Гол тоглогчид нь бүгэж, ганц эмэгтэй гишүүн цовдлуулж байна

Монголчууд хэдхэн хоногийн дараа сар шинийн баяраа тэмдэглэх гэж байна. Тог цахилгаан, шатахуун түлш тасарч, иргэд, аж ахуйн нэгжүүд хохирол амссан ч гүрийн тэссээр...

Төр засгийнхан гадаад айлчлалууд дараалан хийж, гишүүд сайдууд нь тойргоороо сайн малчдын шагнал өвөртөлж давхилдсан байдаг л нэг өвөл...

Хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд ч үгүй, Их хурлын дарга ч үгүй болон эрх баригчид маань дайтаж байв. Шинэ ерөнхий сайд нь бууриа ч засаж амжаагүй байх үед өрнөсөн тэр үйл явдлыг одоо бараг мартжээ. Өнөөдөр энэ хэргийн шонгоос төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх зүйл ангиар УИХ-ын нэг эмэгтэй гишүүн, УИХ-ын тэр үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй хэд гурван хүн л уяатай харагдана. 

Энэ үйл явдлын үед монголын бараг бүх хуульчид гартаа нэг нэг хуулийн салаа мөчир барин тайлбаруудаа шидэлж, нийгмийг түрж байв. Одоо харин тэд дуугаа хураажээ. 

Угаасаа улс төрд өрнөсөн иймэрхүү том дайны ар дээр гол тоглогчид нь өрөг дээрээс чимээгүй буун одож, ганц нэгхэн нь үлдэж хоцордог. Тэр л зураг харагдаж байна. Гол акцийн эзэд биш ганц эмэгтэй гишүүн л хилийн хоригт орон хөлөө тушуулчихсан байгаа нь үнэн. УИХ-ын дэд даргаас огцроод байгаа Х.Булгантуяа одоо бараг “ бослогын толгойлогч” хэмээн цахим ертөнцөд цовдлуулж буй. Хамгийн гунигтай нь улстөрчид дугарахгүй байна. Арга ч үгүй биз. Манай сошил зүгээр мэргэжлийн ажлаа хийж байгаа мэргэжилтнүүдийг ч байр суурь илэрхийлбэл шууд дүүжилдэг болчихсон. Гадна, дотны зориудын анхаарал тавьж бэлтгэсэн хөрс суурин дээр төр нь өөрөө орж ирж тоглодог болтол самуурсан. 

Харин хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Өдрийн сонин”-д энэ талаар ил тод байр суурь илэрхийлжээ. Тэр бол парламентад шинээр орж ирсэн гишүүн. Одоогоор бидний нэр зүсийг нь ч нүдэлж амжаагүй байгаа 126-гийн дотроос нэлээд танигдаж амжсан гишүүний нэг. 

Анх тэрбээр хурдан морь унаач хүүхдүүдийн асуудлаар хурцхан байр суурь илэрхийлж гарч ирсэн юм. Барьж авсан сэдэв нь монголчуудын өв соёл, зан заншилтай холбоотой асуудал учраас шууд л олонд танигдсан. Түүнээс хойш ч гэнэн, гэнэтийн байр сууриуд үе үе илэрхийлж харагдана. Түүнийхээ урд өөрөө гарч ирж зогсоод чулуугаар нүүлгүүлж байна. Энэ нь ч зөв. 

Энэ удаа Х.Баасанжаргал гишүүн юу ярив. Тэрбээр эрх барьж буй төрийн дээд хэсгийнхнээ нийгмийн хандалт, олон нийтийн уур амьсгалыг дагасан улс төр хийж байна гэж хэлжээ. Энэ үнэн. Соёмбот төр маань сошилд тархидуулсан төр болоод удсан билээ. МАН-ынхан өөрсдөө ч энэ байдлыг сайн хөхиүлдэг. Сүүлдээ сайд болгон нь лайвчин болж байх шиг байна. Хэдийгээр хайчилж эвлүүлсэн монтажны хохирогч болон самруулж байвч өөрсдөө тиймэрхүү юмаар нийгмээ хооллож байх дуртай харагддаг. Тийм ч учраас гоё, гоодсон видеонууд л тавьж өгөхөөс ул суурьтай бодлого ярихаас бүгд зугтдаг болсон. 

Х.Баасанжаргал гишүүн мөн төрийн эрхийг хууль бусаар булаах гэсэн гэх хэргийн талаар тодорхой байр суурь илэрхийлжээ. 

Тэрбээр “ Төрийн эрх мэдэл гэдэг ойлголт Үндсэн хуулиар тодорхойлогдсоноор Улсын Их Хурлыг хэлдэг. Засгийн газрыг дангаар нь төрийн эрх мэдэл гэж ойлгох боломжгүй. Тэгэхээр УИХ-ын үйл ажиллагаанд хэн саад хийсэн бэ, хэн хөндлөнгөөс оролцсон бэ гэдгийг л бид олж харах ёстой. Нөгөө талдаа хэрвээ Засгийн газрыг огцруулах санал гаргасан хүмүүсийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэж үзээд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж эхэлбэл, цаашид Монгол Улсад ардчилал маш хүнд байдалд орно. Монгол Улсын хувьд төрийн эрх мэдлийн дархлааны үндэс нь парламент өөрөө юм. Гэтэл парламентыг хуралдуулахгүй бойкот хийж, үйл ажиллагааг нь гацаасан үйл явдлууд гарсан. Гэхдээ энэ тухай хүмүүс өнөөдөр дурсахгүй байна. Их хурлын үйл ажиллагааг санаатайгаар гацаасан үйл явдал өөрөө хууль ёсны байсан уу, үгүй юу гэдгийг эргэж харах, хариуцлага тооцох өдөр ирнэ гэж найдаж байна” хэмээн хэлжээ. 

Одоо энэ асуудлаар улстөрчид юу ч ярихгүй байгаа. Тухайн үед амжилттай тоглосон хэд улс төрийн хонжоо олсон ч биз, үгүй ч биз. Нэг хэсэг нь алдаж асгасан ч биз. Ердөө хоёрхон жилийн дараа сонгогчид бүгдийг нь шүүлтүүрээр оруулж дүнгээ тавина. Ер нь улстөрчид зугтах биш иргэддээ парламентаас гарч байгаа хуулиудаа таниулдаг, өрнөж буй асуудлуудыг нээлттэй ярьдаг, эдийн засгийн байдал, дэлхийн улс орнуудын хөгжил цэцэглэлт гээд бүх сэдвээр халуун яриа дэлгэдэг байх ёстой. Тэгж байж сонгогчдоо төлөвшүүлнэ гэдгээ мэддэг баймаар.

Хатагтай Х.Баасанжаргал “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагандаа өөр нэг зүйлийн талаар хатуу байр суурь илэрхийлжээ. 

Тэрбээр “ Одоо энэ хэргийг тагнуулын байгууллагын харьяаллын хэрэг болгочихоор хэн ч шалгаж чадахгүй. Баримт материал ил болохгүй. Ямар ч өмгөөлөгч бодитой үйл ажиллагаа явуулах боломжгүй. Би өмнө нь өмгөөлөгч байсан хүний хувьд үүнийг сайн мэднэ. Тиймээс зориуд тагнуулын шугамаар оруулж, хэн ч энэ асуудал дээр байр суурь илэрхийлэх боломжгүй болгож байгаа юм болов уу гэсэн хардлага төрж байна” хэмээжээ. Энэ бас үнэн. Бид бүх асуудалд сэтгэлийн хөөрлөөр ханддаг. Зүгээр л дуртайгаараа шуурч байдаг. Цаанаас нь шууруулж байдаг. Монгол хүн хэдийдээ ийм ул суурьгүй,хөнгөн савсаг болчихов оо гэж дуу алдмаар хувирлаа, бид. Энэ бол бидний дархлаагүйнх, бидний хөнгөнийх. 

Бид гарч ирсэн сэдэв болгон дээр их мэдэгчид болцгоосон. Тэнд утга зохиолынхон асуудлаа ярихад сошил даяараа уран зохиолчид болчихно. Энд газрын ховор элемент, металийн бизнес яригдахад бүгд физикчид, биологичид болж хувирах жишээтэй. Энэ шуурган дундаас жинхэнэ мэргэжлийнхний дуу хоолой сонсогддоггүй. Судлаач, шинжээчдийн онолын маргаан мэтгэлцээн өрнөхөө больсон. Энэ хамгийн гунигтай үзэгдэл. 

Дэлхий ертөнц маань өөрөө дайн самуунтай эмзэг байна. Улс орнууд дор бүрнээ өөрсдийн эдийн засгаа хамгаалж үлдэх гэж, хөгжүүлж тэлэх гэж өөд уруугүй ажиллацгааж байна. Гэтэл Монгол улсын маань ганц том төслийг бөөн будилаан тойроостой. Хэдийгээр бидэнд юу ч нөлөөлөхгүй гэж толгой компанийн зүгээс мэдэгдэж байгаа ч, өрнөөд буй Калининградын арбитрийн шүүхийн шийдвэр ч Оюутолгойд нөлөөлөхгүй гэх аргагүй. Бидэнд түгшүүр байна. Угаасаагеополитикийн нөлөөлөл огт байхгүй гэж хэлэх боломжгүй шүү дээ. 

Тог цахилгаан, түлш шатахуун тасалдаж, хараат байдалд бүдчиж яваа бид цаашид хэрхэх юм.Бидэн шиг 150 тэрбум тонн нүүрстэй улс атлаа хүйтний улиралд хүүхдүүд нь ханиад томуунд ээрэгдэж, хөгшид нь харанхуйд даарч хөрч, ядарч яваа улс байна уу. 

Бид потенциал сайтай, бодлогын гоё парламенттай, төрийн ордноос нь нийгэм рүүгээ гаргаж шидэж байгаа сэдэв нь “Хаврын улс төрийг улайсгаад өгнө. Та нартаа том том баривчилгаагаар бэлэг барина” гэх мэт байдаг биш, улс орныхоо хөгжлийн төлөө том шийдвэрүүдийг гаргаж чаддаг Төртэй байхыг хүснэ.

Монголчууд эх орноо улайнд дуртай хэрээнүүдийн орон болгохгүй. Арай тэгтэл заяа нь хаячихгүй. Улсын дайтай улс болгохын төлөө зүтгэнэ.