Өчигдөр өглөө баруун талыг нь Кубын элчин сайдын яам эзэлдэг хоёр давхар барилгын хажуугаар өнгөртөл зүүн талын зарим цонх шилгүй, засвар орсон харагдав. Тэгээд олон байгууллагын гар дамжсан энэ хэсгийн түүхийн нэгээхэн хэсгийг гэнэт санав. Нээрээ яг энд далаад оны эхээр Өмнөд Вьетнамын үндэсний чөлөөлөх фронтын төлөөлөгчийн газар байсан. Тэгэхэд газрын зураг дээр эрэг дагасан, шахцалдаад далай руу уначихдаггүй юм байх даа гэж дуу алдмаар харагдсан нарийхан зурвас энэ улс хоёр хуваагдсан, өмнөд нь бас дахин хоёр хуваагдсан, тэгээд Америктай, бас хоорондоо дайтаж байсан вьетнамын дайны ид үе. Төлөөлөгчийн газрын үүдэн дэх самбарт, өнгөрсөн сард ӨВҮЧФ-ийн дайчид америкийн төчнөөн тооны түрэмгийлэгч, тэдний гар хөл болсон Сайгоны төчнөөн цэргийг (өмнөдүүдээ хэлж байна) устгав, дайсны онгоцыг пуужингаар буудаж сөнөөгөөд нисэгчийг олзлов, дайснууд жирийн тосгон сууринг шатааж харгислав гэсэн тайлбар бүхий аймшигтай зургуудыг тавьдаг байсан. Нэг мэдэхэд дайн дуусч төлөөлөгчийн газар алга болсон. Бодвол Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх БНСВУ-ын Элчин сайдын яамтайгаа нэгдсэн байх.

Барилга болгон түүх байдаг. Харин гудамж бол бүр том түүх.

Энэ гудамжаар би сурагч байхаасаа эхлээд дөчин хэдэн жил нааш цааш алхжээ. Хичээлдээ өдөр бүр явдаг байсан, одоо ч ажилдаа явдаг. Анх ямар нэртэй байсныг таг мартсан ч 1990 онд Нэгдсэн үндэстний гудамж болсныг санадаг. МУИС-ын дөрөвдүгээр байр буюу Эдийн засгийн сургуулийн урдуурх Бага тойруугийн замын  урдаас эхэлж хагас дугуйраад, тэгснээ тэгширч явсаар дахиад дугуйрч 5-р сургуулийн урдуурх Бага тойруугийн зам хүрээд дуусдаг нумарсан гудамж. Ганц километр ч хүрэхгүй болов уу.

Нэгдсэн үндэстний гудамжны бол 1960-аад оноос XXI зуун гаран гартал Улаанбаатарын хамгийн аятайхан гудамж байжээ. Ялангуяа амралтын өдөр эртхэн гараад явбал ганц ч хүн тааралдахгүй, ширхэг ч машин өнгөрөхгүй, цочмоор нам гүм байдагсан. Энэ нь учиртай. Гудамжны хойт талаар БНАГУ ба БНАСАУ-ын элчин сайдын яамд байрлаж, гаднаа сэргийлэгчтэй, харин зах зээлээс хойш эхнийх нь ХБНГУ-ын Элчин сайдын яам болж, харин Хойт Солонгосынхыг буулгаж оронд нь UN House нэртэй НҮБ-ын байр болгоод цагдаагаар мануулсаар өдий хүрчээ. Урдхан талд нь Сүхбаатар дүүргийн цагдан сэргийлэх, дараа нь Цагдаагийн хэлтэс бэлэн. Ийм байхад наад зах нь чимээ шуугиан тариад явах хүн олдох уу? Нийслэлийн төв дэх "их амар амгалан".

Харин өнөөдөр энэ гудамжны өмнөх түүх төгсөж байна. Гудамжны нүүрэн талын барилгууд дунд хэсгээрээ өмнөх төрхөө ерөнхийдөө хадгалсан ч нам гүм нь алга. Хоёр эгнээ зам нь өдрийн цагаар гурван эгнээ машин тавьдаг зогсоол болсон. Барилгуудын араар байсан нийтийн эзэмшлийн газар, хүүхдийн тоглоомын талбайг квадрат метр ч үлдээхгүйгээр өндөр барилгаар чигжсэнээр машинууд нь бүлтэрч гудамжийг эзэгнэсэн хэрэг. МТ компанийн 12 давхар офис бүр нүүрэн талд баригдсан бол Герман элчингийн чанх урд Гацуурт компанийн лав 15 давхар офисын цутгалт дуусаад зэргэлдээх оршин суугчдын эсэргүүцлээр зогсоод хэдэн жил болж буй, гэхдээ нураахгүй нь мэдээж. Сүхбаатар дүүргийн тамгын газрын байрны оронд концесс нэрээр 16 давхар барилга босч байна. Тун удалгүй гудамжийг сүүдэрлэдэг болно. Гудамжны баруун тийш алхвал алдарт Шилэн дэлгүүрийн навтгар одоохондоо хэвээрээ. Гэхдээ өндөр барилгаар солих зураг хэдийнэ гарчихсан харагдсан. ШУА-ийн хэвлэх үйлдвэрийн байр хувьчлагдаж Шинэ иргэншил дээд сургууль, ноднингээс давхар МСҮТ болжээ.

Нэгдсэн Үндэстний гудамжны хоёр талын барилгуудыг Улаанбаатарын бусад бүх гудамжны нэгэн адил ханыг цоолж, эсвэл сунгаад ресторан, баар, зоогийн газар, кофе шоп гаргасан нь шинэ цагийн түрлэг. Харин тэд маш их өөрчлөгддөг, байн байн нэр хаягаа сольж, солигдож харагддаг. (Зөвхөн Герман элчингийн чанх өөдөөс харсан даатгалын газрууд бизнесээ дагаад огт хөдөлдөггүй). Хүүхэд байхдаа уншсан сонгодог романуудын үйл явдал өрнөдөг, одоо ч хэвээрээ дуулддаг европын кафе, ресторанууд шиг түүх үлдэхгүй юм байна. Үүнийг илтгэх мэт Нэгдсэн үндэстний гудамжны хамгийн төгсгөлийн урд талын барилгын үзүүрийг хятадын "Найрамдал" ресторан аль хэдийнэ эзэгнэсэн бол хойт үзүүрт америкийн байх Circle K сүлжээний нэг дэлгүүр саяхан улаан өнгөө мандууллаа. Шинэ цагийн найрамдал, нэгдсэн үндэстнүүд гэж ийм болжээ.

Гэхдээ Нэгдсэн Үндэстний гудамжны хамгийн чухал хэсэг бол төрийн олон яам, агентлаг. Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газар, Соёл урлагийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Тавуулаа Нэгдсэн үндэстнээр хаягладаг учраас бичихгүй үлдээж боломгүй. С.Чинзориг сайдын яам машины зогсоол огт байхгүй ч С.Эрдэнэ сайдын үед яамны архив нэрээр ардаа 15 давхар хоёр өндрийг бариулсан нь үнэн хэрэгтээ орон сууц бололтой. Яагаад гэвэл хүүхдийн тоглоомын талбайтай. Эсвэл ажилтнууд нь үдийн цайгаараа гулсаж тоглодог юм болов уу. НХХЯ-ны булан тойроод урагшаа эргэвэл яамдын дундын том талбай байдаг ч сайд дарга нарын томоос том жипүүд болон ажилтнуудын машинуудаар пиг дүүрэн. Тэр олон машин хэрхэн орж гарч чадаад байдгийг тусгайлан судалмаар санагдсан.

1970-аад оны эхээр яг энд манай гэр байсан. Нарийвчилбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ба Байгаль орчны яамны барилгыг холбосон хэсгийн яг тэнд. Томоо гэгч хашаанд эмнэлэг, диспансер, тэгээд 3-4 айл. Хашаанаасаа гараад зүүн хойш эргэхэд гурван давхар барилга угтдаг. Одоо бол ХНХЯ, Үндэсний хөгжлийн газар, Соёл урлагийн газар. Харин тэр үед эзгүй, нэг, хоёрдугаар давхрын цонхнуудын зарим хагарсныг жижиг нүхтэйгээр төмөр торлож хамгаалсан аятай, харин гуравдугаар давхрын цонхнууд торлоогүй хэрнээ ихэнх нь бүтэн. Чулуу шидээд хүрдэггүй байжээ. Одоо санахад хүрмээр юм даа. Эсвэл тэр үеийн хүүхдүүд бид турь муутай байв уу? Ямар ч байсан улс орныхоо төлөө хэрэндээ л улс төржиж байсан ухаантай. Нов ногоон хувцастай, малгай дээрээ улаан тэмдэгтэй, гартаа Мао-гийн бяцхан улаан номтой хятад сургуулийн хүүхдүүдтэй бие биенээ муухай харж зөрдөг байсан тэр үеийг санаарай. Ингэсхийгээд зогсоё. Үүнээс цааш цуурвал өнөө цагт улс төрийн алдаа болно. Саяхан хэвлэгдэж гарсан "Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол-Хятадын найрамдал" цомгоос тэр гурван давхар тухайн үеийн хятад зочид буудал байсныг сая л мэдлээ. Хоёр орны харилцаа муудаад тэд орхиод явсны дараа нэг хэсэг эзгүйрсэн хэрэг. Надаас ахмадууд түүхийг нь сайхан яриад өгөх биз. Сая дурдсан номыг судалсан чинь 50-60-аад оны Улаанбаатарын ихэнх барилгыг БНХАУ-ын  тусламжтайгаар босгожээ. Бүр санаа зовмоор ч юм шиг. Нэгдсэн Үндэстний гудамжны хоёр талын бүх барилгыг, түүний дотор Германы ЭСЯ-ны барилгыг бас. Бид ч яахав, социализмаа байгуулаад зав муутай явжээ.

Өнөөдөр Улаанбаатарын муухай харагдаж байгаа, "ашиглалтын шаардлага хангахгүй", "газар хөдөлбөл дарж ална" гэж амлаад байгаа барилга байшин бүр өөрийн түүхтэй.  Та бидний нүдний өмнө баларч байгаа энэ түүхийг ядахдаа ганц нэг гудамж, арга ядвал хэдэн барилгаар төлөөлүүлж хадгалж үлдээх боломжтой хэсэг Төрийн ордноос хойш Бага тойруу дотор байна. Тэднээс хамгийн магадлалтай нь Нэгдсэн Үндэстний гудамж юмсан.