Маркетингийн харилцааны "Universal" компанийн үүсгэн байгуулагч, маркетер Б.Отгонзултай ярилцлаа.




-Оросын нэрт дуучин Алсу, Андрей Губин, Иванушки хамтлагийн тоглолтыг эх орондоо зохион байгуулж, МАСЗХ-ны хамгийн идэвхитэй гишүүдийн нэг явсан гээд таны нэр дурдагдсан бүхэн өнгөрсөн цаг дээр дурсагдаж байна. Яагаад ийм нам гүм болчихсон юм бэ?

-Үнэхээр тэр үеэс хойш бид бараг тааралдаагүй юм байна. Миний хувьд реклам сурталчилгаа, олон нийттэй харилцах харилцааны ажлуудаа үргэлжлүүлээд, байгууллагаа маркетингийн харилцааны мэргэжлийн компани болгох тал дээр 20 гаруй жил ажиллалаа. Цаг хугацаа хурдан өнгөрч байна. Шинэ цаг үеийн технологижсон харилцаа, шинэ сорилтуудтай уралдаад судалгаа шинжилгээ, анализ дүгнэлт, тактик стратеги боловсруулах, медиа, олон нийттэй харилцах харилцаа, брэндинг, сошиал медиа, форум хурал гэх мэт маркетингийн салбарт хийгээгүй, оролцоогүй төрлийн төсөл хөтөлбөрүүд цөөхөн үлдэж. Шил шилээ даран гарч ирж байгаа технологийн өөрчлөлтийг цаг хугацаанд нь барьж авахүй бол хоцорчих гээд хэцүүхэн л байна шүү /инээв/. Шоу бизнесийн хувьд хувь хүнийхобби юм даа...

Залуучуудын байгууллагын тухайд бол би идэвхитэй гишүүдийн нэг нь байсан гэж боддог, тэр цаг үеийнхэнтэйгээ нийлээд МАН-ын залуучуудын байгууллагыг хөл дээр нь босгосон. Дараа нь надад нэг бол залуучуудын байгууллагаа дагаад улс төрд орох, эсвэл өөрийгөө хөгжүүлж хувийн бизнесээ үргэлжлүүлэх гэсэн ийм хоёр сонголт тулгарсан. Улс төрд ороход нас залуу байна гэж үзээд, бизнесээ үргэлжлүүлэхээр шийдсэн л дээ. Одоо бол оюуны бизнест хүч сорьж, бүтээн босгож, түгээн дэлгэрүүлж, алдаж онож, унаж босч яваа өнөөдрийн бүхнээ хараад, зөв шийдвэр гаргаж гэж бодож байгаа. 

-Намын залуучуудын байгууллага өнөөдрийн цүнх баригчдыг бэлтгэсэн гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа...

-Мэдээжийн хэрэг, энэ ярианд би эмзэг ханддаг. Харамсалтай л энэ үнэний ортой. Хамгийн аймшигтай нь залуучуудыг зөв төлөвшүүлэхгүй, зөнгөөр нь орхих аваас тэд ирээдүйд зохион байгуулалттай бүлэг буюу бидний хэлдэгээр “мафижсан” бүлгийн нөлөөнд орчихдог юм байна. Би оюутан байхдаа МАН-ын залуучуудын байгууллагад элссэн. Тэр үед бол хэдэн мянган залуучуудтай хамтраад, улс орныхоо хөгжилд гар бие оролцоно гэсэн итгэл үнэмшилтэй ажилласан. Тодорхой хэмжээнд лидерүүдийн тоонд ч орж явсан. Бизнесээ хөөснөөс хойш харж байна. Залуучуудын байгууллага өнгө мөнгө харсан, хувийн сонирхол давамгайлсан, энгийн гишүүдээ талцуулж, “цүнх баригчдыг” төрүүлсэн үүд хаалга болчихож. Энэ сэдвийг удахгүй нэлээн тод хөндөнө гэж бодож байгаа учраас ингэсхийгээд орхиж болох уу. 

-Танай компани маркетингийн зөвлөгөө, судалгаа мониторингийн ажил эрхэлдэг. Сошиал орчин, нийгмийн төлөвшил, сэтгэл зүй рүү чиглэсэн судалгааны ажлууд хийгддэг үү. Өнөөдөр хэвлэл мэдээлэлтэй зэрэгцэн оршиж байгаа олон нийтийн сүлжээ, түүний нийгмээ хуваан талцуулж, эвдрэлцүүлэн хагаралдуулахад оруулж байгаа оролцооны талаар судалж үзэв үү?

-Энд эхлээд хэвлэл мэдээллийн тухай ярих нь зөв байх. Хэвлэл мэдээлэл бол мэргэшсэн сэтгүүлчид, нийтлэлчдийн багтай, нийгмийн толь болдог байгууллага. Тэд уншигч, үзэгчдийнхээ итгэл үнэмшил дээр оршин тогтдог. Энэ бол тэдний үнэ цэнэ. Олон нийтийн сүлжээ бол технологи, шинэ санаачилга, дэд бүтэц, шийдэл юм. Энэ талбар дээр ёстой жинхэнэ тулаан дэгдэж буй. Хэн хүчтэй нь оршино. Ширэнгийн хууль. Хязгааргүй олон мэдээ, мэдээллийн талбар, төрөл жанр. Хэн олон уншигч, дагагч, дэмжигчидтэй байна тэнд итгэл үнэмшил, үнэ цэнэ оршино. Маш энгийн бөгөөд хатуу хууль. Харамсалтай нь манай мэргэжлийн мэдээллийн агентлагууд болох телевиз, сонин, радио станцууд маань хожимдож шилжиж байгаа гэж ажиглагдаад байгаа. Энэ хооронд "сайн дурын" мэдээлэл түгээгчид маш олноороо төрөн гарч байр сууриа эзэлсээр байна.Хувь хүн мэдээлэл түгээгч байх, бараа бүтээгдэхүүн мэдээлэгч байх, үйлдвэр технологийн шийдэл бүхий олон мянган талбарууд байна. Та ч, би ч мэдээлэл түгээгч байх боломжтой. Гэхдээ таны мэдээлэл мэргэжлийн сэтгүүлчийн өнцгөөс гардаг учир та илүү олон уншигч, дэмжигчидтэй байх нь ойлгомжтой юм. Үүн дээр л гол ялгаа байна гэсэн үг. Мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн сэтгүүлчийн өнцөг бол нийгмийн толь юм. Үүн дээр баг хамт олон, он цаг, дадлага туршлага, байгууллагын нэр хүнд гээд бүгд нийлээд үнэ цэнэ, итгэл үнэмшил. Өөрөөр хэлбэл үнэн шударга, мэргэшсэн томоохон мэдээллийн агентлагуудад итгэх итгэлийн индекс нь хувь мэдээлэгчийнхээс ямагт өндөр байдгийг үүгээр тайлбарлаж болох юм.

-Мэдээллийн замбараагүй байдал. Энэ бол монголчуудын эмзэг сэдэв болсон. Нийгмийн сүлжээнд суурилсан баримжаагүй мэдээллийн давалгааг бага ч гэсэн хязгаарлах, зохистой хэмжээнд барих эерэг хандлага ажиглагдаж байна уу?

-Ажлын шаардлагаар мэдээ, мэдээллийн аюулгүй байдлыг байнга л эргүүлж тойруулж харж байна. Дэлхий үнэндээ хурдацтай өөрчлөгдөж байгаа. Шинэ он дөнгөж гараад Иран, АНУ-ын сөргөлдөөн, ОХУ-ын Засгийн газар солигдох үйл явц, Хятадад дэгдсэн коронавирус дэлхийн том агентлагууд, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээний сэдэв болж байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй маш их мэдээ цацагдаж байна. Гарч байгаа мэдээг шууд утгаар нь хүлээн аваад байвал мэдээллийн дайны хохирогч болох юм байна гэдгийг одоо хүмүүс өөрсдөө ойлгох ёстой. Ойлгуулаад өгөх хэрэгтэй байна. Мэдээний үүсэл гарал, даган гарах хор, уршгийн талаар бодохгүй бол “ойд төөрсөн сармагчин” шиг болно. Цаг үе технологи хоёр ийм байдал руу оруулж байгаатай эвлэрэх л хэрэгтэй. 

Мэдээж эерэг хандлагууд бас байна. Дэлхийн томоохон хэвлэлүүд жишээ нь ВВС агентлаг гэхэд түүвэр мэдээлэл дээр оршдог нийгмийн сүлжээнээс өөрсдийн давуу талаа ялгаруулж харагдуулахын тулд сэтгүүлчиддээ “Олж авсан мэдээллээ өөрсдийн үйл ажиллагааны талбар болох мэдээллийн хэрэгслээр цацахаас өмнө олон нийтийн сүлжээнд оруулах”-ыг хориглож байна. Энэ бол нэгдүгээрт, сэтгүүлчээ нөгөө талаар мэргэжлийн хэвлэл мэдээллийн талбарын үнэ цэнэ, нэр хүнд алдагдах эрсдэл зэргийг тооцож, гол уншигч, үзэгчдийн итгэлийн индексийг алдахаас хамгаалсан хэрэг.

Манайд бас энэ жишиг тогтвол зүгээр. Ажиглаж байхад олон нийтийн сүлжээнд идэвхитэй байдаг сэтгүүлчид олсон мэдээгээ редакцдаа хүргэхээсээ өмнө түрүүлээд олон нийтийн сүлжээн дэх өөрийн хаягтаа цацаад байна. Энэ нь тэднийг түүвэр мэдээ түгээдэг хэсгээсээ ялгаруулж харагдуулахгүй юм. Үнэ цэнэтэй байхын тулд мэргэжлийн сэтгүүл зүй олон улсын мэргэжлийн жишгээ дагавал илүү хурдан амжилтанд хүрнэ. Манай уламжлалт хэвлэл мэдээллүүд, жишээ нь МҮОНРТ, ММ агентлаг 20-30 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан телевиз, том сонины редакц, сайт нийгмийн сүлжээн дэх цуурхал мэдээ үйлдвэрлэгчдээс ялгарах чиг хандлагаа тодорхойлоод гаргаад ирэх нь зөв байх.

Ертөнц өөрөө технологи, хиймэл оюун ухааны хөгжлөө дагаад өөрчлөгдөөд байна. Танай мэдээллийн агентлагад өөрчлөлт, шинэчлэлт, байлдан дагуулалт хэрэгтэй юу? Хэрэв, тийм гэж үзвэл энэ шинэчлэлийг одоо эхэлсэн нь зөв. Хэвлэл мэдээлэл ямар байхаас шалтгаалж, нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрал, үндэсний гадаад, дотоод дархлаа сайжирна. 

-Мэдээллийн дайн гэдэг том сэдэв шүдний өвчин болж байна. Үндэслэлгүй, нотлогдоогүй мэдээллийг олон нийтийн сүлжээ рүү зориуд оруулж ирдэг. Ингээд өөрт ашигтай шийдвэр гаргуулна, өрсөлдөгчөө дарж байна. Энэ хандлагыг яаж өөрчилбөл зүгээр вэ?

-Мэдээллийн дайны аюул өнөөдөр улс орнуудад цэрэг зэвсэг, үндэстэн хоорондын мөргөлдөөнөөс илүү хүчтэй нөлөө үзүүлж байна. Энэ бол хамгийн том, эмзэг асуудлын нэг нь болсон. Дэлхий нийтээрээ одоо мэдээллийн дайнд тэсч үлдэх үү, эс үлдэх үү. Нийгмээ энэ дайны хөлд үрэхгүйгээр хэрхэн үнэн бодитой мэдээллийг түгээх вэ гэсэн асуудлыг боловсруулаад, гарц хайж эхэлсэн. 

Манай иргэд цацагдаж байгаа мэдээллүүдийг ялган салгаж, шүүн тунгаах чадвар хэрэгтэй. Энэ талын боловсролыг өгөх хэрэгтэй байна. Үгүй бол энэ нийгэм өөрөө замбараагүй байдлаасаа гарч чадахгүй, намагтаа улам л живнэ. Ийм бодитой аюул бидний өмнө нүүрлэсэн. Мэдээж хэрэг энд хэвлэл мэдээллийн мэргэшлийн давуу тал жин дарж гарч ирэх ёстой. Чадварлаг, туршлагатай багууд бол шууд ялгараад гараад ирнэ. Үүнд арын хаалга байхгүй. 

Тооцоо судалгаанд суурилсан, системтэй мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн хандлага руугаа орох тал дээр дэлхийн хэвлэл мэдээллүүд аль хэдийнэ ажиллаад эхэлсэн. Нийгмээ араасаа дагуулж, шийдвэр гаргахад нөлөөлдөг том хүч учраас энэ тал дээр ухамсартай хандаж байна л даа. Сэтгүүл зүй энэ чиглэл рүүгээ түрүүлээд орох байх.

Олон жил хэвлэл мэдээлэлд ажилласан найзуудтайгаа уулзахаар нэг зүйлийг ярьж байна. Салбараа яаж аврах вэ гэж. Тэдэнтэй яриад явж байхад энэ салбарт дөнгөж сургууль төгсөж орж ирсэн залуучууд их орж ирсэн. Аль нэг томоохон редакцид ганц, хоёрхон жил ажиллаад, за би бол болсон гэж үзээд бие даагаад нэг сайт гаргаад явчих юм. Ажлынхаа амтыг мэдээгүй, зүгээр дөр олоод гарсан хүүхдүүд туршлага дутдагаас алдаа гарч, эндээс бас хэвлэл мэдээллийн нэр хүнд унах асуудал үүсч байна аа гэж санаа зовнингуй ярьдаг. 

Мэдээллийг шүүж боловсруулаад, асуудлын ард нуугдаж байгаа зүйл рүү өнгийн харах чадвар дутаад байдаг юм болов уу гэж боддог. Гэхдээ үүнийг бол мэдээллийн чөлөөт зах зээл ялгаад өгнө. Эцсийн дүндээ хэрэглэгч, уншигч нь дүнгээ тавиад зах зээл өөрөө хүчтэй мэдээллийн хэрэгсэл, хүчтэй сэтгүүлч, нийтлэгчдээ төрүүлчихнэ. 

-Улс оронд нөлөөлөхийн тулд хэвлэл мэдээлэлд нь эхлээд нөлөөл гэдэг. Энэ үг танд юу бодуулж байна?

-Улс төрийн нам хоорондын үйл ажиллагааны хандлага, харилцаа болон бизнес хоорондын өрсөлдөөн манай мэдээллийн хэрэгслүүдэд ямар өнгөөр гарч ирж байна вэ. Яаж илэрдэг вэ. Иргэдийн үзэл бодол, гарч байгаа шийдвэрт хэрхэн нөлөөлдөг вэ гэдгээс манай хэвлэл мэдээллийн орчны өнөөгийн байдлыг харж болох юм. Мэдээний өнгө төрхүүд өөрөө үнэн төрхөө харуулаад байгаа. 

Үнэндээ бол бид Монгол гэсэн нэг л малгай дор амьдарч байгаа хүмүүс. Тэр компанийн улс, энэ намын улс гэсэн ойлголт байхгүй. Хэвлэл мэдээлэл бол олон улсын жишгээр чөлөөт өрсөлдөөний зарчмаараа хөгжих нь зөв ч улс орнууд бол хэвлэл мэдээллийн салбараа эмзэг байдалд оруулахгүйн тулд янз бүрийн тохирсон аргуудыг хэрэглэдэг юм байна. Цаг үеэ дагаад манайд хэвлэл мэдээллийн соён гэгээрүүлэхэд оруулж байгаа асуудлыг зохицуулдаг газар хэрэгтэй болж бас магадгүй юм. 

Солонгост гэхэд хэвлэл мэдээлэл нь соён гэгээрүүлэх асуудлыг хариуцсан яамнаасаа үйл ажиллагааны зөвшөөрлөө авдаг юм байна. Зүйрлэвэл манай Санхүүгийн зохицуулах хороо шиг, үүнтэй төстэй Хэвлэл мэдээллийн хороо гэсэн Төрийн байгууллага байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагын зөвшөөрөл бол манайхтай ижил, хэн ч авч болдог.

Харин энэ байгууллагад иргэн, аж ахуйн нэгжүүд нь хэвлэл мэдээлэлтэй холбоотой гомдлоо явуулдаг. Ийм хүн дарамталж мөнгө нэхлээ гэдэг ч юм уу, гүтгэлэгийн чанартай мэдээлэл гаргалаа, баримтыг баталгаажуулаагүй гэх мэт гомдлоо хүргүүлдэг. Энэ хороо гомдлыг авч хэлэлцээд торгох, сануулах гэх мэт хариуцлага ногдуулдаг. Нэлээн ноцтой гэж үзвэл хэвлэлийн байгууллагын эрх олгодог яам руу, хууль шүүхийн байгууллага руу явуулж шийддэг юм байна. 

Ерөнхийдөө хэвлэл мэдээлэл нь эдийн засаг, нийгэм гэх мэт төрөлжөөд ирэхээр үнэн бодит мэдээлэл нь илүү давамгайлдаг юм байна. Янз бүрийн үнэн худал нь мэдэгдэхгүй фэйк буюу хуурамч-цуурхал мэдээнээс болж, нийгэм өөр хоорондоо тэрсэлдэх нь ч бага. Манай олон нийтийн сүлжээн дэх мэдээ, мэдээллүүд бол хэцүү шүү дээ. Асуудал бэрхшээлээ шийдэж чаддаггүй. Үл ойлголцол ч тайлж байгаа юмгүй бие биенээ хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, захиалгатай, захиалгагүй, үнэн худал нь мэдэгдэхгүй дайралтууд явдаг. Энэ нь иргэдийг мэдээллийн том төөрөгдөлд оруулаад байна. Энд үндсэндээ цэрэг зэвсгийн аюулаас илүү том асуудал үүсч байгаа. Монголчуудын үндэсний дархлаа ингээд өдрөөс өдөрт алдаад байгаад л эмзэглэж байна даа.

-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухайд ямар өнгө төрхтэй сэтгүүл зүй ноёлох бол. Бидний өмнөх сонгуульд хэрэглэсэн сэтгүүл зүй бол биш юм байна гэдгийг бид одоо харж байна шүү дээ?

-Тийм шүү, ялалт бол ямар ч хамаагүй үнээр байж болохгүй юм байна аа гэдгийг өнгөрсөн сонгуулиудын үр дүнгүүд монголчуудад харууллаа. Аль нэг улстөрийн нам, хэн нэгэн хүнийг сонгуульд ялуулахын тулд хэн нэгнийг буланд шахдаг. Эргээд сэхэхийн аргагүй нөхцөлд оруулсан сонгуулийн сурталчилгаа хийсний үр дүнд юу үүссэн бэ гэдгээ бол одоо л хүмүүс олж хараад, бодож эхэлж байх шиг байна. 

Нэр дэвшигчид нь аж ахуйн шинж чанартай, данх, бедон, шанага, цагаас эхлээд арай л дотуур өмд тараасангүй /инээв/. Хий хоосон халамжийн бодлогуудыг зарлаж, нэгнээ газар дор ортол муулж, тэнгэрт тултал магтаж үзлээ. Эцсийн үр дүн нь юу байв аа гэдгийг олж харсан нь сайн хэрэг. Үнэндээ бол бид бүгдээрээ нэг л хөлөг онгоц дээр аялж байгаа. Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаана гэдэгтэй адил сурталчилгааг бол одоо хэвлэлүүд нэгдсэн бодлогоор зогсоочих ёстой. Энэ бол бидний, миний үр хүүхдийн ирээдүй гэж үзээд сурталчилгааны нэгдсэн бодлого гаргаж чадвал мундаг. Энэ бол цаг үеийн захиалга шүү.

-Цаг үеийн гэж байгаа энэ захиалгыг шинэлэгээр хүлээн авах, санал нэгдэх редакциуд олон гарах байх. Шинэ сонгуулийн үр дүнгийн дараа улс орны хөгжил цаашаа хэдэн алхам ахих бол, энэ тал дээр...?

-Хэвлэл мэдээлэл хатуу байр суурьтай зогсож чадвал өнөөдөр юуны төлөө явж байгаа, ямар нийгэм бүтээх гэж байгаагаа ойлгоогүй гацчихсан байгаа, шийдвэр гаргах түвшнийхэн өөр дохио авна гэдэгт эргэлзэхгүй байна. Орчин цагийн дэлхий ертөнцөд бид юугаараа танигдах вэ тэрийгээ ч тодорхойлж чадаагүй яваа хэсэг ажиллаад эхэлнэ гэж харж байгаа.

Өнөөдөр бид өөр хоорондоо ч зөвшилцөлд орж чадахгүй явна. Нэг нь хотоо утаагүй болгох гэж зориод сайжруулсан түлш санал болгож байхад нөгөө нь үнэгүй, түүхий нүүрс тарааж байна. Үүнийг хөгжил гэж хэлэхгүй биз дээ. Энэ ард түмнийг улс төрийн намууд нам намдаа хуваан элсүүлээд, бүгдийг бүгдийн эсрэг, бүгдийг бүгдийн дайсан болгочихсон байна. Хэн ч одоо бид бүгдээрээ нийлээд юу хийх юм, ямар зорилго тавиад, хаашаа явах юм гэж ярихгүй байгаа нь харамсалтай. Хамтын амжилт гэж юу байдгийг ч мартаад, хөгжлийн асуудлыг ярихын аргагүй болгосон. Энэ бол эмгэнэл шүү дээ. 

Нийгэмд хууль, эрх зүйн актууд тэгш биш үйлчилж байна. Дуртай нь хуульд гар хүрдэг болж. Хууль, тогтоомжийн үр нөлөөллийн үнэлгээ гэж ер алга. Нийгмийн зөвшилцөл хэрэгжихгүй байна.Стандарт тэгш хэрэгжихгүй, хууль тэгш хэрэгжихгүй байна. Нэг биш 2-3 бүр 30-40 стандарт үйлчилж байна. Гар утас хулгайлаад авсан хүн 7-8 жилийн ял авч байхад хэдэн тэрбум төгрөг завшсан албан тушаалтан дээд тал нь 3-4 жилийн ял авна. Олонх нь ялгүй өнгөрдөг. 

Томоохон үйлдвэр компаниудад тавьж байгаа хандлагууд, жижиг дэлгүүр ТҮЦ-нд тавьж байгаа хандлагууд ялгаатай. Үнэн, шударга ёс гэж хаана байгаа юм бэ. Төрд итгэх ард нийтийн итгэл үнэмшил байхгүй болсон, үгүйсгэлийн үгүйсгэлтэй энэ замбараагүй тогтолцоог цэгцлэх л ёстой. Жагсаал цуглаанаас илүүтэй хамгийн хүчтэй үүрэг ролийг хэвлэл мэдээллийнхний барьж авсан зөв өнцөг, зөв чиг хандлага гүйцэтгэнэ. Худлаа хоосон ярьсан популистуудыг, хий хоосон амлалтуудыг ч халах боломжтой. Би зохиочихсон юм биш л дээ, энэ бол хөгжингуй орнуудын хөгжлийн түүх.