ҮЙЛИЙН ТҮЙТГЭРИЙН ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ТАСЛАГЧ ХЭМЭЭХ
ТАВДУГААР БҮЛЭГ.

НЭГ:

Тэгээд ялж төгс нөгчсөн Бурхан багш Будда машид гүнзгий, их дээд самади-д оршив. Түүний бие-ээс элдэв янз олон өнгөт гэрэл хэмжээлшгүй ихээр гэрэлтэв. Арван зүгийн бурханы орон тэр гэрлийн дотор тодрон үзэгдлээ. Тэр гэрэлд орчлон ертөнц гэрэлтэн гийхэд, арван хар нүгэл үйлдэж тамд унасан амьтан бүгд тэр гэрлийн хүчинд зовлонгоос ангижрав. Тэр гэрлийн хүчээр амьтан бүхэн амгалан тайван аз жаргалыг эдэлсэн билээ. ...

Тэр үест хурмаст тэнгэрийн хаан Гангадэви тэргүүтэй хурсан нөхөд ялж төгс нөгчсөн Бурхан багш байгаа тэр газарт хүрч ирэв. Тэд ялж төгс нөгчсөн Бурхан багшийг гурвантаа тойрч эргээд сөгдөн мөргөлөө. Тэд нэгэн зүгт сууцгаав. Тэгээд насан гавьяат Шарипутра суудлаас бослоо. Тэр дээдийн хувцсыг нэг мөрнөөсөө буулгав. Баруун өвдгийг газарт хатгаад алга хавсран Бурхан багшид мөргөлөө.

Тэрбээр Бурхан багшид айлтгав. 

Ялж төгс нөгчсөн, түүнчлэн заларсан Бурхан багшаа. Язгуурын хөвгүүд, язгуурын охид. Тэрчлэн их хөлгөнд[1] үнэнхүү оршсон, үнэнхүү гэгээрлийг илтэд олсон тэд нарбурханы хутгийг олохыг хүсдэг. Тэд бурхан болохын тулд ямар мэт буяны үйл наминчилж үйлдэх ёстой вэ? хэмээн айлтгалаа. Бурхан багш Шарипутра-д зарлиглав.

Шарипутра аа. Язгуурын хөвгүүд, язгуурын охид түүнчлэн их хөлгөн номд үнэнхүү оршсон, гэгээрлийг илтэд гүйцээсэн хэн боловч бурхан болохоор зорих аваас. Тэр нь. Энэ мэт байдаг. Гурван өдөр, гурван шөнө дээдийн хувцсыг нэг мөрөндөө буулгаад, өвдгөө газарт хатган алгаа хавсран ийн өгүүлэн тангараг тавьж мөргөх хэрэгтэй. 

“Олон төрөлхтөн, тэнгэр, орчлон ертөнц болоод хүмүүний амар амгалан, түүний нигүүлсэнгүй их тусын тулд би ялж төгс нөгчсөн Бурханы адил арван зүгийн ертөнцөд тэнцэшгүй үнэнхүү их гэгээрлийг гүйцээн үйлдэх болно. Би номын хүрдийг машид ихээр эргүүлнэ. Номын ёсыг би дээдлэн барина. Би өглөгийг машид ихээр зохиож, номын зул[2]-ыг машид ихээр түгээнэ. Номын хур[3]-ыг машид ихээр буулгах болно. Би номын хэнгэргийг машид ихээр дэлдэж, номын лавайг машид ихээр дуурсгана. Амьтан бүгдийг би номын өглөгөөр цэнгүүлэн, ялж төгс нөгчсөн Бурхадад би машид ихээр сүжиглэн мөргөх болно. Ялж төгс нөгчсөн Бурханы тахилын орон, мөргөл үйлдэх орон тэдгээрт би бүгдэд мөргөх болно. Би ялж төгс нөгчсөн Бурхан зарлигийг хүртэн тэргүүнээрээ бие, хэл, сэтгэлээрээ мөргөх болно. 

Эхлэл үгүй. Төгсгөл үгүй. Энэ орчлон эргэлдэх тэр цагт шунал, уур мунхгийн зовлонд автсан бие, хэл, сэтгэлээр үйлдэгдэх нүгэл бүгдээс би ангид хол орших болно” хэмээн өгүүлэн наминчлан мөргөнө хэмээн Бурхан багш зарлиглав. 

ХОЁР: 

Тэгээд бурхан багш зарлиглав. 

Язгуурын хөвүүд. Язгуурын охидоо. “Би Бурханд үнэн сүжиглэх болно. Би номонд мэрийнэ. Би буян хийгээд нүглийг ялгаж салгаж ойлгох болно. Дээдийн номыг машид их ойшоож үзэх болно. Би амьтан хүний амь таслахгүй хэмээн Бурханы мэлмийн өмнө наминчлан тангараглаж байна. Үл нуух болно. Цаашид үл үйлдмой.” Хэмээн тангараглана. Биеэр, сэтгэлээр, хэлээр үйлдсэн, үйлдэхэд оруулсан, үйлдлийг лаган баяссан хийгээд бусдыг гүтгэж доромжилсон амьтанд ширүүн үгүйг өгүүлсэн олон янз баширыг би үл үйлдэх болно. Ялж төгс нөгчсөн Бурханы өмнө би наминчлан мөргөж тангаргалнаму. Гэмшмой. Хойшид үл үйлдэх болмой. Үл нууж үйлдэх болмой.” хэмээн наминчилна. 

“Бурхан ном хуваргыг үл тоомсорлон арван хар нүглийнцаламанд оосорлогдсон. Там болон бирд, адгуусны төрөлд одох олон амьтныг аврахын тулд би бие болон сэтгэлээ үл хайрлах болно. Зориулах болно. Үүнийг би наминчилмой.” 

“Урьд урьдын бодьсадва нар энэ мэт үйлийн түйтгэрүүдийг тус тусд нь наминчилсан. Би бээр үйлийн түйтгэрүүдийг тус тусад нь наминчилмой. Гэмшмой. Үл нуумой. Цаашид үл үйлдмой. Энэ мэт. Арван зүгийн ертөнцөд өнгөрсөн, одоо цагт төрсөн. Ирээдүй цагт төрөх бодьсадва, махасадва нар, ихэс нугууд гэгээрлийг олох үйлд хичээхдээ үйлийн түйтгэр нүглийг тус тусад нь энэ мэт наминчилсан. Би эдгээр бүгдийг тус тусад нь наминчилмой. Гэмшмой. Үл нуумой. Хойшид үл үйлдмойхэмээн хэлж өгүүлж үйлдэх хэрэгтэй. 

Шарипутра.Язгуурын хөвүүд. Язгуурын охид тэд нар үйлдсэн үйлийнхээ үр дагаврыг энэ мэт наминчлан үйлдсэн. 

Язгуурын хөвүүнээ. Хэн боловч тэд бярман язгуур эд баялаг хүсэх аваас. Энэ мэт үйлдэх ёстой. Хэн бээр дөрвөн махаранз язгуур болон гучин гурван тэнгэрийн орныг хүсэх аваас. Энэ мэт үйлдэнэ. Тус тусад нь наминчилж үйлд. Үл нууж үйлд. Цаашид үл үйлд.

Язгуурын хөвүүнээ. Үйлдсэн буян, нүгэл эргэж буцаж ирдэг. Биеийг дагах сүүдэр мэт тэр түүнийг дагадаг. Цуурайг давтах авиа адил тэр түүнд өөрт нь эргэж буцаж ирдэг юм. Тийм учраас. Урьдын үйлдсэн муу үйлийн түйтгэрийг дарах хэрэгтэй. Тэдгээр бүгдийг тус тусад нь наминчлан үйлдэх ёстой. 

Үл нууж үйлд. Гэмшиж үйлд. Хойшид бүү үйлд. 

Шарипутра. Тэд бүгд хэн боловч Бурханы билгүүн их номлолд хүрэх хүсэл байх аваас үйлийн түйтгэр эдгээр бүгдийг наминчилан үйлдэх хэрэгтэй. 

ГУРАВ:

Шарипутра. Хэрвээ үнэн төгс бурханы билгүүнийг хүсэх аваас үйлийн түйтгэр бүгдийг тус тусад нь наминчлан үйлдэх хэрэгтэй. Үл нууж үйлд. Хойшид бүү үйлд. Яагаад хэмээвээс. Шарипутра юмс бүгд өөр хоорондоо шүтэн барилдаж үүссэн байдаг. Тийм учраас. Үйлдсэн үйл үгүй бол үйлдсэн үйлийн түйтгэр гэж үгүй байдаг билээ. Урьдын хийсэн үйлийн түйтгэр нь одоо хийх үйлийн буянаар барагдаж хаагдах ёс бас байдаг. 

Шарипутра үйлдсэн сайн муу үйлийн үр ингэж хаагдах учиртай. 

Тиймээ. Шарипутра. Бүх юмс бүгдээрээ хоосон байдаг. Тийм учраас. Шарипутра бурхан номын авралаар өөрт бий болгосон буян хишгийг ойрын болоод хэтийн их үйлсэд хэмээн бодож залбираарай хэмээн Бурхан багш зарлиглав. 

Шарипутра. Юмс бүгдээрээ БИ-г шүтэх амин муу үзэл бодлоос эхэлдэг. Харин БИ тэр хоосон байдаг юм. Тийм учраас. БИ гэж үгүй оршихуйн үнэн мөн чанарыг бодож ухаарах хэрэгтэй. 

Шарипутра. Язгуурын хөвгүүд. Язгуурын охид. Тэд нар энэ мэт. Номын ёсонд орсон. Тийм учраас. Тэднийг үйлийн түйтгэрийн үргэлжлэлийг таслагч хэмээдэг хэмээн Бурхан багш зарлиглав.

Тэгээд насан гавьяат Шарипутра Бурхан багшид айлтгав. 

Ялж төгс нөгчсөн, түүнчлэн заларсан Бурхан багшаа. Язгуурын хөвгүүд. Язгуурын охид. Тэд бурханы номонд үнэнхүү шамдан сурсан. Тэд нар бурханы сургаал номлолыг сайтар наминчлан сахисан. Тийм учраас тэд тэнцэшгүй их гэгээрлийг олсон. Хэрвээ тэд нар бурхан болохыг хүсэх аваас. Өөр ямар мэт буян номыг даган үйлдэх вэ? хэмээн айлтгалаа. 

Бурхан багш Шарипутрад зарлиглав.

Шарипутра. Язгуурын хөвгүүн. Язгуурын охин Тэд нар дээдийн хувцсыг баруун мөрөндөө буулган, баруун өвдгийг газарт өвдөглөөд, алгаа хавсран наминчлан өдөр гурав, шөнө гурван удаа ингэж өгүүлэн залбирна.

Арван зүгийн ертөнц дээр өглөгөөс гарсан буяны үйлс баттай. Шагшаабад[4] шүтсэн үүссэн буяны үйл бодитой. Тэдгээрийг даган баясах үйл дээд тэнцэшгүй их билээ хэмээн гурван удаа өгүүлнэ. Тэгээд тэдэнд анх гэгээрэх сэтгэл үүсгэсэн буяны сэтгэл, тэдэнд анх тэвчээр олгосон буянт үйлүүдээсээ эргэж үл буцахаар бодож сэтгэнэ. Үг хэл, сэтгэл бодол, үйлс бүгдэд үнэнч сайн байх ёстой хэмээн наминчлан үйлдэнэ.

ДӨРӨВ:

Шарипутра бодьсадва нарын буяны үйлс, түүнийг даган баясах буян дээд тэнцэшгүй их байдаг. Бодьсадва махасадва нар гэгээрэлд хүрэхээр хичээхдээ, чанадад хүргэх зургаан төгөлдөр буяны ёсонд чармайн хичээсэн. Тийм учраас. Тэдний хураасан буяны үйлс тэнцэшгүй их байдаг юм. Түүнийг даган баясаж үйлдсэн буян дээд их байдаг. Тийм учраас өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт орчлонгийн олон амьтны сайн сайхны тулд буяны ёзоор үүсгэн байгаа бүгдийг даган баясаж үйлдэх хэрэгтэй. Тэр буян дээд байдаг. Ном номлолын ёсыг барьж номын хурыг буулгаж үйлд. Амьтан бүхнийг номын өглөгөөр цэнгүүлэн зохио. Энэ буян тэнцэшгүй их байдаг. Энэ мэт үйлдэх хэрэгтэй. 

Шарипутра. Энэ бол. Даган баясаж буян үйлдэх цогц тэнцүү ёс мөн. Энэ мэт. Ёсчлон үйлдэх аваас буян хишиг машид ихээр үүсэж нэмэгдэх болно. 

Шарипутра. Язгуурын хөвгүүд. Язгуурын охид. Тэд нар гурван мянган ертөнцийн амьтдад ном хувцас, идээ унд хоол, өвчнийг анагаах эм болон бусад тэдэнд хэрэгцээтэй эд зүйлсээр өглөг өгч үйлдсэн. Тэднийг даган баясаж үйлдэх хэрэгтэй. Тэр буян ихэд олон үржинэ. Тийм учраас. Язгуурын хөвгүүд. Язгуурын охид. Тэд нар үнэнхүү гэгээрлийг олж бурхан болохыг хүсэх аваас. Энэ мэт үйлдэх хэрэгтэй. Буяныг даган баясаж үйлдээрэй. Ялж төгс нөгчсөн Бурхан багш ийн зарлиглав.

ТАВ:

Насан гавьяат Шарипутра Ялж төгс нөгчсөн Бурхан багшид айлтгав.

Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Ирээдүйн болон одоо цагт байгаа бодьсадва махасадва[5] нарт сүжиг үүсгэх болон тэднийг хайрлах, сануулахын номыг болгоон соёрхоо хэмээн айлтгалаа. 

Бурхан багш зарлиглав.

Шарипутра. Язгуурын хөвгүүд. Язгуурын охид. Тэд нар шарвагын болон их хөлгөн номд үнэнхүү оршсон. Тэгээд тэд тэнцэшгүй их гэгээрлийг гүйцээсэн. Тэд бурхан болохыг хүсвээс. Гурван өдөр, гурван шөнө, гурав гурван удаа дээдийн хувцсыг нэг мөрөндөө буулган баруун өвдгийг газарт өвдөглөөд алга хавсран, одоо цагт арван зүгийн ертөнцөд бурхан болсон бурхадад мөргөх хэрэгтэй. Тэр цагт ийн өгүүлнэ. “Ялж төгс нөгчсөн бурхад минь. Орчлонгийн хамаг амьтны тусын тулд амьтан бүгдийг аврал номондоо болгоож соёрх. Амьтан бүгдэд[6] номын хурыг буулган соёрх. Соёрх. Соёрх” хэмээн өгүүлнэ.

Язгуурын хөвгүүд. Язгуурын охид. Тэд өдөр шөнө гурав гурван удаа дээдийн хувцсыг нэг мөрөндөө буулган, баруун өвдгөө газарт өвдөглөөд алга хавсарч одоо цагт арван зүгийн ертөнцөд нас сүүдрийн хязгаар үгүйд хүрсэн Ялж төгс нөгчсөн бурхадад мөргөнө. Тэгээд мөргөх цагт ийн өгүүлнэ. “Олон төрөлхтөн, тэнгэр болон хүмүүний тусын тулд номын хурыг буулгаж соёрх. Номын хэнгэргийг маш ихээр дэлдэж соёрх. Номын зулыг тусгайлан зохиож хайрла. Амьтан бүхнийг номын өглөгөөр цэнгүүлэн зохиож соёрх. Төгс эцсийн тэнцэшгүй их бусдын төлөөх буянд би өөрөө өөрийгөө зориулмой хэмээн өгүүлэн үйлдэх хэрэгтэй. 

Энэ буяныг тэд үйлдэх аваас тоолшгүй их, хэмжээлшгүй их буяныг олох болно хэмээн Бурхан багш зарлиглав. ...

Товчлон хүргэв.


[1] Бусдын тусын тулд аврал эрэн залбирдаг. Нууц тарнийн ёс.

[2] Номын гэрэл гэгээ, номын ач тус.

[3] Ном сонсох, унших, түгээхийн ач тус. Бурханы номын төгс чанар

[4]Сахил санваар, сүшиг бишрэл

[5] Бурханы шавь нар. Бурхан болохоор зорьж буй. 

[6] Амьтай амьтан бүгд