“Засгийн эрхийг хэн барих вэ” ба “Төрийн жолоог хэнд атгуулах вэ” гэдгийг тэр асуудлыг мэддэг хүмүүс нь шийдэж сонгодог байх болон сонгуульд санал өгсөн сонгогчид шийдэх хоёр бол өөр асуудал. Үндсэн хуулиар бидэнд өгөгдсөн “дүрэм” ийм л байна. Сонгогчдийн дийлэнх олонх нь МАН-ыг сонголоо. МАН шат дараалан хуралдаад Засгийн газраа байгууллаа. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь “улс төрийн хариуцлага хүлээж байна” гээд танхимаа “татан буулгачихсан”. Тэгснээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялчихлаа. Ингээд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болчихсон. Түүнээс хойш 200 хоног өнгөрчээ. Эхний 100 хоног цар тахлын хүнд үед, юун тэдний Засгийн газарт дүн тавихтай манатай “гал дундуур” өнгөрсөн. Харин өнөөдөр бол өөр.

Цар тахлаас гадна юу болж байгаагаа харах, төлөвлөх “тэнхэлтэй” боллоо. Ингээд хартал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүн амынхаа 62 хувийг вакцинжуулчихаж. Вакцин үйлдвэрлэгч орон биш гэхэд овоо шүү. Өөрөөр хэлбэл, түүний шоолуулаад байсан “Ковидгүй зун” нь “Вакцингүй зун” байх нөхцөл байдалд тэр ядаж л “Вакцинтай зун” болголоо. Гэтэл “төрчид”-ийн өөрсдийн уучилшгүй том алдаа бас байна аа. 

Төрийн тэргүүн нь одон тараагаад, нялх балчир хүүхдүүд гэр бүлээрээ хөтлөлцөж баярлалдаж гүйгээд байсан. Хэн ч харсан “Яанаа, энэ цар тахлын хатуу хөл хорионы үед…” гэж халаглацгааж байсан ч төр л ганцаараа нүдээ аньж чихээ бөглөсөн. Энэ бол аливаа хууль, тогтоомж, дүрэм журам төрд үйлчилдэггүйн бодит жишээ. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж нэр дэвшигчид орон даяар сонгогчдыг цуглуулж, тэврэлдэж үнсэлдэж эхэлсэн. Үүний дараа ёстой бодитойгоор “Ковидгүй хөдөө” нь “Ковидтой хөдөө” болж одоогийн байдлаар Баян-Өлгий зэрэг аймагт нийслэл дэх халдварлалын тохиолдлоос байнга өндөр үзүүлэлттэй гарах боллоо. “Наадамгүй зун, найргүй намар” болон овоо хайрханы тахилга гээд үүнийг хязгаарлах ч амаргүй бололтой ч Засгийн газар цаг үргэлж сэрэмжтэй байгаа гэдэгт найдахаас өөр сонголт алга.

Гэтэл ковид нь зүсээ хувиргаад, “хөгжөөд” Дельта гэдэг илүү хурдан халдварладаг вирус дэлхий даяар тархлаа. Манайд ч бас илэрлээ. Дахиад л вакцинаас цааш хайх авралгүй болж, хүн төрөлхтөн эрдэмтэн судлаачдаа л харж байна. Засгийн газраас хийж чадах зүйл нь вакцинжуулалт. Үүндээ найдаад ирэх 9 дүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг эхлүүлж, суралцагч хүүхдэд багачууд, оюутан залуусыг сургуулийн танхимд нь урихгүй бол хэзээ ч эргэн нөхөгдөхөөргүй баялаг үгширч байна. Тиймээс вакцинжуулалтын хувьд олон нийт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, ЭМЯ, ГХЯ, Сангийн яам зэрэг “галын шугамынхан”-д “Онц” дүн тавихаас тэгтлээ харамлахгүй байх аа. Гэхдээ хувиран өсөж буй цар тахлын хурд Засгийн газрын хурдыг гүйцэх муу нөхцөл бүрдвэл энэ шийдвэр биелэх эсэх нь мөн л гаднын нөлөөний эрсдэлд хэвээр байна.

Бүх салбарыг дордуулахгүй байх, болбол дээшлэн дэвжүүлэх цусны эргэлтийг сайжруулах гол судас нь санхүү, эдийн засгийн асуудал. “Амин” үзүүлэлтүүдээ харахад оны эхэнд 130 мянган ажлын байраа “тавиад туучихлаа” гэж тооцоолж байсан эрсдлийг 225 мянган ажлын байр хадгалсан, мөн эдийн засаг 5.3 хувиар агшина гэсэн таамаглалыг бодит байдал дээр 6.3 хувиар өссөн гэсэн мэдээллээр Засгийн газар 200 хоногоо угтаж байна. Үүнийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр” гэгчийн үр дүн гэж үзэхээс аргагүй.

Ковид анх илэрснээс хойш дэлхий нийтээрээ, улс орон бүр өөрсдийн онцлог, эдийн засгийн чадамжаараа энэ тахалтай тэмцлээ. Ерөнхийдөө хоёр чиглэл рүү явсан. Зарим улс ард түмнийхээ амь нас, аюулгүй байдлыг нэгд тавьж, эдийн засгаа хоёрдугаарт тавьсан. Том эдийн засагтай орнууд энэ хоёрын голчоор, зөв баланс барихыг хичээлээ. Өөрөөр хэлбэл эдийн засгаа нэгд тавьсан гэсэн үг. Том газар нутагтай, цөөн хүн амтай Монгол Улсын хувьд эрүүл мэндээ нэгдүгээрт тавьсан.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдахад эдийн засгийн нөхцөл байдал ямар байв? ДНБ зургаан хувиар буурсан, өнгөрсөн оны төсөв 12 хувийн алдагдалтай гарсан. Банкуудын зээлийн чанар муудаж, зээлийн өсөлт сүүлийн жилд 10 хувиар буурсан. Хүнээр бол цусны эргэлт зогсчихоод байв. Үүнийг илтгэх өөр нэг тоо гэвэл Төв банкин дээр банкуудын байршуулсан чөлөөт эх үүсвэрийн хэмжээ найман их наяд төгрөг, арилжааны банкуудын эх үүсвэрийн дундаж зардал 9-10 хувьтай байна. Ийм байхад алдагдалтай хэдий ч зургаан хувийн хүүтэйгээр Төв банкин дээр ийм хэмжээний мөнгө байршиж байна гэдэг нь эдийн засаг ямар хэмжээний зогсолт хийснийг харуулж байна. Ингээд ерөөсөө Төв банкин дээр байгаа энэ найман их наяд төгрөгийг эдийн засгийг эргэлтэд оруулах хөшүүргийг бий болгох явдал юм гэж шийдээд, тодорхой хэсгийг нь чадлынхаа хэрээр зээл болгож гаргах замаар бодит эдийн засгагт оруулахзорилго тавьсан. Үр дүнд нь 1.5 их наяд төгрөгийн зээлийг 23 мянган зээлдэг иргэн, ААН-д олгосноор 225 мянган ажлын байрыг хамгаалсан. Төсвийн орлого эхний хагас жилийн байдлаар 7,106.1 тэрбум төгрөгт хүрч төлөвлөсөн хэмжээнээс 471 тэрбум төгрөгөөр давж биелсэн гэж мэдээлж байна. Нүүрс, төмрийн хүдрийн экспорт гол ачааг үүрдгээрээ үүрсэн, азаар дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ханш өссөн нь дэмжлэг болсон. Энд “хавчуулж” хэлэхэд “УБТЗ”-ын асуудлаас Оросын талтай “гацчихаад” байгаа нэг зангилаа нь тэдний хүссэнээр транзит ачааг нэмэх үү, бидний төсөвт нөлөөлөөд байгаа нүүрс, төмрийн хүдрийн экспортоо илүүтэй явуулах уу гэдгээ зөв цэгнэж, аль болох хурдан хугацаанд ашиг сонирхлын чагтаа тайлахыг бусад талын харилцааны нөхцөл шаардаад байгаа билээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг “шүдний өвчин” нь Замын-Үүд боомт байна. Ерөнхий сайд “чаддагаараа” газар дээр нь үзэж танилцан чадах хэрээрээ шийдвэр гаргасан нь тодорхой албан тушаалтнуудыг сэлгэж ажиллуулах, заримыг нь чөлөөлөх тухай тогтоол гаргалаа. Асуудлын гол цөм нь вакцинжуулалт,хатуу дэглэм, хөдөлгөөний хязгаарлалтын дүнд Хятадын талын итгэлийг олж үйл ажиллагааг хэвийн болгох. Хамгийн гол нь хязгаарлагдмал нөхцөлд иргэд, ААН-ийн ачааг тээвэрлэн нэвтрүүлэх төрийн үйлчилгээг үзүүлэхдээ авлигаас ангид, шударга тэгш дүрэм журам дарааллыг тогтоох нь Засгийн газрын хийх гол ажил байлаа. Ерөнхий сайдыг Замын-Үүдэд очиход ямар шившгийн гэмээр хаалга угтсан билээ. Тэр хаалгаар нэвтрээд орох бараа, бүтээгдэхүүн, тэдгээрийн тээвэрлэгчдийг хөрш орон яаж итгэж тосч авах вэ гэдэг нь тодорхой байсан. Ерөөсөө л ямар ч хамгаалалтгүй Ковид тээгээд очиж байгаа мэт айдас хүйдэс төрүүлэхээр байсан. Ямар ч байсан одоо арай дээрдсэн. Гоё сайхан, төгс төгөлдөр болсон гэх боломжгүй ч экспортын ачаа, бараа бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу байгаа шүү гээд яриа хэлэлцээ хийж болохоор болов.

Энэ тал дээр ГХЯ яг одоогийн байдлаар найдвар болоод байгаа бөгөөд вакцинжуулалт дээр ч, хоёр хөрштэй ажилласан байдал, илэрхийлсэн байр сууриараа ч хамгийн гол ачааг үүрэгчдийн нэг байж маш сайн ажилласан гэдгийг уншигчдынхаа өмнөөс хэлэх нь зүйтэй байх. Тэдний ажлын үр дүн “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед” гэж түүхэнд тэмдэглэх цөөнгүй баримтын гэрч болж үлдэхийг тусад нь өгүүлнэ.

Засгийн газарт Дарханы замын хувьд олон нийт “Муу” дүн тавихаас аргагүй. Олон хүн энэ зам дээр амиа алдсан, одоо л шинэ, аюулгүй замаар зорчино гэж хүлээсээр хэдэн оныг үдэв? Сайжирлаа, дууслаа гээд үзүүлэх аргагүй бахь байдгаараа зорчигчдыг тамладаг энэ зам үе үеийн Засгийн газруудын “Авлигын толь” гэхэд болно. Яаралтай энэ асуудлаа шийдэхгүй бол тариа хураалтын ид ажил, орон нутаг, нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй үе хахир хатуу өвөлтэй уралдан ирж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг бусдаасаа ялгаагүй худалч Засгийн газар болгон үлдээнэ.

Салбар бүхнийг онгичиж тоочиж барахгүй ч энэхүү 200 хоног гэж товлосон 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтын үеэр “Өнгөрсөн 30 жилд хөрөнгө оруулагчидтай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монголынхоо үе үеийн Засгийн газруудын нэрийн өмнөөс гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлал гуйв. Өөрөөр хэлбэл, “Цаашид Монголын төр таны бизнес төлөвлөгөөнд, таны хөрөнгийн баталгаанд саад учруулахааргүй нэгдмэл бодлого баримтлах болно” гэсэн хөрөнгө оруулагчдыг урих амлалт, шинэ дохио өгсөн гэж ойлгож болох юм. Түүний Монголын улс төрд идэвхтэй ажиллаж эхэлснээс хойшхи хэд дэх ч уучлал гуйлт юм бэ дээ, ямартай ч хамгийн цаг үеэ олсон, өргөн цар хүрээг хамарсан, олон жилийн түүхийг тээсэн уучлалт гуйчихлаа гэж хувьдаа бодож байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “зуун хоног”-ууд үргэлжилж байна. Шударга ёсыг нэхсэн иргэдээ мэдэрч, иргэн чинь төрөөс маш хол зайтай, тэр замд төрийн анхан болон дунд шатныхан төвөг чирэгдэл учруулдгийг санаж амласан “их цэвэрлэгээ”-гээ хийгээрэй! Ардын хүүхэд, даргын хүүхдэд ижил хууль үйлчилдэг байлгах амлалтаа санаарай! Иргэд, ААН-үүдийн тамираа тасартал хөлсөө дуслуулан олсон татварын орлогод хүндэтгэлтэй хандаарай. Төсвийн хөрөнгийг гамтай зарцуулаарай!

Одоо “Оюун-Эрдэнийн Засгийн газартай тэмцэх цаг биш ээ. Олон нийтийн төлөө зүтгэх цаг” гэдгийг 200 дахь өдрийн босгон дээр гарын үсэг цуглуулж тоглосон эрхэм улстөрчдөд сануулъя. Ажил хийдэг улирал, ажил хийлгэдэггүй хүмүүсээ ард түмэн ялгадаг болсоон. “Цаг хэд болж байна, хар даа, Эрхэм ээ!”