“Монгол тулгатны зуун эрхэм”-ийн үндсэн шторкны тамга бичвэр сүүлийн дугаарт “Дэлхийн монголчууд” болж солигдсоныг үзэгчид анзаарсан байх. Энэ бол зүгээр нэг үг үсэг, томъёолол, гарчиг өөрчлөгдсөн төдий бус нэвтрүүлэг агуулгынхаа төдийгүй учир утга, зорилго далайцынхаа хувьд дараагийн шинэ шатанд гарч буйг илтгэх өгүүлэмж болох нь Өвөрмонголын алдарт дуучин С.Тэнгэрээр дамжуулан гаргасан санаа, гүйцэтгэлээр бүрнээ тайлагдлаа. Телевизийн нэвтрүүлгийн, тэр дундаа хөрөг ярилцлагын төрөлд урлал дэглэлт, урьсан зочноо уудлан нээж байгаа ажиллагаагаараа илт ялгарч, нийгэмд асар хүчтэй нөлөөлж гарч ирсэн энэ нэвтрүүлгийн цар хүрээ эдүгээ нэгэнт улсын хил хязгаараас халин гарч, “Монгол тулгатан” хэмээх цар хэмжээнийхээ зай талбайгаар тэлэн байгааг сүүлийн гурван дугаарын агуулга илэрхий харуулж байна.

Шинэ агуулга

Дуучин С.Тэнгэрийн тухай олон нийт өнөөдөр газар сайгүй шагшин ярилцаж байна. Тэр бол Монголоо хайрлаж, монгол хүн болсноороо бахархдаг жинхэнэ монгол хүн юм гэсэн дүгнэлтийг бид дор бүрнээ хийцгээж сууна. Болоогүй, өөрсдийнхөө байгаа царай, байр байдалд шүүмжлэлтэй хандаж, монгол гарвал угсаа, мөн чанартаа эзэн байхын утга чанарыг түүнтэй харьцуулан жишицгээж байна. Тодорхой хэмжээгээр сэрж, сэтгэцгээж байна. Энэ л нэвтрүүлгийн зорилго, өгөөж юм. Дүгнэвэл, нэвтрүүлэг зорилгоо биелүүлжээ.

Уран бүтээлчид нэвтрүүлгийнхээ зорилгыг “...ард түмний бахархал болсон нэртэй төртэй эрхмүүдийг дахин шинээр нээж, залуу үеийнхэндээ үлгэр дууриал болгох...” гэхчлэн олонтаа тодорхойлон хэлцгээсэн байдаг. Сүүлийн гурван дугаарыг эс тооцвол энэ тодорхойлолт ерөнхийдөө тохирно. Харин Өвөрмонголын зочдыг урьж монгол үндэстний нийтлэг эрх ашиг, хүсэл мөрөөдөл, дотоод давчдал, далд зөрчлийг ил гаргаж эхэлснээр дээрх зорилго шинэ агуулгаар баяжжээ. Мэдээж, шинэ агуулга бүтээлийн гүйцэтгэлд илүү ажиллагаа, өргөн сэтгэлгээ, давуу арга барилыг шаардаж эхэлснээр нэвтрүүлэг улам чамбайрч, өмнөх дугааруудаасаа хамаагүй баялаг, олон талтай болж байгаа нь анзаарагдаж байна.

Дүрэмгүй хөдөлмөр

Найруулагч Б.Баатар зочдынхоо тухай урьдчилсан судалгаанд тулгуурлан сценариа төлөвлөж, түүндээ тохирох зураг авалтуудыг хийхдээ өмнөх дугааруудаар өөртөө бий болгосон нөөц боломжуудыг чухамхүү тултал ашиглаж байгаа нь, магадгүй түүний давуу тал гэж хэлж болох юм. Рок, поп урлагийн харьцангуй идэвхжлийн үед клипний бүтээлээр олж авсан туршлага нь түүнд Д.Төрмөнхийн тодорхойлж хэлсэн “баатардах” монтажны арга барил бий болгосныг өнөөдөр хөрөг-ярилцлагын бүрэн хэмжээний бүтээлдээ тэр гайхалтай зохируулан ашигласаар байна. Зөв өнцгөөс оновчтой тавьсан планууд бүхий сүр бадрангуй зургуудаа харьцангуй ритмлэг, богино мөчлөгүүд бүхий эвлүүлгийн технологиор хэлхэж, зарим тохиолдолд дүрмийн бус шийдлүүдээр ер бусын болгон эффектлүүлж чаддаг нь түүний давтагдашгүй онцлог болж нэгэнт төлөвшжээ.

Телевизийн технологи бол харьцангуй дүрэмлиг л дээ. Харин Б.Баатарын эвлүүлэг дүрэмд тэр бүр захирагддаггүй. Синхроны үг, үгүүлбэр дэх санаа, томъёо, ойлголт болон үйлийг тодотгох үүднээс хачин хүч түрэмгийлсэн тасалдлуудыг чухамхүү зоргоороо хийж буйг бид нэвтрүүлгээс хангалттай хардаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, тэр зочныхоо ярьж хэлсэн үг, үгүүлбэр бүр дээр төдийгүй тэр ярианы далд утга, байц агуулга, аяс аялга дээр хүртэл ажиллаж байна гэсэн үг. Маш их бодол сэтгэлгээ, зүрх сэтгэл, хүч хөдөлмөр зарцуулж байж ийм бүтээл хийгдэнэ. Тэгж байж үзэгчдийг дэлгэцийн өмнө бүтэн хоёр цаг уяж чадна. Уран бүтээлчид өөрсдөө бүтээлдээ зүрх сэтгэлээ зориулж чадсан болохоор үзэгчид ингэтэл сэтгэл гарган, шимтэн үзэж буй хэрэг.

Эсрэг ярилцлага

Ярилцлага бол сэтгүүлзүйн үндсэн, тэр дундаа сонгодог гэж хэлж болох төрлүүдийн нэг. Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт гол хоёр элемент бүрдүүлэгч бүхий ярилцлагууд нийтлэг хийгддэг бөгөөд сүүлийн үед “моод” болж буй эрэн сурвалжлах ажиллагаатай бүтээлүүдэд сэтгүүлч тодорхой сэдвээр хэд хэдэн ярилцлага өгөгчөөс синхрон авах хэлбэр зонхилох болсон. Гэхдээ энэ нь цэвэр ярилцлагын бүтээлд бус теле-нийтлэлийн юм уу, асуудал дэвшүүлсэн нийтлэлийн төрөлд голчлон ашиглагдаж байна. Мөн телевизийн салбарт харьцангуй хэвшсэн нэгэн ярилцлагын төрөл бол хэлэлцүүлэг. Хэлэлцүүлэгт хэд хэдэн зочныг студид нэг дор урьж, тодорхой сэдвээр сэтгүүлч тэднээс асуух, чиглүүлэх байдлаар ярилцлагыг өрнүүлнэ. Эдгээрийн аль алинд сэтгүүлч буюу хөтлөгч ганцаараа гол холбогчийн үүргийг гүйцэтгэдгийг үзэгчид мэднэ. Тодруулбал, нэг хөтлөгч, олон зочин гэсэн харьцаа нэвтрүүлгүүдэд зонхилон хэрэглэгдэж байна.

Тэгвэл HERO Entertainment “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийнхээ ерөнхий зохиомжийг анхнаасаа энэ нийтлэг хэлбэрээс эсрэгээр буюу “нэг зочин-олон хөтлөгч” гэсэн бүтцээр дэглэж, хөрөг-ярилцлагын үндсэн агуулга болох зочныхоо мөн чанарыг гаргах зорилгод бүтээлээ бүрэн зориулж ирсэн нь үзэгчдэд өндрөөр үнэлэгдэх нэг хүчин зүйл болж буй юм. Хөтлөлтийн энэ өвөрмөц хэлбэрийг хэрэгжүүлэхдээ дэлгэцнээ үзэгдэх дүр төрх буюу эфирийн царай харахаасаа илүүтэй нийгэмд үзэгдэх дүр төрх буюу үзэл санаа, үйл хэргийн “царайг харсан” нь дараагийн давуу шийдэл болсон.

Хөтлөлтийн дараалал

Дуучин С.Тэнгэрийн оролцсон сүүлийн дугаар руу буцаж эргэе. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн зочныхоо ертөнцийг үзэх үзлийг арай гүн ухлаадасаар нь төнхөх үүргийг гүйцэтгэж байхад Төрийн соёрхолт Н.Сувд тэрхүү үзэл санааг нь илрэл, хэлбэршил талаас буюу ахуй, үйлдлийнх нь хэсгээс малтаж байна. Харин Ардын жүжигчин Н.Жанцанноров мэргэжил нэгтний хувьд С.Тэнгэрийн уран бүтээлчийн арга барил, шинж чанар, өвөрмөц онцлог, бүтээлүүдийнх нь тухай нарийсгасан чимхлүүр яриа өрнүүлсэн бол “Женко” Х.Баттулга урд хэсгийн ярилцлагуудаар нэгэнт товойж гарсан үндэсний уламжлал, шашин соёлын үзэл ухамсрыг улам бататгасан тайлал маягтай хөтлөлтөөр дуучны дотоод мөн чанарыг гүйцэт дэлгэн харуулсан гэж болно. Өөрөөр хэлбэл, нэвтрүүлгийн хөтлөлтүүд тус бүртээ өөр өөрийн үүргийг гүйцэтгэж, тэдгээр онцлогуудад найруулагч объект, плануудаа тун нарийн тохируулж дэглэснээр намтар, замналын шинжтэй яриа алгуураар үзэл сэтгэлийн дотоод руу алсарсан номлол, гүн ухаан болж цэгцлэгдэн, үзэгчдэд ухаарал сэхээрэл өгсөн эцсийн зангилаа утга руу эрхгүй хөтөлж байна.

Хөтлөгчдийн тухай өгүүлэн буйн далимд нэгэн зүйлийг нэмж хэлэхэд, төслийг анхлан санаачлагчдын нэг П.Анужинг нэвтрүүлэгтээ цаашид ажиллаж чадахгүй болсонд харамсан байгаагаа маш олон үзэгч янз бүрийн сувгаар илэрхийлж байна. Тэр сайн хөтлөгч байж, “Монгол тулгатны зуун эрхэм”-ийн үндсэн өнгө төрх болж ирснийг үгүйсгэж болохгүй. Нэвтрүүлгийн агуулгын бараг бүх утгат хэсэгт хүрэлцэж, зарим тохиолдолд бусад хөтлөгчдөө хүртэл хөтлөн, урлагийнхны хэллэгээр цацалж цамнасан тоглолт үзүүлдэг нь нэг талаар түүний цар далайцыг нь илтгэх авч, нөгөө талаар өөрийг нь бүр ч хоосруулж харагдуулах сул тал болж байсныг хэлэх хэрэгтэй. Түүний оронд эмэгтэй хөтлөгчөөр Н.Сувд гуай орж ирсэн нь зочныг нээх ажиллагааг хамаагүй эмх цэгцтэй болгож байх шиг санагдсан. Нэвтрүүлгийн агуулгын бүрдүүлэлт дээр тэр тодорхой орон зайд байршиж, өгөгдсөн нөхцөл дотроо өөрийн үүргийг тун чамбай биелүүлж байлаа. Магадгүй, түүнээс өөр сонголт байхгүй юм байна гэх бодлыг эрхгүй төрүүлж байсныг хэлэх юун.

Гол шугам

Хүнийг яриулна гэдэг амаргүй ажил. Тухайн нөхцөл байдалд, студид, эсвэл эфирт хүнийг өөрийнхөөр нь байлгахад асар их ажиллагаа, ур чадвар, техник шаардана. Тэр дундаа “Монгол тулгатны зуун эрхэм” шиг хүний сэтгэл зүрх рүү өнгийж, бодрол эгээрлийнх нь эн тэнг илт үзүүлэхийн тулд хэчнээн удаагийн, хэдэн цагийн ярилцлага, бичлэг хийгдэхийг урьдчилан тооцоход түвэгтэй. Б.Баатар найруулагч нэгэнтээ, ярилцлага 20-30 цаг үргэлжилдэг гэснийг аль ч билээ, нэгэн хэвлэлд эшилсэн байсан. Тэгээд тэр урт ярианы чухам хаанаас гол шугамынхаа гогцоог олж, ямар хэмнэл, хөвөрдлөөр базан багцлах вэ гэдэгт л уран бүтээлчдийн мэдрэмж, авьяас билэг жинхэнэ ёсоор шалгагддаг гэж болно.

С.Тэнгэр бол хүн, С.Тэнгэр бол монгол хүн, С.Тэнгэр бол Ордосын хүн, тэр бас Хятадын хүн гэх олон шугам найруулагчид баригдсан байж таарна. С.Тэнгэр бас уран бүтээлч, тэр дотроо хөгжмийн зохиолч, дуучин, жүжигчин гээд олон талтай. Найруулагч аль алийг нь орхигдуулалгүй бүрнээ багтааж. Гэхдээ гол шугамаараа энэ бүгдийн алийг нь ч биш, “хайр даадаггүй, хатуужил даадаг монгол чөтгөр”-ийг барьсан нь сонгож авсан яриануудаас харагдаж байна. Багад нь алдсан охиных нь тухай Б.Лхагвасүрэн гуайгаар шимширтэл асуулгаж, анхны эхнэрээсээ салсаны сургамж, хэдэн түмэн зоос цуглуулсан атлаа юу ч үгүй байсны ухаарал, өвөрмонголчуудынхаа ахуй, амьдралын доройтолд шаналсан зовнил, дунд сургуульд Монголын биш Эв хамт намын түүх заадагт цухалдсан эгдүүцэл, нүүдэлчин хүний аж амьдралыг хамгаалах нь бүх дэлхийг хамгаалсантай адил гэх дотоод бачуурал, архинд хандах хачин монгол хандлага зэргийг бүхий л зураг, синхронуудынхаа дотроос түүвэрлэн авсанд найруулагчийн шийдэл, нэвтрэн гарсан санаа нь агуулагдаж байна.

Hero-гийн нөлөөлөл

“Тэнгэр гэдэг бол том нэр” гэж С.Тэнгэр хэлж байна. Тэгээд энэ том нэрэндээ тэнсэж, багтаж амьдрахаар чармайж яваагаа ярьж байна. Тэр БНХАУ-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн. Гэсэн хэрнээ Монгол үндэстнээрээ бахархах бахархал, Чингис хаан хэмээх бурханаа шүтэх сүсэг бишрэлээ хэнээс ч, юунаас ч айхгүй илэрхийлж, дуулж явна. Монгол хүн болж төрснийхөө хувьд монголчуудынхаа төлөө үйл хэрэг хийх юмсан гэж мэрийж, хичээж буйг нь дуулаад бидэнд огшихгүй байх арга байсангүй. Энэ авъяас чадалтай, омог бардам, зоримог эрхмийн үзэгчдэд өгч байгаа үлгэрлэлийг дурдаж гүйцээнэ гэвэл дуусахгүй.

Тэгвэл нэвтрүүлгийн өгөөж чухам юу вэ?

Уран бүтээлийн нийгэмд тусах тусгал, нөлөөллийн тухай бид бишгүй ярьж, бичдэг. Тэр дундаа телевизийн урлаг өнөөдөр нийгмийн оюун санаанд нөлөөлөх чадвараараа бусад мэдээллийн хэрэгслүүд, урлагийн төрлүүдээс хавьгүй хүчирхэгжсэн. Дэлхийн улс орнуудын түүхэнд улс төр, нийгмийн тогтолцоог задлах хүртэл нөлөөлж ажилласан студиуд, телевизүүд, уран бүтээлчид цөөнгүй төрөн гарсан байдаг.

HERO Entertainment-ийн сүүлийн жилүүдэд хийж байгаа уран бүтээлүүд улс төр, эдийн засгийн эгзэгтэй, зааг үеүдэд хүчтэй нөлөө үзүүлж, хөндсөн сэдэв, агуулга бүрээрээ олон нийтийн дунд хэлэлцүүлэг, маргаан өрнүүлж чадаж байгааг дурдалгүй орхиж боломгүй. Энэхүү нөлөөллийн байр суурин дээрээ Б.Баатар нар өөрчлөлт эрэлхийлж, хэдэн жилийн өмнө эхлүүлсэн төслийнхөө анхны удирдамж дээр эргэцэн зогсолгүй урагш ахин дэвших эрмэлзлээр Өвөрмонголын зочдыг шинэ агуулгатайгаар урин авчирч байгаа нь яг цагаа олж буйг онцлох учиртай.