Дэлхийн донорын өдөрт

Манай өнөөгийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээг 2002 оныхтой харьцуулбал хоёр дахин нэмэгджээ. Гэтэл монголчуудын 0.75 хувь нь л сайн дураар цусаа өгдөг бөгөөд энэ нь дэлхийн дунджаас гурав дахин доогуур үзүүлэлт. Өдөрт ойролцоогоор 80-100 хүнээс цус цуглуулж гэмээн нь сая тайван үеийнхээ хэрэгцээг дөнгөн данган хангана гэж Анагаах ухааны доктор Н.Эрдэнэбаяр ярилаа.

Хүрэх ёстой ирээдүй

Монголын 1 000 хүний 7.3 нь сайн дураар, ямар нэг мөнгө төгрөг авалгүй цусаа өгдөг аж. Харин энэ үзүүлэлт дунд зэргийн хөгжилтэй оронд 11.6, өндөр хөгжилтэй оронд 36.4 бол буурайд нь 2.8 байдаг гэнэ. Манай улс 2000 онд Донорын тухай хууль баталж, өнгөрсөн жил ДЭМБ-ын зөвлөмжөөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч цусаа өгөх иргэдийн тоо гавьтай нэмэгдсэнгүй. Хуульд өөрчлөлт оруулахдаа эд эрхтэний донорыг цохолсон тул цусны донорын заалтууд тэр чигтээ үлджээ. Цусан бүтээгдэхүүн хангалттай бэлтгэж чадахгүй байгаа шалтгаанаа Цус сэлбэлт, судалгааны үндэсний төв (ЦССҮТ)-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэбаяр дээрх хуультай холбон тайлбарлав. Уг хуулийн 14.1 хэсэгт донорын эгнээг өргөжүүлэх ажлыг Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН)-т даатгасан байдаг. Төрөөс төсөвгүй ТББ-ын Цусны донор хөтөлбөр хариуцсан ажилтан нь өөр хоёр ч төсөл хариуцдаг аж. Харин манай ганц мэргэжлийн байгууллага ЦССҮТ-д энэ талын үүрэг хүлээсэн ганц л хүн бий.

ЦССҮТ-ийн Донор элсүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх албаны дарга Ц.Тунгалагтамир 2020 он гэхэд бүх цусаа 100 хувь “сайн дурын, авлагагүй донор”-оос цуглуулдаг болно гэдэгтээ итгэлтэй байлаа. ДЭМБ ингэж зөвлөсөн гэнэ. Гэхдээ төсөвт чинь ухаалга сурталчилгаанд зориулж хэдэн төгрөг тусгасан бэ гэхэд баруун гарын эрхий, долоовор хураагаараа тэгийг дүрслэж үзүүлсэн юм. ЦССҮТ-ийн тайлангаар 2000 онд цусаа бэлэглэсэн донор 10 845 байгаад арван жилийн дараа 20 700 болсон ч хэрэглээ нь мөн л хоёр дахин ихэсчээ. Тиймээс өнөө ч цус, цусан бүтээгдэхүүн дутагдалтай хэвээрээ. Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн үзүүлэлтээр хорт хавдар, осол аваар эрс нэмэгдсэн байна. Мөн төрөлт ихсэх хэрээр төрөхийн хүндрэл ч өсчээ. Үүн дээр эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийх болсон тул цус, цусан бүтээгдэхүүний шаардлага ч нэмэгдсэн аж. Нэг хүнд элэг шилжүүлэн суулгахад 100 хүнээс авсан цусыг хэрэглэдэг гэнэ.

Манай Донорын тухай хуулийн 4.1-д “Донор нь бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан цус, эд, эрхтнээ өгөхдөө ашгийн төлөө бус, сайн дурын байх зарчмыг баримтлах бөгөөд донорын үйл ажиллагааг ашиг орлогын эх үүсвэр болгохыг хориглоно” гэж заажээ. Энэ ч ёсоор өдгөө бэлтгэж буй цус, цусан бүтээдэхүүнийхээ 95-98 орчим хувийг сайн дурын, авлагагүй донороос бэлтгэдэг гэж Ц.Тунгалагтамир ярив. АНУ, Скандиновын хэд, Европын орнууд дээр нь Япон, Өмнөд Солонгос, Австрали энэ тал дээр дэлхийд тэргүүлдэг. Нийгэм нь таатай, иргэд нь баян цатгалан, ухамсартай эдгээр улстай барьцах гэсэн мэт ДЭМБ-ын зөвлөмжөөр агуу зорилт тавиад зүтгэж байгаа ЦССҮТ-ийнхнөө харахаар бахархмаар ч юм шиг, бас өрөвдмөөр ч юм шиг. Гэвч цаана нь хүний амь, амьдрал яригддаг тул хэт хөөргөн загнах нь хэн хэндээ хортой. Хамгийн их цусны донортой орны тоонд Хятад, Энэтхэг хоёр багтдаг. Гэхдээ Хятад төлбөртэй ба авлагагүй системийг хослуулдаг. Харин Энэтхэгийн засгийн газар цусны донорт ганц рупи гаргадаггүй ч хүний олноор магнайд явдаг. Монгол Улс хөгжөөд, хүмүүс нь хөлжөөд ирэхийн цагт хүссэн хүсээгүй сайн дураараа цусаа хандивладаг болно. Харин өнөөдөртөө ахуй нөхцөлдөө ахадсан зорилтын хойноос манайхан зүтгээд байх шиг.

Хийж болох алхам

1994 оныг хүртэл манай улс төлбөртэй цусны донорын системтэй явж иржээ. Тэр цагт цус, цусан бүтээгдэхүүнээр гачигдаж байгаагүй аж. Социалимзын үед нэг зуун грамм цусыг 40 төгрөгөөр үнэлсэн нь бага мөнгө биш. Үйлчлэгчийн сарын цалин тэр цагт 220 төгрөг байлаа. Нэг удаа 400 грамм хүртэл цус өгөх боломжтой гэвэл цусны донор дээд тал нь 160 төгрөг олчихно. Эр хүн хоёр сардаа нэг, эм нь гурван сардаа нэг цусаа өгөх дүрэмтэй. Дэлхийн 200 гаран улсын 62 нь л сайн дурын, авлагагүй донороос цусан бүтээгдэхүүнээ хангадаг. Үлдсэн нь төлбөртэй эсвэл хосолмол системийг ашиглаж байна. 2011 онд гарсан Хүний хөгжлийн индексээр Монгол дэлхийн 169 орноос зуу дугаарт жагссан. Тэгчихээд цусны донор дээр тэнгэрт тулсан зорилго тавьж, тэрэндээ түүртэн бачимдах хэрэг байна уу. Тэмээ тэнгээрээ, хүн хэрээрээ байвал дээрсэн.

Ц.Тунгалагтамир эмч төлбөртэй донорын сул талыг зүйл бүрээр тайлбарлав. Тийм системтэй орны доноруудыг судлаад үзэхээр цусаа худалдахаас өөрөөр амьдрах боломжгүй нэн ядуу, эмзэг бүлгийнхэн байдаг гэнэ. Хоол тэжээлийн дутагдалтай ийм улсуудаас цуглуулсан цусны чанарын талаар ярих илүүц аж. Гэхдээ манай цусны төвд кампаничлагдан ирдэг сайн дурын доноруудын байдал ч үүнээс нэг их дээрдэхгүй бололтой юм билээ. Донорын дийлдэнхийг өлөн зэлмэн хочтой оюутнууд бүрдүүлдэг учир зуны улиралд хэцүүддэг гэж тус төвийнхөн ярьсан. Мөн манай иргэдийн дунд элэгний В, С вирус элбэгээс гадна шарласан хүн олон. Бас тэмбүүгийн өвчлөл ихэссэн нь донорын тоог цөөрүүлдэг гэж Н.Эрдэнэбаяр ярьсан юм. Өнгөрөгч баасан гаригт сайн дураараа цусаа өгсөн нэгэн байгууллагынхны 60 хувь нь цусны донорт тэнцээгүй гэнэлээ. Тэгээд ч хэнээс нь ч авсан шинжилж гэмээн нь сая эцсийн бүтээгдэхүүн бэлтгэдэг хойно үнэндээ ялгаагүй.

Төлбөртэй донор нэг талаар хүний наймааны төрөлд хамаарах гэнэ. Бүр бусдын цусаар амьдрагч бүлэг төрөх аюул бий гэсэн. Цагдаа, хуулийнхан санаа тавих ийм ажилд сэтгэл чилээх нь цусны төвийнхөнд илүүдсэн зовлон мэт. Тэд Монголын эмнэлэгүүдийг найдвартай цус, цусан бүтээгдэхүүнээр хангах үүргээ л биелүүлж байвал бид баярлана. Гэтэл гэнэтийн тохиолдолд барьц алдсан явдал гарч л байлаа. Тэр жил МИ-8 нисдэг тэрэг осолдох үеэр шархтанд хийх цусгүй сандарсан улс ёс суртахуун ярих нь арай ч гоёдсон чимэг юм уу?! Хуулиндаа донорын үйл ажиллагааны зардлыг төр даана гэсэн боловч өнөөхөндөө хуруугаар дүрсэлсэн тэгийн хэмжээнд л байна. “Эрүүл мэндийг дэмжих сан” гэж бий боловч архи, тамхитай тэмцэхэд хамаг анхаарлаа хандуул гээд хуульчлаад өгчихжээ. Ийм байхад Донорын тухай хуулинд өөрчлөлт оруулаад хосолмол системтэй болчихвол хэн хэндээ амар баймаар.  
          
Нинжин сэтгэл ба мөнгө

Засгийн газраас 2008 онд баталсан “Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг 2008-2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” гэж лут баримт бий. Таван зорилт, 41 зүйл бүхий уг бичгийн ихэнх нь биелэсэн, 90 орчим хувьтай яваа гэж Н.Эрдэнэбаяр хэлэв. Гэхдээ сайн дурын, авлагагүй донортой болох зорилттой манай улсад хамгаас чухал “Хүн амын дунд цусны донорын талаарх мэдлэг хандлагыг судалж, үнэлгээ өгөх” ажил нь хийгдээгүй гэнэ. Харин 2010 онд авсан PCR буюу полимеразийн гинжин урвалын аппаратыг даруй гурав дахин их үнээр хоёрыг худалдан авсан гэж нэгэн эх сурвалж ярьж байлаа.

Байгууллагаа болоод өөрийгөө сурталчлах гэсэн “нинжин сэтгэлтнүүд” нэмэгдээд ч манай цусны донорын тоо ядаж хүн амныхаа нэг хувьд хүрэхгүй байна. Чин сэтгэлээсээ бусдад цусаа бэлэглэдэг хэсэг аль ч нийгэмд бий. ДЭМБ-ын “Сайн дурын авлагагүй донорт дурсгалын зүйл, хүч сэлбэх хоол хүнс, замын зардлыг нь олгож болно” гэсэн 1991 оны наймдугаар хуралдааны 34 дүгээр шийдвэртэй шийдвэргүй хүн хүндээ туслах сэтгэлтэй бодгал. Тийм улсын сэтгэл рүү ус цацаж болохгүй. Байж л байг, улам сайн урамшуулах хэрэгтэй. Харин хүний амь дээсэн дөрөөн дээр ирэхийн цагт “ёс суртахуун” ярьж суугаад үхүүлэх нь ариун явдал мөн үү?! Хүн төрөлхтөний дөрөвний нэг нь хэзээ нэгтээ цусны донороос тусламж авдаг гэнэ. Тэгэхээр Монгол Улсын Донорын тухай хууль 700 мянга гаран иргэнийхээ амийг даатгалгүй хаячихсан мэт харагдаад байна.  

ОХУ өнөөдөр хэрэгцээт цусныхаа 40 хувийг, лицфоцитийн 80 хувийг, торомбоцитоо бараг 100 хувь төлбөртэй донороос бэлтгэдэг. Эдгээрийн үнэ нь харилцан адилгүй. Цусаа өгөхөд 3 400, плазм 3 000, тромбоцит 4 800, эритроцит 5 000 рублийн үнэлгээтэй. Гэлээ гээд оросууд хуйгааараа бугалгаа шамлаад, тоо бодоод зогсчихсонгүй. Оросын хүн амын 1.6 хувь нь л цусны донор болдог аж. Мөнгө төлөөд ч Японоос энэ үзүүлэлтээрээ оросууд гурав дахин бага хэвээрээ. Тэгэхээр төлбөртэй системээс гадна иргэдийнх нь амьжиргааны түвшин чухал бололтой юм.

Төлбөртэй хэлбэрт оруулахыг зүйл бүрээр эсэргүүцэх манай ажилтнууд ямар ямар бүтээгдэхүүн хэдэн төгрөгөөр эмнэлгүүдэд нийлүүлдгээ хэлэлгүй дүйвүүлэв. Өнгөрсөн сард “Гурван гал” эмнэлэгт төрөхийн хүндрэлээр цус алдсан Л.Ж бүсгүй хоёр сая орчим төгрөгөөр цус хийлгэж амь гарчээ. Нэгэнт тэдний гараас гарсан хойноо зах зээлийн үнэ ордог бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг зүгээр шахуу цуглуулах гэж “нинжин сэтгэл”-ийн эрэлд хатаад яахав дээ. Харин ЦССҮТ-өөс хулгайн замаар цус алдагдсан гэдэг сургаар ТЕГ-аас лавласан ч “хариулах боломжгүй” гэдэг жижүүрийн үгийг нь сонссон юм. Амьд болоод мэнд л суувал нэгнээсээ нинжин сэтгэл нэхэж болно шүү дээ, хэдүүлээ.       
 
         

    
            Үндэстний ТОЙМ сэтгүүл №174