25 жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг нь ЗХУ-аас бүрэн хамааралтай болсон байлаа. Зүүн Европт социалист систем нуран унаж, ЗХУ задарснаар 1991 онд Монгол, Оросын хооронд байгуулсан 400 сая ам.долларын бартерын худалдааны гэрээ биелэгдэхгүй болов. Ийнхүү Монголын импорт 80 хувиар тасарч, ховор тачирхан, хүйтэн өвөл эхэллээ. Эдийн засаг үндсэндээ дампуурч, дэлгүүрт давс, худалдагч хоёр л үлдээд байв.



Монголчууд улс орноо нэг нам давамгайлсан тогтолцооноос олон хүчнээс бүрдсэн, парламентын ардчилал руу, төвлөрсөн төлөвлөгөөт дэглэмээс зах зээлийн эдийн засаг руу шилжүүлж эхэллээ. Энэ түүхэн шилжилтээ одоо эргэн харахад хийсэн, бүтээсэн зүйл их буй ч, дутуу дулимаг ажил ч багагүй аж.

Улс төр, эдийн засгийн энэ давхар шилжилтийг донор орнуудын болон олон улсын хөгжлийн институцүүдийн тусламж, хөнгөлөлттэй зээлгүйгээр төсөөлөх боломжгүй юм.

ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ, ТУСЛАМЖ

1991 оны хоёрдугаар сарын 14 буюу Цагаан сарын битүүний өдөр гэхэд Монгол Улс Дэлхийн банкны гишүүнээр элсэв. Өмнөх өдрүүдэд нь Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкинд гишүүнээр элсэн орж, хамтын ажиллагааны анхны гэрээ хэлэлцээр байгуулснаар монголчууд шинэ түншүүдтэйгээ төмөр хонь жилтэй золголоо. Монголчуудын хувьд сайн мэдэхгүй, ардчилал, зах зээлийн шинэ нийгэм байгуулахын тулд юуны өмнө шинэ түншүүдээсээ суралцан, эдийн засаг, санхүүгийн бодлогоо хамтран боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага тулгарав.

Эдийн засгийн хямралаас гарч, шилжилтийн шинэ сорилтуудыг давахын тулд 1991 оны наймдугаар сард ОУВС-тай хэлэлцээр хийж, юуны өмнө төлбөрийн тэнцлийн алдагдлаа бууруулах зорилгоор “Стэнд бай” хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон хөгжлийн түнш орнууд, ялангуяа Японоос санхүү, техникийн тусламж, хөнгөлөлттэй зээл эрчимтэй авах боллоо. Зээл, тусламжийг эхний ээлжинд хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт, нүүрс олборлолт, түлш шатахуун худалдан авах, тээвэрлэлтийн нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгсэл худалдан авах зэргийг санхүүжүүлэхэд зориулсан юм.

Тэр цагаас хойш ОУВС-тай хамтран ажиллаж, төсвийн санхүүгийн системийг олон улсын жишигт нийцүүлэн, төрийн сангийн нэгдсэн данстай болж, төсвийн орлогын бодлогоо өөрчлөн, татварын орчныг илүү тодорхой болгон, банк, санхүү, даатгалын салбаруудад шинэчлэл хийлээ.

Дэлхийн банктай хамтран нийтийн засаглалыг сайжруулах, хөдөөгийн хөгжил, хүн амын боловсрол, Улаанбаатар хотын менежментийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, уул уурхайн салбарын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, дээрх асуудлуудтай холбогдсон төр засгийн бодлого боловсруулах зэрэг томоохон ажлууд хийжээ.

Мөн дэлхийд анх удаа малын индексжүүлсэн даатгал нэвтрүүлж, Монгол орны онцлог, цаг уурын нөхцөл байдлыг тооцсон, малчид, ард иргэдийн хэрэгцээнд суурилсан, цоо шинэ төрлийн даатгалын бүтээгдэхүүн бий болгосон нь эдүгээ амжилттай хэрэгжиж байна.

“Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд Төсвийн тухай хуулийн шинэчлэлийн дагуу Орон нутгийн хөгжлийн сан байгуулан, тэндхийн өмчийг бүртгэх, иргэдийн оролцоо, санаачилгыг нэмэгдүүлэх, бичил санхүүг хөгжүүлэх, төсвийн хуваарилалтын төвлөрлийг сааруулан орон нутагт шилжүүлэх зэрэг ажлыг хийснээр хөдөөд хөрөнгө оруулалт хийх боломжийг сайжруулав.

Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 1.6 тэрбум ам.долларын санхүүжилт хийж, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэгт олон салбарт бодит үр дүн бүхий 276 гаруй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, дэмжлэг үзүүлж ирсэн манай том түншүүдийн нэг юм.

Тэдний санхүүжилтээр Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам удалгүй бүрэн ашиглалтад орсноор хоёр хөршийг, цаашилбал Ази, Европыг холбосон шинэ коридор бий болж байна. Мөн боловсролын салбарт олон төсөл хэрэгжүүлснээс 12 жилийн тогтолцоонд шилжих, сургалтын хөтөлбөр, стандарт, арга барилыг шинэчлэх ажлуудыг энд дурдаж болно. Эрүүл мэндийн салбарт эмнэлгүүдийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг төлөвлөх тогтолцоог бүрдүүлж, Сонгинохайрхан дүүргийн загвар эмнэлгийг байгуулж, цусны аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгон, эмнэлгийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, хяналтыг сайжруулах ажлуудыг хийжээ.

Монгол Улсын Засгийн газар 1991-2014 онд түншлэгч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас нийт 5.6 тэрбум ам.долларын хөгжлийн албан ёсны тусламж (ODA) авсны 54 хувь нь хөнгөлөлттэй зээл (гурван тэрбум доллар), 46 хувь нь буцалтгүй тусламж байлаа.

Мөн энэ хугацаанд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 10 дахин нэмэгдэж, 4000 ам.долларт хүрээд байна. Манай улс буурай хөгжилтэй орноос дундаас доогуур хөгжилтэй оронд 2006, дундаас дээгүүр хөгжилтэй орны жагсаалтад 2012 оноос бичигдэх болов. Энэ түвшинд Монгол Улс хөгжлийн хөнгөлөлттэй, том зээл авах боломж улам нэмэгдээд байна.



ӨГӨӨЖ, СУРГАМЖ

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс гадаадаас авсан хөнгөлөлттэй зээлийнхээ 31 хувийг дэд бүтэц, 12 хувийг эрчим хүч, 11 хувийг банк санхүүгийн чиглэлээр ашигласан бол буцалтгүй тусламжийн 15 хувийг хүний хөгжилд, 11 хувийг яаралтай тусламж, 10 хувийг эрчим хүч, 10 хувийг хөдөө аж ахуй, есөн хувийг зам тээврийн салбарт зарцуулжээ.

Дотоодод дамжуулан зээлдүүлэх ажлыг нэг хэсэгтээ Гадаад хэргийн яам, Худалдаа үйлдвэрлэлийн яам, Монголбанк зэрэг байгууллага хамтран хариуцаж байсан бол 2003 онд Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль гарч, энэ асуудлыг Сангийн яаманд даалгаснаар бүх зээлийн баримтыг нөхөн бүрдүүлж, Засгийн газрын авлагын тайланд бүртгэсэн юм.

Гадаадын зээл, тусламжийн үр өгөөж нь авч буй орны төр засгийн үйл ажиллагааны ил тод байдал, олон нийтэд явцыг нь үнэн зөв тайлагнадаг, эсэхээс ихээхэн хамаардаг.

Харин Монгол Улс төр засаг нь тогтворгүй, Засгийн газрын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого муу, зээл, тусламжийг хэрэгжүүлэх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид нь байнга солигдож байдаг зэргээс үүдэн эдгээр төслийн ажил цалгардах, давхардах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаа холбоо алдагддаг зэрэгт бид дүгнэлт хийх ёстой.

Цаашид зээл, тусламжийн төсөл бүрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, олон нийтэд хэрэгжилтийг нь тайлагнах механизмыг сайжруулан, зөвхөн уул уурхайгаас хамааралтай Монгол шиг орны эдийн засгийг олон тулгууртай болгон хөгжүүлж, гадаадын зээл, тусламжийг чиглүүлэх шаардлагатай юм.

Эдүгээ эдийн засгийн хэмжээ нь томорсон ч, Монгол Улс гадаадын зээл, тусламжаас хараат хэвээрээ л байна. Үүнийг гэрчлэх тод жишээ нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт 1991, 2009 онд хамрагдсан ч, 2017 онд гурав дахиа хамрагдахаар хэлэлцээр хийж байгаа явдал юм.