Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайг урьж ярилцлаа. Ойрд ийм эрч хүчтэй, шулуухан яриа хаана хэнтэй өрнүүллээ хэмээн бодож сууна. Уншигч танд энэ зочин таалагдана гэж би итгэж байна.


 

-Та Батлан хамгаалахын дэд сайдын албыг хашиж байна. Энэ бол улс төрийн албан тушаал. Таныг генерал болсон гэж бодоод байсан юм. Би андуурчээ. Таныг би их шүүмжилдэг байх. Гэсэн ч урилга хүлээж аваад ярилцахаар ирсэнд талархаж байна.

-Шүүмжлэл гашуун ч гэсэн заавал нэг юм бодогдуулж байдаг, алдаанаас суралцах, сэрэмжлэх, илүү чамбай ажиллах хүчийг нээж өгдөг. Ажил хийж байгаа хойно сайн муу хэлүүлэх нь ардчилсан улс оронд байх л ёстой зүйл юм даа, шүүмжлэлд би ингэж л ханддаг. Саяхан болж өнгөрсөн үйл явдал манай салбарын сүүлийн 30 жилийн алдаа, оноог дэнсэлсэн, өргөн хүрээний шүүмжлэл өрнүүлсөн, бид бүхэнд ажлаа улам чамбайруулахыг сануулсан хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Та нар маань ч бидний тоосыг сайн гөвж өглөө. Буруу нь юу байхав. Харин Батлан хамгаалах салбарыг хэт улс төржилтөөс ангид байлгах ёстой гэдгийг хаа хаанаа бага ч болов мэдэрсэн байх.

-Зарим хүмүүс их эмзэглэх юм. Батлан хамгаалах салбар бол банкны салбартай адилхан эмзэг шүү. Батлан хамгаалах салбарын нэр хүндээр хамаагүй оролдож болдоггүй юм. Та ядаж дуугүй байж болохгүй юу гээд их олон бэлтгэл офицерууд намайг загнасан.

Онцгой салбар. Ялангуяа олон улсад өрнөж буй үйл явцууд сүүлийн үед тийм ч таатай бус байгааг та бид сайн мэдэж байгаа. Ер нь гадагшаа их юм яриад байдаг салбар биш. Ярих ч ёсгүй. Бусад салбарууд шиг салбарын хэмжээнд хийгдэж буй ажлаа тэр бүр олон нийтэд мэдээлээд байх боломж бас хомс. Юмны хэмжээ гэж юм бий. Хэмжээ нь хэтэрчихэв үү дээ л гэж харагдаж байсан. Мэдээж шүүмжлэл байлгүй яахав. Гэхдээ хэмжээ хэтрээд, хэт хөөсрөөд, цаашлаад цэрэг, армигүй байх тухай уриалцгааж даялуулах гэсэн оролдлого ажиглагдсан. Хүний алтан амь үнэ цэнтэй. Юутай ч зүйрлэшгүй үнэ цэн. Батлан хамгаалах салбар өөрөө нэг цэргээ алдахад ямар их хүнд цохиолтонд ордог вэ гэдгийг та бүхэн мэдэрдэг байх. Энхийн цагт хүнээ алдахад ямар гашуун, хүнд тусах нь ойлгомжтой. Үнэхээр харамсан, гашуудаж байна. 

-Намайг 10-р ангид байхад л армийн далд амьдралын тухай анхны мэдээллүүд ил гарч ирж байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлч байхдаа “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” хэмээн бичиж, цуврал нийтлэлүүдийн араас телевизийн “Цаг үе Залуучууд” нэвтрүүлгийн дугаарууд цацагдаж байв. Түүнээс хойш армид тодорхой шинэчлэлүүд явсан. Өнгөн талдаа алба хаах жилийг нь багасгахаас эхлээд өөрчлөлтүүд явсан.

-Батлан хамгаалах салбарын шинэчлэл тасралтгүй явагдаж байгаа. Нэг дайралтаар шуугиулж хийдэг зүйл биш л дээ. Үе үеийнхэн бодлогын шинэчлэлүүдээ ахиулсаар л яваа.

-Сүүлдээ нэг жилийн алба хаана гэж юу байдаг юм бэ гэх шүүмжлэл гарч эхэлсэн. Арми гэдэг социалист нийгмийн үед маш том ажиллах хүчнийг бэлдэж өгдөг газар байсан. Цэрэгт яваад ирсэн эр хүнийг шал өөр нүдээр хардаг байв шүү дээ. Гурван жилийн алба хаагаад ирэхдээ армиас тэд мэргэжилтэй болж ирдэг байсан. Ардын арми бүтээн байгуулалтын том хүч байсан. Ингэхэд нэг жилийн арми гэдэг ер нь болж байна уу, болохгүй байна уу?

-Судалгаанууд тасралтгүй хийгдэж байна. Нийгэмд армийн талаарх зөв, буруу хандлагууд их олон жил явсан. Арми бол нэгийгээ дэглэдэг, дээрэлхдэг дэглэмтэй газар гэх мэт. Энэхүү хандлага ард түмний дунд эртнээс улбаатай суучихсан. Тэр хандлагаараа өнөөгийн зэвсэгт хүчний үйл ажиллагааг ойлгож, дүгнэдэг хэсэг олон нийтийн дунд байна. Алба хааж байгаа олон мянган залуучууд дунд аливаа асуудал гарах эрсдэл бий. Сахилга хариуцлага, дэг журмын зөрчил, аливаа гэмт хэргийн шинжтэй эрх зүйн зөрчлүүд сүүлийн жилүүдэд эрс буурч байгаа. Гэхдээ харамсалтай нь амь эрсдэх асуудал жилд нэгээс хоёр гарч байна. Бид илүү их хичээн ажиллаж байгаа. Уг нь бодит байдал цэргийн алба маш том хүмүүжил, төлөвшлийн сургалт явагддаг орчин. Өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж буй ах захаа хүндлэх, эмх цэгцтэй биеэ авч явах, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадварт суралцах гээд маш олон зуршлын зах зухаас мэдрүүлээд гаргадаг салбар. Ерөнхийдөө хугацаат цэргийн албаны сургалтын үндсэн концепци ирээдүйн өрхийн тэргүүнийг бэлтгэхэд чиглэдэг болсон. Ид төлөвших насандаа залуучууд эндээс сурах зүйлээ сураад, ойлгоод гарах ёстой. Улс орны өмнө учирч болзошгүй аливаа эрсдэлд иргэдээ бэлтгэх нь бидний үндсэн үүрэг. Бусдаар зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүн хүлээсэн үүргээ олон арван жил нэр төртэй гүйцэтгэсээр өнөөг хүрсэн, цаашид ч үйл ажиллагаа нь илүү мэргэшсэн, технологижсон зэвсэгт хүчин болж өргөжнө гэдэгт би эргэлздэггүй. Өнөөдөр ч олон улсад Монгол Улсын нэр хүнд хэдэн бор цэргүүдийн минь олон жилийн зүтгэлийн үр дүнгээр өндөр байна. Монголчууд бид үүгээрээ ч бахархдаг. Үүний цаана манай улсын аюулгүй байдлын үзэл баримтлал, хуульд шингээж өгсөн үзэл санаа явж байдаг. Монгол Улсын тусгаар тогтнолыг улс төр, дипломатын аргаар хангах нь нэн тэргүүнд тавигддаг бодлого. Энэ үндсэн үүргийн нэг том багана нь манай зэвсэгт хүчин. 

-Сүүлд дэлгэгдсэн нийгмийг хамарсан шуугианд авагдсан жишээнүүд дээр эцсийн дүгнэлт гарсан уу. Яг армийн буруугаас, яг армид гэмтсэн нь батлагдсан зүйл байгаа юу ?

-Хуулийн байгууллагууд шалгаж байгаа. Яг эцэслэсэн хариу ирээгүй байна. 

-Тэр цэргийн дэг гэдэг нь яг одоо байгаа юм уу ?

-Сүүлийн жилүүдэд цэргийн дүрэм журмаас гадуур харилцаа эрс багассан. Гэхдээ ор тас байхгүй гэж шууд хэлэхэд хүндрэлтэй. Учир нь олон янзын түвшний хүмүүжил, олон янзын ааш араншинтай, олон талаас цугласан залуучуудыг нэг газар авчирч, нэг дүрэм журманд богино хугацаанд оруулна гэдэг тийм амар ажил биш гэдгийг та гадарлах байх.

-Армид алба хаадаг нэг сэтгэл зүйчийн ярилцлага шуугиан тарьсан. Харанхуйгаас хүртэл айдаг, хэтэрхий сул дорой нөхдүүд армид ирж байна гэсэн тэр яриаг та санаж байгаа байх. Энэ чинь охидын сургууль юм уу. Үнэхээр тийм охид шиг нөхдүүд цэрэгт ирдэг болсон юм уу. Үүгээрээ би охидын нэр хүндэд халдаагүй шүү.

-Ний нуугүй хэлэхэд залуучуудын 40 орчим хувь нь эрүүл мэндээрээ тэнцэхгүй байна. Сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байна. Өнөөгийн нийгмийн хөгжлийн сөрөг талуудад ууссан байна. Өөрөөр хэлбэл, хэт дэлгэцийн хамааралтай болсноос гадна бусад чиглэлийн донтолтонд багагүй хэсэг нь өртсөн байна. 

-Цэргүүд гар утасгүй байдаг биз дээ?

-Байхгүй. Ерөнхийдөө дээр дурьдсан сөрөг нөлөөллөөс үүдсэн сэтгэл зүйн болон бусад хэлбэрийн таагүй зуршлаас цэргийн алба үндсэнд нь салгах болгомжийг олгодог. Эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн өөрчлөгдсөн талаарх санал, сэтгэгдлээ байнга илэрхийлдэг. Тухайлбал, оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаад ирэхэдтухайн хүүхэд үг сонсдог, даадаг болсон тухай, цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй болсон тухай, бие бялдарын хөгжил нь эрс сайжирсан тухай зэрэг яриад байвал эерэг өөрчлөлтүүд их гарсан байдаг. Ер нь бид залуучуудынхаа эрүүл мэнд, сэтгэл зүй, ёс суртахууны асуудалд ул суурьтай анхаарлаа хандуулж, бодитой, дорвитой арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Улс орны эдийн засгийн өсөлт цаашдын хөгжилд чухал нөлөөтэй хэдий ч энэ нь миний хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал биш гэж боддог. Эхлээд бид хаана, юу болохгүй байна, хаанаас цэгцлэх вэ гэдэг нь чухал. Явж явж хүмүүсийн хандлага, сэтгэлгээ, ажлын арга барил, ур чадвар, ёс зүй дээр ирээд л гацаж байна. Үүнийг өөрчлөхгүйгээр цаашид эдийн засаг сайжирсан ч, хичнээн сайхан барилга, байгууламж, үйлдвэрлэл хөгжсөн ч хүссэн үр дүнд хүрэхэд учир дутагдалтай. Ямар ч салбарт хүмүүсийнхээ хандлагыг өөрчлөх, хуучин арга барилаас нь тодорхой хэмжээнд салгахын төлөө ажиллахад цаг зарцуулж байна. Хугацаа ч шаардах ажил. Үүнд тухайн салбарыг хариуцаж буй хүмүүсийн манлайлал чухал нөлөөтэй. Гаргаж байгаа шийдвэр, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, өөрийнх нь үзүүлж байгаа хандлагууд гээд удирдаж буй хүмүүсээс их зүйл шалтгаалдаг болсон байна. 

-Таны ярианаас монголын залуу үед зөв хандлагыг төлөвшүүлэхэд арми онцгой анхаарч байгаа гэж ойлголоо. Нийгэм хэр мэдэрч, мэдэж байгаа юм бол доо?

-Манай салбарын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд харьцангуй нээлттэй болж байгаа. Нийгэмтэйгээ ажиллах ажиллагааны хурд ч сайжирсан. Гэхдээ та манай салбарын онцлогийг гадарлах байх. Дийлэнх нь тушаалаар, захирах захирагдах ёсны дор насаараа амьдардаг амаргүй алба. Тиймээс ямарваа нэг асуудлын талаар олон нийтэд гаргаж тавих бололцоо хумигдмал. Хуулийн хүрээнд ч хязгаарлагдмал. Тухайлбал, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг бусадцэргийн байгууллагын алба хаагч нараас Батлан хамгаалах салбарын хамт олны цалин хангамж харьцангуй доогуур олон жил явж ирсэн. Хэзээ ч үүнийгээ тэр бүр нийгэмд гаргаж тавьж байсангүй. Өнгөрсөн жилээс УИХ, Засгийн газрын шийдвэр гарч алба хаагчдын цалин хангамж үе шаттайгаар, мэдэгдэхүйц нэмэгдсэнд манай хамт олон баяртай байгаа. Бид маш олон залуусаа өндөр хөгжилтэй улс орнуудад бэлдэж байна. Дийлэнх нь тухайн улсынх нь зардлаар. Бэлтгэгдсэн боловсон хүчнээ ажиллах нөхцөл бололцоо, нийгмийн баталгаа, цалин, орон байрны асуудал гээд олон зүйлийг бид төдийлөн хангаж чадахгүй байна. Энэ мэт тодорхой шалтгааны улмаас олон жил бэлдсэн алба хаагч нараа бусад салбарт алдах эрсдэл нэлээд гарч байна. Ингээд яривал их зүйл бий. 

-Мэдээж нэг дор аль ч салбар бүгдийг хийж чадахгүй байна. Үүнийг ойлгож байгаа. Ингэхэд оюутнуудыг хүчээр цэрэгт татдаг асуудал байна гэх юм. Ийм юм одоо байгаа гэж үү?

-Монгол Улсын Үндсэн хуулинд 18 нас хүрсэн иргэн цэргийн алба хаах үүрэгтэй гэдгийг онцгойлон заасан байдаг. Тэгэхээр энэ өөрөө их нарийн ойлголт. Оюутан байна уу, хэн байхаас нь үл хамаараад цэргийн алба хаах үүргийг нь суурь хуулиндаа хоёрдмол утгагүй тусгасан. Энэхүү зохицуулалтуудыг органик хуулиндаа нарийвчлан тусгах шаардлагатай эсэхийг бид судалж байна. Ерөнхийдөө цэргийн албанд нэгдүгээр курсын эсвэл төгсөх курсын оюутныг татах асуудлыг аль болох багасгах бодлого баримталдаг. Бид цэргийн албаар дамжуулан улс орноо батлан хамгаалах бэлтгэл нөөцийг бүрдүүлдэг хэдий ч орчин цагт нийгмийн ялгааг хэт холдохоос сэргийлэхэд цэргийн алба чухал ач холбогдолтой гэж зарим хөгжилтэй улс орнууд үздэг. Өөрөөр хэлбэл, баян байна уу, ядуу байна уу, боловсролтой боловсролгүйгээс үл хамааран нэг түвшинд авчирч бие биенээ ойлгож, хүндэлж, нөхөрлөх зэргээр хүн ёсны харилцаа, төлөвшлийг бэхжүүлэхэд чиглэдэг болсон. Тэгэхээр цэргийн албыг харах өнцгөө ч бид бүх түвшиндээ өөрчлөх нь чухал байна. 

-Хуучин армиас их дээд сургуульд элсэлтийн шалгалт өгч болдог байсан. Одоо тэр боломж байгаа юу?

-Цэргийн алба хаах хугацаандаа оюутнууд цахимаар сургуульдаа сурах боломжийг олгохоор хэд хэдэн анги дээр туршиж байна. Ерөнхийдөө цэргийн албаа хаах хугацаанд сурч боловсрох нөхцлийг нь бүрдүүлэх, ажлын байрыг нь хадгалах, хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай байгаа мэргэжил олгох зэргээр давуу боломжийг олгох чиглэлд бид анхаарч үйл ажиллагаандаа нэвтрүүлээд эхэлсэн. Тодорхой үр дүн гарч байна.

-“Тусгай салаа” гэдэг сериал гарснаас хойш залуучууд цэрэгт явах дуртай болсон гэж нэг генерал ярьж байсан. Ийм нөлөөлөх хүч урлагт байдаг. Ялангуяа кино урлагт гээд... Ийм ойлголт үнэхээр байдаг уу?

-Байлгүй яахав. Урлагийн нөлөөлөл гэж байна. Үе болгон энэ ажлыг хийж л ирсэн. “Суварган цэнхэр уулс” гээд л бүгд үзэж өсөө биз дээ. 

-Барилгын цэрэг гэж том хэсэг танай бүтцэд байсан. Эд бол үнэхээр гавьяатай хэсэг юм билээ. Одоо цэргүүд ямар нэг байдлаар ажил хийж цалин авдаг уу. Жишээ нь, хил дээр алба хааж байгаа цэргүүдэд нэмэлт урамшуулал бий юу?

-Сүүлийн үед цэргүүд халагдахдаа тодорхой хэмжээний цалинтай халагдаж байна. Хил дээр тодорхой хэмжээний нэмэгдэл бий. Улс орныхоо бүтээн байгуулалтад, стратегийн шинжтэй, улс орны цаашдын ирээдүйд чухал ач холбогдолтой төслүүдийн бүтээн байгуулалтад оролцохоос зэвсэгт хүчин хэзээ ч ухарч байгаагүй. 

-Социализмын үед барилгын цэргийн ангиуд гэж байсан, одоо байхгүй юу. Би энэ талаар мэдээлэлгүй иргэдийг төлөөлж асууж байгааг та бас ойлгож байгаа байх?

Одоо буцаж сэргээд, Барилга, инженерийн цэргийн удирдах газар нэртэйгээр 2020 онд шинээр шинэчлэгдэн байгуулагдсан. Төмөр замын томоохон бүтээн байгуулалтанд харьяа ангиуд дайчлагдан ажилласан. Энэ хүрээнд хугацаат цэргийн алба хаагчид дээд тал нь 14 сая төгрөгтэйгээр халагдсан. Өдрийн 70 мянган орчим төгрөгийн томилолтын зардалтай ажиллаж байна. Залуучууд цэргийн албанд байх хугацаанд ажил, мэргэжлийн дөртэй болоод, хөдөлмөрлөснийхөө үр шимийг мэдрээд гарах нь чухал байна. Энэ хүрээнд цэргийн анги салбаруудад тодорхой ажлууд хийгдэж байгаа. Тухайлбал, МСҮТ-тэй хамтраад нийгэмд хэрэгтэй байгаа мэргэжлүүдийг эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтуудыг, цэргийн эрдмийн үндсэн сургалтаас гадна олгох ажил эхэлсэн. Монгол Улс цаашид ажиллах хүчний хомсдолд өртөх төлөв өндөр байна. Нөгөө талаас цэргийн алба хаасан залуучуудыг аж ахуйн нэгжүүд ажилд авах сонирхол ихээр нэмэгдсэн. Учир нь хариуцлагатай байх, багаар ажиллах, ачаалал даах чадвар гээд олон зүйлээр бусдаас ялгарч байгааг аж ахуйн нэгжүүд илэрхийлдэг. Ялангуяа уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийн компаниуд ажилд их авч байна. Цэргийн албанаас халагдах үед нь манай ангиуд дээр ирж компаниуд үйл ажиллагаагаа сурталчлаад ажлын байр санал болгож байна. Энэ их сайн хандлага гэж бид үзэж байгаа. Тэгэхээр том зургаараа ирээдүйн Монгол Улсыг авч явах залуучуудыг төлөвшүүлэхэд зэвсэгт хүчин хувь нэмрээ оруулж байна гэж ойлгож болно. За, ингэсхийгээд хоёулаа энэ сэдвийг өндөрлөе. Хамаагүй нарийн ширийн зүйл яриад байх нь тийм ч зохимжтой биш байх. Батлан хамгаалах салбарт томилогдон ажиллаж байгаадаа их олзуурхдаг. Улс орны аюулгүй байдлын төлөө ямар олон залуучууд зүтгэж байдгийг, ямар олон зүйлийг бодож, сэтгэж түүгээрээ өвчилж, түүний төлөө итгэл үнэмшилтэй, асан дүрэлзэж явдаг гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч ууссан. Монгол төрийн хар хайрцагны бодлого алдагдаж байгаа талаар зарим нэг нөхөд их дураараа ярьж бичдэг. Батлан хамгаалах салбарт монгол төрийн бодлого залгамж чанараараа үргэлжлээд явдгаараа явж байгаа.

-Та бол хуульч хүн. Чингэлтэй дүүргийн орлогч даргаар бараг зургаан жил ажилласан уу. Хамгийн удаан ажилласан орлогч дарга байх шүү?

-Тийм. Магадгүй. Их залуудаа, 26 настайдаа хамгийн залуу орлогч дарга болж байсан. 

-Зарим нь дүүргийн ажил бол жаран чавганцын ажил гэх юм билээ. Орохгүй, хамаарахгүй ажил гэж байдаггүй болохоор тэгж хэлсэн байх.

-Дүүрэгт хүн их ажил сурдаг. Бүх салбарын ажлыг яг хөрсөн дээр нь мэдэрдэг. Боловсролын салбарт юу нь болдоггүй юм, эрүүл мэндийн салбарт ямар буруу зохицуулалт нь тээг болоод байдаг юм гээд бүгдийг нь олж харах боломжтой. Иргэдийн ахуй амьдрал, ажлын байр, хог шороо хамаарахгүй асуудал гэж байдаггүй. Тэнд залуу хүмүүсийг тогтож ажиллаж, ачаа үүрч, ажил хийж сураасай гэж боддог. Жор мэддэг ламаас, зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг дүүрэгт нухлагдахад маш олон зүйлийг сурч авдаг. Үнэхээр хоёр нарны хооронд гэдэг шиг л ажиллаж байсан. Нэг мэдэхэд зургаан жил гаруй хугацаа өнгөрсөн. 

-Залуу хүнд бол уйтгартай, халширмаар ажил байх. Яагаад тийм олон жил тэнд ажилласан юм бэ?

-Би шатаар өгсөх дуртай. 

-Та намын дэргэдэх оюутан, залуучуудын байгууллагын удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Намын дэргэдэх байгууллагуудаар төлөвшсөн залуучуудын карьер их хурдан өсдөг шүү дээ. Тэгээд л дүүрэгт юу хийгээд тэр олон жилээ өнгөрөөсөн юм бэ гэж асуусан юм.

-Таны асууж байгаа өнгө жаахан тиймхэн л юм. Миний хувьд намын дэргэдэх оюутны болон залуучуудын байгууллагын удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Дүүргийн орлогч дарга байхдаа ч нийслэлийн залуучуудын байгууллагыг толгойлж байсан. Төв залуучуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг давхар хашиж байсан. Аливаа ажил, албан тушаал бол өгдөг, авдаг зүйл. Улс төрд удаан оршин тогтнохын тулд олонтойгоо байж сурах хэрэгтэй. Олонтойгоо байхыг л зорьсон. Уйтгартай бишээ. Тэнд өдөр болгон манай иргэдийн амьдрал буцалж байдаг юм. Өдөр болгон иргэдийн тулгамдаж байгаа асуудалтай ноцолддог. Тийм учраас тэнд уйдаад байх зав байхгүй. 

-Дараа нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга болж байсан санагдаж байна?

-Нийслэлийн ИХТ-өөр хоёр удаа сонгогдон ажиллаж байлаа. Дүүргийн Засаг даргаар хоёр жил орчим хугацаанд ажилласан. Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллаж байхдаа хамт олонтойгоо их олон ажлыг эхлүүлж, ард нь гарсан. Тухайн үедээ Улаанбаатар хотдоо жишиг болохуйц, иргэд олон нийтийн хүлээлтэнд хүрэхүйц ажлуудыг хийхийн төлөө нэлээд зүтгэцгээсэн. Тодорхой үр дүнд ч хүрсэн. Тухайлбал, Их найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаас авахуулаад их дэлгүүрийн урд Б.Цэрэндоржийн гудамж, сургууль, цэцэрлэгийн гаднах спортын байгууламжуудыг өөд нь татах гээд олон ажлыг дүүргийнхээ хамт олонтой бүтээсэн. Хотын төвийн дүүргүүд тухайн үедээ газар олголтын шуурганд их өртөж байлаа. Хүүхдийн тоглоомын талбайгаас авахуулаад сургууль, цэцэрлэгийн орчинд барилга барих ажил хэрээс хэтэрсэн үе. Ганц хамгаалж үлдэх арга нь бидний хувьд өөд нь татаж авах нь л чухал байсан. Дээр дурьдсан Явуугийн цэцэрлэгт хүрээлэн, 5-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг хүртэл газар олгочихсон байсан шүү дээ. Олон сургууль, цэцэрлэгийг байгаа хөрөнгө, санхүүгийнхээ боломжоор өөд нь татаж авч үлдсэндээ одоо ч бид сэтгэл хангалуун байдаг. 

-Дүүргийн дарга хүн сайн менежер байх ёстой юм билээ. Ийм ажлуудыг хувийн хэвшлийнхэнд ойлгуулж, тэдэнд харилцан сайн боломж санал болгож байж, харилцааг тодорхой төвшинд хөгжүүлж явж босгоно.

-Тантай санал нэг байна. Тухайн үед улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэвтэр, дөнгөж сэргэх төдий үе байсан. Үүнийгээ дагаад хот, дүүргийн төсөв ч төдийлөн сайнгүй байлаа.Тэгэхээр аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч ажиллах, ялангуяа нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон компаниудыг дүүргийн бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах нь их чухал байсан. Тухайлбал, 2006 онд бид Мобиком ХХК-ны хөрөнгө оруулалтаар 24-р сургуулийн гадна орчинд Улаанбаатар хотдоо анхны хиймэл зүлэг бүхий хөлбөмбөгийн талбайг байгуулж байлаа. Бүтээн байгуулалтын шинжтэй улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тухайн орон нутгийн иргэд, олон түмэн бодитоор мэдэрч байдаг. Тиймээс хийгдсэн ажлын чанар чансаа, үр дүнг сайтар гаргах ур ухааныг орон нутгийн удирдлагууд хэрэгжүүлэх ёстой. Өөрийн гэр орноо цэгцэлж байгаатай адил сэтгэлээр ажилд хандах нь их чухал гэж миний хувьд ойлгож ажилласан даа. 

-Сүхбаатарын талбайг нэг компанид олгочихсон байсан гэдэг үнэн юм уу?

-Б.Цэрэндоржийн гудамж ч газар олголттой байсан шүү дээ. Нийслэлийн хурлын төлөөлөгчийн хувиар тухайн үед байр сууриа холбогдох нөхдүүддээ хатуухан хэлэх үе чамгүй их байсан. Ерөнхийдөө төрийн мэдлийн, тэр дундаа сургууль цэцэрлэгийн орчныг хог шороо, зэрлэг ургамалд нь даруулж байгаад нэг л өдөр элдэв янзын байшин барилга барих ажил хавтгайрч байсан үе. Тиймээс богино хугацаанд тухайн газруудыг өрсөөд өөд нь татаад хүүхэд, хөгшидөд зориулсан орчин болгоод авах нь хэн нэгэн нөхрийн нүд унахаас хамгаалах хамгийн зөв шийдэл байсан. Олон түмний, хүүхэд залуусын очих дуртай, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин болгоод цэгцэлсэн байхад зориглож газрыг булаах санаархалтай нөхдүүд тийм ч олон гардаггүй юм. Харин бид нэгэнт бий болгосон орчноо байнгын эзэнтэй байлгах, арчилж тордох зардлыг нь тогтмол олгоход анхаарах ёстой. Чамгүй хөрөнгө зараад, тууз хайчлаад орхичихдог хандлага өнөө ч хаяа ажиглагдах юм. Өнөөдөр Явуугийн цэцэрлэгт хүрээлэн тухайн үед хийгдсэн тэр л байдлаараа, анхны төрхөөрөө цэвэр цэмцгэр байна лээ. Саяхан зориуд очиж үзлээ. Тарьсан модод маш өндөр ургачихсан, хийгдсэн байгууламжууд нь яг л хэвээрээ эзэнтэй айл шиг байхыг харах сайхан байсан. Учир нь тухайн үед бид Явуугийн цэцэрлэгийг арчилж, хамгаалах зардлыг жил бүр дүүргийн төсөвт суулгаж өгсний үр нөлөө гэж бодож суулаа.

-Урлаг соёл, утга зохиолын зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал гоё л доо. Хотод улам л гоё утга нэмж байдаг. Гэтэл манай дүүргүүдийн шүтээн морь нохой л боллоо доо.

-Хөшөө дурсгалыг донжийг нь олоод байршуулчихвал буруу нь юу байхав. Бид чинь хаяа хэт туйлширчих гээд байдаг нөхдүүд л дээ. Өнөөдөртөө бидэнд юуг хийх нь чухал вэ гэдгээ л хаа хаанаа ойлгоод зүтгэчихвэл учир нь олдоно. Тиймээс тухайн үед бид Улаанбаатар хотдоо жишиг болохуйц цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай, сургууль цэцэрлэгийн орчин ямар байх ёстойг бүтээж харуулахыг л зорьсон. Олон жил ярьсан зүйлсийг бодитоор нь хийж, тодорхой стандарт тогтоохын төлөө ажилласан. Бусад дүүргүүддээ ч үлгэр болохуйц ажлуудыг хийхийг хичээсэн. Тухайн үедээ сайн жишгийг тогтоож чадсан гэж боддог, хамт олноороо ч бахархаж явдаг даа. Мөн түүнчлэн хийж байгаа аливаа ажлаа чанартай хийж дуусгах нь чухал гэдгийг харуулахыг зорьсон. Бид чинь хязгаарлагдмал төсвөөр олон ажил хийсэн болж харагдах гээд байдаг буруу зуршилтайгаар чамлахааргүй хугацааг өнгөрүүлж байна. Магад сонгуулийн тогтолцоо, нөгөө л асуудалд хандах хандлага гэх мэт олон шалтгаанаас болдог байх. Намайг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдоод очиход тухайн жилд хийгдэх ажлын тендэрт цөөнгүй компаниуд оролцдог байлаа. Жилийн дараанаас оролцох аж ахуйн нэгжийн тоо эрс буурсан. 

-Яагаад ?

-Тухайн үед ялангуяа хот тохижилтын чиглэлээр мэргэшсэн, ажлаа эзний ёсоор хийдэг компани ховор байсан. Тэглээ гээд хэн нэгэн хийж л таарна. Нэг удаа гадуур ажлаа шалгаж явах үеэрээ явган хүний замын ажил хийж байсан байгууллагын захиралтай уулзаад “Та энэ замаар алхана тийм үү. Та явдаггүй юм гэхэд таны ах дүү, үр хүүхэд, найз нөхөд алхана. Тэгээд та энэ хийсэн ажлаа хар даа гээд усны машин дуудаад тухайн зам дээр нь ус асгуулсан. Ус хонхор хотгорт нь тогтонгуут одоо энэ асуудлаа хэрхэн шийдэх вэ гэж асуусан. Бүгдийг нь хуул, дахиж тавь” гээд хуулуулж байсан удаа бий. Хийж чадахгүй бол буцаагаад нураалгана, битгий гомдоорой л гэдэг шаардлагыг тавьдаг байсан. Манай ажил хариуцаж байсан нөхөд ч яваандаа хатуу шаардлагыг тавиад эхэлсэн. Магадгүй “Энэ нөхдүүд ядаргаатай зууралддаг юм байна” гэж бодсон уу дүүргийн ажилд оролцох сонирхолтой компани их цөөрсөн. Гэхдээ шантрахгүй нураалгаад байсан ч хор шартай ажилладаг ганц хоёр компани байсан шүү. Эдгээрээс зарим нь одоо ажлаа дийлэхээргүй мундаг болоод үйл ажиллагаа нь өргөжсөн сураг сонсогдож байна лээ. Ерөнхийдөө бид аж ахуйн нэгжүүдээ ажилд сургаж, хариуцлагажуулж, зарим үед дэм, урам өгч явах ёстой. Дийлэнхдээ л гадны нөхдөөр зам харгуйгаа бариулаад бусад томоохон бүтээн байгуулалтуудаа хийлгээд байх нь зохимжгүй. Бид чинь уг нь аливаа ажлыг хурдан сурдаг, бас ч гэж хүн итгэвэл итгэлийг нь алдахгүй хичээгээд зүтгэдэг, хэнээс ч дутахааргүй тархи, толгойтой ард түмэн шүү дээ. 

-Нэг талаас хамтран ажиллахад төвөгтэй, байн байн давхиж ирээд л, зууралдаад байдаг хэцүү нөхөр байх нь...

-Та бид энэ хотын л иргэд. Хийж байгаа ажлынхаа үр шимийг өөрсдөө ч мэдрэнэ. Тэгэхээр төрийн ажлыг өөриймсөг сэтгэлээр хийх нь чухал гэж боддог. Магадгүй зарим нөхөд яхир талдаа гэж боддог байх. За, хоёулаа таны дээр ёжилж асуусан шиг жаран чавганцын яриагаа ингэсгээд өндөрлөх үү. /инээв/ Дүүргийн ажлыг яриад байвал дуусахгүй. 

-Та “Хөдөөгийн сэргэлт”-тэй холбоотой асуудал хариуцан нэг жил орчим ажилласан. Энэ талаар Батлан хамгаалахын дэд сайдад хөдөөгийн сэргэлт, хөгжлийн нүүдэл төсөл ямар хамаа байнаа гэсэн шүүмжлэл цахим орчинд явсан. Энэ ямар учиртай ажил юм бэ?

-Батлан хамгаалах асуудал өөрөө их өргөн ойлголт. Манай зэвсэгт хүчин батлан хамгаалах салбарын гол бүрэлдэхүүн хэсэг. Улс орны аюулгүй байдлыг хангах, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах тухай ойлголтод үндсэндээ хамаарахгүй салбар байхгүй. Хүнсний аюулгүй байдлаас эхлээд, улс орны гадаад, дотоод бодлого, байгаль орчны асуудал, хүн ам зүйн бодлого, иргэдийн эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л асуудалд оролцоно. Олон нийт манай салбарыг зөвхөн зэвсэгт хүчнээр ойлгох гээд байдаг тал бий. Батлан хамгаалах салбар бүхэлдээ Монгол Улсын аюулгүй байдлыг хангаж, хамгаалах үүрэг хүлээсэн онцгой салбар. Энэ утгаараа Хөдөөгийн сэргэлт бол улс орны үндэсний аюулгүй байдлын бодлогын чухал нэг хэсэг. Алслагдсан зарим суманд хүн ам зүйн бодлого алдагдах, сум суурин газрууд эзэнгүйдэх, хэт нэг газар төвлөрснөөс үүссэн маш олон сөрөг үр дагаварууд бол сүүлийн 30 орчим жилийн хугацаандбид бүхний хийж хэрэгжүүлсэн бодлогын алдааны үр нөлөө мөн. Үүнийг бүх түвшиндээ сайтар ойлгож урт болон дунд хугацааны бодлоготойгоо уялдуулан цогц байдлаар шийдэхийн төлөө өнөөгийн Монгол Улсын засгийн газар үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Ерөнхий сайдын зүгээс энэ том ажлын эхлэлийг надаар ахлуулж ажлын хэсэг байгуулсан нь олон жилийн ажлын туршлагыг минь үнэлсэн бас итгэсэнтэй нь холбоотой байх. Тэгээд үүрэг аваад ажиллаж байна. 

-Тэгээд ажлаа юунаас эхлэв дээ?

-Өнөөгийн бидний нөхцөл байдлыг ихэнх хөгжилтэй улс орнууд туулаад, асуудлаа шат дараатай шийдээд явж ирсэн. Тэгэхээр бид төвлөрлийг саармагжуулахад чиглэсэн олон улсын сайн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэх нь чухал. Энэ хүрээнд НҮБ-ын шилжилт хөдөлгөөнийг хариуцсан нөхдүүдтэй уулзахаас л ажлаа эхэлсэн. Олон жилийн дата судалгаануудыг сайтар үзэх, орон нутгийн удирдлага, иргэдтэй шат дараалсан уулзалтуудыг зохион байгуулах, үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцох зайлшгүй шаардлага бий болсон. Учир нь хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангахад тал бүрийн оролцоо, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Цаашлаад хотод болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн хөдөөг харах өнцгийг өөрчлөх үйл явцыг эрчимжүүлэхэд бидний ажил чиглэсэн. Хөдөө орон нутгийн хөгжлийг түргэсгэхэд тухайн орон нутгийн мэдээллийн ил тод байдал, хэрхэн хөгжих талаарх бодлого, түүнийг хэрэгжүүлэх боловсон хүчний нөөц боломж, чадавх гээд олон хүчин зүйлсийг тооцсоны үндсэн дээр бид зарим ажлыг орон нутагтайгаа хамтран эхлүүлсэн. Тухайлбал, “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг аймаг бүр өөрийн орон нутгийн онцлогтойгоо уялдуулан ИТХ-аараа батлуулаад хэрэгжүүлж байна. Аймгууд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод болон аймагтаа зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг орон нутагтаа урьж, хэрхэн хамтарч ажиллах боломжуудаа санал болгоод эхэлсэн. Энэ бол сайн жишиг. Өмнө нь Засгийн газрын зүгээс л жил бүр гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай уулзалт зохион байгуулдгийг та сайн мэдэж байгаа. Нэг үеэ бодоход иргэд, аж ахуйн нэгжүүд хөдөө амьдрах, хөрөнгө оруулалт хийх сонирхол мэдэгдэхүйц их болсон байна. Үүнийг нь бүх талдаа дэмжих бодлого чухал. Засгийн газрын зүгээс тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Банкны 1 хувийн хүүтэй хөнгөлөлтэй зээлүүд, 3 хувийн хүүтэй орон сууцны зээл, татварын шаталсан хөнгөлөлт, орон нутагт ажиллаж байгаа төрийн алба хаагч нарын цалингийн нэмэгдэл гээд олон давуу байдлыг орон нутагт олгож эхлээд байна. Цаашид бодит үр дүнд хүргэж, хэвшүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай. Сайн үр дүнгүүд ч эхнээсээ гараад эхэлсэн. Өнгөрсөн жил 2500 орчим эмч, багш, төрийн алба хаагчийн орон тоо сум суурин газруудад сул байсан бол энэ жил 1000 орчим болж буурсан байна. ОУ-ын холбогдох байгууллагын судалгаагаар Улаанбаатар хот руу шилжин суурьшиж буй иргэдийн дийлэнх нь амьдралын чанараа дээшлүүлэх, ахиухан орлоготой ажил хөдөлмөр эрхлэх зорилготой байдаг гэж гарсан. Улаанбаатар хотод өрхийн сарын дундаж орлого 1 сая 700 мянган төгрөг байгаа бол орон нутагт сарын 1 сая 200 мянган төгрөг. Тэгэхээр орон нутагт ажлын байрыг ихээр бий болгох, ажиллаж хөдөлмөрлөх, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Бид иргэд, аж ахуйн нэгжүүддээ өргөн сонголт, өргөн боломжийг олгож чадвал хөдөөгийн хөгжил эрчимтэй сэргэнэ. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэдэг үгийг орон нутгийн удирдлагууд сайтар ухаж ойлгоосой гэж бас хүсч байна.

-Та арван жил хотод ажилласан. Сүүлийн 30 жилийн улс төрийн хамгийн том фракц болох, сүүлдээ бүх юмны мууг чихэх сав болон дууссан “Хотын бүлэг” гэгч юмны хаагуур нь биеэ авч явсан бэ?

-Улс төр бол багийн тоглолт. Үнэндээ таны асууж байгаа бүлэглэлтэй айхтар гүн гүнзгий хутгалдсан зүйл байхгүй. Айхтар дагаж гүйгээд байсан ч юм алга. Өөрийн боддог зарчмаасаа нэг их хазайчихалгүй зөв зүйл дээр нь хамтраад, буруу зүйл дээр нь олны дунд дуугарахаас илүүтэйгээр ажил хариуцаж буй даргад нь өрөөнд нь сууж байгаад хэлэх зүйлээ хэлчихээд гараад явдаг тийм л нөхөр байсан даа. Ер нь хаана ч ажиллаж байсан олонтойгоо байх гэж хичээдэг. Тэр нь нэг их бурууддаггүй гэж боддог. 

-Та ямар гэр бүлд өсөж хүмүүжсэн бэ. Таны ээж, аавын тухай асууж болох уу?

Миний аав эдийн засагч хүн байсан. Ээж эмч хүн. Аав минь тухайн үеийн ЗХУ-ын Ленинградын их сургуулийг төгссөн хүн. МУИС-ийн эдийн засгийн сургуульд багш, мөн Хөвсгөл аймагт удирдах ажил хийж байсан. Ээж минь насаараа л хүүхдийн эмчээр ажилласан. Тэтгэвэрт гарахаасаа өмнө цөөн жил Анагаах Ухааны дунд сургуульд багшилсан. Аав, ээж хоёр минь энгийн намтар түүхтэй сэхээтэн хүмүүс. Аав Булганы Дашинчилэн суманд төрж өссөн, харин ээж Говь-Алтайн Хүйсийн говийн хүн. 

-Дашинчилэнгийн Буурал ханы хүн гэж сонссон.

-Тийм Лах орчмоор нутаглаж байсан. Манай өвөө лам хүн байсан юм билээ. Аавыг есөн настай байхад өвөө хоёр хүүгээ дагуулан хотод орж ирсэн байдаг. 

-Та дүүргийн Засаг даргын ажлаа өгсөний дараа АНУ сурахаар явсан гэл үү. Ямар сургуульд суралцав?

-Би оюутан цагаасаа олон нийтийн ажил хийгээд явсан. Тэгээд л төгсөөд удалгүй дүүрэг, хотын ажилтай олон жил зууралдсан. Бидний хүсээд байгаа хөгжилтэй нийгэм яг ямар нийгэм юм. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Тэнд нь очиж суралцах юмсан гэсэн хүсэл надад багаас л байсан. Боломж олдохгүй байсаар тэр үед явсан. Америкийн Нэгдсэн Улсын Сэйнт Томасын Их сургуульд суралцсан. 

-Хуулийн чиглэлээрээ сурсан уу?

-Тэгсэн. Ер нь бол 10 жилийн сургуулиа дөнгөж төгсөөд Өмнөд Солонгост ажил хийхээр явж байсан түүхтэй хүн. Жаахан хүүхэд гэхэд их л хүчтэй шийдвэр гаргаж байсан. 

-Тийм байх нь. Их сургуульд орох хүртлээ гурван жил завсардсан байсан. Тэр үед Солонгос явсан юм байна. Таны намтрыг үзсэн юм л даа.

-Тийм үү. Арван жилд байхдаа эмч болох зорилготой шалгалтад бэлдэж байлаа. 

-Ээжийнхээ нөлөөгөөр үү ?

-Мэдэхгүй, эмч болно л гэж бодож байсан. Хөл бөмбөг тоглодог байж байгаад мэс засалч болох зорилгодоо хөтлөгдөөд эмч хүн гараа хайрлах ёстой гэхээр нь 9-р ангиасаа хөл бөмбөгөө хаяж байсан. Мэс заслын эмч болно гээд өөрийгөө их бэлдсэн. Тэгээд хувь заяа намайг мэс заслын эмч болгоогүй. Анагаахад шалгалт өгөхөд химийн шалгалтад 600 гаруй хүүхдээс эхний 25-д орсон шиг санагдаж байна. Харин орос хэл дээрээ бүр тааруу оноо авсан. Тэгээд бусдын жишгээр одоо юу хийх вэ гэж бодсон. Тэр үед наймаа ид цэцэглэж байсан. Тухайн үеийн “Дэнжийн 1000” дээр зогсож бараа зарж, жижиглэнгийн наймаа хийсэн. Тэгээд наймаа нэг л явуургүй болсон. Тэр үед манай улсын эдийн засаг ч сайнгүй байсан Өмнөд Солонгос руу монголчууд олноор явж эхэлсэн. Тэнд нэг жил гаруй хугацаанд ажилласан. Тэгж байтал Солонгост хямрал болоод авдаг хэдэн бор цаас бараг нэг дахин буураад буцахаар шийдсэн. Тэгээд л монголдоо ирээд МУИС Хууль зүйн сургуульд орсон доо. 

-Б.Чимид, С.Нарангэрэл гээд алдартай багш нарын шавь байх нь?

-Өө тийм, одоо манай хуулийн салбарын хамгийн мундагууд л багшилж байсан. Хуулийн сургууль надад маш их зүйл өгсөн. 

-Та бүр анхнаасаа л, оюутан байхаасаа намын дэргэдэх оюутны холбоог удирдаад ажилласан юм байна. Энэ МАН гэдэг улс төрийн хүчнийг ер нь яагаад сонгосон юм?

-Аав ээжийн нөлөө байсан байх. Манай аав орон нутагт намын хариуцлагатай алба хашиж байсан хүн. Нөгөө талаасаа намынхаа голтой, нуруутай шинж чанарт нь итгэдэг. Өнөөдөртөө улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг айхтар ганхуулчихгүйгээр үүрэх ёстой ачаагаа боломжит хэмжээндээ үүрсээр өдийг хүрч байна. Цаашид үйл ажиллагаагаа улам сайжруулаад олон түмэнд хэлсэн, ярьсан зүйлсээ бодит үр дүнд хүргээд явахад нь зохих хувь нэмрээ оруулахыг л хичээж байна даа.

-МАН-ыг ерөнхийдөө институтын хувьд их шинэчлэгдсэн гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Манай нам бодлогын шинэчлэлээ зохих түвшинд тасралтгүй хэрэгжүүлсээр өнөөг хүрсэн. Цаг үеэ сайтар мэдэрч шинэчлэгдэж, сэлбэгдэж байж аливаа байгууллага урагшилдаг гэж би ойлгодог. Энэ зарчмыг МАН өнгөрсөн хугацаанд бүхий л түвшиндээ баримталж ирсэн. Бодсоноо хэрэгжүүлэх боломжийг улс төр олгодог. Тэр боломжийг өнөөдөр манай нам 1980-аад оны залуучууддаа олгосон. Улс орны цаашдын хөгжил, дэвшилтэй холбоотой олон хүнд сорилтуудтай нүүр тулж буй хэдий ч даваад гарах тэвчээр, зориг, сэтгэл байгаа гэдэгт миний хувьд эргэлзэхгүй байгаа. 

-Одоо та Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багт ажиллаж байна. Энэ засаг Шинэ сэргэлтийн бодлого гэх концепци гаргаж тавиад ажиллаж байна. Мөн авилгатай “дайн” зарлалаа. Энэ бүхэн яаж ч дуусч мэднэ. Яг энэ баг дотор ажиллахад ямар байна вэ?

-Итгэл үнэмшил байхгүй бол цагаа өөр зүйлд зарцуулсан нь дээр биз дээ. Бид их олон жил болж бүтэхгүй асуудлын талаар ярьцгаасан. Бодитоор тэмцэж үр дүнд хүрсэн нь хэд билээ. Сайн муу хэлсэн ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авилга, хулгай, луйвартай бүхий л боломжоороо тэмцэж байна. Залуу хүмүүсийн зориг эрч хүчийг мохоох оролдлого санаатай, санамсаргүй байдлаар өдөр бүр өрнөж байгааг та гадарлаж байгаа байх. Алсдаа бол энэ улсыг авч үлдэж байгаа шийдвэртэй алхам гэж харж байгаа. Бодит үр дүн гарахыг ард түмэн хүлээж байна. Гэхдээ энэ олон жилийн бугшмал асуудлыг гаргаж ирж, хөрс давхаргаар нь хуулахад цаг хугацаа хэрэгтэй. Үүнийг цэгцэлнэ гэдэг үнэхээр том ажил. Тодорхой үр дүнд хүрч ард түмний итгэл ч сэргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Олон түмний маргаашдаа итгэх итгэлийг сэргээх нь юу юунаас илүү чухал. 

-Та сонгуульд ирэх жил нэр дэвших үү. Эсвэл хариулахад арай эрт байна уу?

-Хариулахад эрт байна. Ер нь бол улс төр өөрөө багийн тоглолт. Бодлого, бүтэц зохион байгуулалтыг намын хамт олон шийднэ. Түүнээс дэвшинэ, тэр дэвшихгүй гэж ярих хувь хүний дур зорго байхгүй. Чи энэ багт хэрэгтэй байна. Орж ирээд зүтгэ гэвэл зүтгэнэ. Үгүй ээ, чи үлд гэвэл дэвшинэ гээд гүйх эрх байхгүй. Энд хэний ч хувийн мөрөөдөл, хувийн эрх ашиг хамаагүй.