Сүүлийн үед “орк”, “поп”, “эго”, “эмо” гэх үгсийг бид их хэрэглэх болж. Тэр дундаа эго гэгчийн талаар олон тайлбар бий ч товчхондоо бусдаас өөрийгөө ялгах сэтгэл, хүний өөрийн тодорхойлсон “би” хэмээгч ертөнц юм. Хүн төрөлхтөн /төрхтөн ч юмуу/ хувцас өмсөж эхэлсэн цагаас биеийнх нь үс алга болж, үрэлт ихтэй суга цавинд л үс үлдэв. Толгойн үс хувцасаа дагаад гоёлын шинж чанартай /тогосны өд шиг/ болж хувьссан гэх нь бий. Магадгүй хувцас бол хүний эгог илэрхийлэгч анхны элемент биз. Өнөө ч бид өөрийгөө хэн гэдгийг илтгэхдээ янз бүр хувцас сонгодог, баян ядуу хамаагүй. “Хэдий ядарсан ч комиссын хувцас өмсөхгүй шүү..” гэх ядруухан хүн олон, эсрэг бодолтой нь ч олон. Эго нь өөрт тэгж хэлээд л байгаа хэрэг. Харин сүүлийн арваад жил шинэ төрлийн нэг “гангараа”, “эго” бий болсон нь сошиал мэдиа бололтой юм. Баян ядуу хөгшин залуу хамаагүй хувцаслалтандаа, үгүй ядаж үс засалтандаа анхаардаг шиг хэн бүр сошиал мэдиа хэрэглэхээс татгалзахгүй – гангалах хүсэлтэй л юм хойно. Хэрвээ 80 настай эмээ ч ойлгохуйц ухаалаг утас, хангалттай интернэт байсан бол сошиал мэдиа бүхнийг хамрах байв. Зарим айл бурхан тахилынхаа дэргэд жаазтай зурагнуудаа тавьдаг биздээ. Ядуу нь баян харагдаж болно, санаа муутай нь сайхан сэтгэлтэй харагдаж ч болно. Цэцэрлэгийн нээлт дээр охиноо уйлтал нь загнаж, томоотой зогсоож байгаад аятайхан сэлфи дарсанаа “Хамгаас хайртай охин минь албандаа мордлоо. Жаахан ууртай л орлоо” гэж пост тавьж ч болно.

Жирийн танил найз чинь гэнэт л фээсбүүк хуудсандаа хэнхэгтэй ч юм шиг мангар юмнууд бичээд эхэлж магад. “Банкууд 00 –той байх ёстой”, “Дэлгүүрийн худалдагч ингэж үйлчилмээр юм”, “Утааг ингэж арилгаж болно”, гэх мэтээр бүгдээрээ л ямар нэг комэнт, үнэлэлт дүгнэлт өгөх дуртай. Хүний өмссөн хувцас гэнэт таалагдах шиг хүний хэлсэн үзэл таалагдаж болно. Бүр таалагдахгүй тэр хувцасыг нь тасдаж хаямаар санагдаж ч болно.. Сошиал мэдиа уг нь анхандаа харилцааны хэрэгсэл болж гарч ирсэн ч сүүлдээ гангарааны, өөрийгөө илэрхийлэх хандлага давамгайлж. Үүнд хэний ч зөв буруу байхгүй, хүний мөн чанар. Малгай зөвхөн нарнаас хамгаалдаг биш биздээ. “Ирвэс хамгаалагч залуу”, “Хойд эхийн гарт үрэгдсэн охин”, “Мүүний урсгал” гээд л сэтгэл сэмэртэл сошиалд шуугисан олон асуудал бий. Сэдвийн сайн муу чухал биш, гол нь тэр сэдэвт татагдан орж өөрийн гэсэн “үгээ”, өөрийн гэсэн “байр сууриа” илэрхийлэх нь нэг төрлийн эго, хүчтэй сэдэв байх тусам эго хүчтэй илэрнэ. Гэхдээ тэр хүчтэй эмоци, эго сарын дараа гэхэд л мартагдана. Шинэ хувцаснаас сарын дараа уйддаг шиг л. Угаасаа асуудалд хүн өөрийн байр суурийг /эгог/ илэрхийлэх нь чухал болохоос биш асуудал бүрийг байнга бодож шаналаад явах албагүй л дээ. 

Шэйр хийгээсэй гэдэг нь “Хүмүүс надтай ижил бодолтой байгаасай”, пост тавих нь “Миний бодол ийм байна”, комэнт бичих нь “Надад ийм санагдлаа”, сэлфи дарах нь “Би ийм хүн” гэсэн илэрхийлэл юм. “Манай гэр бүл ингэж зугааллаа” гэдэг пост бол “Би ийм гэр бүлтэй” гэсэн л үг. “Манай компани ийм юм хийлээ” гэдэг нь “Би ийм газар ажилладаг” гэсэн үг. Сошиалын анхны язгуур утга нь хувь хүний “профайл” учраас дандаа “Би” –г тодотгож өгдөг, “Бид” гэж байхгүй. Тэр ч утгаараа пүүс компаниудын албан ёсны акаунт сошиалд олигтой явдаггүй мөртлөө хувь улс төрчид, хувь хүмүүс нөлөөтэй байдаг. Хүн өөрийнхөө хувцасанд л анхаарахаас биш бусдын хувцас ямар хамаа байх билээ. Компаниуд нэг цул “Би” болж байж л сошиалд амжилттай явж магадгүй, өнөө “интэгрити“, ”дигнити”, “алсын хараа” энэ тэрээ нэгтгэнэ гэсэн үг ч юмуу даа.

Сошиал мэдиад ихэнхи хүн анзаардаггүй нэг чухал юм байдаг нь донж төрх юм. Донжийг нь олоод үг хэлчихдэг, донжийг нь олоод сэлфи дарчихдаг, донжийг нь олоод хүнтэй харилцчихдаг, сээтэн үг донжийг нь олоод хэлчихдэг, улс төрийн жиргээ донжийг нь олоод биччихдэг гэх мэт. Хэн ч чадахаар тэнэг үйлдэл хийгээд л од болчихдог хүмүүс цаанаа нэг донжтой л байдаг юм. Жонни Дээптэй төстэй, донжтой царайтай турк залуу шарсан хавирга зүсээд, жаахан маяглаж давс цацаад л юүтүб, фээсбүүк даяар дэлхийн од болж, “Saltbae” гээд хайгаад үзээрэй. Манайд ч Эмили Минаж хочтой нэг охин “гэж мэгээд” гэж мэгээд од болж байсан цаг саяхан. “Танхай эмээ” –ийн эвлүүлгийг анх харсан хэн ч хийчихмээр санагддаг ч үнэндээ тийм биш. Сошиалд донжийг нь тааруулна гэдэг хувцасны донж төрхөө зөв тааруулахтай ижилхэн ч юм шиг. Хэн нэг нь жийнсэн өмдөө санаандгүй урчихсан чинь донж нь таараад аятайхан харагдаж болно. Гэтэл түүнийг нь дуурайгаад зарим нь жийнсэн өмдөө хамаа намаагүй, гол нь “донж муутай” ураад эхэлбэл тэнэг харагдана. Сошиалд ч ийм үзэгдэл их ажиглагддаг. Тэнэглэхэд хүртэл донж маяг, загвар дизайн хэрэгтэй.

“ЛинкэдИн бол Фээсбүүк биш, огт өөрөөр хэрэглэх ёстой”, “Твитэр уг нь ийм байх ёстой манайхан буруу хэрэглэж байна” г.м. яриа олон. Жинсэн өмд анх уурхайчдад зориулсан хувцас байснаа сүүлд чөлөөт хувцас болсон, саравчтай малгайг анх бээсболчид өмсдөг байснаа сүүлд хип хопуудын моод болсон г.м. яаж хэрэглэхийг нь олон нийт л шийднэ. Өмнө нь хүмүүсийн хувцас тааруухан байгаад өөр өөрсдийнхөө хашаанаас холдож амждаггүй байж, харин өдгөө хувцастай болсоноор дуртай газраа хэсэж, дуртайгаараа өөрийгөө илэрхийлж буйтай сошиал мэдиаг зүйрлэж болох юм. Ямартай ч хүний нэг шинэ гангараа нэмэгджээ. Гангалах дургүй хүмүүс мэдээж олон л доо, гэхдээ эрхбиш бусдын гангарааг ажиглаад л явдаг юм. Твитэр, фээсбүүкт бол өөрөө пост комэнт бичихгүй ч уншаад л явдаг хүмүүс маш олон. Час улаан даашинзаас эхлээд эрээн алаг эмо стиль хүртэл олон төрлийн хувцаслалт бий. Өвөрмөц хувцастай хүнийг бүгд анзаарах нь аргагүй шиг сошиалд элдэв солиотой улс алийг тэр гэхэв. Зарим нэг яруу найрагч “хүний үнэн төрхийг үгүйсгэдэг” гээд сошиал мэдиаг бүр жигших нь ч бий, адилхан л эго юм. Үнэн төрх гэдэг заавал нүцгэн төрх биш биздээ.

Сонирхуулахад сошиал орчинд ямар нэг юмыг шинээр таниулах, мартагдсан юмыг сэргээж сануулах гэх мэт нь их амархан. Хувь хүмүүс хэдэн гайгүй пост бичихэд л эсвэл нум сум харваж буй клип хийгээд л боллоо, бараа бүтээгдэхүүн бол сэлфи уралдаан зарлаад л болчихно. Харин тухайн бараа үнэхээр сайн мууг эсэхийг хэрэглэж байж л мэднэ, тухайн хүн үнэхээр тийм ухаантай мундаг эсэхийг уулзаж байж л мэднэ. “Хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг” хэмээх хэлц шиг л.. гэх мэт гэх мэт. Жишээ дурдаад байвал дуусахгүй шинжтэй, ер нь сошиал мэдиа өөрөө зөвхөн манайд ч биш дэлхийд шинэ үзэгдэл юм. Дээр бичсэн бүгд нэг өнцөг л болохоос туйлын үнэн биш нь мэдээж.