Баяраа ах

Баяраа ах

Мэргэжлийн маань хамгийн сайхан тал олон гайхалтай хүмүүстэй учруулдаг нь юм. Хүний дээд болсон тэдгээр гайхамшигт хүмүүстэй уулзан учирсандаа үнэхээр талархаж явдаг билээ.
Мэдээж нөгөө тал нь мөн л үүнтэйгээ адилхан эн тэнцүү том сав ертөнц бий. Сүүдрээс нь дөлөөд ойртож очимгүй ч ажил маань юм болохоор туучихаас өөр аргагүй. Ийм л замаар олон жил алхлаа даа.
Өнөөдөр би энэ амьдралд учирсан нэгэн сайхан ахынхаа тухай харууслын үг тэрлэж сууна. Ахиад уулзахгүй гэж бодохоор нулимс чимээгүй урсана. Ийм үед л Бурхан дэндүү шударга бус санагддаг аж.

Баяраа ахтайгаа би хорин хэдхэн настай залуухан сэтгүүлч байхдаа анх танилцжээ. Тэр мөчөөс хойш гэр бүлийн ах дүүс болж, гучаад жил гэрэл гэгээ, нөмөр түшиг дүүрэн явцгаав. Сайхан хүмүүс л амьдралыг сайхан болгож байдаг шүү дээ. Учир нь сайн хүний гэгээ насан туршийнх байдаг гэдгийг амьдрал надад ойлгуулсан.

Баяраа ах маань тэр л ховруудын нэг байлаа. Хоёр өдрийн турш үзгээ хэмлэн ахынхаа тухай ганц мөр тавьж чадахгүй суув. Ийм байж бараг үзээгүй юмсанж.
Ийш тийш нисэхээр онгоцонд хөл тавихад надад орж ирдэг хамгийн эхний бодол “ Ах өнөөдөр нисч байгаа болов уу” гэх бодол байдаг. Суудалдаа суугаад нисэх багийн мэдээллийг хүлээнэ. “Та бүхэнтэй өнөөдөр онгоцны дарга Монгол Улсын гавьяат нисгэгч Тамирын Батбаяр ахлагчтай баг мэндчилж байна” гэх сэтгэл догдлуулсан мэдээллийг ахиад сонсохгүй болсон гэхээр сэтгэлд уй гуниг үерлэнэ.
Түүний аав Сүрэнжавын Тамир гэж Монгол Улсын гавьяат нисгэгч хүн байлаа. Ах маань нисгэгчийн хүү нисгэгч, гавьяатын хүү гавьяат байв. Харин өвөө нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, улс төрийн товчооны гишүүн Сүрэнжав гуай.
Тамир гуайнх таван охин, ганц хүүтэй айл. Нисгэгч Тамирын нэрийг нь дуурсгасан ганц хүү нь Батбаяр ах маань байв. Төрсөн өдөр нь долдугаар сарын 11 -нд болдог. Энэ бүх өгөгдлүүд ахын нууцлаг, даруухан, гэхдээ бүр цаанаасаа сүрлэг амьдралтай сүлэлдээд нэг л онцгой болгодог байв. Элдвийн юм асуухад ганц хоёрхон үгээр хариулна. Угаасаа тэр гадагшаа тамхины утаанаас өөр юу ч суунаглуулдаггүй хүн байв. Хүнд нэг санаандгүй ч болов элдэв ааш аяг гаргах үе байдаг даа. Түүнийг харин нэг ч удаа тэгж байхыг үзээгүй билээ.
Хүн дандаа яаж ийм цул, яаж ийм том байж болдог юм бол гэж хааяа боддогсон.
Баяраа ах маань орос гуравдугаар сургуулийг төгсөөд, 18 настай жаалхүү мөрөөдлөө биелүүлэхээр ЗХУ-ын Кировоград хотын Нисэх хүчний дээд сургуульд суралцахаар зорьж байжээ. Хүн тэр болгон мөрөөдлөө биелүүлж амьдрах амаргүй. Хүн бүр чаддаг эд ч биш учраас...
Тийнхүү 1986 онд цэл залуухан инженер- нисгэгч төгсөж ирээд АН 24 онгоцны хоёрдугаар нисгэгчээр нисч эхэлснээс хойш тэр тэнгэртээ л нисч амьдарсан юм.
Анх аавдаа наймдугаар ангид ороод нисгэгч болохоор шийдсэнээ хэлэхэд аав нь дэлхий дүүртэл баярлаж байсан гэдэг. Арга ч үгүй биз ээ.
Ах амьдралдаа ганцхан ярилцлага өгсөн нь надад л өгсөн болов уу. Энэ ярилцлагын үеэр цаг гаруйхны хугацаанд би түүнд 60 асуулт тавьсан байж билээ. Үг дуу цөөтэй ийм хүнтэй ярилцах амар биш л дээ.
“Ах нь яриад байх дуртай хүн биш...” гэсэн үг нь бараг түүнийг нэлээд өндөр хувиар тодорхойлно. Тэр бол бодолтойгоо хамт явдаг нисгэгч хүн. Тэр бол өдөр бүр хос цагаан зам татуулан тэнгэрт дүүлж амьдарсан нисгэгч хүн.
Түүний амьдрал дандаа өндөрт, өндрийн цуваанд түүчээлж өрнөсөн. Тэр тэнгэр шигээ амгалан, бас тэнгэр шигээ омголон, тэнгэр шигээ эрхэм дээд эр хүн явав.

Олон жилийн өмнө би осолд орж хүнд бэртсэн юм. Баяраа ах нөхөртэй маань хамт намайг авахаар ирж билээ. Морфин тариулж, боолт хийлгээд машинд суусан. Стаканд ахиухан шиг коньяак хийгээд тат гэж байна. Ах үүрэг өгч байхад гээд л татаж орхисон. Тэр замд л ах хамгийн их ярьсан юм уу даа. Намайг тайвшруулж, сэтгэлийг маань засах гэсэн нь ойлгомжтой. Бас нэг удаа би гэж дүрсгүй хүн баахан маапаан тарьж орхив. Барьцаалагдаад баларч, бас л ах нөхөр хоёр давхиж ирж байсан. Цагдаа магдаа , бөөн түжигнээн дунд Баяраа ахыг ороод ирэхэд би өөрийн эрхгүй намс хийсэн. Ахаас баргийн хүн сүрдэнэ. Угаасаа тэр өөрөө сүр хүч байсан юм. Ахиж ийм аюултай байдалд орж хэрхэвч болохгүй гэсэн үг нь лантуу шиг л толгой дээр буусансан.

Ахыг нислэгтэй үед гадна дотно таарна. Өгөх байхаа олж яддагсан. Таныгаа дурсах үнэхээр хүнд байна. Өр зүрх өмөрч байна.
Ах маань ховорхон дугардаг хүн болохоор ярьж байсан зүйлс нь бүгд сэтгэлд сийлэгджээ. Яг нисгэгч болоод аргагүй тохиолдол гарч хүний оронд ганцхан удаа аавтайгаа хамт ниссэн тухайгаа ярьж байж билээ. Ааваасаа сүрдээд хөлс нь чийхарсаар яваад нислэг дуусгаснаа дурсаж байсан нь нүдэнд харагдана. Тухайн үед нисэхийн  дүрэм журмаар гэр бүлийн хоёр хамт нисэхийг хориглодог байсан гэсэн.

Тамирын Батбаяр нь 1986 оноос хойш тасралтгүй 40 жил ниссэн, МИАТ-ийн бурхан нисгэгч, олон арван шавийн багш, хүний сайн хань, хүүгийн эрдэнэт эцэг, ээжийн ганц хүү, эгч нарын хайртай дүү, бас дүү нарынхаа уул мэт түшигт ах байв. Мэргэжилтний хувьд түүнтэй ямар нэгэн доод, дундаж түвшний тухай ярих боломжгүй. Мөн хүний хувьд ч...
Тэр бас гайхалтай сайхан нөхөрлөлтэй эр хүн байв. Дэргэдээн дагуулдаг хуурай дүү нар, дэлхий дүүрэн дүнжгэр андуудаар баян эр явав.
Ай даа ах минь

МИАТ хэл аманд ээрэгдсэн хүнд үед бид ярилцаж байв. Тэр үед түүний амнаас “Нисэх бол өөрийн гэсэн өвөрмөц төлөвшлийг шаарддаг салбар. Энд зуурдын шинжтэй, зуурдын зорилго өвөрлөсөн хүмүүс ирэх ёсгүй” гэсэн нухацтай үг анх унасансан. Олон хөгийн амьтдын дургүйг хүргэснээ тэр өөрөө ч мэдэж байв. Угаасаа улс төрийнхөнд мэхийхгүй. Бусад шиг дарга даамал дагахгүй, өөрийн гэсэн өндөр зиндаатай эр хүн. Сонгосон нөхөд, сонсдог хөгжим, хүндэлдэг хүмүүс, тэр бүү хэл хобби нь гээд бүгд зөвхөн Батбаярын гэх ертөнцийг илтгэдэг ганган чамин хорвоо байв.

Таны хамгийн ихээр аз жаргал мэдэрдэг мөч юу вэ гэсэн асуултад Тэр “аюулгүй сайхан нисч ирээд, зөөлөн сайхан газардах” гэж хариулж байв.
Тэгвэл буухад хамгийн гоё буудал тань хаанахын ямар буудал вэ гэх асуултад “ Буянт ухаа минь шүү дээ” гэж хариулж байв.
Тиймээ, ах маань энэ жаргал дундаа л амьдарсан.

Бойнг В- 767-300 онгоцны дарга, Монгол Улсын Гавьяат нисгэгч Тамирын Батбаяр уудам гүн энхжингийн орон руу нисчээ. Тэнд тэнгэрлэг нисгэгч хэрэг болсон байна.

Цас бударч, бороо шивэрч, цонхных нь шил арчигч нааш нэг, цааш нэг …нэгэн хэмнэлээр ... ах маань үүргээ гүйцэтгэж яваа...

Жигүүртэн хүрээгүй уулсын...Оргил тэргүүн дээгүүр...