Югославын дайны дүрвэгсэд

Дайн өмнөх дүр зураг

Дэлхий ерөнхийдөө капиталист болон коммунист гэсэн 2 системд хуваагдсан байлаа. Спортын салбарт хоёр системээрээ хуваагдан хүчтэй өрсөлдөж байсан бөгөөд аль систем хүчтэй байгаад үргэлж маргаан дэгдэж байв. Олимпийн наадмаас эхлээд сонирхогчид давамгайлсан ялангуяа ганцаарчилсан төрөлд коммунист орнууд илүүрхэж, мэргэжлийн спортод капиталистууд толгой цохиж байсан юм. Сагсанбөмбөг капиталист АНУ-д, хөлбөмбөг капиталист баруун европт хөгжиж, 1988 оны Сөүлийн Олимпт ЗХУ медалиар тэргүүлж, коммунист Зүүн Герман удаалж байв. Коммунист орнууд ихэвчлэн ганцаарчилсан төрөлд амжилт гаргаж байсныг олимпийн статистикаас харж болно. Коммунист Унгар, Болгар, Румын эхний аравт бичигдэж, Югослав, Чехословак хорь дотор орж ирэв.

Энгийнээр тайлбарлахад капиталист спорт нь мэргэжлийн салбарт спортыг бизнес болгон хөгжүүлж байлаа. Эхэндээ ялгаагүй мэт байсан хоёр системийн гарааг харахад коммунист систем нь өгөөжтэй мэт дүр зураг харагдаж байсан юм. Гэвч тогтвортой өсөлтийг дэмжихгүй, зөвхөн үр дүнгийн араас хөөцөлдсөн систем байсныг дараа нь бүгд харсан. Адаглаад систем нурсны дараа авьяаслаг тамирчид баруун руу дүрвэж байсан юм.

Спортыг хөгжүүлэх амаргүй. Харин амжилт гаргаж болно. Заримдаа амжилт нь хөгжилтэй огт хамаагүй байдлаар илэрдэг бөгөөд 2007 оны Хөлбөмбөгийн Азийн аваргад Ирак түрүүлж байхад эх оронд нь дайн болж байсан юм. Иракчууд 2004 оны Афиний Олимпийн хөлбөмбөгийн төрөлд дөрөвдүгээр байранд ороход иракын дайн эхлээд ганцхан жил болж байлаа. Иракын амжилт бол хөгжилтэй огт хамаагүй бөгөөд коммунизмын спортын дүр зураг бол яг үүнтэй адилхан юм. Спортын амжилт гаргаж байна уу гэхээр тийм, харин спорт хөгжиж байна уу гэвэл үгүй.

Коммунист орнууд дунд югослав спортын өндөр амжилт үзүүлж буй улс байлаа. Гэхдээ Унгар, Болгар, Румын тэднээс илүү амжилт гаргаж байсныг статистикаас харж болно. 1990 он болж нийгмийн байгууламж солигдоход эдгээр улсуудад нийтлэг дүр зураг ажиглагддаг бөгөөд 2000 он хүртэл спортын салбар нь 10 жил бага багаар эрчээ алдсаар дуусчээ. Амжилтанд тулгуурладаг салбар удаан насгүй гэдгийг үүнээс харж болно. Эдгээр дундаа илүү соёлжсон, барууны хэв маягтай Унгарын спорт л хуучин хэв маягаа хадгалж Румын, Болгарын спортын салбар танигдахын аргагүй болов. Унгарын хөлбөмбөг дэлхийг чичрүүлж байхад коммунизм

Дүрвэх шалтгаан ба давуу тал

Дайн болж байгаа газар спорт хөгжинө гэж байхгүй л дээ. Харин дайнаас дүрвэсэн иргэд өндөр хөгжилтэй улсад очоод спортын өндөрт амжилт үзүүлэх нь сүүлийн жилүүдэд эрс өсч байна. 1991 оны Югославын задрал үүний хамгийн том жишээ болон үлдсэн юм.

Тухайн үед коммунизм нурахад ЗХУ-ын задралаас гадна Европын цээжинд байрлах Югославт хэд хэдэн тусгаар улсууд бий болжээ. Оросын “народ”-уудыг бодвол югославын харьяаны боловч өмнө нь Австри-Унгарын эзэмшилд байсан Словен, Хорват европын улсуудаас дэмжлэг хүсч тусгаар улс болох алхам тавигдсан юм. Араас нь исламын шашинтнууд зонхилсон Босни Херцеговина нэгдсэнээр Балканы хойг тэр чигтээ дайны утаанд хахлаа. Удалгүй Македон нэмэгдэж, Монтенегро, Косово дараагийн задралыг хүлээн бужигнав. Дэлхийн 2-р дайнаас хойш европт өрнөсөн энэ дайн 1991-99 он хүртэл үргэлжилж 1 сая орчим хүн гадагшаа дүрвэж, 4 сая хүртэлх оршин суугчид Балканы хойгтоо нааш цааш хөдөлгөөнд оржээ. Үнэндээ өнөөгийн Сирийн дайнаас илүү европын олон орныг татан оролцуулсан том дайн өрнөж байсан юм.

Коммунизм нуран унасан нь иргэдийн цагаачлах, дүрвэх эрмэлзлэлийг өдөөж байсан бол дайн болсноор нэг мөсөн олноороо эх орноо орхих хүслийг нь гүйцэлдүүлсэн юм. Тухайн үед европ цагаачдын асуудалд эерэг хандах боломжтой байсан бөгөөд зүүн европын хэдэн улсыг оролцуулалгүйгээр европын бүх улсууд дайны цагаачдыг эх орондоо оршин суух зөвшөөрөл өгч байлаа. Герман ганцаараа 320 000 дүрвэгч, Швед 77 000, Австри 55 000, Нидерланд 43 000, Түрк 35 000, Швейцар 32 000 мянган хүн хүлээн авсан гэсэн албан ёсны мэдээ бий. Хамгийн ихийг хүлээж авсан нь эдгээр улсууд. Үүний ард бүртгэлд хамрагдаагүй хэдэн мянган хүн байгааг тоолж баршгүй. АНУ, Канад, Австрали руу тив дамнасан нүүдэл ч олон хийгджээ. Сүүлд Чечений дайнаар Австри улс дүрвэгчдийг авч байсан гэхээр Ойрх Дорнодын үймээн хүртэл европ нь дүрвэгчдэд тун ээлтэй хандаж байв.

Дүрвэгчид өндөр хөгжилтэй улсад очоод хар бор ажил хийнэ. Хичнээн боловсролтой байгаад эх орондоо хийдэг шиг ажил хийх боломжгүй. Дээр нь коммунизмын боловсрол, сургалт баруун европт хоцрогдох нь ойлгомжтой. Харин дэд салбарууд болох урлаг, спортоор амжилт гаргах бүрэн боломж байв. Ялангуяа спортын салбар өндөр түвшинд хөгжсөн нь, югослав цагаачдын хувьд амьдралын том алхам хийх боломж байсан юм. Дээр нь дайнаас дүрвэсэн юу ч үгүй хүмүүсийн хүсэл зориг спортоор амжилтанд хүрэх боломжийг нь өдөөж байв. Ингээд серб, хорват, словен, македон, босни, косово, монтенегро дүрвэгчдийн үр хүүхдүүд спортын том том академиудад суралцаж дэлхийн хэмжээний тамирчин болох үүд хаалга нээгдсэн билээ. Хэрвээ югослав задраагүй бол дайн болохгүй, дайн болохгүй бол хүмүүс дүрвэхгүй. Ингэж олноороо дүрвэхгүй бол энэ олон сайн тамирчид төрөн гарахгүй байлаа. Гэхдээ хамгийн чухал орхигдуулдаг судалгаа бол нийт дүрвэгчид болон тэдний үр хүүхдүүдийн 1 хүрэхгүй хувь нь мэргэжлийн сайн тамирчид болдог юм.  

Югославын дүрвэгсдэд нэг том давуу тал байсан нь өндөр хөгжилтэй улсуудтай хил залгаа байсан учраас нүүхэд ямар нэг асуудал байхгүй хялбар байв. Дээр нь тухайн үеийн европын улсууд дүрвэгсдийг хүлээж авах нөхцөл нь бэлэн байлаа. Хажууханд нь болсон геноцид, аллага, хүчин, шашины мөргөлдөөн европын улсуудыг гараа сунгахаас өөр аргагүй байдалд хүргэсэн билээ. Харин африкаас ирэх дүрвэгчдэд европ руу очих нь асар өндөр зардалтай байлаа. Мөн л дайны импактаар хэл нэгт франц руу баруун болон төв африкаас олон хүн цагаачилж, англи, герман, скандиновын хойг руу цөөн хэдэн хүмүүс очсон байдаг.

Өндөр хөгжил, цөөн хүн ам ба Швейцар, Австри...

Дүрвэж очсон хүмүүст “шинэ” эх орон нь хүн ам бага, хэт өндөр хөгжилтэй байх тусмаа спортын талбарт амжилтанд хүрэх боломж төдий чинээ их байсан юм. Тухайлбал Швейцар бол 8 сая хүнтэй (1990 онд 6.7 сая), ДНБ-ээр 2000 оны дунд үе хүртэл дэлхийд тэргүүлж байсан улс. Швейцарын иргэд чөлөөт цагаараа спортоор хичээллэхээс амьдралын зорилго болгох нь бараг үгүй. Тиймээс швейцарын спортын клубуудэд дүрвэгсдийн хүүхдүүд голчлон хичээллэх болов. Боловсролд гэхээсээ илүүтэй тухайн спортод амьдралаа зориулж байгаа болохоор сайн тамирчин болох бүх нөхцөл бэлэн байв. Хүүхэд авьяастай, гэр бүл халамжтай бол швейцарын сайн сургалт, дасгалжуулалтаар дэлхийн спортын боловсролыг дүрвэгсдийн хүүхдүүд ядах юмгүй авна. Швейцар улс ч гэсэн энэ тал дээр нээлттэй бодлого явуулж ард иргэд нь спортын тамирчин болж шигшээ багаа төлөөлөх сонирхол багатай учраас авьяаслаг цагаач хүүхдүүдийг шигшээ баг, клубынхээ нэр дээр тоглуулах нь түгээмэл байсан юм. Теннис, гольф гэх мэт баячуудын спорт л швейцарчуудын сонирхлыг татна. Рожэр Фэдэрэр, Мартина Хингис гээд л. Тухайлбал нөхцөл байдал ижил германд манай буудлагын тамирчин олимпийн хүрэл медальт Д.Мөнхбаяр иргэн болж шинэ эх орондоо олимпийн мөнгөн медаль авчирч байв.

Швейцараас төрөн гарсан NBA-гийн сагсчин Табо Сэфолоша африк гаралтай. Арав дахь жилдээ Хойд Америкийн мэргэжлийн лиг тоглож байна. Орландогийн Никола Вучевич югославын дайнаас дүрвэсэн гэр бүлийнх, Хьюстоны Клинт Капэла конгогоос ирсэн. Одоогийн хөлбөмбөгийн шигшээ багийнхан 70 хувийг цагаачдын үр хүүхдүүд бүрдүүлэхээс ихэнх нь дандаа хуучин югославын улсаас гаралтай тамирчид. Швейцарын хөлбөмбөгийн үсрэлтэнд Балканы хойгийн иргэд том гавьяа байгуулсан бөгөөд 1990-ээд оны үеийн дүрвэгсдийн үр хүүхдүүд 15 жилийн дараа насанд хүрч 2009 оны 17 хүртэлх насны Хөлбөмбөгийн Дэлхийн аваргад түрүүлсэн юм. Нэг ч хожигдолгүй, нэг ч тэнцээгүй Бразил, Герман, Итали, Колумб, Нигери, Мексик, Японы шигшээг хожсон билээ. Тухайн үеийн Бразилд Нэимар, Коутиньо, Казэмиро нар, Германд Гөтцэ, Фолланд, Тэр Штэгэн, Мустафи нар тоглож Япон, Колумбын хөлбөмбөгийн өсөлт тухайн үед бүрдэж байсан юм. Швейцарын шигшээг ихэвчлэн югославын дайнаас дүрвэгсдийн үр хүүхдүүд эсвэл швейцарт очоод төрсөн дүрвэгсдийн хүүхдүүд бүрдүүлж байлаа. Тунисын цагаачийн хүү Бэн Халифа мөнгөн бөмбөг хүртэж, Боснигийн дүрвэгчийн хүү Сеферович хамгийн олон 5 гоол оруулсан дөрвөн тоглогчийн нэг болж, өнөө үеийн шигшээгийн Гранит Шака, Рикардо Родригэс, Паитим Касами гэсэн цагаач эцэг эхтэй тоглогчид түлхүүр тоглогчийн үүрэг гүйцэтгэж, Косовогоос гаралтай Фрэдди Вэсэли багийн ахлагчаар тоглож байв.

Сагсанбөмбөгт арай өөр дүр зураг харагддаг бөгөөд АНУ-д л очоогүй бол европт сагсанбөмбөгийн сургалт сайн биш. Сайн биш гэдэг нь хөлбөмбөгийн хэмжээнд хүрэхгүй гэсэн үг. Тиймээс европын өндөр хөгжилтэй улсаас төрсөн югослав гаралтай NBA-гийн сагсчин харьцангүй бага. Гэхдээ л гарын арван хуруунд элбэг хүрнэ. Сүүлд драфтлагдсан Миротич, Вучевич нар залгамжийг нь үргэлжлүүлж буй. Харин хуучин югославын суурин дээрээс босч мэргэжлийн замналд орсон тамирчид арай илүү хувь эзэлнэ. Хөлбөмбөгт ч мэдээж нутгаасаа гарсан хэд хэдэн сайн тамирчид байдаг. Энэ нь сагсанбөмбөгийн хөгжил өндөр АНУ-д очих зардалтай шууд холбоотой. Хөлбөмбөгийн том лигүүдэд тоглодогтой адил Евро лигт тоглодог сагсчид олон. Хөлбөмбөгт амжилт гаргахаас илүү сагсанбөмбөгт амжилт гаргах нь илүү хялбар. Гэхдээ сагсны хөгжил европт жил ирэх тусам хөгжиж байгаа нь цаашдаа үргэлж ийм байхгүй гэсэн үг. Боломжийн спортын суурьтай улсаас дүрвээд шууд амжилт гаргахад улам хэцүү болох тухай юм.

Дайнаас дүрвэсэн хүмүүст буюу хуучин соц орноос гаралтай тамирчид тэдний үр хүүхдүүдэд зан характерийн хоёр туйл байсан нь спортын амжилтын салшгүй нэг хэсэг болсон юм. Сайн тал нь тэд юунаас илүү амжилт гаргах хүсэл зорилготой байж, хүнд амьдрал нь спортод амжилт гаргах тэмцэх зан чанарыг суулгаж өгсөн байдаг. Гэр бүлийнхэн хувьд ч нэг сайн мэргэжлийн тамирчин төрөн гарвал хангалуун амьдралын баталгаа болно. Харин сул тал нь амжилтанд хүрсэн бол тогтворгүй зан чанар нь сүпэр од болох эсвэл мэргэжлийн кареераа удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжийг нь хааж байлаа. Хэт юм үзээгүй өссөн тамирчид их мөнгөний шокноос гаралгүй явсаар дампуурдаг жишээ хэтэрхий олон. Дайн бол хүний зан чанарт хар толбо үлдээж өөртөө итгэх итгэл муу, муу юманд хэт автамтгай, амархан гомддог, уурладаг, бусадтай удаан хугацаанд сайн харилцаа тогтоох боломж зан чанар бүрдүүлдэггүй сул талтай. Нэг ёсондоо сахилга бат муутай болдог. Швейцар тамирчид нь цаашдаа өсөн дэвждэг бол дүрвэгсдийн үр хүүхдүүд залуудаа од болоод унтрах нь элбэг. Мэдээж тэр олон хүнээс үр хүүхдээ сайн хүмүүжүүлсэн эцэг эхчүүд олон бий. Тэд л цаашдаа улам өсөн дэвждэг.

Зөвхөн Швейцарыг жишээ авсан болохоос бусад хөгжилтэй орнуудад югослав гаралтай тоглогчид олон бий. Ялангуяа Швейцар, Австри, Бельги, Нидерланд, Швед, Норвеги гэх мэт хүн ам бага, ард иргэд нь хангалуун амьдралтай улсад өрсөлдөөн бага дэмжлэг их байсан нь нөлөөлсөн юм. Хэрвээ хуучин Югославын шигшээ бүрдвэл швед рүү дүрвэсэн босни гаралтай Ибрахимович гарааны довтлогчоор тоглох байлаа. Одоогоор Австри, Швед, Герман, Норвеги, Финланд, АНУ, Австрали, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хуучин югослав гаралтай тамирчид олон бий. Одоогийн Австралийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Боснигоос дүрвэсэн Маил Жединак. Австрали, Канад шиг газар нутагтайгаа харьцуулах хүн ам бага улсууд югославын дайнаас улбаатай спортын олон сайн тамирчид бий.

Хуучин югославын улсуудад Оростой адил задрал өнөө үе хүртэл үргэлжилж 25 жилийн дараа Косово тусгаар тогтнолын тугаа мандуулж, Чечень, Дагестанаас өмнө тусгаар улс болсон. Косовогийн өмнө Монтенегро 2006 онд Сербийн харьяанаас гарч тусгаар тогтнолоо зарласан юм.

Энэ үүднээс харахад югославын харьяаны улсууд гэнэт олон сайн тамирчидтай болсон нь дайны нөлөөнөөс үүдэлтэй бөгөөд гадаадын өндөр хөгжилтэй улсад боловсорсон тамирчид шинэ болон хуучин эх орноо сонгож эрхтэй байв.

Тухайлбал коммунизмын үед Югославтай адил спортоороо цоорч байсан Румынд дайн дэгдсэн бол бид өнөөдөр баахан Румын одуудын тоглолтыг үзээд сууж байх байсан биз. Миний нийтлэл Румыны дайн болж өөрчлөгдөж Югославчууд шинэ нийгмээ байгуулах гэж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байх байлаа.

Цаашдаа яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Дайн дуусаад 20 орчим жил болох гэж байна. Энхийн цагт ард иргэд заавал өндөр хөгжилтэй улс оронд очиж хар ажил хийх биш эх орондоо энх тунх амьдрахыг хүснэ. Тиймээс цагаачдын урсгал эрс багассан. Дээр нь Сири тэргүүтэй ойрх дорнодын цагаачдын бөөгнөрөлөөс үүдэлтэй цагаачлах боломж нь хумигдсан юм. Ингэж харахаар дараагийн арван жилд серб, хорват гаралтай сайн тамирчдын тоо буурах тийшээ хандана.

Хорват, Словен, Серб

Нөхцөл байдлыг дүгнэж үзвэл югославын задралаас үүссэн 7 улсаас энэ гурван улсаас сайн тамирчид төрөн гарах боломж өндөр байдаг. Югославын Холбоо нь тусдаа бие даасан бүтэцтэй байсан нь эдийн засгийн хувьд дотоод улсуудын ялгаа гаргах нөхцөл болжээ. Хорват, Словен нь баруун европт илүү ойр засаглал илүү сайн, газарзүйн давуу тал ихтэй байлаа. Словен бол анхнаасаа сербээс тусдаа ард түмэн. Бусад үндэстний эзлэх хувь ч бага. Тиймээс хөгжил, соёл нь өөр. Өндөр хөгжилтэй улсуудтай шууд газраар хиллэдэг (итали, австри) учраас сайн нөлөө тусах нь элбэг. Хөлбөмбөг, сагсанбөмбөгөөс гадна Альпын нурууны салбарт оршдог өвлийн спорт гайхалтай хөгжсөн юм. Дайн болоход словений дүрвэгчид шууд хил давах боломжтой байсан бол бусад холбооны улсын иргэд хол зам туулах байлаа. Харин хорватууд бүс нутагтаа хамгийн өндөр хөгжилтэй, газар нутаг том далайд гарах бараг бүх эрэг тэдний мэдэлд байв.

Дайны өмнөх давуу талаас гадна дайн эхлэх үед словен, хорватын газар нутаг дайны утаанд бага өртөж хядлага, үймээнд ард иргэд нь бага өртсөн. Сэргээн босгох болон иргэдийн сэтгэлзүйд энэ нь давуу тал болж байлаа. Ядаж л шинэ заал талбай барих шаардлага бусад холбооны улсуудаас бага гарсан юм. Дайны дараах иргэдийн хүнд сэтгэлзүйн “өвчин” багатай.

Босни Херцоговина энэ хоёр улсаас дутахааргүй хөгжилтэй ч дайны гол талбар боснид болсон юм. Геноцид, аллага, хүчин газар сайгүй болж югославын дайн дотох дахиад боснигийн дайн гэсэн сэдэв ч үүсдэг билээ. 20-р зууны өмнөхөн Австри-Унгар, Османы эзэнт гүрнүүдэд ээлжлэн орж байсан нь 21-р зуунд хуваагдлын шалтаг болж шашины мөргөлдөөн болон үргэлжилжээ. Боснигийн католик, боснигийн мусалманчуудын мөргөлдөөн болж хоёр талаас санхүүжүүлэх болов. Ингэж л 1984 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулсан Сараево хот, соц орнууд дундаа боловсролын түвшин өндөр боснигийн иргэд дайнаас болж хамгаа алджээ. Тиймээс боснигоос орчин цагийн спортод дотоодоос төрсөн тамирчид ховор байдаг юм. Харин дүрвэгсдээс бол бусдаасаа дутахааргүй.

Сербчүүд бол югославын толгой улс байсан нь улс төр, эдийн засгийн давуу байдлыг үүсгэж тэр нь одоог хүртэл хадгалагддаг. Хичнээн бөмбөгдүүлж, үймээн болсон ч сербийн хөгжил бусад улсуудаасаа илүү. Энэ ялгаа нь одоо спортын салбарт харагддаг бөгөөд бусад холбооны улсуудаас хорват, словен, сербээс илүү сайн тамирчид орчин үед төрөн гарч буй. Гэхдээ баруун европын хөгжлийг хурдтай дагахгүй бол серб энэ дундаасаа хоцорч магадгүй дүр зураг харагддаг. Засаглалын хувьд хорват, словендээ хүрэхгүй байгаа Европын холбоонд серб орж чадаагүй хорват, словен орноор харж болно. Сербийн хөлбөмбөгийн лигт тоглох нэг өөр, Хорватын хөлбөмбөгийн лигт тоглох тэс өөр. Хорватын лиг илүү хөгжингүй Европын виз гарах гэж хүнд давааг туулна. Манай хөлбөмбөгчин А.Мөрөнд яг энэ бэрхшээл тулгарсан юм. Сербийн хөлбөмбөг нь клубын систем гэхээсээ илүү мафжсан байдаг нь цаашдын хөлбөмбөгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлнө. Хорват, Словений хөлбөмбөгийн клубууд жил ирэх бүр сербүүдээсээ тасарч Аваргуудын лигт тогтмол оролцох болсон үүний баталгаа юм.

Косовогийн албаничууд

Косово бол тусдаа авч үзэхгүй бол болохгүй сэдэв. Хуучин югославын улсууд бол өмнө нь ислам шашинт Османы эзэнт гүрнээс  салсан жижиг улсууд болох Серб, Монтенегро, Босни, Херцеговина (1878 оноос өмнө Османд, түүнээс хойш Дэлхийн 1-р дайныг дуустал 1918 он хүртэл Австри-Унгарын мэдэлд байсан), Македон нөгөө талаас Австри-Унгарын эзэнт гүрний өмнөд хил Словен, Хорватаас бүрдсэн олон үндэстний холбооны улс байсан юм. Олон үндэстний гэдэг нэршил словенчуудад тохирохоос хорватууд бол католик шашинтай сербүүд, босни гэдэг нь исламын шашинтай сербүүд юм. Сербүүд өөрсдөө ортодокс буюу үнэн алдартны шашинтай. Тэгэхээр олон шашинтны улс гэвэл тохирно. Шашин өөрөө үндэстний өөриймшлийг өөрчилдөг учраас цаг хугацааны эрхээр тусдаа үндэстэн мэт ялгарах болжээ. Нэр нь хүртэл шашинаасаа шалтгаалан Ведад (Ибишевич), Ибрахимович, (Томислав) Бутина, Эдин Жеко гэх мэт серб гаралтай гэхээргүй ялгарах болсон юм. Харин Косово бол албанитай хил залгаа сербийн харьяа. Коммунист дарангуйлагч Броз Титогийн үед бусад холбооны улсуудтайгаа адил хүн амын 70 хувь сербүүдээс бүрдсэн улс байсан юм.

Косово бусад холбооны улсуудаасаа хамгийн ядуу нь байсан ч, хөрш Албани улс түүнээс ядуу байлаа. Косовогийн албаничуудын амьдрал гайгүй байсан нь Албаниас дүрвэх иргэдийн цувааг нэмж хувийн хэвшил зөвшөөрдөггүй Албаниас баян албаничууд Косовод олноор ирж газрын эзэд болцгоосон юм. Ингэж цувсаар хүн амын 90 хувийг албаничууд бүрдүүлж төрөлх сербүүдээ хядаж, шахаж гарчээ. Югославын дайн эхлэх үед сербүүдэд хядуулах болсон косовогийн албаничууд олноор баруун европ руу дүрвэжээ. Албаничуудад хядуулж байсан сербүүд Милошевичийн үед өшөө авч эхэлсэн ч 1999 онд Косовогийн албаничууд НҮБ-ын хамгаалалтанд орсон юм. Хамгаалалтанд орсон албаничууд зөрж сербүүдээ хядах болсноор Косово-Албани нь одоог хүртэл хүний эрхтний донор наймааны хамгийн идэвхтэй бүс болоод байна. Лаиам Нисоны Taken кинонд албанийн косовотой хиллэдэг мафжсан бүс Тропояагийн тухай гардаг.

Ингэж бие биенээ ээлжлэн хядсан, амьдрахад дэндүү эрсдэлтэй ийм газраас тайван амьдрал хайсан иргэд нүүх нь ойлгомжтой. Ингэж л Косовогийн дайнаар дүрвэгсэд Серб, Косово, Албани болон шинээр суурьшсан дөрвөн улсын нэгийг сонгох боломжтой болж байлаа. Сүүлийн жишээ Манчэстэр Юнаитэдийн Аднан Янузаи. Дээрх улсууд дээр нэмэгдээд Бельги, Түрк, Англи өөрсдийн шигшээ багт тоглох боломжтойг дуулгаж байлаа. Дүрвэлт нь сүүлд идэвхижсэн косовочуудыг швейцар, австри, герман илүүтэй хүлээж авсан байдаг. Тиймээс эдгээр улсуудад косовогоос гаралтай албани тамирчид маш олон бий. Швейцар, Австри бол хүн ам нь хэт хангалуун учраас эдгээр улсуудад гадны тамирчид өрсөлдөөн багатайгаар од болдог.

Сүүлийн арван жилд Албанийн хөлбөмбөгөөс олон одууд төрөн гарсан нь нэгт өндөр хөгжилтэй улс оронд өссөн хүүхдүүд, хоёрт Косовод байхдаа сербийн хөлбөмбөгийн сургалтаар дамжсан албани хүүхдүүд. Албани бол бүх салбар хаалттай европын үл бүтэх улс байсан учраас Косовод тоглодог байсан албаничууд эргэж төрөлх эх орон Албанийн нэр дээр тоглох нь элбэг байсан юм. Багийн ахлагч Лорик Цана Косовод төрсөн албани. Швейцар, Франц, Албанийн пасспорттой гурван улсаас сонголт хийх боломжтой байсан юм. Одоогийн Албанийн шигшээд Косовод төрсөн тамирчид нилээд бий.

Янузаигаас гадна Шэрдан Шакири, Гранит Шака, Валон Бэхрами, Адмир Мэхмэди нар өндөр хөгжилтэй шинэ улсынхаа шигшээ багуудад тоглож байна.

Косовог яагаад тусад нь авч үзсэн бэ гэхээр нэгдүгээрт хүн амын 90 хувийг бүрдүүлж буй албаничууд, словентэй адил сербтэй бараг холбоогүй. Хоёрт Косовогоос гаралтай албани тоглогчдод багадаа 3 улсын нэр дээр тоглох боломж олдож байгаа юм.

Евро 2016 тэмцээний урьдчилсан шатанд Серб – Албани нэг хэсэгт орсон бөгөөд эхний Сербэд болсон тоглолтонд талбай дээр тамирчдын хооронд үймээн болж Албанид шууд ялалтыг өгсөн юм. Евро 2016 тэмцээний сугалаанд Орос-Украиныг Кремийн асуудлаас болж нэг хэсэгт оруулахгүй гэж байсан бол нөгөө талд Серб – Албани нэг хэсэгт орж асуудал тарьсан билээ.