Амралтын өдөр байлаа. Тэнд автобусны буудалд хүн цөөхөн хөдөлгөөн бага, чимээ анир үгүй нам гүмхэн. Автобусны дэргэд Хулан тэр бүсгүй намайг үдэж өгөхөөр зогсоно. Бид хоёр чимээгүй хөдөлгөөнгүй зогсоно. 

Гэнэт автобусны том хаалга нээгдээд... хаагдаад... бас дахин нээгдэхэд Хулан зог тусч миний гарыг яаран чанга гэгч нь атгав. «За баяртай. Сайхан амраарай» гэж тэр надад хэллээ. Ингээд дахиад би ганцаараа үлдэх билүү? хэмээн надад бодогдов. Миний дотор муухайрав. Тэгээд би Хуланд хэллээ. «Надтай жаахан хамт байгаач. Би дараагийн автобусаар явж болно шүү дээ» гэлээ. Хулан цагаа хараад хэлэв. «За сайхан амраарай. Аав ээж хоёр маань намайг хүлээж байгаа. Бид гурав одоо зуслан явах юм. Бид хоёр зөндөө их алхлаа шүү дээ. Дараа хүсвэл ирээрэй» гээд «Завтай байвал маргааш яг өдийд ир л дээ» гээд тэр инээмсэглэв.

Автобус хөдөллөө. Нартай дулаахан бас бүрхэг дулаахан намрын тэр нэгэн өдөр дур булаам сайхан өдөр байсан билээ. 

Тиймээ. 

Сайхан өдөр байсан. Борооны дараах Богд уул яармаг нисэхийн дэнж, тэр чигээрээ нов ногоон, зөөлхөн уянгалаг ер бусын сайхан өнгөөр гэрэлтэн харагдана. Орчлон ертөнц агаад тэр чигээрээ дур булаам үзэсгэлэнтэй сайхан ажээ. Би аз жаргалтай байлаа. Тэр өдрөөс хойш сар хүрэлгүй болоод би сургуульдаа суралцахаар буцсан юм. 

Тиймээ. Би Хуланд хайртай байсан. Тэр намайг автобусны буудал дээр тосч үддэг байсан ба тэр миний яриаг дуртайяа сонсож, тэр намайг бахарсан харцаар харж, тэр надтай хамт байхдаа дуртай байдаг байсан. Тийм учраас би түүнийг хайрладаг байсан.

Түүний үнэнийг өгүүлэх адил үзэсгэлэнтэй сайхан давхраатай том алаг нүд, цагаан царай, нарийхан хүзүү, зөөлхөн жижигхэн сулхан гар. Түүний ухаалаг үгс, сэтгэл хөдлөм амирлангуй энгийн сайхан зан төлөв миний бахдалыг төрүүлдэг байсан. Магадгүй тэр хэдийгээр гоо үзэсгэлэнтэй боловч хатуу чанга, түүний эгч адил байсан бол бас тэр өөрөөр бодож сэтгэж ярьдаг байсан бол, бас тэгээд тэр бүсгүй надад дургүй байсан бол би түүнийг хайрлаж чадахгүй байсан байх. Тэгээд би түүнтэй хамт өнгөрөөсөн мөч бүхнээ дахин давтан эргэж санадаг болов. Түүнгүй бол миний амьдрал уйтгартай тэгээд бас утга учиргүй юм шиг надад бодогдоно.

Тэгэж бодоод би өөрөө өөртөө дотор сэтгэлдээ ингэж хэлэв. «Тиймээ! Би өөртөө зорилго тавьж амьдрах болно» гэж хэлэв. «Би өөрийнхөө зүрх болоод итгэл сэтгэл хоёроороо хөтөч хийн амьдрах болно. Би Бурхныг хайх болноо» хэмээн зүрхэндээ би бас шивнэн хэлэв.

Тэгээд нисэх тосгоноос би буцах замдаа хийх ажил үгүй өнгөрч дуусдаггүй урт маргаашийн өдрийг, тэгээд хичнээн их урт байлаа ч гэсэн хорвоогийн юмс нэг л өдөр дуусдаг бус уу? гэх гунигт хоёр бодлоо хамтад нь тээж буцсан билээ.

Тиймээ! Бурхан хүний нүдэнд бус. Бурхан хүний сэтгэлд харагддаг.Бурхан хүний зүрхэнд үзэгддэг. Тийм учраас хүмүүс нүдээ аниад боддог. Хүмүүс нүдээ аниад мөрөөддөг. Нүдээ аниад тэвэрдэг үнсдэг залбирдаг.Хайрлахдаан уйлахдаан хүмүүс бас нүдээ аниддаг билээ.

Би ингэж бодов. Тийм учраас би юмыг бодож байх хэрэгтэй билээ. Би нүдээ аниад бодох ёстой ажээ. ...