран монголын цахим ертөнцөд update хийх цаг нь иржээ. “Нэг хүн нэг хаяг” гэх тодорхой шалгуур үзүүлэлтүүдтэй өөрчлөлт хийдэг ч юм уу. Ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй болсон нь нэгэнт тодорхой харагдаж байна.
Дэлхий даяар цахим хэрэглээг хуульчлах ажлууд явагдаад эхэлчихсэн. Зарим улс орнууд 14 нас хүрээгүй бол цахимд хаяг нээхийг хориглох заалт хуулиндаа оруулах мэтээр ажиллаж байна. Харин бид л ямар ч дүрэмгүйгээр давхицгаана. Хувь хувьсгалгүй хамаг бүхнээ дэлгэж тавьж байгаад, нэг нэгнээ амьсгалах агааргүй болтол буланд шахан нүдэж, юу ч үлдэхгүй болтол дэвсэлцгээж байна. Цахим ертөнцөд монголчуудын бие биенээ барьж идэж байгаа энэ зэрлэг балмад дайн гадагшаа орчин цагийн монгол хүний ерөнхий үнэлэмж, чанар чансааг авах юмгүй муухайгаар харагдуулсаар удлаа.
Ингээд харахад УИХ-ын дарга Н.Учралын түрүүчийн парламентын үед явуулах гээд чадаагүй хууль зөв алхам байсан бололтой. Цахимаар хүчтэй эсэргүүцэж, асар том давлагаа өрнүүлж байгаад унагасан. Одоо бодоход өнөөдөр биднийг залуурдаж байгаа таван сая гаруй хуурамч хаяг л бүхнийг хийсэн байх. Бид энэ хайбрид дайны хөлд сүйрч дуусахаасаа өмнө монголын нийт хүн амаас нэг дахин илүү “хүн”-тэй энэ цахим ертөнцөө эмх цэгцэнд нь оруулж авахгүй бол хөгжил хөдөлгөөний талаар яриад ч хэрэггүй болох гээд байна. Бид ядуу дорой байдлаасаа өдрөөс өдөрт залхан туйлдаж байж, дээрээс нь ийм дажинд нэрвэгдвэл жинхэнээсээ мөхөхийн цондон руу эргэлт буцалтгүй орлоо. Нэг томоохон төслөө хэрэгжүүлэх гэхээр л цахим эсэргүүцэл босож ирдэг.
Газрын ховор элементүүд, алт, ураны ордуудаасаа ганц нэгийг нь эргэлтэнд оруулах гэхээр л шууд зогсоодог. Ер нь энэ бүхнийг бидний өмнөөс бүгдийг шийддэг болчихсон монгол нэртэй гадаад троллууд хийгээд байгаа нь нэгэнт илт болсон юм биш үү.
Улс орнууд бидэн шиг ингэж бусдын тоглоом болохыг эрс эсэргүүцэж, өөрсдийн гэх хориг арга хэмжээнүүд аваад эхэлсэн шүү дээ. Бараг арван жилийн өмнө ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах албаны дарга Александр Бастрыкин мэдэгдэж байсныг санаж байна. Тэрбээр“Сүүлийн жилүүдэд ОХУ болон зарим улс орнууд АНУ болоод түүний холбоотнуудын өдөөсөн орчин үеийн хайбрид буюу холимог “дайн”-ы шуурганд оршин тогтнох боллоо” гэж эрс шулуухан хэлж байсан. Энэ нь дайсагнагч гүрнүүдийн нэг нэг рүүгээ дайрсан, хэт хэлбийсэн дүгнэлт мэт харагдаж буй ч үгүйсгэх аргагүй зүйл гэдэг нь нэгэнт ойлгомжтой.
Хайбрид дайн бол улс төр, эдийн засаг, мэдээлэл, эрх зүй гэх мэт олон чиглэлээр явагддаг. Одоо хүн төрөлхтний дайтах шинэ хэлбэр нь яах аргагүй энэ болоод байна. Хамгийн аюултай нь кибер дайн нь бодит дайнтай адилхан үр дагавартай. Улс үндэстнүүдийн мэдээллийн технологийн дэд бүтцээр дамжуулан довтолгоо хийдэг. АНУ болон бусад олон улс орнууд аль хэдийн кибер дайныг дайны тав дахь орон зай гэж хүлээн зөвшөөрсөн. Бусад дөрөв нь мэдээж газар, далайн, агаар, сансар. Кибер довтолгоонуудад сайн дурын болон бэлтгэгдсэн хакер арми оролцдог.
Ийм өөр дэлхийд мэдээллийн технологийн аюулгүй байдлаа хил хязгаартайгаа адилхан хамгаалах нэн шинэ нөхцөл байдал үүсээд олон жил өнгөрч байхад бид юу хийв. Бид энэ чиглэлийн үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэж байсан КТМС гэх томоохон их сургуулиа эсрэгээр нь үгүй хийж л өөрсдөдөө бэлэг барьсан байх жишээтэй. Одоо манай маш сайн мэргэжилтнүүдийн ихэнх нь гадаадад гарцгаасан.
Саяхан л хятадын бүлэг хакер “NetTraveler” хэмээх вирус ашиглан дэлхийн 40 оронд 350 удаагийн онц ноцтой цахим халдлага хийснийг илрүүлсэн тухай дуулиан “The Hacker news” цахим хуудаст нийтлэгдэж байв. Тэр халдлагад өртсөн 40 орны нэг нь монгол байсан. Ядаж энэ мэдээлэл ямар нэг юм хэлэхгүй байна гэж үү.
Бидний амьдран буй энэ цагт мэдээлэл гэдэг зүйл алт, нүүрснээс дутуугүй өндөр үнэтэй болсон шүү дээ. Түүний төлөөх дайн л ид дэлхий даяар явагдаж байна. Тийм ч учраас дэлхийн том корпорациуд дотоод бүтцэдээ кибер компаниудтай болсон. Манайд MCS группийг энэ талаар илүү эрт анхаарал тавьж, дэргэдээ томоохон бүтэцтэй болсон гэдгийг монголчууд нэгэнт мэдэж авсан. Үнэндээ бид өдөр тутмын амьдралдаа ямар нэгэн байдлаар кибер халдлагад өртсөөр байгаа гэдгээ ч мэдэхгүй явж байна.
Жишээ нь, 2024 онд олон улсын кибер аюулгүй байдлын салбар хамгийн аюултай сорилтуудтай нүүр тулсан. Энэ онд буюу дөнгөж жил гаруйн өмнө түүхэндээ хоёрдугаарт тооцогдох их хэмжээний үндэсний дата алдагдсан тохиолдол гарсан гэдгийг дэлхийн кибер судлаачид дуу нэгтэй баталж байлаа. Энэ халдлагаар АНУ, Их Британи, Канадын 2.9 тэрбум гаруй нэр, хаяг, нийгмийн даатгалын дугаар гэх мэт хувийн мэдээлэл хулгайлагдсан гэж мэдээлэгдэж байсан. Бид үүнийг зүгээр нэг хайнгахан бодоод л өнгөрцгөөсөн.
Сүүлийн үед АНУ, Хятад хоёрын хооронд өрнөсөн цахим сөргөлдөөн асар том түвшинд хүрсэн төдийгүй улам ширүүсэж байгааг олон улсын шинжээчид мэдэгдсээр байна.
Бид эхлээд орчин үеийн энэ дайны гол талбар нь чухам юу болж буйг нарийн бодож үзэх ёстой юм.Гол талбар бол хүний үзэл бодол, үнэт зүйлсийн нэгдлийг агуулж байдаг бидний сэтгэл зүй болж байна гэдгийг эдүгээ хүлээн зөвшөөрөх ёстой болжээ. Ийм дайн явагдах нутаг дэвсгэр нь хүний тархи гэдгийг дэлхий дахинаа ярьж хэлж эхлээд өчнөөн жил болж байна. Гэтэл бид гол талбар болох тархиа ямар ч хамгаалалтгүйгээр гаднын агентуудад тавьж өгчхөөд хоорондоо самралдан өдөр хоногийг өнгөрүүлж явна.
Мэдээллийн хорлон сүйтгэх ажиллагаанд эх орон, ард түмний нэрийг хамгийн нялуунаар энгэртээ нааж явдаг хулхи эх орончид ашиглагддаг. Учир нь кибер ажиллагааны хамгийн наад захын технологи нь хуурамч болон төөрөгдүүлсэн мэдээлэл тараах үйл явцаас эхэлдэг байна. Тиймээс мэдээлэл, сэтгэл зүйн дайн нь төр засаг, цэрэг арми, батлан хамгаалах салбар, шашны институт зэрэгтээ итгэх ард иргэдийн итгэл үнэмшлийг сулруулах зэрэг нарийн ширийн зүйлсийг нь онилдог. Улмаар иргэдийг уламжлалт албан ёсны мэдээллийн эх сурвалжаас холдуулан өөрсдийн зориудаар хөгжүүлэн тэлсэн цахим орон зай руу татан оруулж бодлого явуулах хөрсөө бэлддэг байна. Бид үүнийг маш гярхай ажиглах ёстой.
Манай улсын интернэт хэрэглэгчдийн тоог авч үзэхэд Улаанбаатар хотын иргэдийн 85.3 хувь, орон нутгийн иргэдийн 67.6 хувь нь интернэт хэрэглэгч гэсэн нэг баримт явж байна. Энэ харьцангуй үнэнд ойр судалгаа болов уу.
Надад өгүүллийнхээ төгсгөлд дэвшүүлэх нэгэн санаа байна. Энэ бол Монгол Улс мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой гэсэн санаа юм. Хувь хувьсгалгүй бүгд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгэх цаг нь нэгэнт болжээ. Ер нь иргэдийн бүх мэдээллийг зорилготой зорилгогүй цуглуулж байдаг газар бол Төр. Төрийн байгууллагууд л хувь хүний бүх мэдээллийг эрээ цээргүй авч байдаг. Энэ нь нэг талаар бидний эрсдэлийг улам нэмж байна гэж хэлж болно. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр эргээд иргэдийнхээ мэдээллийг хамгаалах чадварлаг систем ч, бодлого ч байхгүй шүү дээ. Одоо хиймэл оюун ухаан гээд л ханарцгааж байна. Мэдээж энэ бол хүн төрөлхтний амьдралыг өөрчилж буй гайхамшигт шинэ хувьсал. Харин бидний ийм салан задгай сууж байгаа маань л сэтгэл түгшээж байна даа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Д.Матилда нэгэн арга хэмжээний үеэр “Монгол Улс дижитал шилжилтийн хувьд асар их хэмжээний чанартай дата цуглуулах шаардлагатай. Ногоон дэд бүтцийг бий болгох, хүний нөөцөө сайжруулах хэрэгтэй. Хиймэл оюун ухаан дээр ажиллах, хангалттай хүний нөөцтэй болох нь чухал. Мөн хиймэл оюун ухаан цааш хөгжихөд эрх зүйн таатай орчин бий болгох нь чухал. Монгол Улс хиймэл оюун ухааныг хөгжүүлэхдээ өөрийн гэсэн санхүүжилтийн схем болон бодлогоо боловсруулах нь зүйтэй юм” гэж хэлж байна билээ. Бидний байгаа байдлыг дотроос нь харж байгаа хүний л үг юм даа.
Өөрсдөө хаана, юу хэлцгээж байгаа маань тийм ч сайн сонсогдохгүй байгаа нь харамсалтай.

