Дилова хутагт 1949 оны Хоёрдугаар сард АНУ-д ирсэн билээ. Тэр цагт АНУ-д шарын, гэлүгва-гийн гэлгүй ерөөс Буддизм гээч тэр чигээрээ нууцлаг, шинэ зүйл байлаа. Нэгэнт нууцлаг шинэ тул тэр зүгийн ертөнцөөс дөнгөж ирээд байсан монгол ламын хувьд хүмүүс шүтэн бишрэх хийгээд эргэлзэн сорих аль алинаар нь хандаж байжээ.

1950-иад оноос халимаг монголчууд АНУ-д ирж эхлэв. 1951 оны 12 сараас 1952 оны 3 сарыг хүртэлх хугацаанд нийт 571 халимаг хүн тусгай хөтөлбөрөөр АНУ-ын зүүн эрэгт ирсэн юм.

Халимаг монголчууд Толстойн сан, Лев Толстойн отгон охин Александра Львовна Толстая гүнж, Нобелийн шагналт зохиолч Пеарл Бак нарын тусламжаар Нью-Жерси мужийн Фрийвүүд Акрэс хэмээх газар ачааны машины гарааш худалдан авч засан, сүм болгосноо 1952 оны 11 сарын 23-ны өдөр нээж, Дилова хутагтыг албан ёсоор хамба (заримдаа мөн “ширээт” хэмээнэ) ламаа болгон залжээ.

Хералд Трибюн сонины 1952 оны 11 сарын 2₮-ний дугаарт гарсан мэдээ. Зүүн гарт Халимаг монголчуудын шашны тэргүүн, шинэ сүмийн хамба Дилова хутагт. Баруун гарт монгол судлаач Онон Өргөнгөө, гэргий, хүүхэд, Нобелийн шагналт зохиолч Пеарл Бак

Дилова хутагтыг Халимаг сүмийн хамбаар залсан тухайд хутагтын шавь Жамбалдорж ламтны хуучилсан нь:

“Уг нь Нью-Жэрсид сүм байгуулах санааг их багш Дилав хутагт маань гаргасан юм аа. Нью-Йоркт цөөн халимаг Германаас иржээ. Тэдний дотор хэдэн лам ирснээс Монгол, Төвөдөд сууж байсан Аранжин гэвш, Санж равхай, Содов гэвш нар байжээ. Тэр үед Нью-Жерси, Филаделфиад гурван гомбоотой, гомбоог ахлах ламгүй байлаа. Тэгтэл Монголоос ирсэн нэг сайн лам Балтиморт байна гэж дуулдаад байж. Тэгээд Цагаан сарын өмнө Аранжин гуай хэдэн хүний хамт сураг тавьсаар Балтиморт ирээд нөгөө ламтай уулзсан чинь үнэхээр тэдний санаанд нийлжээ. Тэгээд ирсэн зорилгоо хэлж. Урилгыг аваад “Энэтхэг, Төвөдөд өчнөөн жил болоход ийм заллага танайхаас л ирлээ. Би дуртай зөвшөөрнө” гэж багш маань хэлжээ. Ингээд хурлаа цагаан сарын шинийн нэгэнд хийхээр тохирч. Битүүнд ирээд Лхамын тахилга хийх гэсэн чинь Лхамын судар хэнд нь ч байдаггүй гэнэ. Тэгтэл багш маань “Алив цаас байна уу?” гэж. Лам нар ч цаас өгч. Багш цаасыг авангуут Лхамын гурван судрыг цээжээр барлаж, маргааш тахилгаар уншина гэсэн чинь Санж, Ойдов хоёр нэг их тоосон янзгүй, Аранжин гуай л өөрөө санаачилсан юм болохоор уншиж дээ. Энэ явдал ч ингэсхийгээд өнгөрч, хурал хурдгаараа хурж байтал тэр жилийн хавар нь Германаас Яргай гэлэн гэж нэг төвөд лам тэдний гомбоонд ирж гэнэ. Тэр гэлэн Лхамын судартай юм байж л дээ. Санж, Содов хоёр ч үүгээр л багшийн барласан Лхам судрын шүнг нь үзэх гэж уухайн тас иржээ. Тэгээд шүүсэн чинь төвөд гэлэнгийн авч яваа баранд хоёр алдаа байсныг багш засаад биччихсэн байв гэдэг. Ингээд халимагууд багшийн ном эрдмийг биширсэн гэлцдэг юм аа.” (Ч. Дагвадорж, “Хутагт багшийн таалалд багтсан хувь тавиландаа залбирнам”, Улаанбаатар, 2019 он, 82-83-р тал.)

Манайхны зүгээс ийм анх ийм хандлага илэрч байсан бол Америкийн буддистууд харин огт өөрөөр хүлээн авчээ. “Бурханы шашны нөхөд” нийгэмлэгийн Вашингтон Ди Си хот дахь салбарыг үүсгэн байгуулагч Лий Сират хэмээх хатагтай 1953 онд Хутагтыг Энэтхэгийн Элчин сайдын яаманд тэмдэглэсэн Бурхан багшийн дүйчин өдрийн баяртаа урьж, лекц уншуулж байв. Лекцээ монголоор бичиж, уншсаныг нь Оуэн Латтиморын англи орчуулгаар олонд хүргэжээ.

1954 оны 4 сарын 28-ны өдөр Лий Сират Оуэн Латтиморт бичсэн захидлаа “Эрхэм нөхөр Латтимор танаа, Бидний хамгийн сүүлд Вашингтон хотноо зохион байгуулсан Вэсак-т Дилова хутагтын оролцсон нь юутай зохимжтой хэрэг болоо вэ гэдгийг тааж мэддэг ч болоосой...” хэмээн эхлээд эцэст нь “Дилова хутагтын мэдэж байгаачлан Эрхэмсэг Клифтон энэ жилийн Бурхан багшийн дүйчин өдрөөр ирж, хутагттай уулзахыг ихэд хүсэж буй, хамгийн сүүлчийн захиандаа тэрбээр хэрвээ Хутагтыг зөвшөөрвөл цол хэргэм нэг нэгэндээ гардуулах, тухайлбал Клифтон Өрнөдийн Буддизмын Бүлгэм болон Сото Зэн-ий зүгээс хүндэт өргөмжлөл гардуулах бол Дилова хутагт харин түүнийг хүндэт Ламаар өргөмжилж болох юм. Үүнийг Дилова хутагтад дамжуулж өгнө үү. Хэрвээ зөвшөөрвөл ёслолд бэлдэх учиртай тул бидэнд мэдэгдэхийг хүсье” гэжээ. (Конгрессын Номын Сангийн гар бичмэлийн тасагт хадгалагдаж буй захидал)

Үүний дараа Клифтон өөрөө Латтимортой холбогдож, өөрийгөө танилцуулан, явдал учраа дэлгэрэнгүй бичжээ. 

Роберт Стюарт Клифтон гэж хэн бэ?

Сумангало гэгээн нэрээр алдаршсан Роберт Клифтон нь 1903 онд Алабама мужид төрсөн. Утга зохиолын чиглэлээр докторын зэрэг хамгаалснаасаа хойш Буддизмыг судалж, Азийн олон орноор аялжээ. 1935 онд Сан Франсиско хотноо Шин Буддизмын сүмээс сахил хүртсэн байна. АНУ-д Өрнөдийн Буддизмын Бүлгэм хэмээх нийгэмлэгийг байгуулж, олон хотод лекц уншиж, сурталчилснаас гадна Ням гаргийн сургуулиудыг нээжээ.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Азид аж төрж, Малайзад Бурханы шашныг дэлгэрүүлсэн гол хүмүүсийн нэг болсон бол, Сингапурт анх удаа сүмийн хамбаар тодорсон барууны хүн болжээ. Лаост харин Сумангало гэгээн хэмээх нэр цолыг хүртсэн байна. 1963 онд Малайзад наснаас нөгчжээ. Сургаал номлолыг нь хожим англи, хятад хэлээр хэвлэжээ. 

1954 оны Тавдугаар сарын 4-ний өдөр Латтиморт бичсэн захидалдаа Клифтон Бурханы шашны холбогдолтой ямар зэрэг цолыг хаана хаанаас авсан, хаана хүлээн зөвшөөрөгддөг тухайгаа эхлээд тайлбарлажээ. Тухайлбал, 1933 онд Америк дахь Японы Буддизмын Төлөөний Газрын тэргүүлэх лам – Сожо хэмээх цолтноос 2-р зэрэг хүртсэн, 1934 онд Киотод уг эх сүм дээр нь очиж, тэргүүн зэргийг хүртсэн... зэргээ дурдаад “Миний бие өдгөө албан ёсоор Сожо буюу хамба хэмээх цолыг Махаяна-гийн Япон, Хятад, Вьетнам дахь бүх томоохон урсгал төлөөллөөс баталгаажин хүртсэн, өдгөө Өрнөдийн Буддизмын Бүлгэмийг үндэслэн ажиллуулж буй, энэ бүлгэмийг дэлхийн Бурханы шашны бүхий л томоохон төвүүд хүлээн зөвшөөрсөн” гэжээ.

Клифтон өөрийн хүртсэн Сожо буюу англи хэлээр Bishop хэмээн орчуулж буй цолыг Ламаизм-ын ямар хэргэмтэй дүйхийг мэдэхгүй, Abbot-той дөхөж магадгүй юм хэмээгээд гол санаагаа дараа нь илэрхийлжээ. Тэрбээр Дилова хутагтад Сожо хэмээх хэргэмийг Өрнөдийн Буддизмын Бүлгэм болон Японы Сото Зэн хоёрын өмнөөс албан ёсоор гардуулна, мөн Дармаража Их сургуулийн “Судар номын доктор” цолыг олгоно, зөрүүлээд харин Дилова хутагтаас өөртөө Ламын шашны дүйцэх хүндэт мяндаг хэргэмийг олгооч хэмээн хүсжээ. 

Голд суугаа нь 1 дугаартай нь Японы Сото зэн урсгалын гол хийд болох Эихэижи сүмийн санваартан, 2 дугаартай нь Сумангало гэгээн Клифтон, 3 дугаартай сожо буюу хамба цолтой Араи.

Ингээд Тавдугаар сарын 17-ны өдөр “Судар номын доктор” цолыг Дармаража их сургуулийн нэрийн дор, Abbot буюу “Хамба лам”-тай дүйцэх цолыг Өрнөдийн Буддизмын Бүлгэмийн нэрийн өмнөөс Дилова хутагтад олгох шийдвэрийг гаргаж, гэрчилгээ дипломыг үйлдсэн байна. 

Клифтон Тавдугаар сарын 19-ны Лхагва гарагт халимаг сүм дээр биеэр ирж, Хутагттай уулзахдаа энэ хоёр өргөмжлөлөө гардуулсан бололтой. Тэр уулзалтынхаа тухай Латтиморт ”... Бид хоёрын харилцан ойлголцолд хүндрэл бэрхшээл тохиосонгүй. Түүний англи тийм ч муугүй юм, дээр нь хятад, самгарди, япон үг хэрэглээд нэгнээ ойлголоо...” хэмээн бичсэн байна. Клифтон Дилова хутагтыг өөрт нь зөрүүлээд хүссэн бичгийг нь гардуулна хэмээн ойлгосон нь “... [Дилова хутагт] өөрийнхөө шашны бүлгэмийн зүгээс намайг зөвшөөрөн, элсүүлсэн (fellowship) бичгээ танд явуулж, англи хэлээр орчуулуулна гэсэн” хэмээснээс нь харагдаж байна.

Дилова хутагтад олгосон судар номын доктор цолын диплом

Клифтон хэдийгээр “ойлголцлоо” гэсэн боловч Хутагтаас сонирхож байгаа асуултынхаа хариуг авч чадаагүй нь захидал дахь асуултуудаас нь тодорхой. Тэрбээр “Миний бие Дилова хутагтаас илүү гарах Бодисатва, бусад хувилгаадын талаар сонсож байсан. Үүний учрыг олоход минь тусална уу. Хутагтын Банчин лам, Далай ламтай хамаарах харьцаа юу вэ? Хутагт шарын урсгал уу, улааных уу?” хэмээн Латтимороос асуужээ.

Дилова хутагтад олгосон “аббот” буюу “хамба”-тай дүйцэх цолын гэрчилгээ

Латтимор Клифтоны захидлыг Дилова хутагтад орчуулж өгөөд, асуултад нь товч тодорхой хариу авсан даруйдаа буюу Тавдугаар сарын 28-ны өдөр хариу захидал бичсэн байна. Үүнд:

“Эрхэм хүндэт Клифтон

Тавдугаар сарын 26-нд илгээсэн захидлыг тань авч их баярлалаа.

Дилова хутагт намайг танд өөрийгөө хэнд ч ямар ч гэрчилгээ гардуулах эрх болоод үүрэггүй хүн гэдгээ тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Хэн нэгнийг гишүүнээр элсүүлэх, цол олгох эрх түүнд үгүй гэнэ. Би түүнд Барууны “хүндэт гишүүн” хэмээх ойлголтыг тайлбарлаж өгтөл ихэд хачирхан хүлээн авав. Түүний бодлоор аливаа хүн шашны аль нэг урсгал сургуульд гишүүнээр элсэнэ гэх ойлголт үгүй, харин тодорхой сүм хийдийн шашны элдэв үйлд биечлэн оролцож, шүтэн биширч, даган суралцаж болно гэх. Тэгээд таныг үнэхээр тийн очиж, шавилан сурахыг хүсвээс бичиг үйлдэж өгч чадна хэмээсэн нь манай Барууныхны ойлголтоор бол “танилцуулга захидал” гэдэгтэй төстэй зүйл юм.

Дилова хутагт зэрэг зиндааны талаар бол ингэж хэлүүлэв:

Монголчууд Далай лам, Жавзандамба хутагт, Банчин богд гурвыг хамгийн өндөр дээд хувилгаад хэмээн шүтдэг юм. Үүнээс Далай лам, Жавзандамба хутагт хоёр бол эн тэнцүү, Банчин ламыг харин “адил гэхдээ дараа нь” гэсэн үгээр хэлж болох юм. Гэвч Монголын олон мөргөлчид Банчин ламыг зорьж очихдоо дэс дараа, дээр доор хэмээхгүй, эн тэнцүү бишрэн залбирдаг юм...” гэжээ.

Дилова хутагтын ийнхүү доктор зэрэг, хамба цол хүртсэн түүх, нааш цааш бичилцсэн захидал, ерөөс Хутагтын бусад бичиг захидал, тайлбар сэлтийг үзэхэд хоёр зүйл тодорхой харагддаг юм.

Нэгд, Барууны ертөнц түүнийг нууцлаг дорнын чинад хязгаараас ирсэн “амьд бурхан” хэмээн үзэж, шүтэн бишрэх, зэрэг цол олгох, зөрүүлээд ивээлд нь батах гэх мэтийг хүсэж байсан боловч Хутагт харин үргэлжид шашны үнэн номлолыг сургаж, ид шидээс ангид тайлбар өгч, зэрэг цол, хүндэт өргөмжлөлөөс зугтаж байжээ. Өмнөх нэгэн нийтлэлдээ миний бие Германы нэгэн оюутан Оссендоввскийн номыг уншаад, Дтлова хутагтыг биширч, номд дурдсан гайхамшгийн талаар асуусан, Хутагт харин урмыг нь хугалж, тийм юм огт болоогүй хэмээн хариулсан тухай өгүүлсэн билээ. Клифтоны хувьд мөн л энгийн үнэнийг товч тодорхой өчсөн байна. 

Хоёрт, Дилова хутагт АНУ-д ирсэн анхны монгол хүн болохын хувьд Монголын тухай, шашин соёлын талаар өдөр тутам асуулт хүлээн авдаг, тэр бүрийд уйгагүй хариулдаг байжээ. Гэвч байнга давтагддаг нэг төвөгтэй асуулт нь шарын шашны хутагт хувилгаадын зэрэг зиндаа, хэн нь хэндээ харьяалагдах тухай зүйл байсанд баахан төвөгшөөх болсон байдал харагддаг. Иймээс Наробанчин хийдийн тухай өгүүлэл бичихдээ энэ тухай зориуд дэлгэрэнгүй тайлбарлаж, Америкийн эрдмийн сэтгүүлд хэвлүүлсэн юм. Хожим ийм асуулт ирэхэд тэр өгүүллээ өгдөг болсон ажээ.