"АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг
Адлерын философи, "Ад үзэгдэх зориг" ном өөрөө ад үзэгдэх цаг иржээ!!!
Монголд хэвлэгдсэн цагаасаа хойш энэ ном олон ч хүнийг шимтүүлж, олон ч бодрол, тэмдэглэл, сэтгэгдэл тэрлүүлж ирснийг орчуулагчийн хувиар мэр сэрхэн уншиж сонирхсоор ирсэн билээ. Гэхдээ миний л санахаар өдийг хүртэл сөрөг сэтгэгдэл, шүүмжлэл, эсэргүүцэл төдийлөн байгаагүй шиг санагдана. Бодвол уншигчдад маань номоо ад үзэх зориг хүрдэггүй бололтой юм.
Харин одоо эргээд харахад энэ номын агуулга дэндүү олон таашаарал, логик алдаа, зориудын төөрөгдүүллээр бялхан буй нь эрхгүй анзаарагдах боллоо.
- Хорвоо ертөнц энгийн, хэн ч өнөөдрөөс эхлэн жаргах боломжтой.
- Бид өнгөрсөнд болсон явдлаар тодорхойлогддог бус харин өнгөрсөн явдлуудаар өөрийгөө тодорхойлдог.
- Хүн бүр өөрчлөгдөх боломжтой, өөрчлөлт бол сонголтын асуудал.
Нээрээ л сонирхолтой, бас хэний ч анхаарал татам үгс. Даанч харамсалтай нь үнэн биш. Жишээ нь, Адлерын сэтгэл зүйд хүнийг зорилгоо дагаж үйлддэг гэж нотолдог. Хэрвээ та уурласан гэвэл тэр нь танд уураар дамжуулж хүрэхийг санаархсан зорилго эхэнд нь байсных гэж гөрдөнө. Тэгсэн хэр нь ээ "Та зорилгоо анзаараагүй байх магадлалтай" гэнэ. Гэтэл эзэн нь өөрөө ч анзаарч мэдээгүй тийм зорилгыг зорилго гэж хэлж болох уу? За яахав, түр буулт хийгээд хүн бүрд зорилго байдаг гэе. Бүгд санаатай санаагүй зорилго тээж, түүнийгээ дагаж үйлддэг байг. Тэгвэл тэр зорилго чухам хаанаас гарч ирнэ вэ? Өөрөө ч анзаараагүй зорилго лав өөрийн хүсэл зориг байх учиргүй. Номонд залууг хүн хоорондын харилцаанаас зугтах зорилгоор өөрийгөө муулдаг гэж өгүүлдэг. Гэтэл философичоос тийм онош сонсох хүртлээ залуу өөрийн зорилгоо анзаараагүй явсан (бүр гэртээ хариад, 7 хоног бодоод ч олоогүй). Нүүр нь улайдаг охин дурласан залуудаа хаягдахгүй гэсэндээ нүүрээ улайлгадаг байсан. Тэгсэн хэр нь ээ тэр зорилгоо ч мэдэхгүй, нүүрний улааныг минь янзлаад өгөөч гээд гуйж явсан. Хүн хоорондын харилцаанаас зугтмаар байна, хайр дурлалд шархалмааргүй байна гэх зорилгууд ингэхэд хаанаас гарч ирнэ вэ? Өөрийн хүсэл зоригоос гарч ирсэн ухамсарт зорилгыг л зорилго гэж хэлэх ёстой бус уу? Яагаад зориуд үүнийг "зорилго" гэдэг үгээр мушгиж тайлбарлана вэ?
Үүний цаад санаа нь ердөө л ийм юм. Зорилго гэж томьёолсноор түүнийг өөрчлөхөд хялбар гэж санагдуулахын тулд л тэр. Зорилгоо л өөрчилчихвөл хүн дагаад л өөрчлөгдөнө, мааш амархан гэж. Баруун тийшээ алхаж явсан бол болиод зүүн тийшээ алх, ингээд л болоо. Харамсалтай нь бодит байдал даанч алхах шиг хялбар биш. Нэгэнт өөрийн хүсэл зоригоос гараагүй "зорилго" яаж тэгж санаан зоргоор өөрчлөгдөх билээ? Амандаа "Өөрчилчихлөө" гээд хэлж явтал бас л нэг хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй "зорилго"-оор сэмхэн солигдчих ч юм бил үү? Бид өөрсдөө ч мэдэхгүй зорилго тээж явдаг юм бол хэрхэн яаж тэр зорилгоо удирдаж чадах юм бэ? Бидний мэдэхгүй зорилго биднийг удирддаг юм бол бид нэгэнт өөрсдийгөө удирдах чадваргүй гэх дүгнэлт хэвээрээ үлдэнэ. Тиймээс энэ бол хүчиндмэл бас мухардмал санаа.
Зорилгод суурилах үзэл буюу Телеологи нь тэртээ 2,000 гаруй жилийн өмнөх Аристотелиэс эхтэй ертөнцийг үзэх үзэл юм. Аристотелийн хувьд ертөнцийн бүх зүйлс өөрийн дотоод зорилготой байсан ба чулуу хүртэл өөрийн зорилгынхоо улмаас газарт унадаг гэж үздэг байж. Харин өнөөдөр телеологи нь философийн түүхийн сонирхолтой нэг үзмэр төдий л зүйл болж. Телеологийн уршгаар хүн төрөлхтөн атомын онолыг боловсруулан, механик ертөнц буюу детерминист ертөнцийн үзлийг дэвшүүлсэн Демокритыг бус, бүхнийг ардаа сүнстэй, амьтай юм шигээр тайлбарладаг Аристотелийг дагаж 1,000 илүү жил байрандаа эргэлдсэн байдаг. Тэгээд тэр 1,000 жилийг түүхнээ "Харанхуй үе" гэж нэрлэдэг.
Харин номонд детерминизмийг нихилизм рүү чиглэсэн аюулт үзэл санаа гэж анхааруулжээ. Түүний гаргалгаа нь хөөрхөн овжин. Хэрэв залуугийн найз багадаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэдэг шалтгаанаас болоод гэртээ бүгдэг байжээ гэвэл багадаа хүчирхийлэлд өртсөн бүх хүн гэртээ бүгэх ёстой болно. Гэтэл бодит байдал тийм биш. Тиймээс өнгөрсөн бүхнийг шийддэг гэх детерминизмийн онол худлаа. Энд ямар логик үсрэлт байна вэ гэхээр, яахаараа залуугийн найз багадаа хүчирхийлэлд өртсөн гэдэг шалтгаанаас болж бүгсэний төлөө, бусад бүх хүчирхийлэлд өртсөн хүн бүгэх ёстой болдог билээ? Тийм байх албагүй. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл ямар ч хүний амьдралд ердөө л ганц фактор төдий нөлөөтэй. Дахиад (ген, соёл, хүмүүжил, өөр бусад туршлагууд гээд) үй олон факторын нөлөөн дор хүмүүсийн характер хэлбэрждэг. Хэрэв үнэхээр хүмүүс зорилгоо дагаж үйлддэг гэвэл тэр зорилго ч бас тэдгээр факторуудын нөлөөнөөс бий болсон байх учиртай. Аристотелийн төсөөлсөн шигээр бүхнээс түрүүнд орших (априори) зорилго болохуйц зүйл гэж байх боломжгүй. Хэрэв байдаг гэвэл тийм зүйл хэзээ ч ямар ч үед хувиршгүй байх ёстой болж, харин ч эсрэгээрээ детерминизмээс ч илүүтэйгээр биднийг нихилизм рүү хөтлөхөд хүрнэ.
"Хэрэв бид зөвхөн өнгөрснөөр л тодорхойлогддог байсан бол одоо бидэнд хийж чадах зүйл нэг ч үгүй" гэх детерминизмийн буруушаалт ч байндаа тусаагүй. Учир нь детерминизмээс "Хүн өөрчлөгдөх боломжгүй" гэх дүгнэлт мөрдөн гарах албагүй. Өнгөрсөнөөр өнөөдрийг тодорхойлж болох ч маргаашийг тодорхойлоход (зөгнөхөд) хүрэлцэхгүй. Жишээ нь, өнөөдөр хоёр хүн зэрэгцэж суугаад нэг кино үзжээ гэе. Тэд ижилхэн кино үзсэн ч ижилхэн нөлөө авч, ижлээр өөрчлөгдөх албагүй. Яаж ч өөрчлөгдөж болно. Харилцан өөр сэтгэгдэлтэй үлдэж, өөр хэлбэрээр өөрчлөгдөх ч боломжтой. Нэг нь "Ямар гоё кино вэ? Би ч бас цаашид өөдрөг хүн болъё" гэж бодсон бол нөгөө нь "Ямар гоё кино вэ? Би ч бас кино хийдэг хүн болъё" гэдэг ч юм уу. Гэхдээ тэдний зорилго нь өөр болохоороо бус харин өдийг хүртэлх түүх нь өөр болоод л ялгаатай хэлбэрээр өөрчлөгдөж байгаа юм.
Та бид бүгдээрээ өвлөж авсан ген, өнгөрсөн түүхээрээ л тодорхойлогдоно. Бидэнд ямар нэг ил далд зорилго байдаг гэвэл тэр нь ч бас тэр түүхээс л төрсөн бүтээгдэхүүн байхаас зайлахгүй. Гэвч тийм зүйлийг шинээр зохиож онолдох нь Евклидийн геометрт «Гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэл 180°» гэсэн шинэ аксиом нэмснээс өөрцгүй илүү үйлдэл юм. Номонд "Адлерын сэтгэл судлал бол хүсэл зоригийн сэтгэл судлал" гэж гардагчлан нээрээ л уг онол байхгүй зүйлийн тухай философиджээ. Зүй нь бол "Хүсэл зориг гээч юм байдаг" гэдгээ эхэлж батлах ёстой байлаа. Тиймээс Адлерын сэтгэл судлал бол бодит үндэслэл бүхий шинжлэх ухааны онол бус ердөө л сонирхол татахуйц этгээд нэг харах өнцөг төдий л зүйл юм.
Ямар ч ном бүтээлд хүнийг өөрчлөх хүч нөлөө байдгийг үгүйсгэхгүй ээ. Магадгүй Ад үзэгдэх зориг ном ч бас олон хүнийг их багаар өөрчилсөн байж болно. Гагцхүү тэр өөрчлөлт нь Адлерын хэлж буй шиг та өөрөө сонгож болдог эд биш юм. Та яаж өөрчлөгдөх нь тэр чигээрээ өнөөдрийн та ямар хүн бэ гэдгээр л тодорхойлогдоно. Адлерыг уншаад "Зорилгоо анзааръя. Өөрийгөө өөрчилье" гэсэн бодол төрж болно оо. Тэгээд бүр өөрчлөгдөж ч болно. Гэвч тэр нь та өөрийн чөлөөт хүсэл зоригоор зорьж очоод өөрчлөгдсөн хэрэг биш. Ердөө л таны өдийг хүртэлх амьдралын түүх таныг ийм ном унших л юм бол ингэж өөрчлөгдөхөд бэлдсэн байжээ гэсэн үг. Баримлын шаврыг алхаар цохивол хэлбэр нь өөрчлөгдөнө. Гэхдээ ямар хэлбэрт орохоо баримлын шавар өөрөө сонгохгүй. Түүний орц материал, одоогийн чийг, уян хатан чанар, орчны температур, цохиулах үеийн хэлбэр, дээр нь цохиж буй алхны овор хэмжээ гэх мэт үй олон хүчин зүйлсийн өгөө аваа л эцсийн сонголтыг хийнэ. Бид ч бас үүнтэй адилаар идсэн хоол, уншсан номноос өгсүүлээд уулзаж учирсан бүхнээсээ нөлөө аван өөрчлөгдөнө. Биднийг том жижиг олон янзын алх цаг ямагт балбасаар л байдаг. Тэр бүхний нөлөөнд бид хүссэн хүсээгүй өөрчлөгдөж яваа. Тиймээс бид өөрчлөгдөх чадвартай. Харин даанч яаж өөрчлөгдөхөө сонгох эрх чөлөө бидэнд үгүй нь л жаахан гунигтай юм даа.
Жич: Өөрөө шилж сонгож орчуулсан номоо шүүмжилж няцаана гэдэг бас л зориг шаардсан үйлдэл ажээ. Гээд би тэр цагаас хойш аргагүй өөрчлөгдсөн бололтой. Эсвэл түүнээс хойш жинхэнэ өөртөө илүү дөхсөн ч байж болох юм (гэсэн ч тэр бас л өөрчлөлт). "Өөртөө үнэнч байх нь өөрийгөө үнэнээс дээгүүр залсан хэрэг" гэдэг шүү дээ. Бидэнд өчигдөр нэг зүйл ярьж, өнөөдөр өөр зүйл ярьж явах үе байдаг. Яагаад гэвэл хүний итгэл үнэмшил өөрчлөгдөх боломжтой. Өчигдөр чамайг хайрлаж явсан хүн өнөөдөр чамд хайргүй байж ч болно. "Хувирамтгай хүнд үнэн голоосоо дургүй" гэж ярьдаг хүмүүс байдаг л даа. Гэхдээ тэд яг үнэндээ хувирамтгай гэхээсээ хулхи хүнд дургүйгээ л жаахан ташаа илэрхийлдэг нь тэр болов уу (эсвэл хэт хурдан хувирдаг хүнд дургүй юм болов уу? Түүнээс огт хувирдаггүй хүн гэж байхгүй л баймаар). Өчигдөрхөн би "Одоо дахиж хувь хүний хөгжлийн ном уншихаа больцгооё оо" гэж уриалж байлаа. Одоо бодох нь ээ "Уншмаар байвал уншина л биз дээ. Хүн заавал бүхнийг сайн муу гэж ангилж байгаад сайныг нь сонгож амьдрах ёстой ч биш" гэж өөртөө хэлмээр. Угаасаа бидэнд сонголтын эрх чөлөө байх ч биш. Байгаа нь ердөө л үүссэн цагаасаа өдийг хүртэлх түүхээрээ элдүүлж, гөвүүлсээр ийм хэлбэрийг олсон өнөөдрийн энэ бие хүн. Номоо дахин цааш нь "Бусдын асуудлыг орхи", "Бүхий л зовлон зөвхөн хүн хоорондын харилцаа", "Эрх чөлөө гэдэг бол бусдад ад үзэгдэх явдал" гээд сэдэв бүрээр нь шүүгээд явж болох ч одоо болно биз дээ. Харин дэмий ном орчуулснаа наманчилж, дараагийн удаа Роберт Саполскийн номоос орчуулах санаатай байгаагаа энд дурдаад өнгөрөхийн ялдамд мөн л дэмий уриалга боловч "Ямар ч ном уншдаг бай болж өгвөл шүүмжит нүдээр шүүж байгаарай" гэж захья даа.