Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Олимпын хартийн 28 дугаар зүйлийн “Үндэсний олимпын хорооны(ҮОХ) бүрэлдэхүүн” гэсэн хэсгийн 27-28 дугаар зүйлийн тайлбарын “Үндэсний олимпын хороодын үүрэг,зорилтууд” гэсэн 2 дахь хэсгийн 4-5 дахь заалтууд  “ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нь “Токио 2020” Монголын олимпын багийн ахлагч биш болохыг” нотлон харуулж байна. 

Хартийн энэ хэсгийн 4 дэх заалтын “Үндэсний олимпын хороо ба Олимпын наадмын Зохион байгуулах хороо (ЗБХ)-ны хоорондын харилцаа холбоо” гэсэн хэсэгт “Багийн ахлагч буюу (Chefs de Mission) Үндэсний олимпын хорооноос томилогдсон төлөөлөгч байх ба олимпын наадмын туршид тамирчид, албаны хүмүүс болон багийн бусад хүмүүсийг хариуцан ажиллах ба Үндэсний олимпын хорооноос хариуцуулсан ажил үүрэг, даалгавраас гадна эх орноо төлөөлөн ОУОХ, олон улсын спортын холбоо (ОУСХ) ба Олимпын наадмын Зохион байгуулах хороотой харилцан уялдаатай ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Мөн энэ хэсгийн 5 дах заалтад “Багийн ахлагч (Chefs de Mission) нь “Олимпын наадмын үеэр Олимпын тосгонд амьдран эмнэлэг, бэлтгэл дасгалжуулалт, тэмцээний бүх байгууламж болон хэвлэл мэдээлэлийн төв ба Олимпын гэр бүлийн зочид буудалд нэвтрэн орох эрхтэй байна” гэжээ.

Хартийн дагуу Head of Delegation Б.Баттүшиг нь Монголын талын ажил үүргийн дагуу олимпын тосгонд амьдарч Монголын баг тамирчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах ёстой байтал яагаад Токио хотын төвд ОУОХ-ны төв штаб байрлах, таван одтой “Окура” зочид буудалд тухлан байрлав? Тэнд зөвхөн ОУОХ-ны гишүүд байрладаг. Гэтэл Б.Баттүшиг Токиод ОУОХ-ны шинэ гишүүний хувиар ОУОХ-ны Чуулганд оролцох, тамирчдын медалийг гардуулах зэрэг үйл ажиллагаанд оролцож, тухайн байгууллагын томилолтоор ажилласан байдаг. Телевизээр энэ бүхэн тодорхой харагдсан.

Учир нь Б.Баттүшиг нь Токиогийн олимпийн үйл ажиллагаанд оролцож ажиллах хугацаандаа ажил үүргийн хувиар Монгол Улсыг төлөөлөх ямар ч боломжгүй.Олимпын Хартид зааснаар бол тэрбээр Монголын Улсын олимпын багийн ахлагч буюутөлөөлөгчдийн тэргүүн байх ёсгүй. Өөрөөр хэлбэл, Б.Баттүшиг нь Монголын Улсын олимпын багийн ахлагч буюу төлөөлөгчдийн тэргүүн (Chefs de Mission) нь биш байжээ.

Гэтэл яагаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс төрийн далбаа хүлээн авах ёслолоос эхлэн олимпын өдрүүдийн туршид дотоодын бүх төрлийн хэвлэл мэдээлэлд түүнийг Монголын багийн ахлагч гэсэн үүрэгтэй явааг зарласан албан мэдээллүүд гарсан юм. Түүнчлэн Токиогийн 2020 оны олимпод Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүний хувиар оролцов уу, Монголын Улсын олимпын багийн ахлагчийн хувиар оролцов уу гэдэг нь асуулт гарч байна.

Иймээс өвлийн олимпийн өмнө маш яаралтайгаар МҮОХ энэ асуудлаа цэгцлэх шаардлагатай. ОУОХ-ны шинэ гишүүн Б.Баттүшигт анхны олимпоосоо эхлээд өөрөө Олимпын хартийн дээрх заалтуудыг дур мэдэн зөрчих ямар шаардлага байв? Олимпын Хартийг мэдэхгүйдээ ингэв үү, алдар хүнд хайсандаа Хартийг зөрчин давхар ажиллаж, аль дуртай албан тушаалаа сонгон хэрэглэв үү? Ийнхүү Хартиа гишүүд нь зөрчихыг ОУОХ нь хүлээн зөвшөөрдөг юм уу.

Батболдын Баттүшигийн энгэрт олимпын наадмын туршид ОУОХ-ны гишүүний бүртгэлтэй ганцхан мандат л харагдсан. Монголын багийн ахлагч гэсэн мандат түүнд энгэрт байгаагүй. Үүнийг юу гэж тайлбарлах вэ? ОУОХ-ны шинэ гишүүн Б.Баттүшиг өөрөө үүндээ тайлбар хийх биз. Эсвэл ОУОХ  энэ гишүүнийхээ энэ үйлдлийн талаар мэдэгдэл хийж Монголын ард түмэн, спорт сонирхогчдод ойлгомжгүй байдал үүссэнийг зарлах, залруулах шаардлагатай болов уу. ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван олон жил энэхүү нэр хүндтэй албыг хашихдаа ийм хоёрдмол үүрэгтэй ажил хийж явсныг санахгүй байна.

Олон улсын спортын зарим байгууллагуудад сонгуультай монгол хүмүүсээс энэ талаар сонирхон асуухад тухайн хүн нэг л ажлаа хариуцах ёстой байдаг гэж хариулсан. Олон улсын байгууллагууд ч тийм шаардлага тавьдаг юм билээ. Эсвэл өөрийн орны багийн ажлаа хариуц, хоёрдмол асуудал байхгүй олон улсын ажлаа цалгаруулахгүй хий гэсэн л шаардлага тавьдаг байна.

Иймээс Б.Баттүшиг Монголын олимпын багийн ахлагч биш тул ийм ажлыг “Токио 2020” олимпод Монголын талаас хэн гүйцэтгэсэн бол гэдэг асуулт гарч ирнэ. Багийн ахлагчийн эрхтэй мандатыг хэн нэг нь авч ажилласан болж таарав. Үүнд МҮОХ ч хариулт өгөх байлгүй. Харин Монголын багийн ахлагчийн орлогчоор Б.Баттүшигийн ойрын хамаатан, МҮОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал ажилласан талаар хэвлэлийн мэдээлэл байсан. Иймээс “Токио 2020” олимпод Монголын тамирчид хэрхэн оролцсон талаар хэн гэж багийн ахлагч тайлангаа тавихыг спортын салбарынхан хүлээж байна.

Дахин хэлэхэд Б.Баттүшигээс спортыг ашиглан нэр хүндээ өсгөх, олон нийтийг хуурах гэсэн мэт ойлгомжгүй үйлдлээ нэн даруй зогсоож ОУОХ-ны гишүүний хувиар Олимпын Хартийг хүндлэхийг хатуу шаардаж байна.