Нэг.

Өчигдөр буюу 4-р сарын 29-ны орой МҮОНРТ тайлангийн хурал хийжээ. Түүнийгээ “Цагийн хүрд”-ээрээ орон даяар цацав. Ерөнхий захирал нь ажлаа танилцуулж, тэгснээ ярилцлага өглөө. Удалгүй эрэн сурвалжлах алба байгуулан цуврал бүтээл гаргах ба хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшилд хэрэгтэй олон нэвтрүүлэг хийх ажээ.

Монголын телевизийн №1 мэдээллийн хөтөлбөр бол “Цагийн хүрд”. Улс орны болон дэлхийн амьдралын хамгийн чухлыг үдэш болгон харуулдаг бараг албан ёсны учраас тэр юм. Төрийн алба, айлчлал, чуулган, хэлэлцээр, одон медаль, олон анхаарал татсан дуулиан гэх мэт. Харин сүүлийн жилүүдэд гол төлөв ерөнхий захирал Л.Нинжжамцын ярианаас бүтсэн МҮОНРТ-ийн өөрийн магтаал монголын том үйл явдлын тоонд хүч түрэн орсон байна. Хэд хоногийн өмнө МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж аудитын шалгалтын дүнг хэлэлцсэн, араас нь жилийн тайлан хэвлэгдэн гарсан зэрэг үйл явдлыг “Цагийн хүрд”-ээр дээрхийн адил дараалан сурвалжилсан билээ.

Сэлфи гэрэл зураг гэж бий. Монголоор өөрөг (ӨӨРийн хөрӨГ) гэх. Харин манай олон нийтийн телевиз сэлфи буюу өөрөг сурвалжлагыг бий болгож монголын, магадгүй дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахаар зориг шулууджээ. 

Саяхны нэг жишээ. Монголд тэр өдөр болсон мянга, түмэн үйл явдлаас чухам үүнийг “Цагийн хүрд”-ийнхэн ер бусын мэдрэмжээрээ олж сурвалжилж чадав. Сурвалжлагын хамгийн эхний өгүүлбэрийг сонсох уу? “МҮОНРТ фитнесийн өрөөгөө шинэчиллээ”. Дуу алдмаар! Хэдэн төмөр нэмснийг ингэхлээр, нээлтийг яасан байхуу? Жинхэнэ уран бүтээлч хүмүүс учраас ноднин Москвад суугаа ЭСЯ-ныхан хонгилын өрөөгөө засварлаад тууз хайчилсныг хол хаясан байж таарна. “Цаг наргүй ажилладаг”, “шөнийн бор хоногтоо гэртээ ордог” танил хүмүүс нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэн дасгал хийхийг харсан үзэгчдийн нүдэнд баярын нулимс цийлэгнэхээр сурвалжлага болжээ. 

Жендерийн мэдрэмжтэй шилдэг редакци тодруулахад MNB World суваг түрүүлсэн тухай "Цагийн хүрд"-ийн бас нэг сурвалжлагыг санаж байна. Захирлынх нь яриагаар бол жил гаруйхны өмнө байгуулагдсан хэрнээ өөрийн орны онцлог дээр BBC-ийн редакцийн бодлогыг нэмээд судалсан чинь ийм өндөр амжилтанд хүрчихсэн. Дэлхийгээр нэг шуугисан болов уу. Өөр нэг сурвалжлага анхандаа зүгээр л сэтгэл зүйн боловсролын сэдэвтэй хэлэлцүүлгийн тухай байсан. Гэнэтхэн "Сайн мэдээ түгээхийн ач тусыг харуулах нэгэн жишээ байна" гэж зарлаад МҮОНРТ ХААН банктай хамтарсан хавдрын эсрэг аяныг үзүүлж гарав. Тэртээ тэргүй олон жил үргэлжилсэн аяныг энд хамааруулсны шалтгаан нь  Л.Нинжжамц захирал уг хэлэлцүүлэгт оролцсонд байжээ. Ингээд МҮОНРТ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өдөр тутамдаа шуурхай ажиллаж эерэг мэдээлэл түгээхийг хичээдэг гэсэн оршилтойгоор захирлынхаа яриаг оруулахад, бид хүмүүсээ сургахын тулд Эрхүүгийн кино урлагын сургууль руу хүмүүсээ 100,100-гаар нь явуулж байна, гадна дотнын хөгжилтэй орнууд руу хүмүүсээ явуулж эхэлж байна, манай контентууд сүүлийн хоёр жил өөрчлөгдөж байгаа гэдэгтэй маш итгэлтэй байгаа гээд авч өгөх нь тэр. Үнэхээр зуу зуугаар нь сургасныг “Цагийн хүрд”-ээр хэдэнтээ гаргажээ. Мөн “MNB Хүний нөөцийн шинэчлэл” нэртэй нэвтрүүлэг 1,2-р сувгаар байн байн гарсан нь нөгөө зуу, зуун уран бүтээлч Эрхүү орж хичээлд суусны дэлгэрэнгүй тайлан ажээ. 

Монголын хамгийн алдартай цэцэрлэг бол MNB Kids боллоо. Албаны байр сав, төсвийн зардал мөнгөөр дэргэдээ цэцэрлэг байгуулсныг буруу зөв гэхгүй. Хамгийн гол нь түүнийгээ нэг хэсэг үзүүлж салсангүй. Нээгдлээ, баяр тэмдэглэлээ гэх мэтээр. Бид удахгүй тэр багш, хүүхдүүдийг таньдаг болох нь. 

Хэрвээ олон нийтийн телевизийн хамт олноос хэн нэгэн одон тэмдэг авах юм бол Төрийн ордонд гардаж авахаас эхлээд телевиз дээрээ хүрэлцэн ирсэн, хамт олон нь угтсан, Нинжжамц захирал хүлээж авсан гээд зогсохоо мартдаг удаа бий. Тавин жилийн ойгоор шагнуулсан арван хэдэн хүнийг “Цагийн хүрд”-ийнхээ хамгийн эхэнд нэг нэгээр нь тусгайлан танилцуулсан билээ. . 

Энэ бүхэн бол Нинжжамц захирлын хэлсэн “өөрчлөгдсөн контент”-ын жишээ юу? Эсвэл сэлфидээгүйдэлт үү?

Хоёр.

Өнгөрсөн сард УИХ-аар МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг нөхөн томилсон нь С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Н.Жанцан, Д.Өлзийбаатар, Д.Батсүх нар. Олон нийтийн телевиз маань улс орны хувь заяа шийдэгдэж байгаа мэт, бусад нэвтрүүлгээ цуцалж байгаад хоёр сувгаараа зэрэг, шууд дамжуулж, дундуур нь хуулийн заалт уншиж сүржигнэсэн хуралдаан дээр гишүүд их олон юм ярьсан ч бүх юм “намын бодлого” ба Ерөнхийлөгчийн тааллаар болж өнгөрөв. Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлээд шударгаар өрсөлдөөд гарчихаж магадгүй гэж их санасан хорин хэдэн эрхмийн гэнэн цайлганыг гайхаад баршгүй. Лав Үндсэн хуулийн цэцийн асан Жанцан “таны онол ба практикийн мэдлэг хэрэгтэй гээд санал тавихад нь зөвшөөрлөө” маягийн юм ярьж сайрхав. Уул шугамандаа дээрээс санал тавьдагүй, дороос нэр дэвшүүлдэг учиртай юм ш дээ.  

Ингээд нийтлэлч Д.Батбаярын оношилсноор, хаашаа ч дагаж харвахад бэлэн болсон сүрэг дахин нэг удаа сумаа ярсхийтэл тавилаа. Гэхдээ О.Баасанхүү (“Манайх Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь харагдаж байна”), Ц.Даваасүрэн (“Зарим нэг улсыг харж байхад улс төрийн нөлөө орсон харагдаж байна... Тархи угаадаг гол хэрэгсэл чинь үндэсний телевиз”). Л.Болд (“Олон нийтийн телевиз олон суваг нээгээд бүх арилжааны телевизтэйгээ өрсөлддөг CCTV болчихлоо”) гээд хоёр гурван тэрслүү гишүүн байсан.

Амаараа шударга загнах аюулгүй юм чинь үлдсэн гишүүд магтаж шүүмжилж, гомдож, тал зассаныг тоочихгүйгээр дүгнэхэд, хар барааныг багасгаж, “стрессийн тойрог”-оос гаргах, нийгмийн гэгээрэл, энтертэйнментыг цагийг нэмэгдүүлэх, соён гэгээрлийн төв байх, ёс суртахууны бодлого явуулах, монгол хүнээ өнгө оруулах тухай захиа даалгавар зонхилж байлаа. 

Эрх мэдэлтнүүдийн төдийгүй нийт үзэгчдийн асар том эндүүрэл бол телевизийн дэлгэц тэр чигээрээ хар бараанд автсан гэх явдал юм. Яг үнэндээ муу муухай агуулга ямар ч телевизийн эфирийн цагийн өчүүхэн хувийг эзэлдэг. Олон нийтийн телевизийн тухайд гэвэл тэр чигээрээ ажил төрөл, ололт амжилт, бүтээн байгуулалт, тууз хайчлалт, нийгмийн хариуцлага, түүх уламжлал, концерт, найр наадам, зугаа цэнгэл. Төр, засгийн нэвтрүүлгүүд, хуулийг улаан цайм зөрчсөн сурталчилгаа, захиалгат төлбөрт, хулгайн нэвтрүүлгүүд бүгд эерэгт орно. Хар бараан нь хаана байна? Эсвэл авлига их байна, уялдаа  холбоог сайжруулах хэрэгтэй, бодлого дутагдаад байна гэсэн хэдэн өгүүлбэрээс төдийлөн хэтэрдэггүй хал балгүй, хоосон яриа хэлэлцүүлгийг хэлээд байна уу? Хэрвээ Их хурлын гишүүдийн хэлснээр МҮОНРТ дахиад гэрэл нэмэх юм бол цайраад юу ч харагдахгүй болно. 

P.S: Үндэсний зөвлөлийг нөхөн сонгосон УИХ-ын чуулганы хуралдааныг “Цагийн хүрд”-ээр дэлгэрэнгүй тоймлон үзүүлсний араас яасан байхав? Арай ерөнхий захирал Л.Нинжжамц гарч яриагүй байлгүй дээ. 

Үгүй ээ, үнэхээр тэгсэн байна. Тэрбээр УИХ-ын хэлэлцүүлэгт дүгнэлт өгч том тайлбар хийжээ.