Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм!
2018 оны "Дэлхийн шилдэг багш" өргөмжлөлийг хүртэн, 1 сая ам.доллараар шагнуулсан Andria Zafirakou-тай ярилцлаа. Тэрээр боловсролоор дамжуулан нийгмийн эмзэг болон онцгой бүлэг, олон үндэстний хүүхдүүдийн ирээдүйг өөрчлөхөд амьдралаа зориулсан нэгэн.

2025 оны "Дэлхийн шилдэг сурагч" шалгаруулах ёслолын үеэр таньтай дахин Лондон хотод учирч буйдаа таатай байна. Ер нь боловсрол яагаад чухал юм бэ?
Мэдлэг, боловсрол бол хүний дотоод нөөц, чадвар бололцоог нь нээх түлхүүр юм. Чанартай боловсрол нийгмийн хэвшмэл ойлголтыг сөрөн зогсох хүчийг хүнд өгөхөөс гадна нийгмийн давхарга хоорондын шилжилтийг эерэг тал руу нь хурдасгадаг. Ийм учраас боловсрол хүүхэд бүрт хүртээмжтэй, нээлттэй байх ёстой. Дээр хэлсэн боломжуудыг нээж, нийгмийн хөгжлийг түргэтгэхийн тулд хүний гарал үүсэл, эдийн засгийн нөхцөл байдлыг үл харгалзан хүүхэд бүрийн амжилт, ирээдүйн өмнөх хаалгыг нь бид боловсрол гэдэг түлхүүрээр онгойлгож өгөх үүрэгтэй.
2025 оны "Дэлхийн шилдэг" сурагчтай хийсэн ярилцлагыг маань ЭНД ДАРЖ уншаарай!
Таны гаргасан амжилт хичээлийн өрөөнөөс чинь халиад гарсан гэдгийг “Дэлхийн шилдэг багш” шагнал нотолж байна. Урлаг ашиглан боловсролын чанарыг хүртээмжтэй болгох дээр та мундаг ажилладаг. Яагаад урлаг гэж?
Боловсролын төлөө ажиллах хувь заяа тохиож, багш хэмээх эрхэм алдрыг өргөж яваа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Цаашид ч үхэн үхэтлээ энэ ажлаа хийнэ. Боловсролын чанарыг сайжруулахын тулд урлаг, бүтээлч байдлыг ашиглах нь маш чухал гэж би боддог. Бүтээлч сэтгэлгээ улсын ирээдүйн эдийн засгийн амжилтын үндэс төдийгүй хүүхэд, залуусын хувь хүний онцлог, тэсвэр тэвчээрийг сайжруулан, бүх төрлийн ур чадвар, авъяас боломжийг өв тэгш хөгжүүлдэг. Цаг тутам өөрчлөгдөн хувьсаж буй энэ ертөнцөд сурагч хүүхдүүдээс цацарж буй гэрэл гэгээ, хүүхдийн мөрөөдөл, тэдний онцгой чанар, бүтээлч эрмэлзэл та бидний ирээдүйг тодорхойлно.
“Дэлхийн шилдэг багш” шагналын тухай анх яаж мэдсэн бэ? Энэ алдрыг хүртсэн түүхээ хуваалцана уу. Мөн бусад багш нарт зөвлөгөө өгнө үү.
Үнэнээ хэлэхэд би “Дэлхийн шилдэг багш” гэдэг шагнал байдгийг огт мэддэггүй байлаа. Нэг найз маань мэдээлэл өгөөд энэ шагналд нэрээ дэвшүүл гэж ятгасан юм. Би ер нь ямар нэгэн шагнал авч чадна гэж итгэж яваагүй. Бүр ийм нэр хүндтэй шагналын тухай бол хэзээ ч бодож байгаагүй. Би жирийн л нэг багш хүн, дундаж амьдралтай иргэн. Харин намайг дэмжсэн, урам өгсөн хүмүүсийн сайхан сэтгэл надад энэ шагналыг хүртэх боломжийг нээж өгсөн. Итгэмээргүй ч гэсэн би ялж чадсан.
Түүнийг хэрхэн дэлхийн шилдэг багш болсон бяцхан түүхтэй танилцана уу!
Бусад багш нарт өгөх миний зөвлөгөө бол хэрэв та боловсролын хүч чадалд итгэдэг, багшийн мэргэжилдээ хайртай, энэ ажилдаа чин сэтгэлээсээ дуртай, сурагч хүүхдүүддээ урам өгч, бусдын төлөө зүтгэх хүсэл эрмэлзэлтэй бол энэ шагналд нэрээ заавал дэвшүүлээрэй. Та өөрөө мэдэхгүй яваад байж магадгүй шүү. Таны даруу мөртлөө гэгээлэг замнал, бусдын төлөө зүтгэсэн сэтгэл, боловсролоор дамжуулан бусдын амьдралыг өөрчлөх итгэл тань дэлхийд гэрэлтэж, миний түүхийг давтах бүрэн боломжтой.
Та сургуулийнхаа олон орноос ирсэн цагаач гэр бүлийн хүүхдүүдтэй ижил тэгш харьцахын тулд 35 хэлээр харилцдаг. Алс хязгаарын нүүдэлчдийн хүүхдүүд, ядуу буурай, нийгмийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гээд Монголд ч гэсэн боловсролын хүртээмж, чанар том асуудал хэвээр байна. Соёл болон нийгмийн энэ том асуудлыг даван боловсролын үйлчилгээг хүүхэд бүрт тэгш хүргэх тал дээр та монгол багш нар ямар зөвлөгөө өгөх вэ?
Өнөө цагийн энэ их мэдээ, мэдээллийн замбараагүй байдал, бужигнаж талцсан, хоорондоо эргэлзэж хөндийрсөн ертөнцөд хүүхэд залуус өөрийгөө танин мэдэх, юунд үнэн сэтгэлээсээ итгэж, юунд тэмүүлэхээ эрэлхийлж хайж байна. Яг ийм үед багш хүн зүгээр нэг хичээл заахаас илүү цааш хол алхах ёстой. Багш хүн хүүхдүүдтэй харилцахдаа итгэлцлийг бүтээж, харилцааг ургуулан тордож, сурагчаа шүүмжлэлгүйгээр дэмжиж, ганцаардал, нийгмийн ялгаварлан гадуурхалтыг сурагчдынхаа амьдралаас арчиж хаяхын төлөө зүтгэх учиртай.
Хүүхэд бүрт үлгэр дуурайл хэрэгтэй. Тэр үлгэр дуурайлал нь багш нар бид өөрсдөө байх ёстой.
Багш хүн бүр, эцэг эх бүр өөрийнхөө дотоод гэрлээр бусдыг гийгүүлж, хүүхдүүдээ зөв үлгэр жишээ болж чадна. Учир нь итгэлцэл бол зөвхөн мэдлэгийн гүүр биш харин хүн хоорондын харилцааны гүнд нь байдаг үндэс юм.
Та сэтгэлзүйн хямралтай, хүчирхийлэлд өртсөн, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, бусдаас тусгаарлагдаж ялгаварлан гадуурхагдсан гэр бүлийн хүүхдүүдэд хичээл заадаг. Академик хичээлээс гадна эдгээр хүүхдүүдийн сэтгэлийн хатыг яаж бэхжүүлж, ирээдүйдээ итгэх итгэлийг нь хэрхэн бадруулж өгдөг вэ?
Энэ ертөнц ганцаардлаар дүүрэн байдаг. Хүн бүр өөрийн дуу хоолойг хайж, чимээгүйхэн тэнүүчилж явдаг. Ийм учраас олон хүүхэд өөрийгөө тусгаарлагдсан мэт мэдэрч, бусадтай холбогдон харилцахаас эмээдэг. Харин сэтгэлийн тав тухтай, уриалагхан найрсаг, аюулгүй, мөрөөдөл, амжилтыг нь бүх түвшинд дэмждэг орчин бүрдүүлж чадвал сурагч хүүхдүүдэд өөртөө болон бусдад итгэх итгэлцлийн үндэс бүрэлддэг. Иймээс багш нар шүүмжлэлгүй, айдасгүй, нээлттэй орчныг бий болгож чадвал сурагчид асуултаа айхгүй тавьж, сэтгэлд нь эргэлзээ төрүүлсэн бодлуудаа чөлөөтэй илэрхийлж, тэр дундаасаа өөрсдөө хариултаа хайх боломжтой болдог. Энэ бол сургуулийн анги танхимд сэтгэл хөдлөлийн аюулгүй байдлыг бий болгох суурь юм. Ингэж байж хүүхдүүд ганцаардлаас ангижирч, өөрийн дуу хоолойг олж, итгэлцэлд үндэслэсэн харилцааг ургуулж эхэлдэг.
Сурагчдынхаа гэр бүлийн соёл, хүмүүжил болон төлөвшил дээр нь суурилж та сургалтын хөтөлбөрийг шинэчлэн өөрчилсөн. Монголын сургалтын хөтөлбөр цаг үеэ даган хөгжин сайжирч чадахгүй байгаа гэж надад санагддаг. Хүүхэд бүрт тохирсон сургалтын хөтөлбөрийг хязгаарлагдмал нөөцтэй орчинд яаж хийх вэ?
Хүүхдүүдийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Тэд багш сайн хүн үү, эсвэл муу багш уу гэдгийг мэддэг. Сурагч хүүхдүүд боловсрол, суралцахуйн үнэ цэнийг мэддэг. Багшийн хичээл заах нь зүрхнээс гарч байна уу, эсвэл зүгээр нэг ял үүрсэн мэт ажиллаж байна уу гэдгийг сурагчид анзаардаг. Түүнчлэн багшийн ашиглаж буй нөөц, хичээлийн хэрэглэгдэхүүнээс үл хамааран тухайн багш сэтгэлээсээ хүүхдүүдтэй харилцаж чадаж байна уу гэдгийг сурагчид яг таг мэдэрдэг.
Хүүхдүүд бол хамгийн үнэнч толь.
Тэдний харцанд багшийн сэтгэл, сурагчдын чимээгүй хариултад багшийн үнэнч байдал яг таг илэрч байдаг. GenZ, Alpha гээд үе хоорондын ялгаа ч үүнд хамаарахгүй.
Дээрэлхэлт, сэтгэлийн болон биеийн хүчирхийлэл зарим сургуулийн хувьд том асуудал болдог. Зарим нь ил харагддаггүй. Үүнийг хэрхэн эцэс болгох уу? Эцэг эхчүүдийн оролцоо ямар байх ёстой вэ?
Би дээрэлхэлт, дарамтыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй гэж үздэг. Ялангуяа сургуулийн орчинд энэ нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид маш гүн, заримдаа нөхөж болшгүй шарх үлдээдэг.
Дарамттай орчинд сурагч хөгжиж, өсч дэлгэрч чадахгүй.
Тиймээс бид зөвхөн сурагчдад бус гэр бүлүүд буюу эцэг, эхчүүдэд сургууль боловсролын орчинд ямар хүлээлт, үүрэг хариуцлага ногдож байгааг ойлгуулах хэрэгтэй. Мөн сургуулиуд ч өөрсдийн зүгээс ямар орчин бүрдүүлэх ёстойг тодорхой болгох шаардлагатай. Энэ амар ажил биш. Багш нарын ачаалал дунд ялангуяа сэтгэл зүй болон сурагчдын хүмүүжилтэй холбоотой олон асуудал, түүнийг шийдэх том үүрэг байдаг. Ийм учраас хүүхдийн сэтгэл зүйн аюулгүй байдал, итгэлтэй орчныг бүрдүүлэх нь боловсролын салбарын хамгийн чухал зорилго гэдгийг багш бид мартаж болохгүй.
Та урлагийн мэргэжлийн хүмүүсийг сургууль дээрээ урьж авч ирэн хичээлээ заалгуулдаг юм билээ. Монголд ч гэсэн уран зураач, хөөмий дуучин зэрэг хүмүүстэй сургуулиуд хамтран ажиллах ёстой гэж боддог. Энэ хамтын ажиллагааг анх хэрхэн эхлүүлсэн бэ?
Урлаг, бүтээлч сэтгэлгээ бол ирээдүйн эдийн засгийн амжилтын салшгүй хэсэг. Үүнийг батлах баримт хэрэгтэй бол ямар ч ажил олгогчоос ирээдүйн ажилтанд шаардлагатай ур чадваруудыг асуугаад үзээрэй. Ямар ч эргэлзээгүйгээр, бүтээлч сэтгэлгээний хүрээнд багтдаг бүх чадвар болох асуудал шийдэх, туршилт хийх, хүмүүстэй харилцах, сахилга баттай байх, мэргэжлийн түвшинд ажиллах, ёс зүйтэй байх зэргийг хэлнэ. Энэ бүхэн ирээдүйн ажлын байранд зайлшгүй хэрэгцээтэй болчихсон. Ийм учраас энэ бүх чадварууд зөвхөн урлаг, боловсролын салбарт хамаарахгүй бөгөөд бүх салбарын хөгжил, дэвшилд нөлөөлөх үндсэн хөдөлгүүр юм.
Багшийг хүүхдийн хоёр дахь эцэг, эх гэж хэлж болно. Багш байхын утга учир таны хувьд юу вэ?
Миний хувьд багш байна гэдэг нь бусдын төлөө зүтгэнэ гэсэн үг. Хэрэв та амралтаа хүртэл бусдын амжилтад зориулж, тэдний өсөн дэвжихэд туслахын төлөө сэтгэл гаргаж чаддаг бол тэр л жинхэнэ багшийн мөн чанар юм.
Багш байна гэдэг бол зүгээр нэг мэргэжил биш харин бусдад үйлчлэх урлаг, хүүхдэд урам өгөх, хүний амьдралд гэрэл нэмэх амлалт юм.
Багш нар бие биенээсээ хэрхэн суралцах ёстой вэ? Жишээ нь таниас монголын багш нар суралцаж, туршлага судлах ямар боломж байх уу?
Сайн багш нар бусад сайн багшаас суралцдаг. Миний хувьд хичээл заах арга барил, суралцахуйн тухай хамгийн гүн, үр дүнтэй яриа хэлэлцүүлгүүд маань бусад багш нартай хийсэн хамтын яриа, хамтран ажиллах, оюуны тархины шуургаар дамжсан байдаг. Харамсалтай нь энэ бүх харилцан суралцах үйл явц ажлын цагаас гадуур явагдах ёстой гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна.
"Дэлхийн шилдэг багш" шагнал хүртэн, 1 сая ам.доллараар шагнуулах ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгийг нь сонсоорой!
Хэрэв боловсролын бодлого тодорхойлогчид, сайд нар багш нарын хооронд чанартай кэйс, зөв мэдлэг, нөөц хуваалцах, сайн туршлага солилцох цагийг бодитоор дэмжих боломж олговол энэ нь чанартай боловсролыг урлах хамт олныг бүтээх маш сайн эхлэл болно. Багш нарын хамтын ухаан, харилцан хүндлэл, туршлага солилцох орон зай бол боловсролын ирээдүйн суурь юм.
Нийгмийн эмзэг болон онцгой бүлгийн хүүхдүүдийн боломжийг олон хүн дутуу үнэлдэг. Таны бодол болон шийдэл?
Боловсролын хүртээмжийн энэ асуудлийг шийдэх хариуцлагатай, зоригтой, хүчтэй дуу хоолой дээд түвшнээс эхэлж гарах ёстой. Нийгмийн эмзэг, зорилтот бүлгийн хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах хандлагыг зогсоохын тулд системийн хэмжээнд хатуу, зоримог арга хэмжээ авах шаардлагатай. Багш нар сурагчийн гарал үүсэл, нийгэм, эдийн засгийн байдлаар л тэдний чадвар, ирээдүйг дүгнэх нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй бусармаг зүйл. Бид өөрсдийн далд хандлага, ухамсаргүй үйлдлүүдээ байнга эргэн харж, ёсзүйн толинд өөрсдийгөө шалгаж байх ёстой. Учир нь ийм хандлага нь сурагчийн өөртөө итгэх итгэл, ажил, амьдралын боломж, ирээдүйн замналд асар их хохирол учруулж болзошгүй.
Боловсрол бол тэгш боломжийн тухай ойлголт юм шүү дээ.
Харин тэгш боломжийг хамгаалах нь зөвхөн бодлогооор биш хүн бүрийн ухамсар, хандлага, багш бүрийн өдөр тутмын сонголтоор баталгааждаг. Энэ бол хувийн болон улсын сургуулиудын багш, удирдлагуудын аль алинд хамаатай зүйл.
Монголын багш нарт өгөх таны зөвлөгөө?
Багш хүн бол хүүхдийн амьдралд хамгийн чухал, хамгийн нөлөө бүхий хүн. Та үүнийгээ өдөр бүр мэдэрдэггүй байж магадгүй, гэхдээ таныг үнэлдэг, талархдаг хүүхдүүд, хүмүүс эргэн тойронд тань зөндөө бий. Тэд танд үүнийг хэзээ ч хэлэхгүй байж болно. Гэвч таны нөлөө, таны үлдээсэн мөр тэдний амьдралд гүн гүнзгий, мартагдашгүй ур мөр үлдээдэг шүү. Багшийн үг, харц, дэмжлэг, жижиг үйлдэл бүхэн хүүхдийн итгэл, ирээдүй, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бүтээдэг. Тиймээс багш бүр өөрийн үнэ цэнийг санаж, өөрийн нөлөөг үнэлж хариуцлагатай явах нь чухал гэж хэлмээр байна.
Та багш нарын хөдөлмөрийн үнэлгээ, нийгмийн хүлээлтийн талаар ямар байр суурьтай байдаг вэ? Цалин бага учраас Монголд олон шилдэг багш өөр салбар руу явахаас гадна одоо ажил хаясан байна!
Харамсалтай нь олон улсын хэмжээнд ч гэсэн олон засгийн газрууд багш нарын үнэ цэнийг санхүүгийн бодлогоороо бүрэн үнэлж чаддаггүй. Үүнийг зайлшгүй засах ёстой. Учир нь багш нарын нөлөө асар их.
Нийгмийн ирээдүйн аз жаргал, эрүүл мэнд, тогтвортой байдал багш нарын өнөөдрийн үйл ажиллагаанаас шууд хамаардаг.
Гэхдээ бид бас нэг зүйлийг мартаж болохгүй. Тэр нь багшийн ажил бол зүгээр нэг мэргэжил биш харин сэтгэлийн дотоод дуудлага юм. Хүн бүрийн доторх гэрлийг асаах, тэдний хөгжих, амжилтад хүрэх замыг нээх хүсэл эрмэлзлэлийг бадраахад бидний хийж буй ажлын жинхэнэ утга учир оршдог.
Багш ирээдүйг бүтээдэг хүн.
Тиймээс тэдний үнэ цэнийг зөвхөн бодлого төдийгүй хүндлэлээр бүрэн дэмжих нь нийгмийн ухаалаг сонголт болдог.
Багш болохыг хүсч төлөвлөж буй хүмүүст өгөх таны зөвлөгөө юу байх вэ?
Юуны өмнө та өөрийгөө аз жаргалтай, сэтгэл хангалуун, урам зоригтой байлгаж чадах замыг сонгох нь чухал гэж хэлмээр байна. Тэрнээс биш багш гээд ялархаж ажиллах, бусад нь таны өмнө өртэй юм шиг аашилж болохгүй. Таны сонгосон зам бусдад энэрэл, нинжин сайхан сэтгэл авчирч, шаналал эсвэл өвдөлт бус гэрэл гэгээг нийгэмд түгээж байх ёстой. Хүн бүрийн амьдралын замнал өөр. Гэхдээ зорилго болон сэтгэлээ дагаж, бусдад эерэг нөлөө үзүүлж, өөрийнхөө дотоод гэрлийг асааж чадвал тэр л жинхэнэ амжилт, тэр л жинхэнэ аз жаргал болно.
Хэрэв танд боловсролын тогтолцоог бүхэлд нь дахин хянаж, багш нар яагаад сэтгэл дундуур байгааг тайлбарлаж, юу хийх ёстойг хэлэх үүрэг оноовол та хүлээж авах уу?
Боловсролын тогтолцоог бүхэлд нь эргэн харж, багш нарын дуу хоолойг сонсож, сэтгэл дундуур байдлын шалтгааныг ил гаргаж, бодит өөрчлөлт хийх замыг нээх бол зүгээр нэг төсөл биш байх ёстой. Учир нь энэ бол харин ирээдүйг өөрчлөх уран бүтээл. Багш нарын аз жаргал, урам зориг бол сурагчдын амжилт, нийгмийн эрүүл мэнд, ирээдүйн аз жаргалын үндэс юм. Тиймээс энэ ажил маш “амттай” байх ёстой. Энэ ажил багшийн, боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн зүрх сэтгэл, ухаан, итгэлцэл, боловсролын жинхэнэ утга учрыг эрэлхийлэх аялал байх ёстой гэж хэлмээр байна.
2020 оны Дэлхийн шилдэг багшийн агуу түүхтэй ЭНД ДАРЖ танилцаарай!


