Дэмид оройн хоолоо зооглочихоод гэртээ баахан холхив. Хүүхдүүд нь зурагтаа ширтэж, авгай нь юм угааж эхэлснээ больчихоод индүү залгав. Тэгснээ толгойгоо савандан хөөсрүүлснээ тэр чигтээ дээл оёж гарлаа. Дээл оёх зуур боловсролоо дээшлүүлэхээр сонин гарчиглав. Дэмидэд энэ бүгд тэвчихийн аргагүй санагдаж салхинд гарлаа. Гиеүрэхдээ гудамжинд зөрөх хүмүүсийг сонжиж явав. Гэхдээ хүн болгоныг шохоорхсонгүй. Гоолиг бие үл мэдэг гунхалзуулан урт хөлөө эгдүүтэй чамин солибох хүүхнүүдийг Дэмид олон хүн дундаас түүвэрлэн сэм эргүүлдэж, тэдэнтэй өөрийгөө холбосон гайхамшигт төсөөлөлдөө умбан баясаж явлаа. Гэтэл гэртээ хамаг муу ажилтайгаа зууралдан хоцорсон муу эхнэрээ гэнэт санаж, саяын бодсон буруугаа эчнээ наманчилсаар нэгэн талбайд орж ирлээ.

Тэгтэл бариу цэнхэр жийнсэн өмдийг “яадаг билээ, бөгс нь зад үсэрчих вий” гэж аймаар давчуу тошийлгосон цагаан хүүхэн Дэмидийн араас хэсэг дагаснаа учиртай харц шидэх шиг болов. Ийм хөөрхөн хүүхэн надаар яав л гэж. Гагцхүү надад тэгж санагдсан хэрэг. Хэрэв энэ хүүхэн миний гэргий байсан бол ай золиг гээд уулга алдлаа. Ингэж уулга алдсаныг минь авгай мэдэхгүй нь хорвоо сайхан юм даа гэж Дэмид амандаа шивэгнэв. 

Цэнхэр жийнстэй хүүхнийг Дэмид битүүхэн тагналаа. Гэдсээ татсан намрын шаргачин шиг тэр амьтан Дэмидийг яах аргагүй ширтээд байна аа. Дэмид сандарч алхаагаа сааруулсаар хүүхний ард гарч түүнийг араас нь тухтайхан нүд хужирлав. Дэмидийн шуналт харц хүүхний ид шид цацруулсан биеийн аль л эгдүү ихтэй газраар дураараа сэрүү сэнгэнүүлэн бэлчихэд хүүхэн эм амьтны авъяас зөнгөөр гадарлаж, басхүү алхаа саасаар Дэмидтэй зэрэгцэв. Дэмид зовсондоо газар ширтэн сажиллаа. Хүүхэн ч нэрэлхсэн байртай өндөр өсгийтийнхөө шөвх хоншоорыг ширтэн явахыг Дэмид хараагүй боловч туршлагаараа мэдэрч байв. Нэлээд яваад Дэмид харц сөхвөл хүүхний нялх тугалынх шиг урт сормуустай алаг нүдэнд дэвүүлж эгээ л хийсчихсэнгүй. Хүүхэн нялх тугалынхаа алаг нүдээр Дэмидийг нүүрэмгий таалаад “Сайн байна уу?” гэдэг байгаа. Хүүхний ийм ялдам инээмсэглэлийг Дэмид киноноос ч болхноо олж хүртээгүй билээ. Тэр цочирдсондоо “Сайн” гэдэг үгийг муухан хэлэв. 

Энэ хүүхнийг Дэмид огт үзээгүй ажээ. Дэмид нүдэндээ өртсөн хүүхнийг дараа нь андана гэж байхгүй онцгой авъяастай нэгэн. Цэнхэр жийнстэй хүүхнийг Дэмид өөртөө сээтгэнэлээ гэж бодоход үнэмшигдэхгүй байлаа. Учир нь тэр дэндүү хөөрхөн амьтан байв. Дэмид хүүхнийг дахин харвал хүүхэн урдаас нь дар-эхийн мишээлээр мишээлээ. Дэмид “Еэ бурхан минь, аз заяа толгой дээр буув уу” гэж сэм хашгирав. Энэ агшинд гэрт үлдсэн эхнэр нь Дэмидийн сэтгэлд сорви ч үлдээлгүй арилсныг Дэмидэд мэдрэх ухаан төрсөнгүй. Дэмид авгайдаа сэтгэл ялимгүй дундуур явдаг ухамсрын гэр бүл юм. Ухамсрын гэр бүл цөөнгүйд Дэмид хань татаж, өөрийнхөө гэмийг цагаатгана. Гэвч энэ нууцаа тэр ямар ч сэтгэл зүйч олж анзаарахгүй далдалж чаддаг эр. Авгайгаа дотроо голдог нь сайхан хүүхэн сээтэлзсэн ийм үед буруу ч үгүй мэт санагдаж, яах гэж яаран гэрлэлээ гэж харамсав. Хүүхэн Дэмидээс хэдэн насаар дүү агаад нэлээд зэрлэгдүүхэн хамаагүй нэгэн мэт санагджээ.

Тэгтэл цэнхэр жийнстэй хүүхэн Дэмидийг учиртайхан харж харж,

-Өөрөө манай нэг хүүхдийн эцэг байх аа? гэв. 

Дэмид сайн ойлгосонгүй дэмий л “Юу гэнэ ээ?” гэж гайхлаа. Хүүхэн,

-Өөрөө манай нэг хүүхдийн аав шүү дээ гэж дахин санууллаа. Дэмид юу ч хэлж чадсанүй. Бодлоо: За байз юу болох нь энэ вэ? Зальтай хүүхэн хүүхдийн тэтгэвэр нэхэх аргаа олов уу? Тэгнээ тэр намайг ийм хүүхэн шохоорхох ёсгүй. “Чи манай нэг хүүхдийн эцэг байх аа” гэхийг бодоход ханилж явсан харчуулдаа толгой нь эргэсэн яатуу байх нь. Дэмид минь чи сээхэлзэж явж зальтай эмийн урхинд орох нь байна шүү. Хөөрхий муу авгайгаа би юу гэж голох юм бэ. Тэр минь наддаа болоо. Арай ханийн минь заяа гомдчихоогүй байгаа даа. Ингэж бодмогц Дэмидийн саяхан тачаалалд улайссан час улаан зүрх хүйтэн усанд шархийн ган төмөр мэт хат суугаад “Уучлаарай та юу гэв ээ?” гэж бувтнав. Хүүхэн “Өөрөө манай нэг хүүхдийн аав шүү дээ” гээд ёжтой мишилзлээ. Дэмид тэвдэхдээ “Зүгээр байгаарай хонгор минь. Би хар багадаа гэрлэсэн, завхай зайдан явдлыг үзэн яддаг хүн” гэж улалзав. Цэнхэр жийнстэй хөөрхөн цагаан хүүхэн маань инээдээ барьж ядан, “Үгүй ээ, би танай хүүхдийн ангийн багш байна” гэлээ.

Дэмид гэртээ их л базаахгүй царайтай орж ирэв. Авгай нь нөхрөө харуут тэр дороо нүд нь зовиуртай гялалзаад “Яачихав аа? Бие чинь зүгээр үү?” гэснээ нөхрийнхөө хөлс чийхарсан мөлүүхэн духыгбарилав. Дэмид халуу дүүгэх духаа бариулан амьсгаадаж суухдаа “Ёо ёо. Бие нэг л аягүй” гээд хэнгэнэтэл санаа алдлаа. Эхнэр нь “Чи минь биеэ гаргуунд нь хаядаг аа болиоч дээ” гээд савангийн хөөстэй нойтон толгойгоо өвөр дээр нь тавиад уйлагнан нусаа татав.