“Төрийн захиргаа” сэтгүүлийн 2018 оны эхний тусгай хоёр дугаарт эх оронч дипломатч С.Аварзэдийн тухай “Хугараагүй ноён нуруу”, хэлмэгдлийн хар шуурганд уруудсан Сайд Н.Лхамсүрэнгийн тухай “Нугараагүй ноён нуруу” гэсэн панфлет бүтээл маань хэвлэгдсэн. Дараагийн тусгай дугаараа “Эрдэмт Элчин сайд” хэмээн тодотгоод Д.Эрдэмбилэг хэмээх буянтай бууралд зориулан гаргалаа. Эхний хоёр хэсгийг нь baabar.mn өмнө нь нийтэлсэн. Үргэлжлэл болгож сэтгүүлд бичсэнээсээ энэ удаа дахин хэсэгчлэн сонирхуулъя.


***

Д.Эрдэмбилэг гуай өөрөө өмнө нь олон удаа хүссэн. ГЯЯ-ны төв аппаратад хоёр, гурван хэлтсийн даргын албыг 8 жил хашсан түүнд гадаад томилолт нь 1967 оны зуны гэнэт ирэв. Юу гэвэл Москвад суугаа ЭСЯ-нд зөвлөхөөр томилон ажиллуулах шийдвэр намын дээд байгууллагаас 156-р тогтоолоороо 1967.07.25-нд гаргажээ. Тэрээр мэргэжлийн дипломатч бус ч үнэхээр гадаад харилцааны сургуулийг төгссөний дайтай мэдлэг, дадлагыг дээрхи 8 жилд олсон гэж үздэг. Шувтан гол гол газрын дарга хийгээд явсан нь практик талаасаа хэдэн ч МГИМО төгссөнөөс хавьгүй илүү л дээ. 

Энд би Эрдэмбилэг сайдыг хэргээр онцолмоор санагддаг. Тэрээр МГИМО төгсгөөгүй ч иймэрхүү зиндаа, раамны хүн Дипломатын академид заавал суралцсан байж таардаг. Гэтэл тэр шатыг алгасаад өнгөрүүлчихснийг бодохул өөрөө үнэхээр хичээнгүй, хөдөлмөрч, боловсролын тийм гэрчилгээ дипломны төлөө хөөцөлдөгч бишийг нь илтгэх мэт санагддаг.

ЗСБНХУ-д суугаа БНМАУ-ын ЭСЯ бол түүхтэй Дипломат төлөөлөгчдийн газар. Үеийн үедээ ажлын цар хүрээгээрээ хамгийн их, дипломат болон туслах ажилтан, ажилчдын тоогоор хамгийн олон, худалдааны төлөөлөгчийн газар тусгай байртай, том зочид буудал, гуанзтай, байр, орон сууцтай байлаа. Төв байранд ч орон сууц, машины граж гээд аж ахуйн томоохон нэгж байв. Эдийн засгийн зөвлөхийн товчоо гэж бас нэгэн томхон аппарат ажиллаж байв. Элчин сайд нь Нямын Лувсанчүлтэм (маршал Х.Чойбалсангийн дэргэд нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан, хожим АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хорооны дарга, Бээжинд элчин сайд). 

Москвад Эрдэмбилэгийн хариуцах ажил нь соёлын харилцаа. Хоёр улс соёлын харилцааны тусгай хэлэлцээртэй, соёлын хамтын ажиллагааны жил бүрийн төлөвлөгөөтэй. Манай улсын соёл урлаг, шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалах, биеийн тамир, спорт, сонин сэтгүүл, хэвлэл, радио, телевиз зэрэг соёл нийгмийн бүх яам, газрын гадаад харилцааны асуудлыг шийдвэрлэхэд тэрээр Москвад хүчин зүтгэж ажилласан. Хэдэн жилийн өмнө ГЯЯ-нд гадаадтай соёлоор харилцах асуудлыг эрхэлж байсан ажлын туршлага нь ч их тустай болсон. Мөн Нэгдүгээр хэлтсийн дарга байхдаа Монгол-Зөвлөлтийн харилцааны бүхий л асуудлыг шийдэхэд Зөвлөлтийн ГЯЯ-ны Алс Дорнодын хэлтсийн нөхөдтэйдотно танилцаж нягт хамтран ажиллаж байсан нь Москвад ажилласан тэр үед их тус дэм өгч байжээ.

Москва хот бол их хөлийн газар. Манайхны дээд дарга нар, олон сайд түшмэд, ГЯЯ-ныхан энд албан ажлаар хүрэлцэн ирэх, дайрч өнгөрөх нь бараг өдөр алгасахгүй байсан ба тэрээр жолооны үнэмлэхтэй болохоор Москвад ирмэгцээ тэндхийн жолоочийн үнэмлэхийг шулуухан авлаа. Тэр үед монгол жолооч 2-3, орос жолооч 4-5 байсан хэр нь зарим үед машин тэрэг хүрэлцдэггүй байв. Соёлын зөвлөхийн ажилд харъяалагдсан М-20 машины жолооч нь залуу мөртлөө залхуу нэгэн орос, ажлын бус цагаар үйлчлэх дургүй, цалингаа голдог. Нэг өдөр Элчин сайд Н.Лувсанчүлтэм “Жолоочийн үнэмлэхтэй дипломатч манайд чамаас өөр хүн үгүй, Улаанбаатараас олон төлөөлөгчид хүрэлцэн ирэх, буцах үед унаа тэрэг хүрэлцэхгүй байдал гарах болсон тул ЭСЯ-ыхаа энэ талын ажилд үе үе тусалж байхыг хүсье” гэснээр мань хүн жолоочийн үүрэгтэйгээр албан ажилд ч, амин хувийн ажилд ч давхиж явдаг болжээ. Нэг литр шатахууны үнэ нэг шил боржоомны үнээс хямдхан байсан цаг... 

***

“Төрийн захиргаа” сэтгүүл уншигчиддаа Дипломат албаны ахмадууд, гавьяатуудын тухай ээлжит цувралаа ийнхүү өндөрлөж байна. Энэ удаагийн баатраа эргэж нэг дүгнэе. Д.Эрдэмбилэг хэмээх энэ хүн монгол хүн бүрийн, тэр дундаа монгол сэхээтэн бүрийн туулаагүй яруу алдарт замыг туулжээ. Эрдэм номд шамдахад эцэс төгсгөлгүй байдгийн жамаар насан туршдаа тэрээр суралцсан, эрдэм оюунаар өөрийгөө цэнэглэсэн нэгэн байсан тул “Эрдэмт Элчин сайд” хэмээн бүтээлээ гарчигласан.

Тэрээр Дипломат албанд яг 25 жил, 1959-1984 онд албан тушаалын шат өгсөн ажиллажээ. Ажилласан жилүүд нь ч баялаг намтар, дуурсагдах гавьяат үйлсээр бялхан байжээ. Төрийн нэр хүндтэй цорын ганц их сургуульдаа багахан шиг хугацаанд багшилсан, сэтгүүлчийн ажлыг багахан шиг жилд хийсэн, Москвад аспирантурт гэгээрснээс хойшхи яруу алдрын 25 жилийг нь эл бүтээлд тусгахыг хичээлээ. 1984-1990 оны 6 жил бол түүний хувьд ажил амьдралын тайлал жилүүд байсан шиг байгаа юм. 

Үндсэн, хийж чаддаг ажил албанаас нь салгаад Намын Төв Хороонд бичгийн түшмэл болгосон нь нэг тиймхэн мэт боловч бас тэнд өөрчлөн байгуулалт, ил тод байдал, өөрчлөлт шинэчлэл, эцэстээ нийгмийн байгуулал солигдох тэр мөчийг туулсны хувьд бас л их түүхийг тэрээр бичилцсэн болов уу.

Д.Эрдэмбилэг нь үнэхээр амьд архив, тэр чигтээ түүхэн дурсамж, түүхэн сургамж, түүхэн эх сурвалж болохоор нэгэн байсныг би сайн мэддэг тул тэр хэрээрээ энэ бүтээлдээ идэвхтэй,сониорхолтой, шуурхай хандсан хэрэг.

Гадаад харилцааны албанд яг 25 жил, нийтдээ төрдөө 40-өөд жил зүтгэхдээ Д.Эрдэмбилэг гуай өдөр тутам ажил албандаа хуучин бичгээр өдрийн тэмдэглэл хөтлөж байсан болохоор хувийн архивт нь олон арван тэмдэглэлийн дэвтэр, гэрэл зураг сэлт ихээхэн хуримтлагдсан юм билээ. Тэрээр дурсаж байсан: Тэр олон тэмдэглэл, зураг хөргөө олон жил улиран өнгөрсөн хойно эргэн санаж аль нэгэн дэвтрийн хуудас бүрийг уншиж гэрэл зургуудыг харж суухад сэтгэл сэргэж, нүд баясах ажгуу гэдэгсэн. 

Д.Эрдэмбилэг сайд Берлинд суух Элчин сайдаар томилогдоод Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, С.Лувсан болон эдийн засаг, соёлын салбар хариуцсан сайд, дарга нартай уулзаж ярилцсан тухай олон тэмдэглэл эргэж сөхөж, дурсаж байснаа дурсамж номдоо дурдсан. Ер нь нам-төрийн удирдагч Ю.Цэдэнбалаас олон удаа олон даалгавар авч байсныхаа хэрээр Цэдэнбал судлалд ч хэрэг болох олон эх сурвалж түүний үлдээсэн архивт бий болов уу. Жишээ нь одоо цагт залууст хэрэг болж болох, ажил хөдөлмөрт нь нэвтрүүлүүштэй герман хүмүүжлийг Ю.Цэдэнбал гуай ингэ томъёолж байсан нь анхаарал татна. 

  • Герман нөхөд ажлын зохион байгуулалт, дэг журам, сахилга батыг нарийн сахиж биелүүдэг хүмүүс, тэднээс суралцах юм их бий шүү. Герман нөхөд бидний зарим асуудлад хандах байр сууринд нь нарийн өнгө аяс ажиглагддаг. СЭВ-ийн гишүүн орнуудын хөгжлийн түвшинг тэнцүүлэх асуудалд үг дуугардаггүй тал ажиглагддаг. Баруун Германаас хөгжлөөр хоцрохгүй байх бодлого барьж байгаа шүү дээ гэсэн байх юм. 


***


Д.Эрдэмбилэг гуай 1990-ээд онд мөн л идэвхтэй амьдралыг өнгөрүүлжээ. 1992 онд Британи, Швейцарь, Германдбизнесийн журмаар хэдэн хоног айлчилж, улс орон судлалынхаа мэдлэгийг ахиулжээ. Өөрийнх нь дурссанаар хоёр Герман улс нэгдээд удаагүй байсан болохоор Зүүн Герман, Зүүн Берлиний байдал хоцрогдонгуй хэвээрээ, тэр үед Бонн хотод манай Элчин сайд А.Цолмонтой (1969-1970 онд өөрийг нь Берлинд Элчинсайд байхад ЭСЯ-д атташе байсан) уулзахаар худалдааны зөвлөх Ц.Моломын (Ю.Цэдэнбалын үед Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга байсан) хамт Берлинээс машин хөлөглөн давхиж хүрчээ. Бонн хотын захын нэгэн жижигхэн дүүрэгт манай ЭСЯ байрлаж байсан ба манай ЭСЯ-ны худалдааны төлөөлөгчийн газар тэр үед Берлинд тусдаа байрлаж байжээ. 

Өөрөө ингэж бичиж байна: Хорь гаруй жилийн дараа очиход Берлин хотын төв нь нэг их өөрчлөгдсөнгүй. Харин хотын зүүн дүүрэгт орон сууцны шинэ барилгууд сүндэрлэн харагдах нь сүртэй байв. Хуучин Ардчилсан Германы үед ажиллаж байсан олон сайн нөхөдтэй уулзах хүсэл байвч тэд нар маань бүгд ажлаасаа халагдаад хаа байгааг нь мэдэх хүн манай ЭСЯ-ханд байсангүй. Тэгээд ч тэдэндээ гай, лай болох ч юу магад гэж бодоод уулзаж учрахаас тэр үед түдгэлзэхээс өөр арга байсангүй. Нэлээд том дарга нарыг нь шорон оронд хийчихсэн, Хоннекерын бие муу гэсэн мэдээтэй. Социалист лагерийн баруун хил хязгаарыг Зөвлөлтийн армийн хүчээр хамгаалж, хөгжлөөрөө ах дүү орнуудаасаа дээгүүр байсан Ардчилсан Герман улсын нийслэл Берлиний хана нурж улмаар Нэгдсэн Герман улс буй болж билээ гэжээ. 

Д.Эрдэмбилэг гуай ийнхүү өрнөдийн хэдэн орноор аялсан учир гэвэл хувийн нэгэн компани байгуулсан хэсэг залуу нөхдийн хүсэлтээр бизнесийн хэлхээ холбоо тогтоох асуудлаар судалгаа хийх зорилготой явжээ. Тэр залуу бизнесчид нь суурь хөрөнгө гэх юмгүй, авсан зээлээ төлөх найдваргүй байсан ба төд удалгүй мань хүн ч тэдэнд туслах итгэл алдарч тэд ч салж сарниад дампуурсан бололтой.

Дараа нь Нью-Иорк руу бизнесийн аялалд мордож Америк-Хонконгийн нэгэн жижиг компанийн хоёр хятад бизнесчтэй уулзаж оёдлын хамтарсан үйлдвэр байгуулахаар урьдчилан тохирч дараа нь Улаанбаатарт тусгай хэлэлцээр байгуулж зохих хууль дүрмийн дагуу “Өлзийтекс” нэртэй хамтарсан компани (үйлдвэр) байгуулж бүтээгдэхүүнээ АНУ-д гаргаж эхэлсэн, гэвч хоёр жилийн дараа ажлын хүч хямд боловч тогтвортой ажиллах мэргэжилтэй залуучууд ховордож бүтээгдэхүүний борлуулалтын болон ашиг хуваах асуудлаар маргаан дэгдэж тэр компани нь бас л дампуурсан тухай өөрөө дурсдаг. 

Ийнхүү ажиллаж байхдаа зөвлөх гэгч нэгэн үүрэгтэй, монголын залуу бизнесч нөхөддөө туслах зорилготой, цалингүй шахам 2-3 жил зүтгээд бараагүй юм билээ. 

Чөлөөт цагаа Эрдэмбилэг гуай айхтар өнгөрөөж байсан байгаа юм. Хувийн архиваа янзлан суух зуураа хэд хэдэн сэдвээр дурсамж өгүүлэл бичиж “Үнэн”, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонин, “Дорно дахины судлал” сэтгүүлд нийтлүүлж, Дипломат албаны “Алтан аргамж” хэмээх цуврал бүтээлд бүтээлээ туурвиж байсныг би сайн санаж байна. 

1995 оны эхээр Цагаан сарын дараахан тэрээр хөгшинтэйгээ Нью-Йорк руу удаан хугацааны “гэр бүлийн томилолт” аван оджээ. Дунд охин Сарангэрэл, хүргэн Ачитсайхан нар ажил албатай тул зээ охин Анударийг асрахаар очсон байна. Тэр хугацаанд НҮБ-ын номын санд сууж ажиллаад БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэх асуудалтай холбогдсон (1949-1961 он хүртэл) бүх материалуудыг судлаад түүвэрлэн бичсэн зүйлээ “Засгийн газрын мэдээ” сонинд бүтэн нүүр болгон нийтлүүлж байжээ. 

Нью-Йоркт тэдний байрлаж байсан хотхоноос холгүй бас нэгэн хотхонд манай шарын шашны жижиг сүм байхыг Эрдэмбилэг гуайихэд олзуурхан хэлхээ холбоо тогтоосон нь сонин санагддаг. Уг сүмийг Далив хутагт АНУ-д суурьшсаныхаа дараа үндэслэн байгуулсан юм билээ. Тэгээд Эрдэмбилэг гуайтэндхийн хэдэн монголчуудыг (хүүхдүүд, БТГ-ын зарим нөхөд) зохион байгуулан тэр сүмд очиж лам хуврагуудтай нь уулзаж золгожээ. Өвгөн Жамбалдорж ламтан тэднийг тун дотно хүлээн авч хийморийн сан тавин, ном уншин хайрлаж байснаа тэрээр дурссан байдаг. Тэрхүү буян номын ордонд Далив хутагтын ариун чандар оршиж байх агаад Өмнөговь аймгийн Говь гурван сайхны уугуул өвгөн Жамбалдорж ламтан тэр үед нас сүүдэр 80 гарсан байсан аж. Тэрээр монголчуудаагэртээ урьж хөөрөлдөх зуур Эрдэмбилэг гуай авч явсан гарын бэлгээ барьж Монгол нутгийн сонин хачиныг дурсан ярьж байсан ба говь нутгаа, төрөл саднаа олон жил мөрөөдөвч тэдэнтэйгээ холбоо барих аваас гай болно хэмээн айж бэргэсээр эдүгээ сайн цаг үе ирсэн хэдий ч бие нас нь гүйцэхгүй болсон хэмээн үнэн сэтгэлийнхээ үгийг тэр өвгөн ламбугай хэлж байжээ. Монгол оронд 1990-ээд оны эхээр юм юм ховор болсон тухай сонсоод олон мянган долларын эм тан, бас бус эд зүйлсийг Гандантэгчилэн хийдэд хувийн хандив өргөсөн тухайгаа тэрээр ярьж байсан гэдэг. 

Эрдэмбилэг гуайд тохиосон нэгэн явдлыг би ихэд олзуурхлаа. Юу гэвэл гэргий хоёр хүүхдийнхээ хамт нэгэн өдөр Нью-Йорк хотын гудамж талбайгаар өдөржин алхаж ихэд ядарч туйлдаад зүүн талын 65 дугаар гудамжинд нэгэн хятад ресторанд орж хоол идэж суутал нэгэн хананд их танил зураг харагдаж гэнээ. Рестораны нэгэн менежерээс тэр түүхэн сэдэвтэй зургийн учрыг сонирхон асуувал “Хятадын Цин гүрний үеийн зураг” хэмээн ажиггүй галлаж байх юм гэнэ. Тэр зураг бол манай ардын зураач Балбарын Гомбосүрэнгийн зурсан Сүхбаатар жанжин төрийн тамгыг Богдын засгаас шилжүүлэн авч байгааг дүрсэлсэн “Шинэ төрийн эзэд ирлээ” хэмээх нэр алдартай зураг болохоор Эрдэмбилэг гуай сайн мэдэж, тэр хана дүүрэн томруулж буулгасан гэрэл зургийн өмнө зогсож зургаататуулж байжээ. 

Хожим Улаанбаатарт буцаж ирснийхээ дараа гэргийн хамт ардын зураач Гомбосүрэнгийнд айлчлан тэр гэрэл зургийг өгч тохиолдсон явдлын тухай сонирхуулан ярьсан, Гомбосүрэн нөхөр минь их л баярлаж билээ хэмээн өөрөө дурссаныг би хэргээр энд олзуурхаж оруулж байгаа хэрэг л дээ. Тэрхүү нэрт зураач маань миний эцгийн төрсөн дүү, миний авга ах болох дотны минь хүн учраас хожим Нью-Йоркт очих хувь тохиовол зүүн талын 65 дугаар гудамжны тэр хятад зоогийн газрыг шууд олж очно гээд бүр шийдчихээд байна.

“Улиран одсон он жил” номоос нь энд дахин эшлэе. Тэрээр ингэж бичжээ. Ахмад хүний сэтгэлийн утсыг хөндсөн үгс хэмээн ойлгоорой. 

  • Миний бие “Хүндэт дипломатч” цол тэмдэг (1996 он), МАХН-ын “Ахмад зүтгэлтэн” (намын 1948 оны гишүүн) цол тэмдгээр манай намын 80 жилийн ойгоор шагнуулав. 2001 оны 10 дугаар сард Монгол Улс НҮБ-д элсэн орсны 40 жилийн ойг өргөн тэмдэглэв. Миний бие 1962 оноос 1984 оныг хүртэлх хугацаанд НҮБ, түүний төрөлжсөн олон улсын байгууллагад болон Зэвсэг хураах бага хуралд Монгол Улсын төлөөлөгчийн хувьд дээрх байгууллагуудын хурал, чуулганд олон жил оролцож байсан тухай дээр өгүүлсэн билээ. Тэдгээр хурал, чуулган дээр хэлсэн үг, татуулсан гэрэл зургийн жагсаалтыг гаргавал нилээд зузаан материал хадгалагдан үлджээ.
  • Монгол Улсын ахмад дипломатч миний хувьд шинэ мянганы шинэ зууны анхдугаар оны сүүлчээр Монгол Улсын Дипломат алба байгуулагдсаны 90 жилийн ойг ёс төгөлдөр тэмдэглэсэн үйл явдалд биеэр оролцсон минь зүрх сэтгэлд гүнээ шингэсэн баярт өдрүүд байлаа. Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийг ерөнхийлэн шийтгэх гадаад яамыг 1911 оны 12 дугаар сарын 30-нд бусад 4 яамны хамт байгуулсан цагаас хойш ийнхүү 90 жилийн нүүрийг үзжээ. Шинэ Монголын төр улс, шинэ засгийн Дипломат албыг үүсгэн байгуулсан түүхт үйл явдлыг онцлон үзэж ийнхүү 2001 оны сүүлчээр Монгол Улсын дипломат албаны 90 жилийн ойг тэмдэглэсэн явдал зөв зүйтэй чухал алхам болсон гэж үзэж байна. Харин цэрэг, сангийн болон шүүх, дотоод хэргийн яам албадын ойг ардын хувьсгалын 1921 оноос тоолж тэмдэглэж байгаа нь зөв зүйтэй гэж боддог юм. 
  • Монгол улсын Дипломат албаны 90 жилийн ойн баярын хурлыг Сонгодог урлагийн академик театрт зохион байгуулж Монгол Улсын төр, засгийн тэргүүн нар, ахмад дипломатчид, ГХЯ-ны ажилтан нар, гадаад улс орны Элчин сайдууд, яам, газрын төлөөлөгчид оролцов. Ерөнхий сайд Н.Энхбаяр баяр хүргэж үг хэлсний дараа Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун илтгэл тавив. Манай урлагийн мастерууд сайхан концерт тоглож цэнгүүлэв. Тэр орой манай яамны том танхимд хүлээн авалт болж Б.Цэдэн-Иш, П.Шагдарсүрэн, Санжмятав нарын хүндтэй буурлууд, миний үеийн ахмадууд, дунд болон залуу үеийн дипломатч нөхөд, хамтран зүтгэгчид яам, ДТГ-т дарга, цэрэг явсан сайн нөхөдтэй энэ баярын дурсгалт өдөр уулзан учирч, хууч хөөрөлдөн хундага тулгаж сайхан баярлацгааж билээ гэжээ.