Нууц гэхээр хүмүүс илүү их сонирходог нь хэвлэлд ил дол болсон арга юм л даа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа ажил үүргийн хувьд Монгол Улсын хилийг эргэж тойрохоор болжээ. Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа ард түмнээсээ далд битүүлгэ сэмээрхэн байх учиргүй. Тэглээ гээд ардчилсан Ерөнхийлөгч гарч ирээд баахан сэтгүүлч дагуулж яваад хилийн заставын “хар нүдэн бүсгүй”-гээс авхуулаад бүх нууцыг дэлгээд олны хүртээл болгох нь бас хаашаа.Дагаж явсан сурвалжлагчийн хувьд “Манай хил дээрх цэргийн тоо яг төд байв. Отряд, застав нь тэнд байдаг…” гээд  долоон булчирхайг нь тоочвол одоогийн хуулиар улсын нууц задруулсан хэрэгт холбогдох юм билээ. Тэгэхээр энэ удаагийн томилолт түвэгтэй бас хариуцлагтай байв.  
Бодож бодож “Монголын нууц товчоо” гэдэг шиг гарчиг тавиад албан мэдээнээс арай ангид  олон түмэн уншигчидаа хүндэтгэн сонин хачинг хачирлалгүйгээр мэдээлэхийг чармайв. Манайд “хил манах хүү төрлөө” гэдэг хэлц үг байдаг боловч тэнд эрчүүдийн нэг хүрэхгүй хувь нь алба хаадаг онол практик бий. Хүмүүс төв суурин бараадаж буй энэ цаг үеэр улам цаашаа захлаж хил манаж хоцорсон нэгэн албан байгууллага өдгөө нэгэн үндэстэн ястан мэт өвөрмөгц аж амьдралтай болцгоосон юм шиг. Өөрөөр хэлбэл манай хил дээрх амьдрал сайхан ч биш, муухай ч биш юу ч гэж хэлэхэд хэцүү юм. Цэргүүдээс юм асуухаар “Тийм, Үгүй”, биенд нь гар хүрэхээр “Байлдагч Бат” гэж зандарчихаад гөлийчихнө.
Манай нэрт яруу найрагч Пунцагийн Бадарч гуай хамт явсан юм. Хилийн цэргийн хуучин хал цэрэг Бадарч найрагч маань “Хөшиж  үхдэг болохоос хөгширч үхдэггүй”-н үлгэр дууриал үзүүлж, хил хязгаар нутгаар ануухан нь аргагүй цэмбэгнэж алиа хошин үгээрээ амьтныг инээлгэж явав. Мэдээж хилийн цэргийн сэдэвтэй сайхан шүлгээсээ уншина. Ийн явж байх зуур нэгэн “хөшцөрсөн” цэрэгтэй ярилцлага хийх гээд үзэв.
-Миний дүү алдар хэн билээ
-Би байлдагч Содномдорж
-Аль нутаг уснаас ирсэн хүүхэд вэ?
-Өмнөговь аймгийн Даланзадгад сум.
-Цэргийн амьдрал ямархуу юм. Эх орноо манах сайхан биз?
-Тийм
-Гэр орон, найз нөхөд үе үе санагдах юм уу?
-Үгүй
-Нэг хэсэг цэргүүд турлаа, өлслөө гээд л яригддаг байсан.Одоо ер нь ямар байдаг вэ?
-Тийм
-Тийм гэдэг чинь өлсч байна гэсэн үг үү?
-Үгүй
-Дүү хүү сул зогсоод наашаа нэг харж байгаад жаал ярилдаа хэмээн ханцуйнд нь гар хүртэл “Би байлдагч Содномдорж” хэмээн чанга орилж тэрнээс нь айхтар цочиж, улмаар ярилцлага маань ч өндөрлөлөө.
Харин Ерөнхийлөгч нэг цэрэгтэй уулзаад “Одоо ингээд долоо хоноод халагдах юм байна. Ямар санагдаж байна?” гэж асуутал тэр цэрэг “Гоё” гэж ам алдсан шүү. Гоё гэдэг гуравхан үсэг орох товч үгийг нь хуучин цагт бол ухаад хэрэгт хөнгөхөөн хийчих байсан гэсэн.  Нөгөө до яамныхан барьж аваад  “Цэрэгт байх муухай байсан юм байна тиймээ? Хилийн цэрэг дэмий гэсэн үзэл бодол чинь  халагдахад гоё байснаар илэрлээ…мөнүү” хэмээн хангалттай нотлох баримтан дээр тулгуурлан “таслах” байхдаа.
         Ер нь цэргийн газарт амьдралаас зайгаа авсан “жүжиг, концерт” арвин байдаг нь өнөө цагт сонин содон харагдаж байв.
Ерөнхийлөгчийн хил хязгаараа эргэх томилолт Замын-Үүд боомтоос эхэлсэн юм. Тэрээр нийслэлээс галт тэргэнд сууж шөнөжин давхиулсаар өглөө Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүрэлцэн ирж хил, гааль, гадаадын иргэдийн асуудал эрхэлдэг алба, мэрэгжлийн хяналтын газар гэсэн хил дээр заавал хамт байдаг дөрвөн байгууллагатай танилцав. Хилээр орж гардаг үүд хаалган дээр энэ дөрвөн байгууллага хамтдаа уялдаатай ажил үүргээ гүйцэтгэдэг аж. Ерөнхийд нь хилийн цэргийн алба зангиддаж удирддаг. Замын-Үүд дэх замын үүдээр хүн ачаа тээврийн ихэнх нь орж гардаг нь нууц биш. 83 орны нэг сая гаран хүн орж гарлаа. Тэдгээр хүмүүс энэ жил  арван сарын дотор 417617 машин унаа хэрэглэв. Гэхдээ энэ тоо бол ноднингоос хамаагүй цөөрсөн тоо юм гэж албаны илтгэлд дурьдаж байв. Тэр олон иргэд, унаа хөсгийг нэг бүрчлэн шалгахад  44 хүн хил зөрчиж явж байжээ. Эдгээр 44 хүнээ саатуулж хуулийн дагуу шийдвэрлэсэн гэнэ. Хуулийн дагуу ямар ял шийтгэл ногддог нь нууц. Албаны хүнээс энэ сэдвээр асуухад ямар ч байсан буудаад унагдаггүй юм байна. Хилийн багананы цаад талыг сонирхох гэж байгаад нам буудуулсан гэдэг домог шиг яриа худлаа юм билээ. Ялангуяа хүн олноор орж гардаг Замын-Үүд боомт хавиар бичиг баримтаа Эрээнд гээсэн манай улсын ардууд тортой хашаагаар гүйгээд ороод ирдэг. Тэрнийг нь цэргүүд саатуулж бариад шалгаад ямар ч байсан буцааж тушаалгүй дараагийн байгууллагад хүргэж өгдөг аж. Гэхдээ энэ нь иймээ тиймээ юм болбол хил дээгүүр гүйгээд ороод ир гэсэн үг биш. Цаад талд нь Хятад Улсын манаач нар үүрэглээд суухгүй шүүдээ.
Улсын торгон хил дээрх Замын-Үүд суманд 12 мянган хүн амьдардаг. Дээр нь гурваас дөрвөн мянган хүн байнга орж гарч байдаг. Ийм хөлийн газрыг сум баг гэхэд их хэцүү байна. Хот тосгоны статустай болгож өгөөчээ гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгчид тавьж байлаа. Багийг нэмэх хасах эрх аймгийн иргэдийн хуралд бий гэж Ж.Батсуурь гишүүн тайлбарласан юм. Тэгэхээр энэ бол Дорноговь аймгийн дотоод асуудал болж байна. Харин сургууль цэцэрлэг ганцхан байгааг нэмэх гэхээр дулаан, цахилгаан, сантехникийн даацыг давхар шийдэх хэрэг гардаг. Тэрнээс хөврөн Замын-Үүдийг цогцоор нь хөгжүүлж, Эрээнийг гүйцдэггүй юмаа гэхэд дөхөж очих мастер төлөвлөгөө гаргах болдог. Хөгжлийн төлөвлөгөөний гарц, хөрөнгийг гаргах боломж нь энд чөлөөт бүсийг бий болгох чигтэй. Замын-Үүдийн чөлөөт бүс гэсэн сүржин нэртэй байгууллага байгуулж нэг хэсэг газарт тор татан хашаа хатгасан боловч одоо болтол элснээс өөр юм орж ирээгүй хоосон байгаа. Тэр хашаан дотор дотоод гадаадын иргэд компаниуд хөрөнгө оруулалт хийн чөлөөтэй арилжаа наймаа хийлгэх гэж чармайгаад өнөө хэр амжилт олоогүй юм байна. Улсын даац хүчин чадлаас том зорилтууд тавигдсанаас болоод  хөгжлийн хүлээлт бий болжээ. Түүнээс байдаг л нэг сум засаг захиргаасан бол өндөр хүчдэл, гар утасны сүлжээ хоёр тавиад нэг хэсэгтээ ам хаачихсан. Энд ижил гараанаас эхэлсэн Эрээн хот өдрөөс өдөрт өргөжөөд байхад дэргэдэх Замын-Үүд элсэнд булагдсаар л байна. Тэр чөлөөт бүс гэдэгт нь казино байгуулж, Улаанбаатартай холбосон засмал замыг даруй гүйцээж барих хоёр ажил хийгдвэл басчиг гэж шуудрах тухай яригдаж байв.
Хил гааль хоёрыг хэл амны бай болгодог “гаальтай машин” гэх хэллэг өнөө хэр байсаар байгаа билээ.  Албан талаасаа тийм юм байхгүй гэдэг. Наймаачид байж л байгаа шүүдээ гэх. Энэ нь ямар учиртай юм гэхээр хилээр янз бүрийн бараа таваар оруулах бүрт тохирсон бичиг баримт бүрдүүлдэг. Хүнд сурталсаад байх юмгүй тамхинд нэг өөр шаардлага, татвар, болгоомжох шалгалт хийнэ. Оймсонд бол бас өөр гэх жишээтэй. Хүмүүс зөвхөн оймс чирээд ирэхгүй хажуугаар нь цагаан будаа, цемент дайна. Ингээд янз бүрийн бичиг баримтны бүрдүүлэлт хийх гэж яршиг төвөгтэй ажлын орон тоо өөрөө гараад ирдэг. Энэ моментэн дээр “гаальтай машин” өмнөөс чинь бүхнийг аргалж өгнө. Та зүгээр арабын султан шиг хэвтэж бай гэдэг. Төрийн байгууллага нь манайд гаальтай машин байхгүй гээд байдгийн учир нь нөгөө сайн эрчүүд хэн нэгний бараа таваарыг ном журмаар нь гялс төлөөд оруулчихдаг. Түүнээс бөөн арын хаалганы нөхөр хил гаалийн хорооны дэргэдүүр зогсолгүй тоос татуулаад давхиад явдаг юм байхгүй. Бүх ажиллагаа дууссаны дараа нийт зардал төдөн төгрөг боллоо гээд хөлсөө нэхнэ. Уг нь бол гааль дээр лавлагаа, зөвөлгөө өгөх газар ажилладаг. Сүүлийн үед байнга явдаг наймаачид өөрсдөө гааль руу ороход хугацаа адилхан байхаас гадна ихээхэн мөнгө ченжүүдэд өгдөг байснаа мэджээ. Анх удаа хил давж байгаа, хууль журам мэддэггүй, толгой нь эргэсэн тийм хүн бол “гаальтай машин” байтугай луйварчинд залгиулсаар байгаад дуусдаг нь аль ч орны хил дээр байдаг үзэгдэл юм.
Хилээр нэвтрэхэд цүнх саваа шалгуулдаг рентгэний нөгөө талд гарч харав. Дэлгэцэн дээр чемодан доторх зүйлс тэр гэж ойлгохын аргагүй дүрс гардаг юм байна. “Энэ бол эхо уншдаг эмчтэй адил манай гаалийнхны мэрэгжлийн  ур чадвар шаардагдана” гэж ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав тайлбарлаж өгөв. Одоохондоо нохойноос илүү хар тамхи илрүүлэгч үйлдвэрт нэвтрээгүй байгаа гэнэ шүү.
Замын-Үүд боомтоос гараад баруун урагш тийш хилийн шугам дагуу машинаар явж хил манаж байгаа цэргүүд, тэдний байрладаг застав, отрядаар орлоо. Хилийг тортой хашаагаар хашиж, зарим газар нь хагалж борнойдсон байна.Цаад талд нь Хятадууд бүр айхтар тор татаж цементэн багананд хүлжээ. Ийм тортой газраар бол амьтан ч нэвтрэх аргагүй юм. Манай улсын бүх хил эргэн тойрондоо хашаажаагүй. Тийм боломж ч байхгүй. Тэгэх шаардлага ч үгүй юм. Харин хилийн шугам мурийх болгонд багана босгож хүний өөрийн нутгаа ялгадаг аж. Хоёр багананы хооронд наашаа юм уу цаашаа тэлсэн нутаг байх ёсгүй. Монгол Хятадын хилийн орчин нь гол төлөв хоёр талдаа хүн малгүй эзгүй  зөвхөн цэргийн хүмүүсийн нутаг аж.Шигүү хүн амтай оронд хилийн ийм хоосон орон зай арай гаргадаггүй байх. Энэ зөвхөн манай л онцлого болов уу. Хил рүү дөхөөд ирэхээр андашгүй мал цөөрөөд өвс билчээр сайхан болчихно. Зарим газар говь гэдэг нь мартагдахаар өвс халиурч гал алдвал түймэр асахаар ургажээ. Тэгэхэд Дундговь аймгийн нутаг бараг тэр чигээрээ уриншилсан тариан талбайнаас дор ургамал дууссан нь олон малтай холбоотой ч юм шиг.
Ерөнхийлөгчийн явах зам дээр морь тэмээ унасан цэргүүд хилээ манаад зогсож байх бөгөөд тэд буугаа атган өмнө зүг рүү тун анхааралтай алсыг харжээ. Хилийн цэргийн эхний застав дээр буухад гадуур нь таван хошуу мал ярайсан мянгат малчны хот шиг орчин угтлаа. Энэ отряд 4000 гаран малтай, долоон га-д ногоо тарьж, 43 тонн төмс хүнсний ногоо хураадаг, үнээ малаа сааж 110 кг ааруул, 38 литр нэрмэл архи нөөцөлдөг мундаг газар байх юм. Энэ тоонуудыг сонсож байхад аль завандаа хилээ манадаг юм бол гэмээр. Мөн застав болгон үлээвэр хөгжимтэй, отряд нь бүр ланжгар үлээвэр хөгжмийн хамтлагтай. Хотод болдог караоке дууны цэнгээнт нэвтрүүлгэд захын застав очоод түрүүлж хамаг бай шагналыг нь хамж ирдэг гэнэ. Сулинхээрийн заставын үлээвэр хөгжим жаахан муудсан тул Ерөнхийлөгчид шинэ хөгжим захиж байнлээ. Аа бас их сайхан дуулж хуурдацгаах юм.
Цэргүүдийг гаднаас нь харахад сайхан эрчүүд боловч дотор нь ороод үзэхээр дандаа эмэгтэй хүний ажил хийж өдөр хоногийг бардаг нь бас л гайхалтай. Ганцхан манай улсын цэрэг тийм биш л дээ. Монголын цэргийн нэг онцлого нь үнээ сааж, ааруул ээзгий тавих, тугал хурга хариулах явдал бөлгөө. Бусад шал угаах, оёж шидэх  зэрэг нь орон бүрт байдаг ажил. Одоо цагт хугацаат цэрэг цөөрч оронд нь байнгийн ажиллагаатай ахлагч нар дээрх үүргийг тэтгэвэрт гартлаа хийдэг болжээ. Анги салбарт ажиллаж байгаа гэрээт цэрэг ба түүний орон байраар орж үзсэн. Хотод байгаа оюутны байрны охид ичмээр цэмцгэр сууцгаана. Гоё цэцэг навч оёж хатгаад тавьчихсан ч байх шиг. Модон шалыг угаагаад дээрээс нь нэмж зүлгээд хүн байтугай ханиадны вирус халтирч үхмээр угааж цэвэрлэжээ. Ийм болгохын тулд өдрийн багагүй цагийг зарцуулдаг гэж байсан.
Хилийн цэргүүд хил зөрчиж байгаа этгээдийг хэрхэн барьдаг тухай үзүүлэх тоглолт хийсэн. Эхлээд застав дээр мэдээ ирнэ. “Хоёр хүүхнийг хил давуулж зарахаар машинд ачаад явж байна. Цаанаас нь нэг жип тосч авахаар Хятадын хилээс наашиллаа” гэсэн дагуу хилчид түргэн авав. Морьтой, тэмээтэй, машинтай цэргүүд хэдхэн хормын дотор хил орчмыг хяналтандаа авч нуугддаг юм байна. Цэргүүд мориноосоо үсэрч буугаад бутны ард нуугдахад морь нь бас тэрий хадаад хэвтээд өгөх юм. Том буугаар пижигнэтэл буудаж байхад морь тэмээд огт үргэхгүй нам хэвтэнэ. Хар авсан хил зөрчигч машинаа байдгаар нь хаазлан зугтахад хилчин ганцхан үсрээд давхиж яваа машин дээр авирч гараад улмаар кабин дээгүүр нь мөлхөж жолоочтой нь ноцолдоод авах юм. Энд бол монгол цэргийн өндөр ур чадвар аргагүй нэг харагдаж байнлээ. Хилийн цэргүүд бүгдээрээ ийм байдаг бол улсын хилээр улаан хөлтэй юм алхахгүй бизээ.
А.Баатарцогт генералаас асуухад “Манайхан ер нь нэг иймэрхүү шүү” гэх нь сонсоход сайхан байв. Тэгээд ч хилийн цэргийнхнээс Ирак, Афганистан зэрэг орнуудад энхийг сахиулахаар илгээдэг юм билээ.
Замын-Үүдээс тийм ч их холгүй Ханги гэдэг газар боомт нээгээд хэдэн жил болж байгаа. Сондгой саруудад нээдэг байснаа одоо байнгийн ажиллагаатай болж байгаа. Учир нь гэвэл үүгээр Мон-лаа гэдэг зуун хувь монголын хөрөнгө оруулалттай уурхайн компани төмрийн хүдэр зөөдөг болжээ. Урд хилээр уурхай зөөж байгаа бараг ганцхан монгол компани энэ гэсэн. Бусад нь Хятадууд бөгөөд тэд өөрсдийн машиндаа Өмнөговийн машины ноймор хийгээд Таван толгойгоос өдөр шөнөгүй нүүрс тээвэрлэн хил давангуутаа том нүх рүү юүлдэг гэнэ. Нүүрс гаргадаг хилийн боомт нь Гашуунсухайт. Оюутолгойгоос ургашах Ханбогд сумын нутгаар зам дагуу нүүрсний компаниуд байх бөгөөд 90 тоннын даазтай аварга машинууд зогсоо зайгүй сүлжилдэн тэнгэр баганадсан түйрэн босгож говьд тийрэн бирд байгаа мэт санагдана. Энэ бүгдтэй манай хил гааль, хяналтынхан тулж ажиллан цаг наргүй сууцгаадаг бололтой.
Монгол улсын Ерөнхийлөгч өмнөд хилээрээ цааш явж Шивээ хүрэнгийн боомт орсон бөгөөд дагалдан яваа сэтгүүлчид Гашуунсухайтаас зам салсан билээ.