Хүссэн ч эс хүссэн ч дэлхий маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Шинжлэх ухаан технологи, урлаг спорт, улс төр нийгэм, хэл соёл, хувцас хэрэглэлээс эхлээд нөхөрлөл, хайр сэтгэлийн хандлага хүртэл өөрчлөгдөв. Хэдий тийм ч энэ их хөгжил дэвшил, өөрчлөлтийн хажууд гагцхүү хүний хоол хүнс л улам бүр "хоцрогдсон", ямар нэг "генийн технологи" ашиглаагүй, улам бүр байгалийн /натурал/ байх тусам үнэтэйд тооцогдох ажээ. Ихэнх улс оронд дэлгүүрүүдэд нь органик хүнсний бүтээгдэхүүн зардаг тасаг бий, үнэ нь хамгийн өндөр. Жирийн америкчууд тарган, харин баячууд нь оригнал хүнс хэрэглэдэг учир галбир сайтай байдаг гэх. Бодоод байхад мянган жилийн өмнөхөөс хэлбэр хийц нь бараг өөрчлөгдөөгүй эд хэрэгсэл юу байна вэ? Аяга таваг, халбага сэрээ, хутга заазуур гэсэн хоол хүнстэй холбоотой зүйлс л байх вий.

“Буяны тарга булай болжээ” хэмээн нийтлэлч Д.Батбаяр их онож хэлсэн байдаг. Хийжүүлсэн ундааны хорыг ярих нь бүү хэл ундаа олж уугаад баярладаг цаг саяхан. 1990 –ээд оноос хятад “пепси” ундаа, түүний араас 2000 он орчимд орос “бинго” ундаа орж ирсэн нь тухайн үедээ сайхан нь байлаа. 100 –ын ундаа, “Invite” сироп ч бас нэг хэсэгтээ л нийтийн хэрэглээ байв. Төдөлгүй үндэсний үйлдвэрлэл төрөл төрлөөрөө хөгжиж, орос “бинго”, хятад “пепси” үзэгдэхээ больсон. Хамгийн сүүлд 2005, 2006 он хавьцаа оюутан байхад 100 –ын ундаа ТҮЦ –ээс авч ууснаа санах юм. Арваад жилийн өмнө 100 –ын ундаанаас татгалзаж, савласан ундаа жүүс хийж сурцгаасан нь нэг шат ахисан явдал байв. Тэгвэл өнөө цаг үед ч бас үйлдвэрлэл, хэрэглээгээ нэг шат ахиулах шаардлага ирж буй ч юм уу даа. Сүүлийн жилүүдэд монгол чацарганы ундаа төрөл төрлөөрөө хэрэглээнд нэвтэрч буй нь сайшаалтай. Чацарганы шинжлэх ухааны нэршил нь “hippophae rhamnoides” буюу “хүч тамир оруулагч” гэнэ. Сибир, өвөрмонгол, монголд ургасан чацаргана л хамгийн сайн чанартай. Чийглэг, зөөлөн уур амьсгалтай газар ургасан чацарганад тослог болон бусад хэрэгцээт амин дэм ихээхэн дутмаг. Жилдээ 5-6 удаа услахад л хангалттай ургадаг чацарганы бут улиас, хайлаасаас ч илүү амьдрах чадвартай төдийгүй нэг чацарганы бут нэг ямааны ноолуураас ч илүү орлого өгдөг гэх.

Лангуу дүүргэх олон ундааны нэлээд нь бэлэн гадаад сиропоор найруулдаг. Хүнсний нэмэлтийг сайн муу гэж шууд дүгнэх аргагүй л дээ. Ер нь чихэр, давс хоёр хүн төрөлхтний анхны хүнсний нэмэлт юм билээ. Ямар ч хүнсний нэмэлт хэмжээг нь хэтрүүлбэл тусгүй. Савласан сироп уухгүй гэхдээ бид хааяа чацаргана худалдаж аваад, өөрсдөө машиндаж бутлаад, түүнийгээ чанаад, яс хогийг нь шүүгээд... г.м. жаал төвөгтэй ажилтай зууралддаг. Тэгвэл айлын гал тогоонд явдаг энэхүү процессийг “Шар Доктор” –ын хамт олон герман тоног төхөөрөмж ашиглан үйлдвэрлэлд шилжүүлжээ. Технологи нь монгол, техник нь герман гэсэн үг л дээ. Гэртээ чацаргана буцалгаж уухаас хэдэн зүйлээр давуу. Үйлдвэр дээр мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн лабаротори ажиллаж буй учир чацарганыг амин дэм, шимт бодисыг нь хамгийн өндөр түвшинд нь хадгалж, хамгийн амттайгаар боловсруулна. Бас айлын гал тогоонд чацарганы яс хогийн саванд хаягдаж байхад үйлдвэр дээр тос гаргаж авах жишээтэй. Угаас утаагаар амьсгалж буй бид ядаж уух ундаагаа органик байлгавал наанадаж өөрсдийн эрүүл мэндэд, цаанадаж улсын эдийн засаг, байгаль орчинд тустай. Хийжүүлсэн ч юмуу будагтай ундаа уугаад байхаар эрүүл мэндээ хорлоод буй мэт таагүй санагдана. Харин органик чацарганын ундааг хэдийг л бол хэдийг ууж болно. Саяхан “Шар доктор” –ын үйлдвэртэй танилцаад тун таатай сэтгэгдэл төрсөнөө ийн хуваалцав. Дэлхий нүүрснээс татгалзаж, органик хүнсэнд амиа тавьж буй гэх. Нүүрс зэс хязгаартай, тэр байтугай мах ноолуур ч хязгаартай. Харин чацарганаа ургуулаад л, уугаад л, зараад л байвал монгол орон чацарганы бутаар дүүрч ногоорох юм.