Өөрсдөө өнхөрөг
Өөрсдөө өнхөрөг
Монгол Улсын 32 дахь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон нь өнгөрсөн жилийн улс төрийн хамгийн том үйл явдал байлаа. Гурван долоо хоногийн турш үргэлжилсэн улс төрийн тогтворгүй нөхцөл байдлын эцэст, сүүлийн 35 жилийн түүхэнд хамгийн удаан ерөнхий сайдаар ажилласан гэгдэж буй Л.Оюун-Эрдэнэ огцорч байв. Тэрээр 2021 оны 1-р сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдож, улмаар 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг удирдан ялалт байгуулснаар улиран томилогдож, нийт 1516 өдрийн турш Засгийн газрыг тэргүүлсэн юм.
МАН-ын дотор өрнөсөн эрх мэдлийн төлөөх дайн чинээндээ тулан садарч, Засгийн газраа өөрсдөө огцруулсан нь энэ байв. Парламент доторх намын бүлэг нь хуваагдаж, Засгийн газрын гишүүд нь эрээ цээргүйгээр урвав. Энэ нам дотор ийм хэмжээний хагарал ер нь гарч байгаагүй болов уу. Нэг зүйлийг тодотгон хэлэхэд энэ хагарал тэмцэлд гаднаас буюу тухайлбал, сөрөг хүчний зүгээс нөлөөлсөн нөлөөлөл гэж юу ч байхгүй.
Гацаанд орсон, гадаа нь жагсаал цуглаан өрнүүлсэн тэр өдрүүдэд эцсийн цэгийг Ерөнхийлөгч чуулганд орж ирж үг хэлэн тавьж байв. Тэрбээр "Сүүлийн хорь хоног харлаа. Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэг зүйлийг хэлж байгаа. Ард түмнээ сонсооч гэж. Ард түмэн чинь юу яриад, юу хүсээд, мөрөөдөөд байгаа юм бэ. Хорь хоног жагслаа шүү дээ.Төрийн тэргүүнийхээ үгийг тунгааж, зөвөөр ойлгож, асуудлаа шийднэ гэж найдаж байна. Хамтарсан Засгийн Газар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ Засгийн газрыг тултал нь дэмжсэн шүү. Надад ямар боломж байна, бүгдээр нь дэмжсэн. Энэ Засгийн Газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн бараг өөрсдөө мэдэж байгаа болов уу. Надаас биш Ерөнхий сайдаасаа асуух хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн нь намын бүлгийнх нь гишүүдийн шийдвэрт шууд нөлөөлсөн. Өөрөөр байх боломж ч үгүй. Үнэндээ Ерөнхийлөгч Засгийн газрыг хангалттай дэмжсэн нь үнэн.
Энэ үед Л.Оюун-Эрдэнийн хүүгийн сүй тавьсантай холбоотой асуудал цахим орчны гол сэдэв болон түгж, улмаар орлогоо нотолж, хариуцлагаа хүлээхийг нэхсэн тайван жагсаал төв талбайд гарч ирсэн. Тэрбээр харин мега төслүүдийг хэрэгжүүлж, баялгийн санг хөдөлгөж эхэлсэнтэй нь холбоотойгоор улс төр, бизнесийн бүлэглэлүүд нөхцөл байдлыг эргүүлж, олон нийтийг талцуулж байна гэх байр суурийг илэрхийлж байв. Энэ байр суурин дээрээ баттай зогсож, улмаар МАН-ын Бага хурлыг зарлан хуралдуулж, УИХ-аар итгэл хүлээлгэх эсэх тухай санал хураалт явуулах шийдвэрийг тэр гаргасан. Дөнгөж саяхны үйл явдал болохоор хүмүүс сайн санаж байгаа биз ээ.
Энэ удаа харин сөрөг хүчин УИХ итгэл үзүүлэх эсэх эл санал хураалтад оролцохгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан. Яах аргагүй улс төрийн шийдвэр. Энэ хүртэл тэд МАН-ын доторх улс төрийг тэсвэртэй ажигласан. Харьцангуй хүндэтгэлтэй хандаж исрэн гэдгийг хэлэх ёстой. Үндсэндээ ингээд асуудал ойлгомжтой болчихсон. Эрх баригч намын дотор дараагийн Ерөнхий сайдын төлөөх дажин ингээд бараг шууд эхэлсэн дээ. Ичиж зовох мэт бол байхгүй болчихдог юм билээ. МАН-ын доторх эрх мэдлээр өвдсөн хэсгүүд хоорондоо дайтсан. Институц хооронд хутгасан. Ордны хуйвалдаан ингэж л бэлтгэгддэг.
Үнэндээ дараагийн Ерөнхий сайдаар ажиллачих лидер нам дотор хэд хэд байсан. Харамсалтай нь цахим орчин бараг бүгдийг нь шавраар будаад, намалдгийг нь нээгээд хаячихсан байлаа. Хамгийн нэр цэвэр нь өмнөх дөрвөн жил парламентыг амжилттай удирдсан Гомбожавын Занданшатар. Энэ удаа түүнийг бараг л шахаад тоглоомонд оруулчихсан болов уу гэж харагддаг. Түүнд завсарлага авах нь илүү ашигтай байв. Гэвч...
Чингээд угаасаа нэг их өөрийгөө нууж, хор хутгаж, хурдан гялтганасан улс төр хийдэггүй байсан тэрбээр тулаанд орсон. Одоо тэр намгүйгээр засгийг тэргүүлж байна. Хэдийгээр арван хэдэн жилийн өмнө намын генсекээр жил гаруйн хугацаанд ажиллаж байсан ч намтай ажиллах, намыг удирдах гэдэг одоо бол асар өөр зүйл болж хувирсан. Л.Оюун-Эрдэнэ ч намгүйгээр засгийг толгойлж байв. Намтай байна гэдэг өөрөө хэлбэрийн төдий агуулга байдаггүй. Намын зүтгэлтэн гэж их өөр дүрүүд байдаг юм билээ. Г.Занданшатар гүйцэтгэх засаглалыг тэргүүлээд удаагүй байгаа тул сайн муу үгээр дүгнэх хараахан болоогүй байна. Тэр туршлагатай лидерийн хувьд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Түүний удирдаж байгаа Засгийн газар бол цаанаасаа тохироогоор бүрэлдсэн засаг. Тэрэнд өөрийн хийсэн гэх томилгоо, өөрийн гэх дур зорго, сонголт гэж энэ танхимыг бүрдүүлэхэд бараг байгаагүй. Хууль зүйн сайд дээр харин гүжирдүү аашилж байгаад өөрөө сонголт хийсэн байж мэднэ. Бусдаар бол хэцүү.
Одоо энэ нам дотор харин чухам юу өрнөж байна вэ гэдэг рүү өнгийе. Сүүлийн хэдэн сар өнөө цагийн МАН-ын улстөрчдөөс хамгийн их анхаарлын төвд яваа Х.Нямбаатарыг зайлуулах талаар ил далд элдвийг өрнүүлж байх шиг байна. Үндсэндээ Х.Нямбаатарыг авч хаявал МАН сонгуульд ялсан багаа бүрэн цэвэрлэж дуусах юм. Сүүлийн хоёр сонгуулийг МАН-ын залуучуудын баг амжилттай явуулж, бүрэн ялалт авч ирсэн. Үүнийг үгүйсгэх боломжгүй. Тэд Л. Оюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалан, нийслэлд Х.Нямбаатар нарын залуусын манлайлал дор улс төрийн сонгуульд хоёр дараалан ялалт байгуулж байлаа. Одоо энэ намд эдгээр улстөрчдийг авч хаях, нэр төрийг нь гутаах ажил өөрсдийнх нь гараар ид явагдаж байна. Л.Оюун-Эрдэнэ дээр өгүүлсэн шалтгаанаар, Д.Амарбаясгалан нь хөрсийг нь ч хуулж амжаагүй уурхайн нүүрсийг хулгайлсан гэх хэргээр буруудаж байх шиг байна. Харин өглөө оройгүй чихэн дээр жингэнэж, тогонд залгаатай юм шиг жирэлзтэл гүйж байгаа ядаргаатай, ярдаг Х.Нямбаатарыг яасан нь мэдэгдэхгүй үзэн ядах кампанит ажил ид үргэлжилж байна. Энэ нь кампанит ажиллагаа гэдэг нь тэмтрээд ч мэдэгдэхээр тодорхой үзэгдэнэ. Түүнийг огцруулбал шударга үнэн ялж, нийслэл маань шууд утаа түгжрэлээсээ салах юм шиг байна. Ядаж байхад утаа түгжрэл бараг дундарчхаад байх шиг. Гэсэн ч утаа гайгүй болсонд нүд нь хорсоод байгаа юм уу гэж бодогдохоор дайралт нь идэвхжиж харагдана. Намаа хоёр сонгуульд дараалан ялуулсан эдгээр залуустаа ач санах битгий хэл арчих хөдөлгөөн өрнүүлж буй нь эрх баригч намын өөрсдийнх нь л асуудал. Хэдийгээр эдгээр залуусыг байж болох бүх байдлаар харлуулан дайрч байгаа ч шүүхэд очсон, нотлогдсон нэг ч баримт одоогоор алга байгаа юм.
Ер нь МАН бол босоо удирдлагатай, дотроосоо сөрж болдоггүй нам. Сөрсөн болгоныг зайлуулдаг далд бодлогодоо гүн шигдсэн нам. Энэ үзлээрээ маш олон жил нийгмийг тархидсан. Үр дүнд нь ардчилсан үзэл санааг дэмждэг, сөрөг хүчний гишүүнчлэлтэй, улс төрд идэвхтэй залуучуудыг хүртэл өөрсдөөсөө өөр бодолтой, түүнийгээ илэрхийлсэн нэгнээ үзэж чаддаггүй болгочихсон. Ардчилсан нийгмийн анхан шатны, тулгуур үзэл санаагаа ч тунгаадаггүй сүрэг нүдүүрчид болгон хувиргасан. Өөртэй нь санал нэгдээгүй, өөрт нь таалагддаггүй л бол сургаар л дүгнэнэ. Аймшигтай балмадаар дэвсэлнэ. Нийгмийн мораль ийм болсонд энэ намын буруу асар их. Хамгийн хэвийн, зарчмын шүүмжлэлүүдэд ч эрх баригчид туйлын хариг аашилдаг болоод удаж буй. Энэ байдал нь дотогшоо өөрсдийгөө, гадагшаа нийгмийг идсээр байна. Өнөөдөр ч тэд өчиггүй дайн зарлан хэсэг залуусаа авлан яллаж байна. Ордны эргэлт хийсэн хэд нь ийм ажиллагаа руу их ч хөрөнгө оруулалт хийж байгаа. Давхар энэ намын нэр хүнд асар хурдацтай унаж буй. Тойрон хүрээлэгчид ах дүүс, амраг садангуудаараа ашгийн төлөө улайран гүйлдэж, түр зуурын эрх мэдэлд ташааран ганхацгааж яваа өнөөгийн дүр зураг маргаашийн уналтынх нь хөрс суурь болон лавширч байна. Тэдний тойрогт багтсан л бол тэтгэврийн нас мас хамаагүй. Дээрээс нь төсвийн хэмнэлт нэрээр төрийн алба руугаа хайр найргүй дайрчихсан. Олон зуун хүн гудамжинд гарчхаад өөрсдийнхөө хамаатан садан, найз нөхдийг шууд дарга даамлаар томилцгоож байгаа явдлыг хүлцэнгүйгээр харж байгаа иргэд уур хилэнгээрээ цахим орчныг будаж байгаа нь үнэн шүү дээ.
Ийнхүү улс төрийн эргэлт хийсэн хэсэг өнөөдрийн төрийн хоймор хэхэрч хэвтэнэ. Ийм цагаан гартнууд өөрсдөө юу ч хийдэггүй. Үнэндээ ард түмний амьдрал тэдэнд падгүй байдаг. Намд ч, улс орны элдэв ажилд ч субботник хийж үзээгүй ийм хорон бодлоготнууд өнөөдөр төр барьж байгаа. Тиймээс нийгэм тэдний энэ бохир тоглоомонд огт татагдан орж болохгүй. Ухаалаг, хэрсүү иргэд нэг улс төрийн хүчний дотор явагдаж байгаа ийм үзэгдлүүдэд сэрэмжтэй ханддаг. МАН-ын дотоод дайн монголчуудын тэгтэл анхаарал хандуулах, татагдан орох зүйл биш гэсэн үг. Өөрсдөө өнхөрдгөөрөө өнхөрөг. Мөн үү ?

