“МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь МИАТ компанид ашиглагдаж байгаа агаарын хөлгүүдэд техник үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэхийн зэрэгцээ өөрсдийн нөөц бололцоог дайчлан гадаадын агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлөгт 2014 онд анх удаа хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг хийж эхэлсэн.

Өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд Тайландын вант улсын, “Orient Thai”, “Jet Asia Airways”, “Asia Atlantic Airways”, БНСУ-ын, “Eastar Jet”, “Jeju Air”, “T’Way”, ОХУ-ын “UT Air”, “Alrosa” зэрэг агаарын тээвэрлэгчдийн В737 болон В767 маягийн агаарын хөлгүүдэд нийт 50 удаагийн техник үйлчилгээний ажлыг эх орондоо амжилттай хийж гүйцэтгэжээ. 

Үүнтэй холбогдуулан өөрсдийн амжилтыг онцлон тэмдэглэж 50 дахь агаарын хөлгийг техник үйлчилгээнээс гаргах арга хэмжээг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

2014 он – 5 удаагийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээ

2015 он – 8 удаагийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээ

2016 он – 14 удаагийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээ

2017 он – 23 удаагийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээг хийж гүйцэтгэсэн.

Компанийн засвар үйлчилгээний газар өөрсдийн үйл ажиллагааг Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газар, Европын холбооны Иргэний агаарын тээврийн байгууллага EASA, БНСУ, Тайланд, Бермудын арал, Турк зэрэг улсуудын Иргэний Нисэхийн Удирдах газруудаар гэрчилгээжүүлсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.

“МИАТ” ХК-ийн нийт хамт олон гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөгт техник үйлчилгээг хийж эхэлсэн цагаасаа Монгол хүн, монгол инженерийн мэдлэг боловсрол, ур чадварыг олон улсад таниулж, эх орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж буй нь бахархалтай сайхан санагдаж байна.