Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож “Би шахалт үзүүлэхгүй. ҮХНӨ-ийг дэмжиж байна. Кнопоороо шийдэцгээ!” гэчихээд гарчээ

Үүний өмнөхөн болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож “Танай намын удирдлагууд л УИХ-ыг 108 гишүүнтэй болгох санал гаргачих” гэж надаас гуйсан шүү дээ. Дургүй байгаа бол та нар танай намын бүлэг удирдлагуудынхаа санал болгосон 108 гишүүнтэй болох төслийг татаад ав л даа. Харин тэр тохиолдолд би Үндэсний зөвшилцлийн комиссын дарга байхаас татгалзана” гэсэн “бойкот” хийснээс хойш арав гаруй хонов. Энэ хооронд Ерөнхийлөгч Х.Баттулгын тооцоолсончлон Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх гишүүдийнхээ хувьд “харь хүн” болох шахсан. Гэхдээ дараагийн “сэжигтэн” нь Г.Занданшатар, Я.Содбаатар нар болж таараад байв. Гэсэн ч тэднийг “намын удирдлагууд” гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч Ерөнхийлөгчийн, эсвэл түүний Тамгын газрын хүсэл зоргоос гадна МАН-ын удирдлага УИХ-ын гишүүний тоог нэмэх санаачилга гаргаж “бойкот захиалсан” гэдэг итгэмээргүй. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх үүнийг баталчихлаа. 

МАН-ын бүлгийн дийлэнх гишүүний хувьд энэ нь “Улсын Их Хурлын гишүүн”-ий эрх ямбаасаа татгалзсанаас өөрцгүй хэрэг. Учир нь Ерөнхийлөгч 2019 оны долдугаар сарын 16-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулахдаа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталчихаад тар, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай” гэсэн шүү дээ. 

Тэгэхээр У.Хүрэлсүх сайдын хэлсэн “муу муухай юм юмтай” энэ УИХ өөрийгөө тараах уу? “Намын дарга УИХ-ыг аварна” гэж найдаж байтал Ерөнхийлөгч “Намын удирдлага чинь гуйсан” гээд бүлгийн гишүүдэд нь матчихсан. Өөрөөр хэлбэл “Би намынхандаа хэлж чадахгүй. Та ороод хэлээд өг” гэсэн бололтой ойлгогдож үлдсэн. Үүнийг “Захиалгат бойкот” гэхээс гоёор яаж хэлэх вэ. Ерөнхийлөгчийн сонгуульд “топор” нэрээр зүтгэсэн У.Хүрэлсүхийн Х.Баттулгад үзүүлэх үйлчилгээ дуусаагүй бололтой. Яаж олонхийг нь бүрдүүлдэг УИХ-аа ч тараалгаж чадаж байна аа? Шударга ёс ярьчихаад шүүх засаглалаа хадаг болгоод өгчих ухаан түүнээс өөр хэнээс гарах билээ. 

Хэрэв олон нийтийн хардаад байсанчлан ямар нэг тохироо байсан бол Б.Хурцын шүүх хурал өндөрлөж хэрэг мөрдөн байцаалтад буцсан нь цаг хугацааны хувьд зэрэгцсэнээс өөр ноцтой хөшүүрэг байгаагүй. Дараагийн парламент дахь пропорциональ хувь бол бараг л намын даргын үзэмжээр шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, МАН, АН дахь гишүүдээс 99 гишүүнт тогтолцоог уулгалан дэмжсэн нь боломжид нэг алхам дөхнө гэсэн үг. Тойрог өгөх эсэх, аль аймгийн намын хороог хэн даргалахаас эхлээд Намын даргад зүтгэх, Намын даргаас зөрөхийн үр дүнг үзэх өдрүүд айсуй. 

Харин тэд ард иргэдэд хамгийн их хэрэгтэй шүүхийн хараат бус байдлын талаар санаа тавьж харагдахгүй байгаа нь харамсалтай. Яг энэ өдөр хүртэл ҮАБЗ нэр бүхий шүүгчдийг түдгэлзүүлж “Гуравхан хүн шүүхээр тоглож болдог”-ийг харууллаа. Шүүхийн хараат бус байдал ҮАБЗ-д булаагдчихаад, олон арван шүүгч дээдсийн дохио зангаагүйгээр, “Зөвхөн үнэнийг” баримталж чадахаа больсноо ярьж байна. 

ҮАБЗ ардчиллын амин сүнсийг булаачихаад байхад зөвхөн ҮАБЗ-д таалагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг “Дарга дэмжсэн юм чинь” гээд батлах уу, яах вэ? Намын даргаа Ерөнхийлөгчийн "барьцаанаас" салгахгүй бол нам чинь саллаа. 

УИХ-ын чуулганы ирц одоогоор бүрдэхгүй байна. Магадгүй МАН-ын бүлгийн гишүүдээс үзүүлж буй хариу “бойкот” биш биз? МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн биш. Гэтэл олонхийн бүлгийн буюу өөрийн удирдаж буй намын бүлгийнхэнтэй зөвшилцөлгүй шийдвэр гаргаж, УИХ-ыг тараахад хүрсэн бол яах вэ? Шударга ёс тогтоож, “муухай” гишүүдээсээ салах гэж байна гэж ойлгох уу. Магадгүй, УИХ тарвал МАН-ын дарга У.Хүрэлсүхэд ял, гавъяа хоёрын аль нь ирэх бол?