(Хэлмэгдэгчдийн дурсгалд)
    
Түм буман хэлмэгдэгчдийнхээ өвдөгт мөргөе. Хилсээр цаазлуулсан та нарыгаа далан жил “дайсан” хэмээн ясыг тань тоншлоо. Та бүхнээсээ уучлалт гуйх эрх ч бидэнд байх ёсгүй. Энэ тухай би “зохиол” гэх олон муу навтас гаргалаа. Тоож буй амьтан бараг алга. Гэлээ ч хашралгүй та нарынхаа эмгэнэлийг ухааруулахаар, “Зуун дамнасан төөрөгдөл”, “Үл үзэгдэгч харгуй” гэх хоёр ном бичив. Ямар ч гэм зэмгүй, мөрөөрөө явсан та нарыг минь бурхан өршөөсөн биз ээ л гэж сэтгэлээ хуурах юм. Өвгөн бичээчийн бэл бэнчингээс шалтгаалж хоёр ном маань хэвлийгээс, үгүй ээ, хэвлэлтээс гарахдаа ар хавтсаараа өвөртөө ороод мяами ихэр болчихжээ. Хагалбар хийлтэй нь биш тэр чигт нь уншигч нартаа удахгүй барих болно оо. Зуугаад мянган хэлмэгдэгчийнхээ дурсгалыг бид Ю.Цэдэнбалын төрсөн өдөр шиг тэмдэглэдэг билүү. Дургүйд хүчгүй гэгчээр оромдож, хэлмэгдэгчдийн хөшөө гэх хогийн тандан шиг хар хайрцагт цэцэг өргөж, дүр эсгэх юм даа. Хэлмэгдэгчдийн үр сад гээд хар нялхаас шоодорлогдож насыг туулсан, өдгөө амьд сэрүүн хуруу дарам хэдэн буурайд төр засаг гар тэнийлгэлгүй нүд аниулах янзтай.  
 
   
    Түүхийн манан будан-бидний төөрөгдөл

Би түүхч биш. Түүхч болъё гэх хүсэл энэ насанд минь төрөөгүй. Түүхийн боловсролыг дундач иргэний хэмжээнд эзэмших нь иргэн миний үүрэг. Үзэл суртлаар бохирлосон түүх намайг төөрүүлж орхижээ. Надад түүхийн нэг мөр ойлголт алга. Миний толгойд бөөн эргэлзээ. Над шиг төөрсөн хүн зөндөөн. Миний бие түүхч нарын бүтээгдхүүн. Түүхчдийн үйлвэрлэдэг түүхий бүтээгдхүүн. Сургуульд заадаг хуудуутай түүх миний ижил бракуудыг буй болгосон бөгөөд бид түүхээ мэдэхгүй сохор амьтад шиг тэмтчиж явна. Худал түүх заалгасан ард түмэн зуун жил харийнхны утсан хүүхэлдэй болов.     

Албан ёсныхоо түүхийн сурах бичгийг сөхөөд үз. Манжийн харгис дарлал мөлжлөгийн эсрэг эх орноо хамгаалан тулалдсан Галдан Амарсанаа нарын ариун дайн, Түшээт хаан Чихундорж, Өндөр гэгээн Занабазар хоёрын шившигтэй урвалт, 1911 онд дөнгөн данган бүрэлдэж асан нялх тусгаар тогтнолоо атга чихэр, ам торгоноос худалдсан шанзудба Бадамдорж мэтийн халхын ичгүүртэй ноёд хуваргууд, 1921 оны нийгмийн социалист хувьсгал, ардын дайсан, японы тагнуул, нударган баячууд, сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлэг гээд түүхийн оргил үе бүгд-манан будан.   

Нүдээр үзэж, чихээр сонссон сайн мэдэх саяхны түүхийг хүртэл гуйвуулсан. “Наадахь чинь тийм биш ээ” гэвэл хуучныг баримтлагч, үндэсний үзэлтэн гэж яллаад эхэлсэн. Тэгмэгц айсан ард түмэн түүхийн үнэнээс зайгаа барьсан. Тэгээд дотроо нуудаг хувийн түүхтэй, гаднаа ярьдаг хувьсгалт түүхтэй болов. Түүхийн үнэн ингэж үнэгүйдэж, албан ёсны түүх гэгч худал суртлаар ард олны тархийг угаасан билээ. Худлыг сөхвөл эсэргүүн болно. “Үнэн”-ийг гишгэлсэн түүх гэгч сонирхол татах нь бүү хэл дургүй хүргэсэн. Итгэх нөхцөлгүй гуйвуулсан ташаа түүхийг сургуулиудад түүхийн багш заасаар, хажуугаар нь түүхийнхээ жинхэнэ үнэнийг сэтгэлдээ тээсэн шударга иргэд бухимдлаа нуусаар өдгөөтэй золголоо. Үнэн түүхээ эрхэмлэн дээдлэх омогшлоо монголчууд эгүрт унтраажээ. Түүх бол залуурч, түүх бол багш, түүх бол сургамж гэх үзлийг би дээдэлдэг. Түүхчид та нар эдүгээ ардчиллын буянд түүхийн будилааныг яагаад угаар нь залруулж, үнэн түүхээ яв цав тогтооё гэх эр зориг гаргахгүй, геополитикийн зөөлөн хоол болох-төөрсөн олон шавь бэлдэж, ирээдүйгээ хорлоном бэ. Түүхчид та нар түүхийн гажуудлыг жирийн биднээс үлэмж илүү мэдэж буй. Мэдсэн атлаа маниас яагаад нуунам бэ. Үнэн түүхээ ард олон мэдэхгүй төөрөлдсөөр хорвоог барах хэнд ашигтай юм бэ? Зуун жил төөрлөө. Одоо болоо бус уу!
  
    Төөрөгдөл сэтгэцийн эмгэг болсон нь

Хэлмэгдлийг залгаад бид мэхлэгдсэн. Феодализмын түнэр харанхуйд зам мөр гаргаж явсан эрдэм номын зах зухтай удам судраа шилж хөнөөв. Тэгээд сүнсний нь араас шороо цацаж, шар хар феодлаар нь дуудаж, кино жүжигт итгэхийн аргагүй ой гутахаар дүрсэлсэн. Барууны соёлтой танилцсан 30 гаруй насны Бодоог 50-60 насны жүжигчин гутаасан. Жүжигчний бүтээсэн өвгөн Бодоогийн шившигтэй дүрийг бодит Бодоо гэж итгэн жигшдэг сэтгэхүйн гэмтэлтэй хүн эдүгээ ч зөндөөн. Арай сэргэлэн, золбоотой эх оронч сэхээтнүүдээ сорчлон тонилгосны дараа тэднийг ардын дайсан, японы тагнуул гэж гүжирдсэн гүтгэлгээр 70 жил лекцдүүлсэн монголчуудын тархи коммунизмээс ондооныг эргэцүүлэх чадвараа бүрэн алдсан. Орос сурталд бишрээд оюун нь сэргэшгүй гэмтчихсэн хүн одоо ч цөөнгүй. Тэд буудуулсан өвөг эмэг, эцэг эх, удам судраа дайсан гэж үзэн ядаад, буудсан болъщевик улаантныг аврагч хэмээн мөргөсөөр үхэх тавилантай амьтас. Буудсан нь бурхан, буудуулсан нь чөтгөр гэсэн үзэл суртлыг зөвшөөрөөгүй хүнийг тэд дээш нь матаж, тэдний зовлонгоор амь зуусан улаан сэрээнүүд. Хууртана гэдэг ямар ужиг хорлолтойг мэхлэгдсэн хүмүүст ойлгуулах гэж би энэ сэдвээр олонтаа бичсэн хүн.

Муу гэснийгээ үүрд үзэн ядах мөнхийн заналд мунхарсантайгаа ижил, сайн гэснийгээ тэнгэрт тултал магтах хийрхэлд эмчилгээгүй солиорчээ. Муулах сайлах хоёр бидэнд хоёул ав адилхан сэтгэхүйн гүн хордлого болж архагшсан аж. Үнэмших аргагүй магтах, үнэмших аргагүй зүхэх хоёр биднийг соёлт ертөнцийн доог болгодог. Сайлах муулах хоёр туйлширлыг бодит үнэнд дөхүүлэх нь миний хүсэл юм. Ойрад, Халх, улаан Орос, Манжийн түүхийг үнэнээр нь мэдэх юуны өмнө монголчуудад л хэрэгтэй. Алив юм багтаамж-савандаа дүгнэгдэх ёстой. Би үүний төлөө явдаг.

Нотлох түүхэн эх сурвалжгүй шахам, бараг хоосон домгоор Манжийг мөнхөд үзэн ядсанаар бид аль газрын нүглийг далдалж, хэнийг алдаршуулж, юу хожив? Ганцхан улаан оросыг шүтэх өвчинд зуун жил мунхарсан нь хожоо гэж үү? Улаан оросод яаж ч алуулж, яаж ч шулуулж байсан мөргөж л байдаг сэтгэцийн өвчтэй болсон нь хөгжил гэж үү? Түүхийн үнэнийг улайм цайм мушгиж, Галдан бошигтийг дэгс мандуулж, Чихундорж хааныг хилс ялалсан нь дэвшил гэж үү?
Их гүрний үзэл суртлын тулгалтаар зохиогдсон ташаа түүх биднийг тэр улсын хүлцэнгүй зарц, үндэс угсааныхаа үнэт зүйлсийг санах ой санамжгүй, гэмтсэн тархитай боол болгожээ. Тийм зарц, тийм боол эдүгээ алхам тутам таарч буй нь эмгэнэлтэй. Бузардсан шаштираа буртаггүй болтол ариусгах үүрэгтэй түүхчид яасан ч идэвхгүй хойрго юм дээ.
     
Хоньчин Ядгай сүргийнхээ хажууд сууж байтал Орос цэргийн ангийн машин хонь руу нь дөхөж ирлээ гэнэ шүү. Машинаа зогсоогоод орос цэрэг буугаа барьсаар хонин сүрэг рүү нь мяраажээ. Хадан дунд сууж буй Ядгайг тэр цэрэг анзаарсангүй. Ядгай морио сахлаг ногоо идүүлэхээр гүнзгий жалганд орхисон учир нүднээс далд гэнэ. Оросоос монгол болгон айдаг хойно хоньчин Ядгай чимээ гаргахаас болгоомжлов. Айдаг шалтгаан нь орос хүний буруу байлаа ч нам засаг тэднийг өмөөрч зөвтгөөд, монгол хүний зөв байсан ч буруутгана. Зөвлөлт Монголын ах дүүгийн ган бат найрамдалд сэв суулгах гэсэн эсэргүү хэмээн яланд унагадаг тул айхаас ч аргагүй цаг байлаа.
   
Сүрэг рүү хэтсэн орос цэрэгт баригдах хонь олдсонгүй. Буутай орос цэрэг хонь хулгайлах гэж буйг мэдсэн малчин түүний нүдэнд өртвөл буудчихаж магадгүй хэмээн биеэ далдалж нуугдаад юутай ч өвөрт бэлэн байдаг дурангаа нүдэндээ наав. Орос гэхэд бордуу царайтай нөгөө цэрэг хоёр гурван ирэг буудаж унагаад, хоолойг огтлон цусыг газрын хэвгий рүү юүлсний дараа машиндаа хийж аваад зайлав гэнэ. Машины дугаарыг дурандаж суусан хоньчин мэдээд авчээ. Хонь нь нэгдлийн сүрэг шүү дээ.
   
Хоньчин Ядгай гурван хонь төлөхгүй. Ингэсэн тэгсэн учиртай гээд нэгдлийн даргадаа орос цэргийн машины дугаарыг бичээд өгчээ. Ер нь орос цэргүүд орон нутагт дэндүү давраад байж л дээ. Нэгдлийн дарга аймгийн намын хорооны нэгдүгээр даргадаа энэ явдлын тухай илтгэсэн аж. Аймгийн намын дарга гэдэг том тушаалтан. Оросуудын даварсан үйлдэл орон нутагт гаараад байсан тул аймгийн намын хорооны нэгдүгээр дарга бөгөөд МАХН-ын Төв Хорооны бүгд хурлын жинхэнэ гишүүн тэр бээр болсон явдлыг Орос цэргийн ангийн удирдлагад мэдэгджээ.
   
Нэг өглөө хоньчин Ядгайнд орос цэргийн бүхээгтэй том тэрэг давхин ирж, орос дарга малчин өвгөнийг гэрээсээ гараад ир гэж маш ууртай командалжээ. Ядгай самган хоёр айсаар айсаар гэрээсээ гартал орос дарга нар машины битүү бүхээгнээс хонь буудсан нөгөө муу цэргийг гулд татан буулгаад,   
-Танай хонийг буудсан цэрэг энэ мөн үү? гэж монгол хэлтэй орос асуужээ. Ядгай боровтор царайтай нөгөө цэргийг таньж,
-Мөөн. Мөн байна гэж үнэнээ хэлэв.
  
Тэгтэл оросууд тэдний гэрийн гадаа том бирзээнт дэвсэж дэлгээд түүн дээрээ нөгөө хонь буудсан орос цэргийг зогсоож байгаад буу онилсон хоёр гурван орос зэрэг пижигнэтэл буудтал нөгөө хөөрхий хонины хулгайч орос хүү өнхрөөд ойчжээ. Ядгай эхнэр хоёрт “Ээ бурхан минь” гэж уулга алдаж залбирах ухаан төрж амжаагүй байхад оросууд буудсан цэргээ нөгөө том бирзээнтэндээ агшин зуур хуйлаад машиныхаа бүхээгт шидчихээд арилаад өгчээ.
   
Хоёр хөгшин гэрийнхээ хаяаг налаад муужраад ойчив. Хоньчин эхнэртэйгээ хэд хоног нойр хоолноос гарч өөрсдөө тэр орос жаалыг буудчихсан юм шиг санагдаад шаналж гүйцэв. Нэгдлийн дарга, аймгийн намын хорооны дарга хоёр ч гэсэн гурван муу хониноос болж биднийг Хятадын аюулаас аврах гэж ирсэн зөвлөлтийн хүүхэд алчихлаа гэж сэтгэлийн хүнд цочироо авчээ. Хаа сайгүй л чононд идүүлж байдаг гуравхан хатиараас болж тийм айхтар үр дагаварт хүрнэ чинээ монгол дарга нар, хоньчин аль аль нь ухаарсангүй. Болгоомжлох ухаан гүйгээгүй битүү толгойгоо цөм шаагаа биз. Нутгийн малчид ч оросуудын хатуу чанга аашинд хирд хийж орос хүнээс улам айдаг боллоо.
   
Гайхалтай нь оросууд хонь хулгайлахаа болиод бүдүүн эр үхрийн хонгоны зузаан хар махыг онгойтол огтолж аваад явдаг арганд шилжив. Энэ тухай орос дарга нарт ховлож огт болохгүй. Тэд дахиад хэн нэгнийгээ тоохгүй буудна гэж малчид нэгдлийн удирдлагууд амин хоорондоо тохирчээ. Тэдний тохироог аймгийн намын хороо нууцаар сайшаав. Орос цэргүүдэд хонгоо ухуулсан үхрүүдийг тэр дор нь нядалж нэгдлийн махны хэрэгцээнд зориулдаг уламжлал аяндаа тогтож, үхэрчинд ямар ч төлбөр гялбар гэхгүй жишиг бий болжээ. Харин оросуудын энэ бохир түрэмгий авирыг найрамдалт ах дүү хоёр орны онцгой нууц гэж нэгдлийн намын дарга хатуу анхааруулж, нууц задруулж болзошгүй цуурхай амтангуудыг хянах, тагнах, загнах ажил хүчээ авав.
   
Малчны цагаан сар болж, ганц гэр Ядгайнх битүүрч суутал харанхуй үдэш хаалга цэлийтэл дэлгэн буу барьсан орос цэрэг орж ирсэн нь нөгөө хонь бууддаг цэрэг байв. “Буудуулсан цэрэг амьд явж байна” гэж монголчууд зарга үүсгэж зүрхлэхгүйг орос цэрэг тооцоолсон хэрэг. Үнэндээ манай хадамсаг нам засаг нүдээ аниад үг хэл гаргасан Ядгайг өчиггүй дөнгөчихнө.
   
Айж сандарсан Ядгайхны дуу гацчихав. Нөгөө зөвлөлт цэрэг юу ч хэлэлгүй буугаа түшин суугаад ширээн дээрх архийг хуруугаараа зааж, нэг үг хэлсэн нь архи өг гэж буй нь тодорхой болов. Хоньчин Ядгай муухан сэргэж, архинаас мөнгөн аяганд дүүргэж орос цэрэгт өглөө. Аягатай архийг тэр бээр ус мэт залгилчихаад дахиад аягаа барив. Ядгай аяганд нь дахин архи мэлтэлзүүлээд өглөө. Аяга дүүрэн архийг нөгөөх чинь гударч орхиод битүүлэгний махнаас үхрийн том шаант авч шүдээрээ чоно шиг зулгааж гарав. Тэгснээ хоёр хөгшнийг гэрээсээ гар гэж буугаараа дохиж гаргаад аймгийн сургуулиас аав ээжтэйгээ цагаан сар өнгөрөөх гэж чөлөө авч ирсэн арван зургаатай охиныг нь гэртээ үлд гэж хорьчихоод гаргасангүй.
   
Гэрт охиныг чарлуулж орилуулж гарахад өндөр настай аав ээж нь тусалъя гэвэл буутай орос тэр хоёрыг буудаад зогсохгүй охиныг нь амьд үлдээхгүй. Аргаа барсан хоёр хөгшин гаднаа бие биеэс зуурч ухаантай ухаангүйн хооронд алиа алдчихсан зогслоо.
  
Нөгөө орос цэрэг явахдаа ширээн дээрх шилтэй архийг хэсэг махны хамт авч халааслаад энэ тухай хүнд хэлбэл бүгдийн чинь дух руу буудна гэж дохио зангаагаар ойлгуулаад тас харанхуйд уусан алга болов. Ганц гэр улсад яах ч арга олдсонгүй. Бурхан минь ярих ч юм биш. Тэд эхлээд уурандаа заргалдъя гэж бухимдаж байснаа сүүлдээ бодож тунгаасаар хэнд ч хэлэхгүй хав дарвал аминд өлзийтэй гэж шийджээ. Тэр нь зөв шийд байсан байх.
   
Хонь буудаж хулгайлсан цэргээ хий буудаж, бирзээнтэнд хуйлж аваад явсан орос ах нарынхаа залийг Ядгайхан одоо л нэг юм гадарлаж байх шиг. Гэхдээ тэр гурав өнгөн дээрээ орос ахдаа үнэнч хэвээрээ орос ахыгаа магтан биширсээр амьдрахчаа аяджээ. Тэр гурвын эмгэнэлийг мэдэрсэн сум нэгдэл хоньчин өвгөнийг улсын аварга малчин цолоор шагнаж, ганц тэднийд салхиар ажилладаг сэнстэй Финландын цахилгаан эх үүсвэр бэлэглэсэн нь ийм учиртай. Ингэлээ гээд аав ээж охин гурвын сэтгэлийн шарх яахан арилах сан билээ. Тэр гурвыг сайн малчин гэж улсын зардлаар Москва явуулж, Октябрийн баяр үзүүлсэн гэж байгаа. Тэднийх үнэндээ онцгой сайн малчин айл байв. Ажлын бүх үзүүлэлт нь улсад тэргүүлдэг учраас наад талдаа шагнуулахаас ч яахав, харин цаад талын эмгэнэлийг намын цөөхөн хүн мэддэг байв. Энэ нь Монгол улсын нууц гэхээсээ илүү Зөвлөлтийн нууц тул маш аюултай нууц нууж яваагаа аав ээж охин гурав сайтар ухамсарлаж амьдарсан билээ. Бид ер нь тэнэг биш байх шүү.
   
Номын хэсгээс танилцуулав.