Н.Хишигдорж: Манай алба бол эр биеийн цог золбоог сорьсон, шандас дүүрэн эрчүүд алба хашдаг онцгой алба шүү дээ
Манай өнөөдрийн зочин Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Нямдоржийн Хишигдорж юм. Тэрбээр онцгой байдлын албанд гучин жил алба хааж буй. Ажил алба нь өөдрөг яваа айлын өнгө босгоор алхаж орохоос л өөр байдаг. Эднийх тийм л газруудын нэг юм. Ингээд хэвлэл мэдээллээс асар хол, үг дуу, ам хэл болоод байдаггүй тусгай албанаас сонгож ярилцсан зочны маань яриаг таалан уншина уу.
Н.Хишигдорж: Манай алба бол эр биеийн цог золбоог сорьсон, шандас дүүрэн эрчүүд алба хашдаг онцгой алба шүү дээ
Манай өнөөдрийн зочин Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Нямдоржийн Хишигдорж юм. Тэрбээр онцгой байдлын албанд гучин жил алба хааж буй.
Ажил алба нь өөдрөг яваа айлын өнгө босгоор алхаж орохоос л өөр байдаг. Эднийх тийм л газруудын нэг юм. Ингээд хэвлэл мэдээллээс асар хол, үг дуу, ам хэл болоод байдаггүй тусгай албанаас сонгож ярилцсан зочны маань яриаг таалан уншина уу.

- Булган аймгийн онцгой байдлын газрын даргатай анх удаа ярилцаж байна. Өнгөрч буй жил ачааллаар дүүрэн жил байх шиг боллоо. Намар ирэхэд танайхан Хөвсгөлд эрлийн ажиллагаанд ажиллаж байсан. Ер нь онцгой тохиолдлуудад бүсийн аймгууд руу татагдаж ажилладаг юм уу?
- Юуны өмнө танд болон танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Булган аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид эрлийн ажиллагаа эхэлсний маргааш өглөө нь үүрэг гүйцэтгэхээр очсон. Аливаа гамшиг, осол, аюулт үзэгдлийн дуудлага мэдээллээр Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдээс хамгийн ойр байрлах нэгж очиж үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн нөхцөл байдал хүндэрсэн, нэмэлт хүн хүч, хэрэгсэл шаардлагатай бол бүсийн аймгууд болон бусад аймаг, орон нутгаас хүч нэмэгдүүлж ажилладаг. Энэ ч утгаараа уг эрлийн ажиллагаанд хойд бүсийн аймгууд болохХөвсгөл, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн.
- Онцгой байдлын албанд хамаарахгүй юм бараг байдаггүй. Өнгөрсөн зун л гэхэд олон түймэртэй ноцолдсон байх ?
- Манай аймгийн хэмжээнд 18 ой хээрийн түймрийн дуудлага ирсэн байгаа. Албан үүрэг, хийх ёстой ажил маань болохоор манай алба хаагчид тухай бүр нь богино хугацаанд ажиллаж унтраасан. Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийн ажиллагаанд манайхаас гурван бүлэг гарч ажилласан. Тархалт ихтэй, хүндэрсэн түймэр байлаа. Алба хаагчид олон хоног ажилласан.
- Түймэр унтраахад улаан гараараа үздэг байсан үе одоо ард хоцорсон байх гэж бодож байна. Г.Ариунбуян генералтай ярилцахдаа Онцгой байдлын албаны техникийн шинэчлэлийн талаар нэлээн асууж ярилцсан юм. Орон нутагтаа техникийн шинэчлэл хэр явагдсан юм бол. Гал унтраахад заримдаа одоо ч брезент, шуудай гээд гартаа барьсан юмаар нүдээд явдаг хэвээрээ юм биш биз дээ?
- Манай онцгой байдлын байгууллага ер нь сүүлийн жилүүдэд техник хэрэгсэл, албан хаагчдын хөдөлмөр хамгааллын хувцас хангалт гээд бүх талаар маш сайн шинэчлэгдсэн. Машин техник, холбоо зохион байгуулалт бусад албаны хэрэгслүүд гээд. Энэ бүгд сайн байж бидний үйл ажиллагаа аюулгүй, дүрмийн дагуу явагдана.
- Устай машинаас өгсүүлээд хамгаалалтын хувцас хэрэгсэл гээд гал түймэртэй бүсэд ажиллахад нэлээн юм орно биз ?
- Тэгнэ. Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын ус тээвэрлэдэг автомашинууд байдаг. Тэгээд манайх чинь хангайн бүс болохоор түймрийн эрсдэл өндөртэй. Манай Хангал суманд Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хутаг-өндөр суманд мөн Эрэн хайх аврах салбар байгаа. Тэд нар маань ч тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, аврагч, гал сөнөөгч нэг бүрийн хувцас хэрэгслэлээр хангагдсан.
- Сумдад онцгой байдлын салбар нэгж байгуулагдаж байгаа нь үнэхээр чухал. Анх удаа сонслоо, хэдэн сумдад байгуулаад байна вэ ?
- Хангал сумын Хялганат тосгонд байдаг Гал түймэр унтраах аврах 50 дугаар анги ой хээрийн түймэр болон усны ослын дуудлагаар ажиллахад ачаалал ихтэй болсон тул ЗГ-ын тогтоолоор 2022 онд Хутаг-Өндөр суманд Эрэн хайх аврах салбар, 2023 онд Дашинчилэн суманд Эрэн хайх аврах бүлгийг байгуулан үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Салбар нэгжүүд шинээр байгуулагдаж байгаа нь тухай бүс нутгийн хэмжээнд гарч байгаа гамшиг ослын дуудлагаар цаг алдахгүй хурдан хугацаанд очиж үүрэг гүйцэтгэж, гамшгийн хохирлыг богино хугацаанд түргэн шуурхай хариу арга хэмжээ авч, хохирол багатай даван туулах боломж нөхцөлөөр хангагдаж байгаа юм.
- Зайлшгүй байх ёстой газруудад газар нутгийн байдлаа тооцож байгуулсан байна. Ер нь бол гэнэтийн нөхцөл байдлын үед цаг хугацааны хувьд хүрч очих дээр алддаг. Тийм болохоор салбар нэгжүүд байгуулж байгаа юм байна гэж харж байна.
- Тиймээ. Манай аймгийн хувьд хангай, тал хээрийн бүсэд оршдог. Аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлж байгаа аймаг. Амралт, сувиллын олон газартай. Ер нь бол өвөл зунгүй амрагч аялагч нар зорчдог, хөдөлгөөний эрчим ихтэй байдаг. Улсын чанартай гурван автозам манай аймгийн нутгаар дайран өнгөрдөг. Мөн Сэлэнгэ, Эг, Орхон, Туул, Хануй гээд томоохон гол мөрөн, Харгал, Шарга гээд том нууруудтай усны ослын дуудлага болон зам тээврийн ослын дуудлага их ирдэг. Сум орон нутгийн хүн амны нягтаршил, цаг уур, газар орны онцлог гээд маш олон зүйлийг харгалзан үзэж шинэ салбар нэгжүүдийг байгуулдаг. Манайх ч мөн адил эдгээрийг л үндэслэн тооцоолж байгуулсан. Одоо бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд тодорхой бүтцийн өөрчлөлтүүд хийгдэж байна. Бүс нутгийнхаа хэмжээнд үүрэг гүйцэтгэх ёстой. Онцгой байдлын алба зайлшгүй энэ талын бодлогоо тэлэх шаардлагатай алба. Хуучин бол хүнд байлаа шүү дээ.
- Ер нь Булган аймгийн Онцгой байдлын газар хэр бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж байна вэ ?
Энэ талаар тоо баримт, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь бол бүтэц бүрэлдэхүүний талаар ил мэдээлэх зохисгүй.
- Уучлаарай. Бүгдийг л мэдмээр санагдах юм.
- Та нарын мэргэжлийн онцлог байх л даа. Ойлгож байна.
- Булган аймагт хэдэн жилийн өмнө сурвалжлагаар ирж байхад танай алба машин техник, бүх юм дутуу, иж бүрэн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна л гэж ярьцгааж байсан. Одоо бол дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад үйлдвэрлэсэн машин техникүүдтэй болсон гэж сонссон. Ер нь Булган их амбиц багатай аймаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд олон ирж байлаа. Ажиглахад бусад аймгуудаас өөр байдаг. Хар ярианы хэлээр бол овсгоо байхгүй гэмээр...
- Манай шуурхай дуудлагын автомашинууд бол ер нь шинэчлэгдсэн байгаа. Гал унтраах зориулалтын автомашинууд ч гэсэн шинэчлэгдсэн. Беларусь, БНСУ Австри, Франц улсуудад үйлдвэрлэсэн автомашинуудаар хангалт хийгдсэн. Амбицын хувьд сайн мэдэхгүй юмаа. /инээв/ Бид бол үүрэгт ажлаа л хийгээд явж байна.
- Засгийн газраас явуулж байгаа төсвийн хэмнэлтийн бодлого харамсалтай нь төрийн алба руугаа нэлээн гүнзгий гар дүрэхэд хүргэлээ. Танай албыг хэр дайрав ?
- Гайгүй шүү.
- Онцгой байдлын алба гэдэг зөвхөн автомашинаар хязгаарлагдахгүй. Техникийн дэвшлээр л гал усны аюултай тэмцэнэ. Онгоцтой түвшинд хангагдчихсан аймаг байдаг уу. Жишээ нь, Хэнтийн онцгой байдал онгоцтой юу?
- Аймгуудын Онцгой байдлын газрууд онгоцгүй. ОБЕГ-ын харьяа 111 дүгээр ангид нисэх онгоцнууд бий. Орон нутгийн хэмжээнд гарсан гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг. Шадар сайд ОБЕГ-ын хэмжээнд бүсийн төвүүдийг нисдэг онгоцтой болгох зорилт тавиад ажиллаж байгаа.
- Булганд хуучин нисэх буудал байгаа. Дэд бүтэц нь байна гэсэн үг.
- Байгаа л даа. Булган нисэх буудал ИНЕГ-ын харьяанд үйл ажиллагаа явуулдаг. Тусгай үүргийн болон аялал жуулчлалын нисэх онгоцууд бууж шатахуун цэнэглэдэг гол цэг нь. Ганцхан түймэр ч гэхгүй, бусад томоохон ажиллагаанд богино хугацаанд хүрч ажиллах тал дээр мэдээж онгоц хэрэгтэй.
- Шүхрийн анги гэж дээр үед аймагт байдаг байсан. Танайд хамаардаг уу?
- Байгалийн гамшигтай тэмцэх салбар нэртэй ой хээрийн түймэр, байгалийн аюулт үзэгдэл, усны ослын дуудлагаар ажилладаг байсан. 2004 онд гурван байгууллага нийлж Онцгой байдлын газар болон өргөжин Аврах салбар нэршилтэй нэг бүрэлдэхүүн хэсэг үйл ажиллагаа явуулж байна.
- Өнгөрөгч зун түймэр ихтэй байсан. Хуурайшилт ихтэй байсан нь нөлөөлсөн байх ?
- Манай аймгийн хувьд бол бас хуурайшилт өндөр л байлаа. Гэхдээ бид ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлд маш сайн анхаарч ажилласан. Ер нь аймаг, сум, аж ахуй нэгж байгууллага, иргэд гээд бүгд л оролцлоо. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө батлуулан аймгийн Засаг даргын албан даалгавар, үүрэг чиглэл хүргүүлэн түймэр гардаг сумдад ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж томоохон гол мөрний гүүрүүд дээр байнгын хяналтын цэг ажиллуулан, дамжин өнгөрч байгаа иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд цаг алдалгүй шуурхай мэдээлэх заавар зөвлөмж хүргүүлэн ажилласан. Мөн Тэшиг суманд шуурхай бүлгийг ажиллуулсан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн зохион байгуулсны үр дүнд гарсан ой хээрийн түймрийг цаг алдалгүй хурдан хугацаанд унтраан ажилласан.

- Булган гол ус ихтэй аймаг. Үер усны дуудлагууд хэр ирэв?
- Булган аймаг ер нь онцлогтой нутаг. Аялал жуулчлалын таатай бүс нутагт ордог. Ялангуяа улсын чанартай гол авто замууд Булган аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Аяллаар яваа хүмүүс гол усанд орох, ой хөвчид буудаллах, өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж эрсдэх явдлууд гардаг. Харамсалтай нь өнгөрсөн 2025 онд манай аймагт таван хүн усны осолд эндлээ.
- Амжиж аварч чадаагүй юу?
- Ер нь бол Сэлэнгэ мөрөн, Орхон гол гээд том том голууд дээр амжиж аврах боломж хэцүү.
- Гал, усны аюул гэж хэцүү юм даа.
- Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас их шалтгаалдаг. Томоохон гол мөрний дэргэд буудаллан архи согтууруулах ундаа хэрэглэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих зэрэг явдлуудаас болж эндэгдэл гарч байна.
- Танайх чинь эрэлч нохойтой юм байна.
- Булган сум дахь Эрэн хайх, аврах салбар нохой сургагч, Альфа дуудлагатай орос овчарк үүлдрийн нохойтой үүрэг гүйцэтгэж байна. Альфа 13 удаагийн эрлийн дуудлагаар ажилласан.
- Нохойгоо хаанаас олж авах вэ. ОБЕГ-аас хуваарилагдаж ирдэг юм уу?
- ҮАБ-ын харьяаны эрэлч нохойн сургалтын албанд нохой, сургагч, хөтлөгчийг 180 хоногийн сургалтаар бэлтгэдэг. Давтан сургалтанд 45 хоног бэлтгэдэг.
- Танай алба бол маш хүнд алба. Амь нас нь эрсдэл дунд явж байдаг. Алба хаагчдын цалин орон нутагт хэр байдаг юм ?
- Шадар сайд, ОБЕГ-ын удирдлагууд алба хаагчдын цалин урамшууллыг шат дараатай нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнгөрч буй онд Засгийн газрын тогтоол гарч, 2026 оны 1 сарын 1-нээс Онцгой байдлын албаны нэмэгдлийг 40%-д хүргэж нэмэгдүүлсэн.
- Булганд Онцгой байдлын ажилчдын орон сууц гэж байдаг уу?
- 2014 онд манай Онцгой байдлын албан хаагчид 12 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Тэрнээс хойш бол орон сууцны барилга баригдаагүй. Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд сумдтай ажиллах гээд хичээж байна. Сумдын ИТХ-ын болон, Засаг даргад нь албан бичиг хүргүүлсэн. Газар олголттой холбоотойгоор. Энэ асуудал шийдэгдвэл 2026 оноос сум болгонд нэг алба хаагчаа ядаж орон сууцтай болгох боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар Булган аймгийн төв дээр албан тушаалын 3 өрөө байранд 2 алба хаагч, Хутаг-Өндөр суманд баригдсан төрийн алба хаагчдын орон сууцнаас 2 өрөө байр 1, мөн хуучин байрнаас 2 алба хаагч, Дашинчилэн суманд 4 алба хаагч, Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах аврах 50-р ангийн хуучин байрыг тохижуулан ГТУА-50 дугаар анги, ОБЕГ-ын дэргэдэх 123-р ангийн алба хаагчдаа орон сууцаар ханган ажиллаж байна.
- Цагдаагийн сууц гэж тааруухан барилга байдаг. Онцгой байдлын нэгж байгуулагдаж байхад газар олголт мэт дээр хүнд суртал гаргаж болохгүй биз дээ. Ер нь орон нутагт амьдрах газар авах ч асар хэцүү бололтой. Иргэдэд бол бүр хаалттай юм шиг байна.
- Газар олголтын асуудлууд хүндрэлтэй байдаг, газар олголтын төлөвлөгөөнд саналаа хүргүүлж иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэр гаргуулдаг боловч дээрээсхариу ирэхгүй, ирсэн ч хасагдсан хүндрэлүүд байдаг.
- Түймэр, үер, гол усанд эрсдэх үе дуусаад л цас зуд эхэлдэг. Цастай үеийн гамшигт ажиллах нөөц бололцоо нь хэр вэ?
- 2023-2024 онд зудтай байсан. Манайх туулах чадвар сайтай хоёр автомашинтай. Малчдад өвс тэжээл хүргэх, зам гаргах гээд өндөр ачаалалтай ажилласан. Трактор ч бий.Бүх нөөц бололцоогоо дайчлаад л зам гаргахаас эхлээд бид бүрэлдэхүүнээрээ л ажиллаж байсан. Ер нь бол техник хэрэгслийн боломж бололцоо хуучнаас их өөрчлөгдсөн.
- Хөдөө нэгжүүд дээрээ том хамагч, туулагч машин нэг нэгтэй болчихвол ?
- Салбар нэгжтэй сумддаа тийм техник хэрэгсэлтэй болчихвол сайн байлгүй яахав. Бас нөгөө тал нь арчлалт, шатахуун гээд зардал өндөртэй болохоор ашиглах боломж нөхцөл хүндрэлтэй байдаг.
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах үүрэг нь танай дээр байдаг уу? Орон нутгуудад, аймгийн төвүүдэд баригдаж байгаа барилгууд чанар муу байна. Булганд хоёр ч буудал ашиглалтад орж. Чанар сайнгүй юм.
- Барилга орон сууцууд баригдаж байгаа. Манай гал түймрийн улсын хяналтын байцаагч нар барилгын зургийг хянадаг, дүгнэлт гаргаж өгч хяналт тавьж ажилладаг. Ашиглалтад ороход нь бол мэдээж улсын комисст ажиллаж хүлээж авдаг.
- ОБЕГ чинь сургалтын том баазтай. Алба хаагчдаа гадна дотно сургалтад их хамруулдаг болсон юм билээ. Орон нутгийнхныгаа хэр хамруулдаг юм ?
- Алба хаагчид бол байнга л бүх талын хөгжлөө дээшлүүлж байх шаардлагатай. Хүний амь нас аврах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг байгууллага учраас. Бие бялдрын, оюуны, мэргэжлийн чиглэлийн байнгын л бэлтгэлд байх ёстой. Энэ үүднээсээ манай алба хаагчид бүхий л сургалт дадлагадхамрагддаг. ОБЕГ-аас зохион байгуулагддаг сургалтуудад албан хаагчид, мэргэжилтнүүд, анги, салбарын дарга, захирагч нар, аврагч, гал сөнөөгч нар гээд чиглэл чиглэлээрээ хамрагдаад явдаг. Мөн гадаад улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд алба хаагчдаа сургаж бэлтгэж байгаа.
- Намар танай дээр улсын хэмжээний арга хэмжээ болоод байх шиг байсан.
- Шадар сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Булган аймагт зохион байгуулсан. Энэ үйл ажиллагааны үеэр Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд гээд бүх сумдыг хамарсан дадлага сургуулилтууд хийгдсэн. Том арга хэмжээ зохион байгуулагдсан.
- Биднийг хүүхэд байхад цэрэгжилтийн хичээл ордог байсан. Нэр нь ийм боловч болзошгүй үед хэрэгтэй олон мэдлэгийг өгдөг хичээл байжээ. Ослын үед, могойд хатгуулахад яаж боолт хийхийг хүртэл заадаг байсан. Танайх боловсролын байгууллагуудтай ямар түвшинд хамтарч ажилладаг бол?
- Гамшгаас хамгаалах тухай хуульд заасанчлан гамшгаас хамгаалах чиглэлийн сургалтыг ангилан удирдах бүрэлдэхүүний, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажилтан алба хаагчдын, иргэд, сайн дурынхны, оюутан сурагчдын гээд бүх түвшинд зохион байгуулдаг. Бидний нэг зорилго бол гамшгаас хамгаалах сургалтыг насан туршийн боловсрол болгох шүү дээ. Бүр хүүхдийг цэцэрлэгт байхаас нь л эхлээд аюулгүй амьдрах ухааны сургалтуудыг цэцэрлэгийн багш нартай хамтран зохион байгуулж байна.
- Уг нь та нарын хийх ёстой ажил биш л дээ.Та энэ албанд хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
- Онцгой байдлын байгууллагад 30 жил ажиллаж байна. Аймгийн Онцгой байдлын газрыг удирдаж ажиллаад жил гаруй болж байна. Анх Гал түймэртэй тэмцэх алба гэж байхад энэ албанд орж байсан. Орхон суманд орос цэргийн анги, салбарууд байрлаж байсан улаан Орхон буюу Өлзийт тосгон гэж байсан даа. Та мэдэх байх. Тэр Өлзийт тосгоны гал унтраах 57 дугаар ангид 1995 онд анх гал сөнөөгчөөр ороод, өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа. Тус тосгон маань олон барилга байшин, орон сууцтай, 18 аймаг гурван хотоос цугларсан, түм түжигнэж, бум бужигнасан оюутны хотхон байсан. Тухайн үеийнхээр нь байлгасан бол өдийд улсад нэлээн томд орох төвлөрсөн оюутны хотхон байх байсан.
- Тэр үеийн гал унтраах анги ёстой хэцүү байсан байх ?
- Яаж одоогийнхтой зүйрлэх билээ. Гэхдээ манайд ОХУ-д 1976 онд үйлдвэрлэгдсэн автомашинууд байсан. Одоо хүртэл тэр автомашинууд маань бий. Тухайн үед Өлзийт тосгонд олон аймаг сумаас иргэд шилжин ирж суурьшсан. Мөн орос цэргийн ангийн алба хаагчид амьдардаг байсан, БАМ-ын барилгууд ч их байлаа. Тийм л учраас гал унтраах анги байгуулж үүрэг гүйцэтгэж байсан.
- Онцгой байдлынхан яг ямар үед өөрийн үүрэг чиг үүрэгт хамаарахгүй ажиллагаанд дайчлагддаг вэ?
- Онцгой байдлын алба хаагчид чиг үүргээс бусад ажилд явах хориотой. Энэ бол тусгай чиг үүргийн байгууллага. Тийм учраас элдэв ажилд оролцох боломжгүй.
- Танайх аймгийн төвд арван хоёрхон айлын орон сууц бариулсан юм байна. Нэмэх төлөвлөгөө юм бий юу. Аймгийн төв бас л их утаатай болжээ. Орон сууц л барих хэрэгтэй. Тогтвортой боловсон хүчнийг ажиллуулахад орон байрны асуудал хаана ч чухал шүү дээ.
- Энэ чиглэлээр бид нэлээн ажлууд хийж байгаа. Одоогийн байдлаар Хялганат тосгонд нэг га газар авсан. Албан хаагчдын орон сууц барих зориулалтаар аймгийн төв дээр бас газрын асуудлаа хөөцөлдөж байгаа. Шинээр төгсөж ирж байгаа, томилогдож ирж байгаа алба хаагчдаа яах уу, ийх үү гээд асуудлууд их бий. Эдгээр асуудлуудыг шийдэж чадвал боловсон хүчнийг тогтвортой ажиллуулж чадна.
- Эрлийн ажиллагаа гэлтгүй, ер нь аврах ажиллагааны үед холбоо маш өндөр түвшинд байх ёстой. Өнгөрсөн намар Хөвсгөлд болсон эрлийн ажиллагааны үеэр хүмүүс Онцгой байдлынхны холбоо өөр түвшинд гарсан байна гэж ярилцахыг сонссон.
- Манай Онцгой байдлын газрын хувьд холбоо зохион байгуулалтын тал дээр нэлээн анхаарч байгаа. ОБЕГ-аас старлинк, дрон гээд хангалтаар олгосон. Өнгөрсөн онд Аймгийн Засаг дарга Онцгой комисст хүсэлт тавьсны дагуу богино долгионы болон хэт богино долгионы гар станц, старлинк, дрон гээд тодорхой хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэн анги салбаруудаа ханган ажиллаж байна.
- Булган бол олон хөлийн газар. Зун намартаа үнэхээр ирсэн буцсанд дарагдаж байдаг. Мэдээж дамжин өнгөрөгсөд гэж том урсгал бий. Сүүлийн жилүүдэд манай улсад хүүхэд алга болох гэх мэт ноцтой хэргүүд олон гарч байна. Амьдралын болзошгүй эрсдэлүүдээс сэргийлэх талаар танай байгууллага ч их юм хийх шаардлагатай. Энэ талаар ямар нэгэн үүрэг танай байгууллага дээр байдаг уу?
- Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх тасаг урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж явдаг. Онцгой байдлын газрын пэйж хаягаар болон Булган аймгийн ЗДТГ-ын хаягаар цахим мэдээллүүдийг нийтэлж түгээдэг. Аймгийн Засаг даргын баталсан ажлын хэсэг жилд хоёр удаа тойрч сумдаар урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж ажилладаг. Гамшгаас хамгаалах сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги болон сумдад үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд сургалт зохион байгуулдаг. ЕБС-ийн сурагчдад ангиллын сургалтыг зохион байгуулж ажиллаж байгаа.
- Хөвгүүд тэр үед цагдааг илүү сонирхдог байсан. Та яагаад онцгой байдлын албыг сонирхсон юм бол ?
- Тийм. Би анхнаасаа яагаад Онцгой байдлын албатай хувь заяагаа холбосон юм бол гэдгээ одоо ч их боддог. Анх 1995 онд эхнэртэйгээ гэр бүл болоод л, Өлзийт тосгонд ажиллахаар очсон юм. Тэгээд тухайн очсон газар маань шив шинэхэн тосгон. Цэцэрлэгийн багшийн сургууль, Авто механикийн сургууль, Барилгын техник мэргэжлийн сургуультай. Залуучууд дүүрэн л газар байсан. Тэнд бас гал унтраах анги үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгээд тэнд ажилладаг ах нарыг харахаар нэг л гоё. Спорт урлаг бүх талаараа хөгжчихсөн, нэг тийм цовоо сэргэлэн, эрэмгий дайчин ах нар харагдана. Манай онцгой байдлын алба чинь ер нь бол эр биеийн цог золбоог сорьсон, шандас дүүрэн эрчүүд алба хашдаг үнэндээ л онцгой алба шүү дээ. Тэгээд л өөрийн эрхгүй татагдчихсан. Бие сэтгэлээрээ албандаа дурласан.
- Сэтгэлийн тамир муутай, халирамхай хүмүүс ажиллах боломжгүй алба. Бусдаас илүү тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг байх ?
- Манай алба хаагчид сэтгэл зүйн бэлтгэл асар өндөртэй байдаг. Алба нь өөрөө тэгж төлөвшүүлдэг. Одоо бол манай албанд эмч, сэтгэл зүйчид ажилладаг болсон. Хүнд хүчир үүрэг гүйцэтгээд ирсэн албан хаагчдаа сэтгэл заслын, мөн нөхөн сэргээх эмчилгээний сувилалд хамруулдаг. Ер нь бол энэ албанд өөрийгөө зориулж байгаа алба хаагчдын хувьд ар гэр маш чухал. Албыг нь ойлгодог, хүндэтгэдэг гэр бүлтэй байх сайхан.
- Ерөнхий газар тань бол тусгай сувилалтай. Харин аймаг сувилалтай юу ?
- Баян-агт сумын нутагт Хануйн рашаан сувилал байдаг шүү дээ. Тэр рашаан дээр манай байгууллага өөрийн гэсэн хоёр байртай, өнгөрсөн жил засвар хийж тохижуулсан. Тэгээд албан хаагч нараа гэр бүлийнх нь хамт, эсвэл салаа бүлгээр нь ч юм уу зохион байгуулалт хийгээд амраачихдаг.
- Улсын хэмжээнд онцгой байдлын албанд эмэгтэй алба хаагчид олон болсон байна билээ. Танайд эмэгтэй албан хаагч олон уу ?
- Байлгүй яахав. Дуудлага хүлээн авагч нар бол үндсэндээ эмэгтэй алба хаагч нар байгаа. Бас мэргэжилтнүүд бий.
- Өнгөрсөн жил танай нутаг дэвсгэрт автобус түргэний тэрэгтэй мөргөлдсөн том осол гарсан. Тэнд танай аврагчдаас очсон уу ?
- Тэгсэн. Тэр осол Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дээр гарсан осол, тухайн осол болсон газартай хамгийн ойр байрлах анги салбар Дашинчилэн сум дахь манай аврах бүлгийн алба хаагч нар очиж ажилласан.
- Автын ослын газар дээр очиж ажиллах аймшигтай байх ?
- Ер нь бол аврагч нарыг таатай нөхцөл байдал угтахгүй. Хүнд л нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас л сэтгэл зүйн бэлтгэл сайтай байхыг шаарддаг.
- Та өөрөө аврах ангийн даргаар нэлээн олон жил ажилласан юм билээ.
- 2004 онд гурван байгууллага нийлээд, аврах салбарын даргаар томилогдон есөн жил ажилласан. Ер нь бол аймшигтай л зүйлтэй нүүр тулдаг. Ар гэрийнхэнтэй нь харьцахаас эхлээд хүнд байдаг. Усны ослын дуудлагаар олон тохиолдол дээр ажилласан. Орхон голд мөс цөмрөөд таван том хүн, нэг хүүхэд, мөн орхон голд өндөр эрэг дээрээс машинтай унаад гурван том хүн, хоёр хүүхэд эндсэн хэрэг. Баяннуур суманд худаг дотор дөрвөн том хүн угаартаж нас барсан, гэр бүлээрээ явж байгаад хоёр гурваараа эндчихсэн гээд олон тохиолдлууд дээр ажиллаж байсан. Хамгийн хэцүү юм гэнэтийн осол эндэл шүү дээ. Ар гэрийнхэнд хүлээлгэж өгөх л маш хэцүү.
- 13 жилийн өмнө шиг санаж байна. Булганд ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалтын үеэр ажиллаж байсан. Их дээд сургуулийн уралдаант шалгалт болж байлаа. Тэр үеэр нэг хөөрхий охин хүүхдээ модон жорлонд төрүүлчихээд зугтчихсан. Хэргийн газар дээр цагдаа биш танайхаас очиж дөнгөж төрсөн нярай хүүхдийг гаргаж авч байсан. Та санаж байна уу?
- Тийм тохиолдол болж байсан. Тухайн осол дээр манай Эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ажиллаж байсан алба хаагч өөрөө орж гаргаж ирж байсан. Тэгээд хүүхдийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгч байсан.
- Тусгай албадад бөхчүүдийг цалинжуул гээд өгчихдөг явдал их байсан. Танд тийм дарамт ирдэг үү?
- Манай ажиллаж байгаа алба хаагч нар дунд барилддаг алба хаагчид бий. Аймаг, сумын цолтой бөхчүүд байгаа. Тэр алба хаагчид маань бол үүргээ гүйцэтгээд л ажиллаж байгаа. Түүнээс биш тийм шахааны алба хаагч гэж байхгүй дээ.
- Танай анги энэ онд 50 жилийн ойгоо тэмдэглэх юм байна?
- Манай Онцгой байдлын газрын хоёр анги буюу Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги 1976 онд байгуулагдсан түүхтэй. Баяр ёслолын агуулга гэхээсээ илүү ойгоо угтсан ажлууд хийхээр төлөвлөсөн, 50 бүтээлч ажил хийнэ гээд хэрэгжүүлээд явж байна. Анги салбаруудынхаа тохижилтын асуудлууд, алба хаагчдынхаа нийгмийн асуудлууд дээр анхаарсан ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулаад ажиллаж байгаа. Одоо бид ГТУА 20 дугаар ангийн тавиулангийн шалыг орон нутгийн санхүүжилтээр шинэчилж хийхээр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Ирэх дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Гал түймэр унтраах 50 дугаар ангид хоёр замтай цамхгийн ажлыг эхлүүлэн тавдугаар сард дуусгах томоохон төлөвлөгөөтэй явж байна.

