В.Ганзориг: Нэг үеэ бодвол хөгжлийн бэрхшээл гэдэг үгс нэлээд яригддаг болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн статистик мэдээллээр нэвтрүүлгээ эхлэх саналтай байна.

О.Тунгалагтамир: Үндэсний статистикийн газраас 2019 онд гаргасан тоо мэдээгээр 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Энэ нь өнгөрсөн оноос хоёр мянган хүнээр нэмэгдсэн тоо. Бэрхшээлийн төрлөөр нь задалж үзвэл хэл ярианы бэрхшээлтэй дөрвөн мянга гаруй, харааны бэрхшээлтэй 11 мянган иргэн, сонсгол ба хөдөлгөөний бэрхшээлтэй нь 28 мянга орчим, оюуны хөгжлийн бэрхшээлтэй 20 мянга иргэн байна. Мөн хавсарсан бэрхшээлтэй долоон мянга гаруй иргэн байдаг. Эдгээр иргэдийн 11 мянга гаруй нь хүүхэд. Захиргаа ба статистикийн газрын тоон мэдээ бага зэрэг зөрдөг. Эрүүл мэндийн салбарынхан өрхийн эмнэлгээр дамжуулан тоон мэдээллээ гаргадаг. Энэ эх сурвалжаар хөгжлийн бэрхшээлтэй 120 мянган хүн Монголд байдаг гэж гардаг. Иймээс бид статистик мэдээллийн нэгдсэн санг бий болгох ажлыг Үндэсний статистикийн газар, ЖАЙКА болон Азийн Хөгжлийн Банктай хамтран эхлүүлсэн.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь видео форматаар үзэхийг хүсвэл та доорх холбоос дээр дарна уу.


Х.Чиба: Японы нийт хүн амын долоон хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүн амын тоонд эзлэх хувь үүнээс хоёр дахин бага буюу 3.4 хувь байдаг. Статистик тооны хувьд зөрөө гарч буй нь судалгаа хийж буй томъёололтой холбоотой.

Д.Хишигжаргал: Манай дауны холбоо эцэг, эхчүүдийн санаачилгаар 2008 онд байгуулагдсан. Одоо 500 гаруй гишүүдтэй болсон. Дауны хам шинжтэй хүүхдүүд зүрх, хараа, сонсгол гээд хавсарсан эмгэгтэй байх нь түгээмэл. Манай хүүхдүүдийн онцлог шинж нь маш үнэнч, гэгээлэг, сэргэлэн, цовоо, даган дууриах чадвар өндөр, заасан зүйлийг мартдаггүй ч удаан суралцдаг. Дауны холбоо хөдөлмөр сургалтын төв ажиллуулж эхэлсэн. Тэндээ кофе найруулах, бармен хийх, бусдад яаж үйлчлэхийг сурдаг. Энэ ажилдаа маш идэвхтэй, үнэнч зүтгэдэг. Оны эхнээс Монголын дауны холбоо GCR Монгол компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Энэ компани манай холбооны есөн хүүхдийг ажлын байраар хангасан. Хүүхдүүд маань оёдлоор дагнан ажиллаж, НДШ, ХАОАТ-аа төлөөд явж байгаа. Даунтай иргэдээ татвар төлөгч болгох алсын хараа манай холбоонд байдаг. Энэ зорилго маань эхнээсээ биелж байна. Өөр олон байгууллагууд манай залуусыг дэмжин ажлын байраар хангаасай гэж хүсч байна. Бид ажил хийж чадна. 

Л.Алтангэрэл: Монголын аутизмын холбоо 2014 онд зургаан гэр бүлийн санаачилгаар байгуулагдсан. Би энэ зургаан гэр бүлийн нэг гишүүн нь. Одоо манай холбоо 850 орчим гишүүнтэй болсон. Хөгжлийн бэрхшээлийг ангилдаг. Гадны улсуудад даун, аутизм тусдаа ангилалтай байдаг. Монголд эдгээр хүмүүсээ нийгмийн халамжид оруулахыг тулд аль нэг ангилалд оруулах ёстой болдог. Улмаар оюуны бэрхшээл гэдэг ангилалд багтдаг. Аутизм оюуны бэрхшээлтэй гэх ангилалд ордог боловч яг оюуны бэрхшээл гэж үзэж болохгүй. Үүнийг би онцолж хэлмээр байна. Аутизмтай хүүхдүүд эрүүл мэнд сайтай, хавсарсан эмгэгийн асуудалгүй. Аутизм бол харилцаа, нийгэмшихүйн талын бэрхшээл юм. Ийм хүүхдүүд өөрийн гэсэн орчинтой байдаг. Энэ бэрхшээлийн онцлогоос шалтгаалан аутизмтай хүн ямар ажил эрхлэх боломжтой, төрөөс ямар бодлого барих ёстойг бид өнөөдөр энд ярих гэж байна. 

В.Ганзориг: Аливаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний гэр бүлийн хамгийн том асуудал нь санхүү байдаг. Оюуны ялгаатай хөгжилтэй иргэд ажил хөдөлмөр эрхлэх бодит боломж Монголд бүрдсэн үү?

О.Тунгалагтамир: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнтэй гэр бүл санхүүгийн хувьд маш эмзэг байдаг. Ажилгүй тул орлогогүй, орлогогүй тул ядууралд нэрвэгдэх эрсдэлтэй. Иймээс төрийн зүгээс тусгай бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл байна. Энд 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгжүүд нийт ажилтныхаа дөрөв буюу түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг авч ажиллуулах ёстойг заасан. Харамсалтай нь энэ хууль амьдрал дээр төдийлөн сайн хэрэгжиж чадахгүй байна. Энэ хуулинд заасан квотыг биелүүлээгүй бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ажлын байрны төлбөр төлдөг. Энэ төлбөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцогддог байсан бол 2019 оноос эхлээд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад тухайн аж ахуйн нэгжийн ажилчдын цалингийн дунджаар, бусад аймаг, орон нутагт дундаж цалингийн 60 хувиар тооцдог болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангахын тулд энэ сангаас жилд ойролцоогоор дөрөв орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг. Өмнө нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангахад зарцуулдаг байсан мөнгийг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ, гэр бүлийн гишүүнээ хараад гэртээ байдаг, ажил хөдөлмөр хийж чадахгүй байгаа эцэг, эхчүүдэд бас зарцуулдаг. 

2018 онд 1.3 тэрбум төгрөг энэ санд төвлөрсөн бол 2019 онд 3.6 тэрбум болж нэмэгдсэн. Энэ мөнгийг эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад зарцуулдаг. Бид аж ахуйн нэгжүүдийг төлбөр төл гэхээс илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд ав гэдэг шаардлагыг тавьдаг. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөл”-ийг манай яамны сайд ахалж ажилладаг. Энэ зөвлөлд төрийн холбогдох бүх байгууллагаас гадна ТББ, олон улсын байгууллагуудын төлөөлөл багтдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал ганцхан яамны асуудал биш. Тэр утгаар бүх яаман дээр төрийн нарийн бичгийн дарга нараар нь ахлуулсан дэд зөвлөл ажилладаг. Мөн 21 аймаг, нийслэл хотод Засаг даргаар нь ахлуулсан салбар зөвлөл ажилладаг. Үүнээс гадна нийтээр ньхүмүүсийн ойлголт, хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. ЖАЙКА-тай хамтран хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал сэдэвт сургалтыг үндэсний хэмжээнд 2017 оноос хойш зохион байгуулж, нийтдээ 300 гаруй сургалтаар 10 мянган хүнийг хамруулсан. Энэ ажлаа бид цааш нь үргэлжлүүлнэ. 

Х.Чиба: Манай төсөл Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, тогтолцоог нь бэхжүүлэх зорилготой. Энэ маш өргөн агуулгатай төсөл. Иймээс төр ба төрийн бус байгууллагууд хамтарч бодлогоо боловсруулах, хэрэгжүүлэх, хянах тогтолцоог бий болгох ёстой. Бодлогын зөвлөл, дэд зөвлөл, орон нутагт салбар зөвлөлүүд энэ хүрээнд байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газар маш дэвшилттэй алхмуудыг хийсэн. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн эрхийг хамгаалах агентлаг байгуулагдсан. Төртэй хамтран ажиллаж бодлогоо гарган хэрэгжүүлж хянахын тулд ТББ-ууд өөрсдөө чадавхжих хэрэгтэй байна. Төрд дуу хоолойгоо хүргэн, бодлогын төвшинд хамтран ажиллахын тулд ТББ-уудын энэ чадавхи маш чухал. Иймээс манай төслийн зүгээс ТББ-уудыг чадавхжуулах төрөл бүрийн сургалтыг зохион байгуулсаар ирсэн. ТББ чадавхжихийн хэрээр төрийн байгууллагууд олон улсын чиг хандлагыг мэдэж, улсынхаа бодлогодоо суулгадаг. Төв, дэд болон салбар зөвлөлүүд байгуулагдсан нь төр ба ТББ-ын хамтын ажиллагаанд ахиц гарсныг илтгэж байна. 

Л.Алтангэрэл: Төр бодлогын хэмжээнд багагүй ажил хийж байгаа. Тухайлбал, квотын систем гэх мэт. Гэхдээ нэг зүйл дээр би шүүмжлэлтэй ханддаг. Хөдөлмөр эрхлэлт гэхээр бие эрхтний бэрхшээл буюу тэргэнцэртэй, хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд дээр түлхүү яригддаг. Ажил олгогч нар ч гэсэн тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэнийг л ажилд авна гэж зараа гаргадаг. Ингэхээр оюуны бэрхшээлтэй иргэд ажлын байрны боломжоос гадуур үлддэг. Оюуны бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлт дээр төр яг юу хийж байна вэ гэдэг нь эргэлзээтэй байдаг. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д хуримтлагдсан мөнгийг төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр эргээд зарцуулдаг. Гэхдээ хэдий хүртэл ТББ болон эцэг, эхчүүд өөрсөддөө таарсан бичил төсөл бичиж явах вэ? Эсрэгээр томоохон компаниуд дээр тогтвортой ажлын байр бий болгох чиглэлээр ажилламаар байна. Тэгвэл оюуны бэрхшээлтэй хүмүүс ажил хийх боломжтой. Ингэж чадвал санд мөнгө хуримтлуулахаас илүү үр дүнд нийгэмд гарна. Манай Аутизмын холбоо энэ чиглэлд түлхүү анхаарч ажилладаг. 

Нөгөө талаас танай хүүхдүүд ажил хийхэд бэлэн юм уу гэдэг асуулт гардаг. Ажил хийхийн тулд тухайн залуу хоёр, гурван цаг сууж сурах хэрэгтэй, наад зах нь нэрээ бичиж чаддаг байх ёстой. Үүний тулд ТББ-ууд дотооддоо бэлтгэлээ хангаж, хүүхдүүдээ бэлдэн, эцэг эхчүүдээ чадавхжуулах хэрэгтэй болдог. Ингэж бэлтгэгдсэн хүүхдүүдээ ажлын байран дээр гаргах гэхээр оюуны бэрхшээлтэй аж ахуйн нэгжүүд бэлэн биш байдаг. Компаниуд ийм залуусыг ажлын байран дээрээ хүлээж авахгүй бол ТББ, эцэг эхчүүд мянга чадварлаг болоод яах юм бэ? Эс бөгөөс нөгөө л жижиг төслүүдээ бичин эсгий таавчик, түлхүүрийн оосороос цаашаа явж чадахгүй хэвээр л байна. Бүгдээрээ энэ сэтгэлгээнээс салмаар байна. Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн нэг онцлог нь ажил хийж орлого олно гэхээс илүү нийгмийн дунд байхдаа байдаг.

Манай хүү Анимэ сургуульд явдаг, зураг зурах дуртай. Энэ сургуулийн бүх хүүхдүүд манай хүүг аутизмтай гэж мэддэг. Тэд ямар ч нөхцөлд манай хүүг хараад шаардлагатай нөхцөлд дэмжлэг үзүүлж чаддаг. Тэр орчинд байгаа учраас манай хүүхэд хөгждөг. Иймээс хөгжлийн бэрхшээлээр нь ялгах биш аль болох хүмүүсийн дунд, нийгмийн дотроо эдгээр хүүхэд, залуусыг бид байлгах ёстой. Төрийн байгууллагууд оюуны бэрхшээлтэй иргэд рүү бодлогоо илүү сайн чиглүүлэх, эцэг эхчүүд, ТББ-ууд ч бас өөрсдөө чадахжин ирээдүйдээ бэлдэх хэрэгтэй байна. 

Д.Хишигжаргал: Ажлын байраар дамжин хүүхэд залуус нийгэмшдэг. Үүнд маш их урамшдаг. Гэхдээ ажлын байрны дадлагажуулагч буюу job coach маш их хэрэгтэй байгаа. Бие эрхтний бэрхшээлтэй хүмүүс хэлснийг ойлгоод ажиллаж чадна. Даунтай, оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийг ажлын байран дээр нь дадлагажуулах ёстой. Одоо бол ээжүүд нь хүүхдүүдээ дадлагажуулан ажиллаж байгаа. Гэхдээ энэ нь хангалттай биш, бидэнд мэргэжлийн хүн хэрэгтэй байна. Намайг байхгүй болсны дараа энэ хүүхэд бие даан амьдрах ёстой учраас бор зүрхээрээ л хичээж байна. Ээжээс нь өөр хүн, эсвэл цалингүй бол хэр баргийн хүн ийм залуустай харьцан, ажлын байрны дадлагажуулагч хийхгүй. Даунтай хүүхдүүд дотроо төвшингөөрөө ялгаатай байдаг. Ажлын байрны дадлагажуулагч гэдгийг хөгжүүлж чадвал цоо шинэ ажлын байр Монголд үүсэх учиртай. 

О.Тунгалагтамир: Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажлын байранд хамрагдаж чадахгүй байгаа талаар хэлж байна. Энэ чиглэлийн олон ТББ-ууд байдаг. Нөгөө талдаа төрийн нөөц хязгаарлагдмал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр нийтдээ бараг 700 ТББ Монголд байдаг. Эдгээрээс 70 орчим нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ олон ТББ-ууд яамтай ажиллана, төсөв мөнгө өг гээд ханддаг. Иймээс бид эдгээр ТББ-уудад хандан хоорондоо нэгдэж, шүхэр байгууллага бий болгохыг хүссэн. Үүний үр дүнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форум гээд хэсэг ТББ-ууд нэгдсэн бол нөгөө талдаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зөвлөл гээд байгуулагдсан. Хуучин шиг олон ТББ-уудаа шууд харьцахгүй, энэ шүхэр байгууллага болон зөвлөлөөр дамжуулан төрийн ажлыг ТББ-ууд гэрээлэн гүйцэтгэх чиглэл рүү явж байна. 

Хуучин ажлын байран дээр дагалдан гэдэг ойлголт байсан. Одоо бол ажлын байрны дадлагажуулагч. Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийг ажлын байран дээр нь сургах энэ мэргэжил маш чухал. Олон улсын энэ туршлагыг бид Монголдоо нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхчүүдийн холбоотой хамтраад бид энэ чиглэлийг сургалтыг хоёр ч удаа зохион байгуулж, анхны 33 хүнээ бэлдэж авсан. Энэ бол дөнгөж эхлэл. ЖАЙКА-гийн төсөл маань дуусч байгаа. Бид энэ төслийн хоёрдугаар шатыг үргэлжлүүлэх хүсэлтийг Японы Засгийн газарт тавьсан байгаа. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжаас гадна өөртөө тохирсон ажил хийж орлого олох боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ажлын байрны дадлагажуулагч бэлдэх, оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх төслийг хамтдаа хэрэгжүүлэх саналыг ЖАЙКА-д тавьсан байгаа.

В.Ганзориг: Та бүхэн тулгамдсан асуудлуудыг маш тодорхой хэллээ. Тэгвэл оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, тэднийг бие даан амьдрахад нь туслах шийдэл юу вэ?

Х.Чиба: ТББ-ууд хоорондоо хамтран ажиллах нь чухал. Ирээдүйд, 10 жилийн дараах шийдлийг ярихын тулд би хоёр зүйлийг онцолмоор байна. Нэгт, гэрээлэн гүйцэтгэх систем. Өөрөөр хэлбэл, төрийн ажлыг ТББ гэрээлэн гүйцэтгэнэ гэсэн үг. Төр төсвөө гарган, ажлыг нь ТББ болон хувийн хэвшил хийх тухай ойлголт юм. Энэ зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудал биш. Нийгмийн халамж, хөдөлмөр хамгааллын тогтолцоонд гэрээлэн гүйцэтгэх систем маш чухал байдаг. Учир нь ахмад настан, эмэгтэйчүүд, эмзэг болон ядуу бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бүх давхаргад хүрдэг үйлчилгээг төр ганцаараа гүйцэтгэх боломжгүй, нөөц нь хязгаарлагдмал байдаг. Иймээс мэргэшсэн ТББ, хувийн хэвшлийг татан оролцуулдаг. Энэ бол өндөр хөгжилтэй орнуудын шалгарсан туршлага. Гэрээлэн гүйцэтгэх энэхүү систем бий болоогүй цагт донор, олон улсын байгууллагуудын төсөл дуусмагц эхэлсэн ажил тэр чигтээ зогсон нурдаг, тасралтгүй хийгдэх боломжгүй хэвээр л байх болно. Нийгмийн халамж, хамгааллын системээрээ Монгол Улс хөгжингүй оронд орох уу, эсвэл хөгжиж буй оронд тооцогдох уу гэдэг нь гэрээлэн гүйцэтгэх системээр тодорхойлогдох болов уу.

Хоёрт, Job coach буюу ажлын байран дээр дадлагажуулан чиглүүлэх тухай ярих ёстой. Энэ бол дан ганц оюуны бэрхшээлтэй хүмүүсээс гадна бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ч маш хэрэгтэй зүйл. Хөгжлийн бэрхшээлгүй атлаа яг ажлын байран дээр гараад бэрхшээлтэй тулдаг хүмүүс зөндөө байдаг. Иймээс ажлын байран дээр дадлагажуулагч маш хэрэгтэй. Гэвч шууд өнөөдөр эсвэл маргааш эдгээр тогтолцоог бий болгох боломжгүй. Иймээс ЖАЙКА техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд дээр дурдсан хоёр тогтолцоог Монгол Улсад хамтдаа бий болгон нутагшуулахын төлөө ажиллаж байна.

О.Тунгалагтамир: Төр өөрөө хийж чадахгүй, амжихгүй байгаа ажлуудаа тухайн асуудлаар мэргэшсэн иргэний нийгэм, ТББ-аар гэрээлэн гүйцэтгэх гэдэгтэй санал нэг байгаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Төр өөрийн зарим чиг үүргийг ТББ-аар гэрээлэн гүйцэтгэж болно” гэж заасан байдаг. Одоо энэ заалтыг амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал байна. Ажлын байрны дадлагажуулагчийн хувьд манай хууль, эрх зүйн орчинд энэ ойлголт суугаагүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн тусдаа бүлгийг бид “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад оруулж байгаа. Энэ найруулгаар дамжуулан бид ажил байрны дадлагажуулагч, хувийн туслахын үйлчилгээг хуулиар баталгаажуулна. 

Л.Алтангэрэл: Монголын аутизмын холбоо төрөөс ямар нэгэн санхүүжилт авалгүйгээр төрийн үүргийг гүйцэтгээд явж байгаа. Энэ хэрээр бид тодорхой хэмжээний мэдлэг, туршлагыг хуримтлуулсан. Үүн дээрээ суурилаад бид төртэйгээ хамтраад нэг том аж ахуйн нэгжийг сонгож аваад оюуны ялгаатай хөгжилтэй залуусыг ажлын байраар хангах жишиг төсөл хийж үзмээр байна. Аж ахуйн нэгжүүд маань оюуны бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн ажиллахаа мэдэхгүй байна, оюуны ялгаатай хөгжилтэй иргэд ч дотроо ур чадварын төвшингөөрөө ялгаатай байдаг. Яг оюуны ялгаатай хөгжилтэй иргэнд зориулсан ажлын байрны дадлагажуулагч Монголд бэлтгэгдсэн гэж би бодохгүй байна. Ийм учраас туршилтын төслийг төртэй хамтраад эхлүүлэх хэрэгтэй байна. Төр нэг аж ахуйн нэгжийг сонгоод бидэнд санал болговол бид даун, аутизмтай залуусаа бэлдэн хамтран ажиллах бүрэн боломжтой бөгөөд энэ төслийг эхлүүлэхэд бэлэн байна. 

Д.Хишигжаргал: Алтангэрэлтэй санал нэг байна. Монголын дауны холбоо өнгөрсөн хугацаанд чадавхжиж чадсан. Туршлагатай, сэтгэлтэй, чадвартай олон аав ээж, ах эгч, эмээ өвөө, залуучууд манай холбоонд байгаа. Өнөөг хүртэл бид төрөөс ямар нэг дэмжлэг, туслалцаа авалгүй явсаар ирсэн. Төр, хувийн хэвшилтэй хамтраад даунтай хүүхдүүдийг ажлын байраар хангах жишиг төслийг хийх хүсэлтэй байгаа. Энэ ажилд тусалж, биднийг дэмжээрэй гэж компаниуд, төрийн албаны хүмүүст уриалж бас урьж байна. Бид эхний алхмаа хийсэн. Манай холбооны гишүүдийг дэмжин ажлын байраар хангаж эхэлсэн хувийн мундаг компаниуд бий. Тэд нартаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Ялангуяа GCR Монгол компани болон ЖАЙКА олон улсын байгууллагыг энд дахин дурдмаар байна. 

О.Тунгалагтамир: Манай яам ТББ, иргэний нийгмийн байгууллагуудтай нээлттэй хамтран ажилладаг. Бидний асуудлыг бидэнгүйгээр бүү шийд гэдэг НҮБ-ын конвенцийн зарчим бий. Бид хийж байгаа ажлаа сар бүр иргэний нийгмийн байгууллагуудад тайлагнадаг мэдээллийн цагтай болоод даруй хоёр жил болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон улсын тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэхэд шаардлагатай санхүүжилтийг боломжийн хэмжээгээрээ төр тухайн чиглэлээр мэргэшин, тогтвортой ажиллаж буй ТББ-уудад нь өгч байх байр суурьтай бид ажиллаж байгаа.

Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуусыг ажлын байртай болгож байгаа ТББ болон хувийн хэвшлийн олон сайхан төслүүд гарч ирж байна. Тухайлбал, Монголын дауны холбооны дэргэдэх Нарны хүүхдүүд кофе шоп төслийг би маш олзуурхаж хүлээж авсан. Манай яаман дээр Хараагүйчүүдийн холбооны ажиллуулдаг кофе шоп байдаг. Шангри-Ла зочид буудал даунтай хүүхдийг ажилд авч жишиг тогтоосон. Энэ бол хувийн хэвшилд бий болж буй маш сайн туршлага. Гэхдээ манай зарим нэг аж ахуйн нэгжүүд хуулийн хариуцлагаа хэрэгжүүлж буй атлаа нийгмийн хариуцлага гэж нэрлээд байдаг. Квот нь хуулиар байгаа нөхцөлд нийгмийн хариуцлагын хүрээнд бид тэдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авлаа гэж хэлэх нь утгагүй. Энэ нь эдгээр компаниудын ойлголт, хандлага нь буруу байгааг харуулж байгаа юм. 

Д.Хишигжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр идэвхтэй ажиллаж буйд талархаж явдаг. Энэ эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Дауны холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Эрдэнэчулуун том хувь нэмэр оруулсан байдаг. Одоо гэр бүлүүд маань хүүхдээ ил гаргаж, нийгэмшүүлэх ёстой. Хүүхдээ ажилд оруулчихвал халамжийн мөнгөө хасуулна гэдэг айдас олон гэр бүлд байдаг. Энэ нь оюуны ялгаатай хөгжилтэй залуус ба тэдний гэр бүлд ажил хөдөлмөр хийх сонирхол төрүүлэхгүй, айдас үүсгэдэг. Хүүхэд чинь насанд хүрээд, ажил хийж орлого олж байгаа юм бол асаргааны мөнгө өгөхгүй гэдэг ойлголт мэдээлэл манай эцэг эхчүүд дунд байдаг. Ажлын байр түр зуурынх, халамжийн мөнгөө хасуулбал дахин орох боломжгүй гэж ярьдаг. Асаргаатай хүүхэд ажил хийх боломжийг хуулиараа зохицуулж өгөх хэрэгтэй байна. Үүнийг тодорхой шийдэж өгвөл хүүхдээ зөөн ажил хийлгэх сонирхолтой гэр бүл нэлээд олон байгаа. 

О.Тунгалагтамир: Байнгын асаргааны мөнгө тухайн гэр бүлд хангалттай биш. Асуудал хоёр талдаа байгаа. Эцэг эхчүүд оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдээрэ ажил хийлгэхэд бэлэн үү? Нэг, хоёр сар ажиллаад алга болдог жишээ бидэнд бий. Хүүхэд нь ажил хийж цалин авахаас гадна нийгмийн харилцаанд орж төлөвшихийн чухлыг эцэг, эхчүүд өөрсдөө сайн ойлгох ёстой. Иймээс аль аль талдаа хандлагаа өөрчлөн, хамтран ажиллах хэрэгтэй байна. Байнгын асаргаатай хүмүүс хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Харин хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багатай хүмүүс ажил хийж орлого олоход халамжийн мөнгө нь хасагдахгүй.

Д.Хишигжаргал: Манай даунтай хүүхдүүд 100 хувь биеэ даан явж чадахгүй. Жишээ нь, манай хүүхэд өөрийнхөө гэрийн, эсвэл сургуулийнхаа автобусны буудал дээр л буувал гэрээ олдог. Нэг буудал өнгөрөөд, эсвэл хэтрээд явчихбал, өвлийн нөхцөлд автобусны цонх цанатай бол, хүн ихтэй үед гэрээ олж очиж чадахгүй, хүмүүстэй харилцаж ярьж чадахгүй төөрдөг. Үүнийг биеэ даан явж байна гэх үү, үгүй юу гээд ярихаар төвөгтэй болдог. Дауны холбооноос янз бүрийн сургалт, арга хэмжээ зохиох үед хүүхдээ хүргэж өгч, авах асуудлаас болоод олон эцэг, эхчүүд идэвхтэй оролцож чаддаггүй. 

Л.Алтангэрэл: Майн нэгний өдөр бол олон улсын хөдөлмөрчин иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Хөдөлмөр эрхлэх, ажил хийх эрх бүх хүнд байх ёстой. Хөгжлийн бэрхшээл дундаас тэр нь, эсвэл энэ нь хүнд гэж ярьмааргүй байгаа юм. Бэрхшээл бүхэн өөрийн онцлогтой. Гэхдээ оюуны бэрхшээл хүнд ангилалдаа ордог. Учир нь энэ хүмүүс бусдад өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй. Үүнээсээ болоод бусад хүмүүс ялгаварлан гадуурхах, эсвэл доромжилж буйг нь бүрэн хэмжээгээр ялган ойлгодоггүй. Ийм учраас 20 мянган оюуны бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх асуудлыг тусад нь авч үзэх ёстой. Яг өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхэлж буй оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн сайн жишээ гээд хайвал 10 хүрэхгүй хүний жишээ л олдоно. Энэ бол хангалттай тоо биш! Нэмээд хэлэхэд ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авахдаа жирийн хүнтэй адил шалгуур тавиад байвал хэн ч тэнцэхгүй. Бид ажлын байрны шаардлагаа гаргасан, танай хүмүүс тэнцэхгүй байна гэвэл инээдтэй хэрэг болно. Иймээс нэг аж ахуйн нэгжийг сонгон хамтран ажиллаж, оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийг ажлын байраар хангах жишиг төслийг эхлүүлэхийг төр, хувийн хэвшил, эцэг эхчүүддээ дахин уриалж байна. Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс хөдөлмөрийн маш том нөөц шүү гэж хэлмээр байна.

Х.Чиба: Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцлийг сайжруулж, ажил хийх боломж бий болгосноор жирийн хүний хөдөлмөрийн нөхцөл дагаад сайжирдаг. Өөрөөр хэлбэл, үр дүнг нь зөвхөн оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс биш өндөр настан, эмзэг бүлгийнхэн, алслагдмал газар амьдардаг иргэд ч давхар хүртэх боломжтой болдог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж тухтай ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлнэ гэдэг нь бүх хүнд таатай орчинг бүрдүүлж, хүн бүрийн сайн сайхны төлөө ажиллаж байна гэсэн үг. Бид бүгдээрээ ийм ухамсар, ойлголтын хүрээнд дор бүрнээ ажиллах ёстой. 

В.Ганзориг: Та бүхэндээ маш их баярлалаа! Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн эрх хангагдаж чадвал бүх хүний эрх хангагдах болно гэдэг дүгнэлтийг зочид маань хийж байна. Бид бүгд санал нэгтэйгээр нэгэн уриалга гаргаж байна. Тэр нь төр, ТББ, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, эцэг эхчүүд нийлээд оюуны ялгаатай хөгжилтэй иргэдэд зориулсан ажлын байрны жишиг төслийг эхлүүлье. Энэ санаа, санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг үзэгч, уншигч та бүхэнд уриалж байна.