Эдийн засгийг энгийнээр
Японд "Нутгийн татвар" гэдэг нэг хууль бий. Мэдэх нэг нь мэдэх байх, яадаг эд вэ гэхээр, өмнө нь япончууд оршин суугчийн татвараа одоо харьяалагдаж буй хороо хориндоо л төлдөг байж. Улаанбаатарт амьдардаг бол Улаанбаатарын засаг захиргаанд л татвараа хураалгана гэх мэт. Харин Нутгийн татвар гэдэг хууль гарснаар өгөх ёстой татварынхаа тодорхой хэсгийг хүссэн орон нутагтаа шилжүүлэн төлөх боломжтой болжээ. Жишээ нь өнөөдөр Улаанбаатарт амьдардаг хүн төлөх татварынхаа зарим хэсгийг төрсөн нутаг Увс аймагтаа ч юм уу өгч болно оо гэсэн үг.
Мэдээж энэ бол орон нутгийг хөгжүүлэх бодлогоор санаачилсан хууль. Тэгээд ч орчин үед хүмүүс хөдөөнөөс хот руу шавах нь ихсэж, хөдөө өсөж бойжиж хүн болсон ч яг хөдөлмөрлөж хийх бүтээх насанд хүрмэгцээ хот руу зугтаад явчхаар чинь орон нутгийнханд нэг л шударга бус санагдана аа даа?
Ингээд энэ шударга бусыг залруулж, орон нутгийг дэмжих зорилгоор Нутгийн татвар гэдэг хуулийг баталсан ба түүнээс хойш орон нутгийн засаг захиргаанууд хүмүүсийн татварыг өөртөө татах гээд элдэв янзаар уралддаг болжээ. Жишээ нь Булганыхан "Манай аймагт татвар төлбөл талархалд нь 10 литр айраг явуулна шүү", эсвэл Архангайнхан "Манайд татвар төлбөл 5 кг ааруул бэлэглэнэ шүү" гэх маягаар орон нутаг бүр өөр өөрсдийн дотоодын үйлдвэрлэлээрээ татвар төлөгчдийг татах болов. Татвар төлөгчид ч бас тэртэй тэргүй төлөх ёстой татвараа ааруулаар ч болов солиод авахад юуны муу байх вэ. Нутгийн татварын онлайн дэлгүүр зэрэг бизнес ч бий болж, тэндээс хүмүүс аль аятайхан бэлэгтэй орон нутгийг хайж олоод, татвараа шилжүүлдэг болов.
Тэгтэл энэ уралдаан улам ширүүсэж, яваандаа зарим орон нутаг "Орон нутгийн мөнгө" гаргах санаачилга ч ярьж эхлэв. Юу гэхээр, манайд татвар төлбөл манай нутгийн мөнгийг хариуд нь өгнө, тэр мөнгөөр ганц ааруул ч гэлгүй манай нутагт үйлдвэрлэсэн ямар ч бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой юм гэнэ. Америк доллар, Монгол төгрөг гэдэг шиг Ховдын "хов", Булганы "бул" гэх мэт мөнгөн дэвсгэртүүд гарч ирэх юм байх аа...
За ингээд энэ хүртэлх яриаг бүрэн ойлгож, толгойдоо төсөөлж чадсан бол үүн дээр тулгуурлаад одоо танд эдийн засаг гэж юу болохыг маш хялбараар тайлбарлаж өгье.
Хаана ч юм оршдог Хянган гээч аймаг "лан" гэдэг орон нутгийн мөнгөтэй болжээ гэе. Лан бол хэнд ч ойлгомжтойгоор татвар төлөгчдийн мөнгө биш Хянган аймгийн л мөнгө. Хэн нэг хүн Хянганд нутгийн татвар төлснийх нь хариуд Хянганы захиргаанаас тэр хүнд өгсөн бэлэг. Харин тэр бэлгээр Хянганы нөөцийг өөртөө татан төвлөрүүлэх боломжтой. "Нөөцийг татан төвлөрүүлэх" гэж сүр оруулж хэлсэн ч шулуухандаа бол талх худалдаж авахыг л хэлж байгаа юм. Талх гэдэг нөөцийг лан ашиглан татан төвлөрүүлнэ ээ гэсэн үг. Гэхдээ бас ажиллах хүч гэдэг нөөцийг ч татан төвлөрүүлж болно, эсвэл кино үзэх, автобусанд суух гэхчлэн нөөц нь юу ч байж болно л доо. Мөнгө гэдэг бол үндсэндээ нөөцийг татан төвлөрүүлэхийн төлөөх хэрэгсэл юм. Яах вэ, зайрмагаар ч бас тодорхой хэмжээнд нөөцийг татан төвлөрүүлж болох л байх. Жишээ нь хажуу айлын бацаанд "Манай гэрийг цэвэрлээд өгвөл 3 зайрмаг өгнө шүү" гэдэг ч юм уу. Гэхдээ л яаж ч бодсон зайрмагаар нөөц татан төвлөрүүлэх нь iphone-оор хадаас хадахтай л төстэй. Нэг ёсондоо нөөцийг татан төвлөрүүлэх цорын ганц зориулалтын хэрэгсэл бол мөнгө юм.
Лан гэдэг мөнгө Хянганы захиргаанаас анх хэвлэгдэж гараад, зах зээлээр эргэлдэж эргэлдэж, эцэстээ Хянганы захиргаандаа л буцаж ирнэ. Харин тэгж эргэлдэх зууртаа Хянганы дотоодын үйлдвэрлэлийг хөөрхөн сэргээж өгнө. Тэгэхээр үүнийг базаад хэлбэл ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл өрнөж байна гэж хэлж болно. Хянганы захиргаа иргэдэдээ хандаж "За би одоо лан хэвлэж тараалаа шүү. Үүгээр та нар өөрсдөдөө шаардлагатай нөөцүүдээ татан төвлөрүүлж байгаад, үйлдвэрлэл эрхлээрэй" гэжээ. Яах гэж тэгнэ вэ? Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, эдийн засгаа бэхжүүлэхийн төлөө л тэр. Өөрөөр хэлбэл, "нөөцийг татан төвлөрүүлэх хэрэгсэл" буюу мөнгө гээч зүйлийг төр хэвлэж тараах замаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, улмаар эдийн засгаа бэхжүүлдэг гэсэн үг. Мөнгө гээч хэрэгслийн ачаар энд тэнд хав дараатай байсан нөөцүүд хөдөлгөөнд орж, хоорондоо урвалд оромтгой болсноор тэндээс шинэ бүтээмж үүсдэг хэрэг. Тэгээд энэ зүйрлэл Хянган аймгаар тогтохгүй төр улсын хувьд ч ижилхэн. Тиймээс үнэндээ "татвар төлөгчдийн мөнгө" гэж байдаггүй юм. Байдаг нь зөвхөн төрөөс хэвлэж тараасан мөнгө л гэж бий. Түүнийг ашиглаад хүн бүр өөртөө нөөцийг татан төвлөрүүлж амь зууцгаадаг учиртай.
Одоо тэгвэл эдийн засгаа бэхжүүлэхэд мөнгийг ашиглаж болох бодит жишээг Хянган аймгийн авсаархан модел дээр харцгаая.
Хянган аймгийн нийт нөөц ерөнхийдөө хэмжээ хязгаартай, бас баримжаатай. Тэр нь өөрөө Хянганы эдийн засгийн багтаамж болно. Хянган уг нь самраараа алдартай ч сүүлийн жилүүдэд хушны ой нь хөгшрөөд, гарц нь муудсаар байгаа гэе. Тэгвэл үүн дээр Хянганы захиргаа лангаа ашиглан дараах бодлого хэрэгжүүлж болно.
Нэгд, самрыг зөвхөн лангаар арилжих журам гаргана. Хоёрт, ой сэргээх ажилд хувь нэмэр оруулсан хүмүүсийг лангаар урамшуулна. Ингэснээр хүмүүст самар идэхийг хүсвэл лантай болох шаардлага үүсэж, лантай болохын тулд ойн сэргээлтэд гар бие оролцох шаардлага үүсэж, том зургаараа самар гэдэг нөөцийг лангаар зохицуулах гольдрол үүсгэж байгаа юм. Тэгээд ой сэргэх хэрээр зах зээл дэх лангийн хэмжээ ихсэж, лангийн хэмжээ ихсэхийг дагаад самар гэдэг нөөцөд хүрэх боломж нэмэгдэнэ.
Эдийн засаг гэдэг бол маш товчхондоо самрын нөөцийг хэрхэн ашиглах, хуваарилах тухай ухаан бөгөөд төр үүний тулд мөнгө хэмээх "нөөцийг татан төвлөрүүлэх хэрэгсэл" ашиглан, зах зээлийн механизмд тулгуурласан бодлого хэрэгжүүлдэг учиртай.
Дээрх жишээнээс харж буйчлан мөнгийг тухайн нэг нөөцөд зориулан зохиомжлох боломжтой ба архитектураа зөв угсарч чадвал түүгээр маш гоё эдийн засгийн эко систем бий болгох ч боломжтой. Сүүлийн үеийн эдийн засагчдын олзуурхах болсон сэдэв. Өдийг хүртэл уламжлалт эдийн засагчид ирээдүйг тааварлан цэцэрхэж, эдийн засгийг бүхэлд нь загварчилж байгаад түүндээ элдэв анализ хийж бүлт бүлт үсэрсэн гамшгууд л байсан бол үүнээс цаашхи эдийн засагчид эко системийн загвар зохион бүтээдэг "эдийн засгийн инженерүүд" болох зүг рүү явж байгаа юм гэнэ лээ шүү. Энэ талаар Doughnut economics-ийн тухай бага сага уншиж дуулснаа ийнхүү тэмдэглэв.