Ардын нам, ардын засаг мандтугай! гэсэн уриаг бидний үеийнхэн буюу ардчилал тогтоогүй байх үеийнхэн бүгд мэднэ. Гэтэл энэ үеийнхэн  өнөөдөр бүгдээрээ жар хүрсэн тэтгэврийн өвгөд болжээ. Ардчилал гэж мунгинасаар байтал 30 жил өнгөрч тэр үед төрсөн хүүхдүүд өнөөдөр гуч хүрч.

Уг нь бид өнөөдөр гуч хүрэх гэж буй үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах гээд өнөөх жар-тангууд (эсвэл жар-тангуудтай ижил сэтгэдэг хүмүүс) мунгинан, будилан хэлэлцээд байгаа боловч ирж буй гуч-тангуудад зориулсан үндсэн хууль хийх гээд байгаагаа ухаарч байгаа шинж алгаа.  Үндсэн хууль гуч орчим жилийн настай байдаг юм бол энэ үндсэн хууль дахиж өөрчлөгдөх үед одооны гуч-танууд жар хүрсэн байх учраас л үндсэн хуулийг буухаасаа өмнө яаран өөрчлөх гээд байгаа жартангуудад санаа зовж сууна.

Эдүгээгийн үндсэн хуулиар байгуулагдсан Монголын засаглал бол зөвлөлийн засаглал, намын засаглал бөгөөд намын дарга нь олигарх болсноороо л өмнөхөөс ялгаатай засаглалын хэлбэр юм. Ер нь улс төрийн намыг даргалж явна гэдэг шууд мөнгөний асуудал учир олигарх байсаар ирсэн, байх ч болно!

Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимэд агсан толгойлж баталсан 1992 оны үндсэн хуулийг 1960 онд анх байгуулагдсан Ардын Их хурал баталсан болохоор түүний үеийн л дэглэм дээр суурилсан үндсэн хууль гэж шууд хэлж болно. БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталснаар түүхэн үүргээ гүйцэтгэж, үйл ажиллагаагаа зогсоосон гэдгийг жар-тангууд мэдэх ч гуч-тангууд огт мэдэхгүй биз ээ.

Уг нь ардчилал гэдэг ардын эрх, ард түмний олонхын эрхийг хамгаалсан  олонхийн төлөөх тогтолцоог хэлдэг боловч өнөө цагт ядуу ардаас сонгогдсон баян олигархуудын л засаглал оршсоор байгааг хэн ч хэлж дөнгөнө. Өнөөгийн УИХ д нэг ч ядуу хүн байхгүй хэн хүнгүй харж байгаа. 

Мэдээж олон хүн УИХ гэдэг ард түмний төлөөлөл шүү дээ. Тэд бол “ бага ард түмэн ”  учир тэд төрийг тэргүүлж, түмний төсвийг цуглуулж барьдаг засгийн газраа байгуулах нь ардын л эрх биз дээ гэх биз. Уг нь тийм гэж бодсон ч болохгүй болчхоод л  1992 оны үндсэн хуулиа засах гээд байгаа гэдгээ эхлээд бүгд ойлгох ёстой шиг. Юун нь болохгүй болоод засах гээд байгаа билээ гэж асуувал 1992 оны үндсэн хуулиас хойш долоон сонгууль явуулсан ч 14 засгийн газар огцорч, солигдож унасан бөгөөд нэг засгийн газар дунджаар нэг жил найман сарын настай байсан учир тогтвортой байдал хэрэгтэй байна гэх биз.

Гэтэл ардчиллаа аварч үлдэе гэж яриад байгаа Ардчилсан Нам  парламентын засаглал ийм байдаг гээд ерөнхийлөгчийг ард түмнээс бус парламентаас сонгодог болох буюу ардын эрхийг булааж олигархиудад өгөх тухай ярьж байна. Тэгвэл Монгол улсыг гадаад улсад төлөөлдөг ерөнхийлөгч маань мөн л нэг хоёр жилдээ огцордог болох юм. Гавъяат өгсөнгүй гээд ч унагадаг болж тун мэднэ. Тэгээд ч энэ саналаараа АН сонгуулийн насны талаас илүү балелшикаа шууд алдаж байгаа хэрэг юм. Улс төр спорт хоёр үүгээрээ нэн төстэй байдаг. Ингэдэг болбол ирэх 30 жилд мөн л 14-15 ерөнхийлөгчийн нүүр үзэж таарах нь энгийн л ойлголт юм. Харин бид муу хэлээд байгаа 1992 оны үндсэн хуулиас хойш 5 ерөнхийлөгчийн нүүрийг үзсэн бөгөөд хэрвээ ард түмний талаас илүү сонгогчдын саналаар сонгогддог ерөнхийлөгч засгаа байгуулдаг байсан бол бид таван л засгийн газартай байх байлаа. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог учраас ийм тогтвортой байсан хэрэг юм.  

Мунхаг бичээч миний бодлоор бол одоо хэлэлцээд буй Лүндээжанцангийн толгойлж Занданшатрын явуулж буй ҮХНӨ намын тогтолцоог бүр улам дээш гаргаж үндсэн хуулиар баталгаажуулах гээд байгаад л хамаг учир байгаа юм. Тэр ч байтугай Лүндээжанцангийн энэ хуульд “Нам үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн заалт ч байна билээ. Яг ийм хуулийн заалтаар Гитлер анх төрж гарч үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Нэг хүн хэзээ ч диктатур тогтоодоггүй бөгөөд зөвхөн нам л диктатур тогтоодог жамтай. Сталины ард большевик нам түүний аппарат, Гитлерийн ард үндэсний социалист нам, түүний аппарат, сс , гестопо зэрэг байсан учир улс орныг хамарсан диктатур тогтоож чадсан  байдаг.

Ер нь маш товчоор бол НАМ гэгч байгууллагын л хүч чадал, эрх мэдлийг нэмж ерөнхий сайд буюу ялсан намын даргад хамаг эрхийг өгч ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг ялсан намын даргад өгөх гэсэн санаархал энэ ҮХНӨ -төд байгаа юм. Тэхээр миний үр хүүхэд нам дагасан цүнх баригч болох замыг сонгох бөгөөд цаашлаад “Гитлер”-ийн цэргүүд болох үүдийг цэлийтэл нээж өгөх гэж байгаад хэргийн цаад учир оршиж байна. Намгүй төр гэж мэдээж байх ёсгүй ч гэлээ ардын эрх яаж хангагдах билээ гэсэн асуулт гарч ирэх бөгөөд мөнөөх өмнө нь (хэдийгээр зарим  тойрогт 5-6 мянган хүний саналаар сонгогддог ч гэлээ) ардын элч байсан  УИХ-ын гишүүд ч ялгаагүй өөрсдөө намын даргын өгсөн зааврыг ёсчилдог, ардын эрхийг бус  намын эрхийг баталгаажуулдаг   нөхөд болж хувирах бөгөөд ард түмэн бүр ямар ч дуу хоолойгүй, ямар ч эрхгүй болох аюул бүрэн харагдаж байна.

Гэтэл өнөөдөр намд итгэх иргэдийн итгэл урд хожид байгаагүйгээрээ унасан бөгөөд нийт олон улаан, цэнхэр гэж ч ялгахаа байгаад нам л гэвэл бөөлжис нь хутгах болжээ. Арга ч үгүй биз. Найман зуун хүний нэр цуглууллаа л бол нам болчихдог, түүнийг нь нэг өдөр зах дээр зогсоод цуглуулчихдаг. Ганцхан баян хүнтэй шахуу намын тоо хэд ч хүрснийг би лав мэдэхгүй хэдэн зуу гэлүү дээ. Нам шиг нам байхаа болиод их удсан бөгөөд одоо намыг биш хүнийг сонгох тухай бүгд боддог болсон цаг.

Үүний нэг тод жишээ бол хоёр жил гаруйн  өмнө болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгууль бөгөөд нийт олон Х.Баттулгыг намын лидер гэж огт хараагүй харин “Энэ цоохор дээлтэй сайн эр л энэ намын болон олигархын дарангуйллаас салгачих юм шиг байна…” гэсэн нийт олны итгэл байсныг санах хэрэгтэй. МАН ын дарга М.Энхболдод нам ч байсан, мөнгө ч байсан,  УИХ-ын даргын суудал ч байсан мөртлөө яармагаас гаралтай нэг цоохор дээлтэй сайн эрд ихэнх нь санал өгсөн юм шүү дээ. Гэтэл өнөөх итгэл өвөртөлж гарч ирсэн ерөнхийлөгч эхэндээ эрс шинэчлэл гэж их зоригтой хэлж уриалж байсан ч нэг намын 65-ын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч бараг нэг ч хоригийг нь хүлээж авахгүй байсаар өнөөг хүрснийг бүгд харж байгаа. Харин одоо өөрөө ерөнхийлөгч хүн байж ерөнхийлөгчийн засаглал ярих эрхгүйг далимдуулан яаран намын тэр дундаа үндэсний хэмжээний намын даргын диктатурыг тогтоохоор удахгүй унах нигууртай жар-тан олигархууд улайран зүтгэж байна. 

Энэ ҮХНӨ ийн автор Лүндээжанцан олон сэтгүүлчдийн өмнө өгүүлэхдээ “Засаглалын ямар хэлбэрийг сонгох тухай бүх ард түмнээс асуувал ерөнхийлөгчийн засаглалыг хүсэж байгаа. Хэдэн жилийн өмнө явуулсан судалгаагаар 65 хувь нь ерөнхийлөгчийн засаглалыг хүсэж байсан юм аа. Тэгэхээр амжиж 65-уулаа байгаа дээрээ парламентын засаглалаа баталгаажуулах хэрэгтэй…” хэмээн хэлж байсныг сонссон олон сэтгүүлч байгаа даа. Хэнээс айгаад хэнд зориулж ҮХНӨ хийх гээд байгааг дээрх үгээс харж болно.

Хэрвээ энэ өөрчлөлт  батлагдвал хэзээ ч дахиж Монгол улсад “Чингис хаан” төрөхгүй гэж хориглосон үндсэн хууль бий болох бөгөөд харин намын лидер бүр тодруулбал Гитлер дахин төрж гарах үүд нээгдэх юм.Иймээс энэ  намын дарангуйллын хуулийг энэ хэдхэн олигарх өөрчлөх эрхгүй бөгөөд бүх ард түмний санал асуулгаар ямар дэглэмийг сонгохыг ард түмнээсээ асууж байж долоо хэмжиж нэг огтлох учиртай юм! Тэгээд ч одоо зүтгүүлээд байгаа ҮХНӨ-д бие биенээ хянадаг парламентийн дээд доод танхим байтулгай япон шиг засгаа унагаавал парламент нь тардаг тогтвортой байдлыг зарчим ч байхгүйгээр барахгүй өмнөх жилүүдэд үндсэн хуулийг зуу гаруй удаа зөрчсөн зөрчлийг ч зогсоох заалт байхгүй юм билээ.

Учир иймээс бид үндсэн хуулиа шинээр хийх хэрэгтэй бөгөөд өнөөдрийнх шиг сонгож шилсэн хэдхэн хүнээс асуух бус яг сонгууль шиг бүх нийтээс ард түмэн засаглалын ямар хэлбэрийг хүсэж буйг асууж цоо шинэ үндсэн хуулийг яаралгүй хийвэл эрс шинэчлэл болоод зогсохгүй жинхэнэ утгаараа  “Ардын засаг” тогтох бөлгөө. 

Яагаад гэвэл шинэ үндсэн хууль шинэ үед хамаатай учир явах хүнээр ачаа татуулах нь угаасаа буруу юм.

Энэ олон сар үргэлжилсэн ҮХНӨ гэгч ардчилалаас шууд татгалзаж ард түмний эрхийг намын даргад шилжүүлж алсдаа намын диктатур тогтоох гэсэн санаархлаас өөр зүйл үгүй гэдэг нь илтэд харагдаж байна! 

Ардчилал бол ердөө л Ардын эрх болой!


2019 оны 10 сарын 28