Хачин юм их үзэх нь ээ. Нам нь ялагдчихаад, өөрөө ялагдчихаад байгаа хэрнээ “Яадгийм, намын даргатайгаа хамт унасан юм чинь” гээд инээж хөхөрч явахыг олон хараагүйсэн. Учрыг нь асуувал, “Манай нам ялагдахгүй л бол намын даргаа авч хаяж үнэхээр чадахгүй байсан юм аа” гэнэ ээ. Тэгсэн мөртлөө энэ намын нэр “Монголын Ардчилсан Нам”. Харамсалтайяа.

Өөрөөр хэлбэл, “Надад л ашиггүй бол юу ч хийх хэрэггүй” гэсэн сэтгэлгээ ердөө сонгуулийн маргааш л өөрчлөгдөж байна. Одоогоос 12 жилийн өмнө Т.Ганди сонгуулийн шөнө ялагдлын ирмэг дээр ирчихээд хойш урагш холхин алхаж байхдаа “Би ч ялагдах нь ээ. Нам л ялагдчихгүй бол...” гэж байхыг сонссон. Гэхдээ тэр сонгуулиар МАН ч, Т.Ганди ч ялагдаагүй юм. Эндээс АН, МАН-ын гишүүний ялгааг харж болохоор байв. Гэтэл өнөөдөр Ардчилсан намын зарим нэр дэвшигч ялагдсандаа бөөн баяр. Яагаад гэвэл нам нь цэвэршиж байгаа юм гэнэ. Мэдээж тэд албаар ялагдаагүй. Ард түмний сонголтод талархаж буй нь тэр.

“Говь-Алтайн” Ж.Энхбаярыг Баянзүрх дүүрэгт нэр дэвшихэд зарим нь “За энэ нөхрийн карьер энд хүрээд өндөрлөлөө” гэцгээж байв. Гэвч жигтэйхэн өндөр санал аваад ялчихлаа. Г.Батхүүг Хан-Уулд нэр дэвшихэд “Ха ха, хэ хэ” гэж байсан ч үнэн хэрэгтээ анхны судалгаагаар 7 хувьтай байснаа санал хуралтын өмнө 37 хувийн рейтингд хүрэв. Энэ юуг хэлээд байна вэ.

Нутаг орноо тохижуулсан нэгнээ хүнд хэцүү шугам руу үдэхэд нутгийнхан ч сэтгэл уужим, түүнийг хүлээж авч байгаа газар орон ч дуртай байдаг бололтой. Жишээ нь Баянзүрхийг хар. Нэг л их чулуун хөшөө босгосон, хөрөнгө шамшигдуулсан гэх даргатай байснаа АН-ынхан олуулаа болоход жирэмсэн хүүхэн зоддог гэх гаж зуршилтай айхтар догшин даргатай болсон. Түүнээсээ салах ганц арга нь “МАН ялаасай” болж таарав. Өмнөх сонгуульд сонгогдсон гишүүд нь нэг бол нам дамжсан гэх цолтой. Эсвэл хувийн компани, хувийн сургуулиасаа давж сэтгэдэггүй. Ингээд өнчирч байтал нь хаа хамаагүй Шаргын говиос танай дүүргийг хөгжүүлээд өгье гээд нэг зоригтой залуу хүрээд ирж. “Генералын хүү” хочтой. Хүү өөдөлж дэвшихэд аавын буруу огт үгүй. Тэгээд ч “сайн хүний үр, сүүт гүүний удам” гэх домгийн сэтгэлзүй хүчтэй хөгжиж, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан гэхээс өөрөөр Баянзүрхэд огт хамаагүй зовхи нь өөдөө залуу олонхийн санал авчихлаа.

Сонгогч танихгүй бурхадаасаа залхчихчээ. Тэгээгүй бол 497 бие даагч өвдөг шороодоно гэж байх уу даа. Эсвэл сонгогчид юу ч мэдэхгүй, бодохгүй байна. Нэр дэвшигчийн хувьд “Тэр өдрийн тэнгэр мэдэг, Тэнэг миний заяа мэдэг” гээд ороход болж байна. Сонгогдох гэж хичээх тусам балраад байгааг харж байгаа биз. С.Жавхлан сонгуулийн сурталчилгаагаа үхэр тэргээр хийж, үнэнийг гүйцэх эсэхээ харъя гэсэн нь сонгогдын зүрхэнд ойр цөсөнд хавираад л тусч байна. Үр дүнд нь Төрийн ордны гадна нэг морь эзнээ хүлээгээд “баагаад” зогсч байвал бүү гайх.

Олоон жил УИХ-д сонгогдсон эрхэмтэй тааралдлаа. Ямар “Сайхан ялагдав” уу гэлтэй биш дүлэгнэж байтал “Хожигдчихлоо. Тоглолт үргэлжилнэ шүү дээ. Энэ бол ялагдал биш. Хүнд байвал хөлбөмбөгтэй зүйрлэ” гэхэд дотор цэлмээд л явчихаж байна.

Хамгийн аймшигтай үгс: “Намын дарга ялагдсанд л баярлаад байна. Одоо манай нам сайхан болно оо” гэдэг үг л байлаа. Ерөөсөө итгэл үнэмшлийг минь тэр намын дарга л гишгичиж дэвсэлсэн байна шүү дээ.

МАН яагаад энэ ялалтыг магнайтай тэнийж хүлээн аваагүй гээч. “Одоо л бүх дажин эхэлнэ дээ” гэдгийг ухаарсан нь тэр. Гэхдээ МАН ч бас АН-ыг бодоход “Хурал хурдан болоосой. Даргаасаа салах юмсан” гэдэг нам биш шүү. Харин элдэв шалдав ашиг сонирхлоосоо болж “Стандарт бус” болж л тэнэгтэв. Хачин юм үргэлжилсээр...Ээ дээ, энэ намаа муулж яваа АН-ынхан уу. С.Баяр сонгууль удирдсан юм чинь “стандарт бус”-аар гялайлгахгүй байгаа гэж горьдож мэдэш. Тэдэнд “том” эрх ашиг бий. Гэхдээ тэр нь улс орны эрх ашиг, намын эрх ашгаас тээр дор хэвтэж байгаа болоод л өөрийн намын даргыг нар өөд харуулахгүй байгаа хүмүүс өрөөлийн намын өмнө өмдөө тайлаад хэвтэхэд бэлэн байгаа хэрэг шүү дээ.

Гарын арван хурууг гүйцээхгүй тооны гишүүн АН-аас орж ирлээ. Тэд сөрөөд хаа хүрэхэв. Тэднийг Засгийн газартаа оруулбал ялалтын заяа гомдоно. Харин тэдний цаадах С.Баярын найзуудаас эмээх шалтгаан бидэнд бий. Хардах ч эрхтэй.