ЯЛСАН НЬ ТҮҮХЭЭ ЗОХИОДОГ

Анх удаа сонсож байгаа хүнд бол цэцгийн дэлгүүрүүд л зах зээлээ булаалаад алалдсан юм болов уу гэмээр “Улаан ба Цагаан сарнайн дайн” гэж түүхэнд бий. Мөрөөр нь хөөвөл цэцэг бус цус бялдсан энэ дайн Английн хаан ширээний төлөө өрнөж, III Эдвард хааны ач зээ нар хоорондоо алалдаж, бараг зуун жил үргэлжилжээ.

Ёрк удмын сүүлчийн хаан III Ричард 1485 онд иргэний дайны тулалдаанд алагдаж, Тюдор удмын VII Хэнри өөрийн удмын анхны хаан болов. Олон жил үргэлжилсэн хоёр омгийнхны өс хонзон үүгээр дууссангүй, үхсэн нэгнээ үргэлжлүүлэн алах үзэл суртлын дайн эхэллээ. Хүмүүний биеийг дахин алж болохгүй учраас намтрыг нь ална гэсэн үг. Завшаантай нь намтрыг хичнээн ч дахин алсан болох аж. 

III Ричард хааны тухай түүхэн намтрыг тухайн үеийн хамгийн ухаалаг төдийгүй хожмын их алдар хүртсэн философич Томас Моор эхэлж бичжээ. Манайхан “Утопи арал”-аар нь мэддэг энэ зохиогч түүхийг ч бас утопи болгох авъяастан ажгуу. Томас Моорын (1478–1535) тод томруунаар харлуулж бичсэн "III Ричардын түүх" ном нь шинэ хааны хүссэн хар домгийг төгс болгов. Моорын хэлснээр, Ричард нь өөрийн ах IV Эдвардынхаа амьд сэрүүн байх үед ч гэсэн титмийг нь ямар ч үнээр хамаагүй булаан авахаар төлөвлөсөн байх аж. Маш нууцлаг, зарчимгүй, нарийн төвөгтэй далд хуйвалдааны мастер асан тэрээр мэдрэлийн өвчтэй төдийгүй бөгтөр, хазгар эрэмдэг нэгэн болох нь түүний “өвчний түүх”-ээр баяжив. Томас Моорын хувилбар нь Британийн нийгэмд маш их нөлөө үзүүлсэн. Үнэндээ III Ричард нас барах үед Томас Моор өөрөө ердөө 8 настай байжээ. 

I Элизабэт хатан хааны үед, билиг төгөлдөр Вильям Шэкспир "III Ричард" эмгэнэлт жүжигтээ хааны үхлийн тухай Моорын бичсэнээс илүү билэг төгөлдөр шившигт хувилбар бодож олжээ. Моорын хазгар бөгтөр баатар нь Шекспирийнхээр XV зууны бүх үймээн самуун болгоны амьд биелэл мөн болохыг нотлохын тулд “төрсний гэрчилгээ” дээр дор хаяхад 15 нас нэмж туурвив. Шэкспир бээр Ричарын амаар “Араатан ч гэсэн заримдаа өрөвч сэтгэл гаргадаг, би араатан биш” гэж хэлүүлсэн нь хэдэн зууны турш хамгийн их эшлэгддэг уран үг болсон. Яагаад гэвэл тэр үгийг аугаа Шэкспир хэлүүлсэн юм чинь! Сонгодгуудын хорлол бол сонгодог хорлол л болж таарна!

Ийнхүү Английн хаан III Ричардыг Томас Моор, Шекспир нар муухайгаар гүтгэсэн зохиол бичсэн тул тэрээр түүхэнд тохиосон ховор махчин алуурчин болж хүн төрлөхтний ой санаанд үлдсэн. Эндээс ч “Ялсан тал түүхээ зохиодог” гэсэн мэргэн үг төрсөн. Нөгөө утга нь “Ялагдсан тал түүхээ зохиолгуулдаг” гэмээр юм уу даа.

Үүнээс 500 жилийн хойно Ричард хааны шарилын археологичид ухаж олон, Английн төр тун хүндэтгэлтэйгээр оршуулав. Учир нь дөнгөж ХХ зуунаас түүхчид Ричард хааныг аймшигтай муухайгаар гүтгэгдсэн болохыг олж тогтоосон. Гэхдээ л авъяаслаг аугаа бичгийн хүн болох Моор, Шэкспир нар тухайн үеийнхээ ялагч болж “түүх зохиох лиценз” авсан Тюдорын хаадын захиалгаар уран сайхнаар дүрсэлсэн тул тэр Ричардын дүрийг хүмүүс үнэн гэж итгэсээр.

Үүнтэй төстэйгээр ялсан талын гүтгэлэгт өртөн түүхэнд муу муухайн жишээ болж үлдсэн алдартан цөөнгүй.

Ромын эзэн хаан Нэрон (МЭ 37-68) Ром хотыг бараг л өөрөө санаачлан түймэрдээд, галаас аюулгүй өндөрлөгт гоёлын хувцастай ирэн, баяр хөөр болон хийл хөгжим тоглож байв гэсэн яриа хоёр мянган жилийн турш эшлэгдлээ. Түүний хэлсэн гэх “Бузрын ромчуудын толгой ганц сэлэм далайлтаар өнхрөөд өгдөг дундаа нэг хүзүүтэй болоосой” хэмээх үг нь манайхныхаар бол “худлаа хэлэхээргүй хүн ярьсан” маягтайгаар мөнхөрчээ. Тэр үед хийл хөгжим байгаагүй, түймрийн дараа Нэрон хотыг сэргээн босгох ажлыг толгойлон зүтгэсэн байж. Түүнийг өөдгүй болгож харуулах зорилготой сэнатын түүхчид эл гүтгэлгийг зохиосон болохыг өнөө үеийн түүхчид нотлох болсон. Гэлээ гэсэн ч, адгийн муухай хорон санаат Нероны “хэт муу дүр” хүмүүсийн итгэл үнэмшилд хэвээр.

Францын хувьсгалаар цаазлагдсан хатан хаан Мариа Антуанэтта (1755-1793) “Талхгүй боллоо гээд өлсөөд байгаа юм бол тэдэнд (ард түмэнд) бялуу тараагаад өг” гэсэн алдарт эшлэлээрээ одоо ч алдартай. Болоогүй ээ бас, “Биднээс хойш хорвоо сүйрэн там болсон ч маньд ямар хамаатай юм!” гэж энэ хатан хаан бас хэлсэн гэнэ. Үнэндээ ийм үг хэлсэн ямар ч баримт байхгүй. Францын хувьсгалын үеийн суртал ухуулга түүнийг тансаглах өвчтэй, хүйтэн сэтгэлтэй эмэгтэй болгож харуулсан учир Мариа Антуанэтта нь бодит байдлаасаа илүү “үзэн ядалтын бэлгэ тэмдэг” болсон.

Цус сорогч Дракула гэгдэх Влад Импалер (1431-1476) бол Румыний шадар ноён, үндэснийх нь баатар нэгэн. Тэр үнэхээр харгис шийтгэл хэрэглэдэг байсан ч, Осман Түрэгийн эсрэг тэмцсэн үндэсний баатар гэж одоо ч Румынд үздэг. Германы суртал бичвэрүүд түүнийг санаатайгаар “мангас” болгож түгээсэн. Цус сорогч аймшигт мангас Дракула нь уран зохиол, жүжиг, киноны голлох баатрын дүрээр өнөөгийн бидэнтэй ч зэрэгцэн амьдарсаар.

Догшин Иван хүүгээ алсан нь худлаа, харин үүнийг нь дүрсэлсэн Репиний зураг илүү үнэмшилтэй. Атила хааны тухай бүхий л түүхэн тэмдэглэл түүний дайснууд болох ромчуудын зохиол. Олон хэлтэй, боловсролтой, чадварлаг удирдагч, сэтгэл татам гоо бүсгүй Клеопатраг “улс төрийн хорон санаат шулам” болгосон эзэд нь Ромын суртал ухуулга. Хэдийгээр “Үхсэн хүн үг хэлдэггүй” гэж ярьдаг ч “Үхсэн хүнээр үг хэлүүлж болдог” ажгуу. 

Алив дарангуйллын тогтолцоо өөртэй нь санал нийлээгүй хэсгийг алж хядахаас гадна өөрсдийгөө зөвтгөн эсрэг талаа урлаг утга зохиолоор дамжуулан гүтгэх хандлагатай байсан. Ялангуяа ХХ зуунаас кино, цирк, жүжиг болон уран зохиолоор дамжуулан “Үхсэн хүнээр үг хэлүүлэх” технологийн өргөн боломж нээгдлээ.

ХХ зууны СССР, БНМАУ хоёрын хаанахын ч кинотеатр, улаан буланд ороход “Бүх урлагийн дотроос хамгийн чухал кино. В.И.Ленин” гэсэн үг наалттай байдагсан. Үнэндээ Лениний хэлсэн үг нь арай дэлгэрэнгүй: ”Социалист хувьсгал ялсан Орос орны иргэд бичиг үсэг тайлагдаагүй, хэтэрхий хоцрогдсон бүдүүлэг байгаа учраас коммунист суртал нэвтрүүлгийг бид тэдэнд амар ойлгогдох кино болон циркээр дамжуулан сурталчлах хэрэгтэй”. Өрнөдийн хөгжингүй орнуудад олон жил орогносон Ленин дөнгөж цоо шинээр бий болж байсан кино урлагтай өөрөө сайн танилцаж, үүнийг юунд ашиглаж болохыг сайтар тунгаасан бололтой. Иймдээ ч нэгэнт ялагч болсон Зөвлөлт засаг гайхамшигт авъяастай уран бүтээлчдийг цуглуулан дэлхийн шилдэгт тооцогдох “өөрийн түүхийг” урлагаар дамжуулан шинээр тууривуулах болсон. Зөвлөлтийн кино урлаг Холивүүдээс өмнө хамгийн мундаг нь байлаа. Нацист Герман ч бас. 

Зөвлөлтийн “А” копи болсон БНМАУ-д ч “дайсны эсрэг урлаг” хөгжиж гарав. Эхэндээ ч дэндүү болхи байжээ. Намдаг зохиолчын дурсан бичсэнээр гучаад оны үеэс хувьсгалт гэх жүжиг театрт их тавьдаг байж. Ангийн дайснууд гэх жүжигчид нь голдуу хөл гаргүй, бөгтөр, хазгар, сохор доголон эрэмдэг дүр бүтээх ба тайзан дээр нэгэн хувьсгалч гарч ирэн улаан тугаар даллаж “Хувьсгалын дайснууд үхсугай” гэнгүүт мөнөөх эрэмдэгүүд нэгэн зэрэг шалан дээр унаад өгнө.

Боловсронгуй гэх гүтгэлэгийн урлаг “Его зовут Сухэ-Батор” хэмээх Зөвлөлтийн киноноос эхэлжээ. Урлаг уран сайхны хувьд тийм гайхамшигт зэрэглэлийн киног монголчууд одоо ч бүтээж амжаагүй л яваа. Кинонд “долир” Богд даалгавар өгснөөр нэг лам Сүхбаатарт хор өгч алдаг. Богд тэр ламыг Бадам гэж дуудсан нь Ерөнхий сайд асан Бадамдорж болох нь тодорхой. 

Гучин оны ардын бослогод лам нарын оролцоо байгаагүй ч, их хядлагын үеэр тухайн нийгмийнхээ хамгийн боловсролтой сэхээтэн давхрага болох лам нарыг хуугаар нь алж устгасныг зөвтгөхийн тулд олонд танил нэг ламаар төлөөлүүлэн гүтгэх дохио нь энэ байсан бололтой. 

Ялсан тал түүхээ зохиодог дүрэм ёсоор гүтгэлэг улам төгсрөв. Бадамдоржийг монгол түмний дайсан, гадны тагнуул, шуналын үүр байсан тухай “яг таг баримт” кино, жүжиг, роман, тууж шүлэг найраглалд ч цуварлаа. Тэрээр 64 зүйлт урвах бичиг үйлдэн Хятадын колон болох гэж зүтгэсэн гэнэ. Хувьсгалчид нь урвагч түүнийг устгахаар оролдож байсан аж. Хүрээг эзэлсэн гамин цэргүүд Бадамдоржийн удирдлагын дор Цагаан сараар (Хятадын өөрийнх нь бас баяр шүү дээ, уг нь?) монголчуудыг бөөнөөр нь алж устгахаар хүрзээ хуурайдан ирлэж байсан болоод явчихлаа. Төв театрт тоглон ихэд сайнаар үнэлэгдсэн нэгэн жүжигт Бадамдоржийн дүр бүтээсэн жүжигчин солир доголон бөгтөр үзэшгүй муухай эрэмдэг нэгэн байх ба хятадаас хахуулиар авсан хайрцаг дүүрэн алт эрдэнийг атгаараа нэг шүүрэн “насаараа идэх хөрөнгөтэй боллоо” хэмээн үзэгчид тийш харан зэвүү хүрэм муухайгаар инээд алдана. 

Өдгөө Намнансүрэнгээс Учрал хүртэл 120 шахам жилийн түүхэнд яг гучин бие хүн их бага хугацаагаар Монгол улсын Ерөнхий сайдаар ажилласан дотор Бадамдорж шиг эх орон тусгаар тогтнолын төлөө үнэнчээр бат зогссон өөр хүн ховор болохыг хожмын судлаачид ил болгосон. “Ялагчийн түүх” зохиогдохоос өмнө талийгч Бадамдорж нийгэмд хүндтэй нэгэн байсан. Хятадын цэргийг урьсан, 64 зүйлт гэрээ гэгчийг Чэнь И-тэй хамтарч хийн, Богд хаан, Ерөнхий сайд Бадамдорж нарыг эсэргүүцсээр байтал тэднээс зөрөн Монголын автономыг устгаж, Хятад цэргийг Монголд ирж хамгаалахыг гуйсан хүсэлт бичин Бээжинд илгээсэн Гадаад сайд Баолингийн Цэрэндоржийг хувьсгалчид алж устгана гэж сэм ярьж байсан болохоос Бадамдоржийг гээгүй. Цэрэндоржийг МАН-ы анхны хэвлэл “Монголын үнэн” сонинд “урвагч Цэрэндорж” хэмээн гарчиглан бичээд дүрийг нь матарлан зурсан нь ч байдаг. Гэвч, хожим нь ардын засгийн Ерөнхий сайд болсон учраас түүний намтрыг хувьсгалч маягаар “засах” болжээ.

Монголын автономыг устгах зарлигт гарын үсгээ зур гэж Гамингийн генерал Сю Шүжан Ерөнхий сайд Бадамдоржид тулгахад “Үүнд үсгээ зурснаас үхсэн минь дээр” гэсэн ба хэдэн хоногийн дараа ”хэлсэндээ хүрч” нас барсан. Харц гаралтай Бадамдорж эрдэм ухаанаар цоорч шашин төрийн дээд эрэмбэд өөрийн зүтгэл, эрдэм ном. ой ухаанаар тодрон гарч ирсэн. Лам хүн учир эхнэр хүүхэдгүй ганц бие явсаар 70 насандаа Монгол улсын хоёр дахь Ерөнхий сайдаар томилогдсон тул авдартай алт хараад “насаараа идэх хөрөнгөтэй боллоо” гэж инээд алдах нас түүнд байгаагүй. Харин ч дээд язгууртан, лам хуврагуудад Манжийн хаанаас тогтмол өгдөг сул пүнлүүгээс тэрээр татгалзаж байсан баримт бий. 

Бүр хожим 1950-иад оны дундуур Бадамдоржийг сайн мэдэж байсан гэх нэгэн түүхч түүнийг ямархуу адгийн шаар байсан тухай ном хүртэл бичин “түүхийн гэрч” болсон юм. Зөвлөлтийн коммунист намын ХХ их хурлаас сталинизмыг буруутгасан шийдвэр гаруут, БНМАУ-д тэрийг хуулбарласан намын бүгд хурлаас нам төр, цэргийн зүтгэлтэн мянга орчим хүнийг ангийн дайсан устгах их хувьсгалт ажиллагааны явцад хэлмэгдүүлэн устгасан байна гэсэн дүгнэлт гаргажээ. Үүнийг төрийн удирдагч Цэдэнбалаас нэгтгэн дүгнэхдээ: “харгис лам нарыг ангийн нь хувьд бүрэн устгасан нь манай намын түүхэн гавьяа, феодалын хоцрогдлоос хөрөнгөт нийгмийг алгасан социализмд орох замын түүхэн амжилт болсон юм” гэсэн ба энэ “түүхэн дүгнэлтийг” нотлох бие төлөөлөгч нь Ерөнхий сайд асан Бадамдорж болж таарав. 

1990 гарснаас нэлээд хойно Монгол улсын Ерөнхий сайд нарын хөргийг төрийн ордны хананд эгнүүлэн “дүүжлэхэд” Бадамдорж Ерөнхий сайд тэнд дүүжлэгдсэнгүй. Учрыг асуувал “тэр бол урвагч” гэсэн тайлбар? Нэлээд хожим түүхч Батсайхан хөөцөлдөж байж Бадамдорж дүүжлэгдсэн. Нэгэнт урт удаан хугацааны турш бараг мэс заслалын аргаар хүмүүсийн тархинд суулгаж өгсөн ялсан талын зохиосон түүх одоо ч амьдарсаар. Өнөөгийн гүтгэгчид ч өөрт нь таалагдаагүй улс төрийн зүтгэлтнийг Бадамдоржтой адилтган харлуулсаар.

Энд ганц Бадамдоржоор жишээ авсан болохоос ялсан талын зохиосон түүх барагдашгүй. Монгол үндэстнийг нэгтгэж Монголын төр улсыг үүсгэн байгуулсан Чингис хаан орчин цагийн хувьсгалт Монгол улсын удирдагчаас “Гитлерээс долоон дор махчин байсан” гэсэн үнэлгээ авсан шүү дээ. Чингисийн сүүдэр тухайлсны 800 жилийн ойг даруухан тэмдэглэх санаачлага гарган эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан Улс төрийн товчооны гишүүн Төмөр-Очир энэ “гэмт хэрэгтээ” шийтгэгдэн бүх насаараа цөлөгдсөөр эцэст нь одоо болтол тодорхой болоогүй сэжиг бүхий аллагад өртсөн.

Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Бодоо, Гэндэн, Амар нар Монголын ард түмний дайсан болох нь “нотлогдсон” тул буудан хороосон. Ерөнхий сайд Намнансүрэн, Жигжиджав, Чойбалсан нар тун сэжигтэй байдлаар үхсэн. 

Үнэний үүд нээлттэй болсон ч худал хуурмагын ертөнцөөс тийшээ алхах тийм ч амаргүй байгаа нь Дорны мэргэдийн айлдсанчлан “худал хуурмагт дасан, ээнэгшсний зовлон” буйз аа. 

Орчин үеийн нээлттэй, технологи хөгжсөн дэлхий ертөнцөд ялж болох ч “Ялсан талын түүх” зохиох хэцүү болж. Зохиож бичлээ ч гэсэн насгүй болсон нь Бурханы таашаал гэлтэй.

2026.04.02