Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль 2011 оны хоёрдугаар сарын 10-нд УИХ-аар батлагдсан. Төрөөд зургаан нас хүрэх гэж байгаа энэ хуулийн дагуу Монголын Засгийн газар, Хөгжлийн банк 4.5 тэрбум ам.долларын өмнө хэрхэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудалтай тулгараад байгаа билээ. Хариуцлага ярихаас улстөржүүлдэг энэхүү улстөржсөн банк, улстөржсөн зээлийн тухай одоо төрийн нэрийн өмнөөс цаашаа яаж явах вэ гэдгээ хэлэлцэж зөв замаар явах л хариуцлага тунаж үлдээд энэхүү хуулийг санаачилжээ. Ямар ч байсан одоогийнх шиг 117.6 тэрбум төгрөгийн алдагдалтай, хугацаа хэтэрсэн зээл нь бараг 70 хувь, чанаргүй зээл нь 13.8 хувьтай, зээл олгох шийдвэр гаргах механизм нь сэжиг бүхий, Хөгжлийн банкны тухай хууль нь “хэрэггүй” буюу “хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх аргагүй” заалт олонтой, хамгийн аймшигтай нь хариуцлага хүлээх эзэнгүй, Хөгжлийн банкийг удирдсан хүн заавал гэмт хэрэгтэн болдог, эсвэл Засгийн газраа татаж унадаг байж болохгүйг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс харж болохоор байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, З.Нарантуяа тэргүүтэй 20-иод гишүүдийн хамтран санаачилж боловсруулсан Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж үзлээ. Хөгжлийн банкныхаа өрийг ирэх гуравдугаар сарын 21-ний дотор төлөхийн сацуу балансыг нь цэвэрлээд, өмнөх бондоо төлчихөөд “update” хийсэн дээрээ эрх зүйн орчныг нь ч сайжруулъя гэж буйг нь салбарын мэргэжилтнүүд дэмжиж байгаа аж. Орж буй  өөрчлөлт, шинэчлэлтийн тухайд 50-аас дээш хувьтай тул шинэчилсэн найруулга гэхээс аргагүй. Харин хуулийн талаасаа “өөрчлөлт орохгүй хөдөлгөөнгүй байлгамаар байгаа бол тунхагийн шинжтэй” гэж тодорхойлогддог юм билээ. Хөгжлийн банк ч, түүний тухай хууль ч хөдөлгөөнтэй байхаас аргагүй болохоор тунхгийн шинжтэй байх боломжгүй болов уу. Тэгвэл уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар ямар өөрчлөлт гарах вэ?

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, хуульд заасан шаардлагыг хангасан төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлэх шийдвэрийг бие даан гаргадаг болох юм. Энэ нь хараат бус байх нэг алхам. Мөн санхүүжүүлэх төслийн үр ашиг, хэрэгжих бодит боломжид санхүүгийн болон хууль зүйн талаас нь мэргэжлийн байгууллагын үнэлэлт, дүгнэлт гаргадаг байх боломжийг бүрдүүлэх нь дараагийн алхам болно.   
Шинэчилсэн найруулгад “Алдагдлыг нөөц сангийн хөрөнгөөр нөхөх боломжгүй тохиолдолд нэмэлт хөрөнгийг хувьцаа эзэмшигч шийдвэрлэнэ”, “Хөгжлийн банкны санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах, активийн эрсдлийн сан байгуулах зарцуулах журмыг Монголбанкны саналыг харгалзах Засгийн газар тогтооно гэсэн нь одоо Хөгжлийн банкинд үүсээд байгаа гол хүндрэл болох “Ашигт ажиллагаа алдагдсан”, “Банкны санхүүгийн зохистой харьцаа алдагдсан, төслийн үр ашгийг харгалзаагүй” гэх гажуудлыг засч тус банкны өөрийн хөрөнгө багасах эрсдэл буурч ашигтай ажиллах боломжтой болно.

Мөн хараат бус байх зарчмаа алдсан, ашгийн төлөө бус бараг тухайн Засгийн газрын, тэр ч байтугай эрх барьж буй намын даалгаврыг биелүүлэх болсон зэрэг алдааг засахын тулд “Засгийн газрын хөрөнгийг Хөгжлийн банк хуульд нийцүүлэн итгэмжлэн удирдаж болно” гэсэн шинэчилсэн найруулгын 17 дугаар зүйлээс бусдаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг Засгийн газар батлаад байхгүйгээр заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк мэргэжлийн байгууллагын хувьд УИХ, Засгийн газраас хамааралгүйгээр бие даан шийдвэрээ гаргаад хариуцлагаа тус банкны эрх бүхий албан тушаалтан өөрөө хүлээдэг механизм бүрдэнэ. Мөн Хөгжлийн банкинд эх үүсвэр олгож буй гадны банк, санхүүгийн байгууллагууд, Засгийн газрын далд баталгаатай тохиолдолд эх үүсвэрийг бууруулах, бусад төрлийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой болно.

Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээ “хайрцаглагдчихаад” байсан нэг зүйл нь “Бусад компанийн хувьцаа эзэмших, хөрөнг оруулалт хийх талаар эрхзүйн зохицуулалтгүй байсан. Гэтэл шаардлагын хувьд хөрөнгө оруулалтын бүхий л хэлбэрүүдийг ашиглаж томоохон төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй байдаг. Тиймээс шинэчилсэн найруулгад  компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийхээр тусгажээ. Үр дүнд нь Хөгжлийн банк хувьцаа болон хувьцаанд хөрвөх санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж эдийн засгийн бодит секторыг ч дэмжих, төслийнхөө үр өгөөжийг ч дэмжих, ашигтай ч ажиллах боломж бүрдэнэ. Дашрамд дурьдахад төслийн баримт бичиг бэлтгүүлдэг, ТЭЗҮ боловсруулуулах, зөвлөх үйлчилгээ авахад олон улсын байгууллагад их хэмжээний төлбөр төлдөг байсан бол шинэчилсэн найруулгын төсөлд зааснаар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой болохын сацуу Хөгжлийн банк нь энэ чигэлээр өөрийн гэсэн экспертийн баг бүрдүүлж зөвлөх үйлчилгээ үзүүлснээр төслийн хэрэгжилтээ дүгнэх нь ч хялбар болох ач холбогдолтой юм.



Хөгжлийн банк байгуулагдахаас өмнө л компанийн засаглалын тогтолцоо нь оновчгүй болох нь гээд байсан нь бодит байдал дээр ч биелж, хараат бусаар бие даан шийдвэр гаргах нь ч мөрөөдөл болж хувирсан. Тэгвэл шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар мэргэжлийн удирдлагын баг бүрдэх, компанийн засаглалын зарчмууд нь бусад орны ижил төстэй байгууллагынхтай нийцэж, хамгийн гол нь Засгийн газрын бшрэн эрхийг хувьцаа эзэмшигчийн бүрэн эрх болгон шинэчилсэн байна. Мөн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг нэмэгдүүлж зохион байгуулалтын бүтцээ ТУЗ нь тогтоодог болох юм.

Шинэчилсэн найруулгын төсөлд “Хөгжлийн банкны тухай хуульд ийм зүйл, заалт байгаагүй гэж үү” гэмээр зарим заалтыг амилуулж хэт ерөнхий байсныг тодорхой болгох зэрэг өөрчлөлтүүд оржээ. Тухайлбал, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь хуульд заасан шаардлага хангахаас гадна Монгол Улсын хөгжлийг дэмжих, экспортод чиглэсэн байх нь зүйтэй. Одоо олгоод байгаа зээлүүддээ ч тус банк тийм л хариулт өгсөөр ирсэн. Иймд “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах төсөл хөтөлбөрийн нийт дүнгийн 60-аас  доошгүй хувь нь бүтээгдэхүүнээ экспортлоход чиглэгдэнэ гэж тодорхой заажээ.

Мөн “зээл авах” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулснаар зээл авахад тавигдах шаардлага буюу зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон мөн тус хуульд заасан хязгаарлалтад нийцсэн тохиолдолд нэмж зээл авах боломжтой байхаар зохицуулалт буюу нэг ёсондоо ашигтай ажиллах, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, хариуцлагатай байх зарчимд нь нийцүүлэн хууль эрх зүйн агаар оруулсан байна.

Олон заалтыг хассан харагдана. Нэгэнт хэрэгждэггүй, хэрэгжих боломжгүй заалтыг хасах, шалихгүй зааг хязгаарлалтыг тасдаж хаяхгүй бол хууль мөнх бус байнгын хөдөлгөөнтэй учир амьгүй заалтууд буглаж Хөгжлийн банкны хууль ч, банк нь ч булшлагдах аюултай юм. Гэхдээ энэ нь муу хууль болжээ гэсэн үг биш, хуулийг батлах хүртэл олон өөрчлөлт орсоор журмаа хуульдаа багтаасан, эсвэл хуулийн зорилт, үзэл баримтлалаа нэг зүйл заалт болгоод оруулчихсаныг хасчээ. Мөн одоогоор Хөгжлийн банкинд учраад байгаа хүндрэлээс гарах, цаашид аль болох зөв замаар хамгийн гол нь ашгийн төлөө ажиллах эрх мэдэл, үүрэг хариуцлагаа гартаа авч ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах шаардлагатай байгааг нөхцөл байдал харуулж байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортыг дэмжих төсөл хөтөлбөрүүдээ сонгож санхүүжүүлэх эрх чөлөө хийгээд, тэдгээр төсөлдөө болон зээлийн эргэн төлөлтөд чин сэтгэлээсээ санаа зовинон ажиллах чин сэтгэлийг Хөгжлийн банкныханд ч, зээлдэгчдэд ч, хөрөнгө оруулагчдад ч өгөх учраас асар их ач холбогдолтой, бас хойшлуулшгүй яаралтай ажил болоод байгааг УИХ-ын эрхэм гишүүд ойлгох биз ээ.