Доголон чөтгөр

Ерөнхий эрхлэгч Луузан хөдөө яваад замын донслоонд зэмлээд, -Маргаашийн сонинд энэ талаар маш инээдтэй раг зузур! гэж дээрэлхэв. Дээрэлхэх нь ч аргагүй. Би өчүүхэн муу гар зураач юм чинь коммунист намын дээд курс Москвад дүүргэсэн улс төрийн өндөр боловсролтой эрхлэгч надад томрохоос яахав. “Эрхлэгчийн дух хөндүүрлэснээс үүдэж түүхэндээ сайжраагүй Борогчингийн зам засагдвал олонд буян болно” гээд би тархиа шог сэдэвт шавхлаа.

Орой нь миний зурсан зургийг эрхлэгч Луузан үзүүт хэвлийнхээ хөндийгөөр өөдөө цоргилсон инээдийг өөрийнхөө дээрэлхдэг өчүүхэн муу гар зураачийн дэргэд бүлтлэхгүй гэсэндээ тас түгжсэн ч нүсэр зовлог нь суудалдаа удирдлагагүй овгонож, чимээгүй бөгшүүлтэл ширээн дээрх цайны аяга халбага үл мэдэг дуугарч, шал нь хотолздог нурахдаа тулсан ямбий яйжиг тасалгаанд ахлуудсан чийдэнгийн сүрлэг болор бүрхүүлийн унжлагууд санжигнах шиг боллоо. Энэ өрөөнд 30-40 онд Төв Хорооны том дарга конторлодог байсан гэх. Их удирдагчийн конторыг өвлөсөн том сонины эрхлэгчийн инээд хүрэхийг бодоход зураг маань дажгүй болж хэмээн би дотроо баярлаад хүч өгөх санаатай, 

-Чөтгөр Боргочингийн зам дээгүүр гүйгээд гарчих гэтэл дэржигнүүрт бүдэрч ойчоод дунд чөмгөө хугалчихсан ёолоод хэвтэж байгаа юм гэж зургаа тайлбарлав. 

Эрхлэгч намдахгүй уугих инээдээ дарангаа халаасаа ухаж гарлаа. Хөөрсөн би миний шог зурганд баярласан эрхлэгч халааснаасаа надад шууд шагнал өгөх нь үү гэж горьдтол эрхлэгч халааснаасаа мөнгө гаргасангүй, жигтэйхэн хурц сайхан сүрчигний үнэр ханхалсан алчуур гаргаж нулимсаа арчаад,

-Энэ чөтгөрийн ёолж бархирч байгааг. Чөмгөө ийм аймаар хуга ташсан хойно ингэж орилохоос өөр яахав дээ гэж миний зурсан чөтгөрийг өрөвдөөд, -Чи энэ чөтгөрийн тэсэх аргагүй өвдөж байгаа тэр их дотоод зовиурыг яаж ингэж хэдхэн зураасаар дүрсэлж чадав аа гээд толгой сэгсрэх зуурт хоригдсон инээд золтой писхийсэнгүй. Түгжигдсэн инээд машины асдаггүй мотор аятай ходоодон дотроо хяхтнахад түмэн уншигч инээж буй мэт сэтгэгдэл надад төрж, өөрийн авъяасанд нууцаар онгирч суутал эрхлэгч,

-За дүү минь болих уу даа гээд зургийг маань буцааж өгөв. Зурсан зураг эрхлэгчийн инээдийг хүргэсэнд маадгар суусан би,

-Яагаад? гэж дуу алдлаа. Эрхлэгч царайгаа албархаг хүйтэн болгоод,

-Чөтгөр гэж ер нь байдаг юм уу. Чөтгөр байдаг гэж чамд сургууль чинь зааж өгсөн үү гээд намайг ороох янзтай.

-Чөтгөр гэж байхгүй. Чөтгөр бол шарын шашны мунхруулга. Чөтгөр гэх ойлголт хуучин нийгмийн ялзрал гээд би айсандаа ялнаас сугарахыг хичээв. 

-Байхгүй чөтгөрийг байна гэж зураад хэвлэх намын сонины үзэлд таарах уу?

-Чөтгөр байдаг гэж зурсан юм биш. Замын мууг шоолсон хэтрүүлэг.

-Хэтрүүлэг нь ч хэтрүүлэг байна л даа. Хэтрүүлэг гэдгийг би бол ойлгоод байна. Харин чи уншигчид цөм зөвөөр ойлгоно гэж арай бодоогүй биз.

-Зөвлөлтийн зураачид шог зургандаа чөтгөр зураад л байдаг шүү дээ. 

-Зөвлөлтийн уншигчид манай уншигчдын ухамсрын хэмжээ өдөр шөнө шиг ялгаатайг чи мэдэх үү. Зөвлөлтийн хэмжээнд монголчууд хүртэл яагаа ч үгүй хол хэвтэнэ. Зөвлөлтийн уншигчид чинь өнөөдөр коммунизм байгуулж байгаа дэлхийд ганцаараа улс. Монголын уншигчид наад муу шогоос чинь болоод чөтгөр байдаг юм байна гээд ойлгочвол хариуцлагыг нь хэн даахав.

-Би даая.

-Хүүе хараач. Бас их эд байх нь. Хариуцлагыг нь чиний мөгөөрсөн нуруу арай даахгүй биз жаал минь. Чиний балай зурагнаас болоод сонин буруудвал Төв Хороо намайг л хусна. Тэгээд ч би намын үзэл суртлын дайчин зэвсэг-сониноо чамаар тоглуулахгүй гэж уурлав. Гайхаш барагдсан би балай зургаа барьсаар үүд рүү эргэтэл тэр хойноос дуудаад намайг өрөвдсөн юм уу яасан юм бэ,

-Чиний зураг ч марзан болжээ. Даанч намын үзэл сурталд таарсангүй гээд өчүүхэн шог зураач миний айж буйд Луузан гуай олзуурхаад өөрийнхөө надаас хэт давууг мэдэрсэндээ өөрөөрөө бахархах шиг болсноо, -Чиний зургийг үзээд чөтгөр байдгийм байж гээд ойлгочих улс төрийн боловсролгүй уншигч одоохондоо манай хөдөөд олон бий. Монгол уншигчид Зөвлөлт уншигчдын зиндаанд хүрчвэл чиний энэ муу шогийг нийтлэхэд харшлах юу байхав нохой долоо гээд сэнтийдээ ханхалзах нь бардам агаад намын үзэл суртлаа соргог хамгаалж чадсандаа духны нь хөх бондгорын зовиур арилжээ гэмээр харагдлаа. Тэр өөрийгөө томилсон Төв Хорооныхоо том даргын өмнө очоод над шиг ингэж жижгэрдэг дээ гэж төсөөлөөд би хариугаа ийм бичвэрээр ичнээ авъя хэмээн тайвшрахыг оролдов. (1973)


Социализмд зуд гэж байх ёсгүй

(дурсамжийг зохиодоггүй)

Далаад оны дундуур Монголд сүрхий зуд болов. Зудыг хэрхэн давах талаар хуралдлаа. Сайдууд, аймгуудын нам, захиргааны дарга нар Улс Төрийн Товчоонд зовлон бэрхшээлээ тоочиж тусламж гуйв. Зузаан хунгарт бэлчээр битүү дарагдаж малын хамар хатгах өвс цухуйхгүй болж, зам харгуй цасанд боогдсоныг сонсоод Цэдэнбал дарга тавгүйтжээ. Арчаагүй дарга нараа хараад Цэдэнбал бухимдаж, 

-Та нар зуд гэж юугаа яриад байна? Юуны чинь цасан бүрхүүл. Юуны чинь боогдсон зам харгуй. Зуд гэгч хувьсгалаас өмнөх хоцрогдсон феодлын үед байсан үзэгдэл. Социализмын материал техникийн бааз амжилттай байгуулж байгаа Монголд зуд гэж байх ёсгүй. Зөвлөлт тусламжаар өчнөөн жил хөгжиж, социализмд эргэлт буцалтгүй дэвшсэн улсын коммунистууд зуд гэх бэршээл тоочих эрхгүй. Зудыг бид үсрэнгүй хөгжлөөрөө тас цохьсон. Зуд бидний хөгжилд ялагдаад үгүй болсон. Та нар зуд гэх шалтаг тоочих эрхгүй нөхөд. Зуд гэж ярьсан коммунисттой хариуцлага хатуу тооц гэж ууралжээ. 

Энэ хатуурхал доош тарахдаа чангарсан нь мэдээж. Дээрээс буусан лүндэнг дэврээгч хийрхэл дунд шатандаа галзуу. Ингээд зуд гэж бичсэн сонин сэтгүүл, зуд гэж хэлсэн албан хаагч, ялангуяа зуд гэж шалтаг тоочсон малчидтай хатуу тооцоо хийх компанит ажил сүр дуулиантай өрнөв. Монгол хэлний үгсийн сангаас “зуд” гэх үгийг авч хаях ч ухааны юм зарим хөөрүү нь ярив. Албан тушаалд санаархаж буй нь тэр. “Зуд” гэх ганц үгийг орлуулах үг сонгох гэж дээр доргүй баахан пижигнэв. Янз бүрийн хувилбар зохиох эрдэмтэн мэргэд хаа очиж дутсангүй. Энд тэндгүй хошуугаа билүүдэж ухаанаа гайхуулав. Зуд гэсэн үгийг орлох хувилбар олсноо Цэдэнбал даргад заавал үзүүлж, зөвшөөрөл авахгүй бол горьгүй гэж айсан сонины эрхлэгч нар ордон өөд гүйлдэж, бас Бал даргад таалагдсан үг түрүүлж олж магтуулах гэсэн нэр төр хөөцөлдөгч нар хаа сайгүй оносон үгийн эрэлд гөрөөлөв. 


“Байгалийн цаг зуурын, түр зуурын бэрхшээл” гэх мэт үгнүүд дээр эргэлдэж, даяараа багагүй мулгуутаад, өөр олигтой хувилбар ололгүй эцэст нь тэгж бичиж байх заавар дээрээс буусан юмдаг уу даа. Батлагдсан зааврын дагуу “зуд” гэх ганц үгний оронд дээрх зургаан үгийг санаа амар угсруулан бичиж эхэллээ. Яваандаа зургаан үг цувруулах дэндүү урт тул арай цөөрч дөрөв болов. Нэгдлийн борлонг коммунист ухамсаргүй малчин “зудад” гэхийн оронд “байгалийн түр зуурын бэрхшээлд” үхүүлсэн учир төлөх ёстой гэж бичдэг боллоо. Бал дарга мал төллөх үеэр Хар далайд амардаг уламжлалтай бөгөөд явахдаа “заавал биелүүлэх албан даалгавар” гэх онцгой хатуу коммунист шаардлага тавина. Шаардлага нь төлийн хорогдлыг тас цохь гэсэн агуулгатай. Зуун эхээс зуун төл авахгүй бол ЗХУ-д олон сая тууврын малаа тоо ёсоор өгч чадахгүйд хүрч ах нартаа итгэл алдахаас гадна жилд 9 сая төл бойжуулахгүй бол нийт мал 20 саяас хол буучих гээд байв.

Арван тампуу адууны хар хомоол. Дорноговийн нэг малчин радиогоор ярьж байна аа. “Өвлийн бэлтгэлээ сайтар хангавал зуд гэж байх ёсгүй. Зуд бол феодализмын хоцрогдол” гэж баахан донгослоо. Эцэст нь сурвалжлагч түүнээс, 

-Та зудыг ямар бэлтгэлээр тас цохив? гэхэд зудыг тас цохигч малчин, 

-Би арван тампуу адууны хар хомоол түүсэн гэж билээ. 

Одооны багачууд намайг дэндүүллээ гэнэ дээ. Ийм эмгэнэлтэй бялдуучлал дарангуйллын дагуул байсныг ардчилалд төрж өссөн залуус үнэмшихгүй биз. Ичгүүртэй долигногч малчин балайдаа бус айсандаа аргагуйн эрхэнд жүжиглэж, амиа хаацайлж буй ядарсан арга юм. Жүжиглэж зарим нь чадна. Зарим нь чадахгүй энэ малчин шиг хөглөнө. Нэг хүнийг тахин шүтэх дэглэмд хар толгойгоо ялнаас мултлах гэж аль хөглөхийг тэр гэхэв. Дорноговьд хадлан ургах биш. Зуд хэмээх байгалийн сүр хүчний эсрэг говьчууд адууны хар хомоолоос өөр юугаар ч тэмцэх билээ. Өлссөн бог адууны хар хомоол арга буюу иддэг бөгөөд адуу хивдэггүй учраас хомоол нь өвсний нүнжгээ бүрэн алдахгүй. Залуу-халуун би нэг хурал дээр малчны ярьсныг ёжлонгуй иш татаж, адууны хар хомоолоор зудыг тас цохих юм гэнэ гэж ирээд л “Тоншуул”-ын өнгө аясаар сүрхий амьтан дооглов.

Маргааш нь намайг намын үүрийн дарга дуудлаа. Орвол товчооны гишүүд гэх надтай хамт ажилладаг миний зиндааны хэдэн найз сууж байв. Намын дарга надад “Өчигдөр чи олны дунд адууны хар хомоолоор зудыг тас цохьсон гэж доог дохуу болгож, зарчимгүй үг хэлсэн” гэж хатуу анхааруулав. Товчооны бусад гишүүд ч хамт ажилладаг намайгаа эсэргүү дайсан мэтээр тун сүрхий эгдүүцэж, тал талаас сүрдүүллээ. Надтай балга тагш юм хувааж хүртдэг, бас нийлж цуурдаг нэг найз маань товчооны гишүүн болсон юм байж тэдний дунд сууж харагдана. Намайг хаацайлах бол уу гэсэн чинь өнөөх маань намайг улс төрийн алдаа гаргасан гээд бусдаасаа бүр ч түрэмгий дайрав. Гэвч тэр маань зайлуул ширүүхэн загнаж, хатуухан сануулаад намайг өршөөх арга сүвэгчилж буй нь тэр юмсанж. 

Хурал дээр олны дунд миний донгоссон намч бус марзагнал их том даргын сонорт хүрснээр миний асуудал өндөр авч ноцтой түвшинд яригдаж буй юм байж. “Үнэн” сонины нэгдүгээр орлогч Г.Дэлэг гуай “Тоншуул”-ыг эрхлэдэг байв. Эрхлэгч маань Бал даргын “Социализмд зуд ялагдсан” гэж хэлснийг дооглосон болчимгүй үг өөдөө дамжаад Бал даргад хүрчих вий гэж их айсан болтой юм билээ хожим сонсоход. Тэр үеийн дарга нар маш аймхай байв даа чааваас. Айхгүй байхын ч аргагүй. Мань мэтийн сэтэргүй уран бүтээлч залуус зовлон амсаж хашираагүйдээ айхаа мэдэхгүй хөнгөднө. Орон тооны бус намын үүрийн товчооны гишүүд миний улстөрийн ноцтой алдааг хатуу анхааруулаад уучилсныг би хожуу ойлгоод тэдэнд бөхөлзөж амьдарлаа. Тэгсэн маань ч зөвдөв. Хэрэгт орооцолдвол халагдахаас гадна зохиол бичих дэврүү зорилго минь нурна.

Эдүгээ дарга нарын амнаас “тас цохь”, “зуд гэж байх ёсгүй” гэх зандрангуй хэллэг гарахаа бараг больжээ. Энэ чинь маний үеэс дээрдээд л яваагийн шинж. Анзаарагдахгүй ч дэвшил явагдаж буйн баталгаа. Эрх чөлөөтэй болсноор доодос бялдуучлах байтугай төр засаг, хэнийг л бол хэнийг, айж эмээхгүйгээр шүүмжилдэг болов. Бид чинь байгууллагынхаа хурал дээр даргыгаа нэр цохож шүүмжлэх зориггүй үхээнц амьтад явлаа шүү дээ. Орчин үеэ хааяа ч болохноо гэрэлтэй талаас нь харж бай. Гишгэсэн мөрөө шүүмэгц хүссэн хүсээгүй Ю.Цэдэнбалын нэр хөндөгддөг. Миний амьдрал Бал даргын зуунд таарчээ. Үзээгүй нийгмийн тухай донгосолтой нь биш туулсан замаа л бичих юм. Жалга довын охор үзэлтэй нь Балыг бичлээ гэж аягүйцэх нь цөөнгүй ч ХХI зууныхан “хоцрогдлоо орхих нь зөв” гэж урам хайрладаг. Өдгөө биеэ магтаад буй МАН, АН-ын удирдагчдын сул талыг хойч үе шүүж л таарна. Хорвоогийн хүнээр заалгадаггүй жамыг дагах-соёл шүү.

Зуд-давшгүй гамшиг. Дэлхийд нүүрлэдэг гамшгийн жагсаалтад байгалийн аюултай үзэгдэл “зуд” гэж монгол үгээр бүртгэгджээ. НҮБ-ын хандивлагч орнуудад “зуд” гэж хандахад Монгол улсад гамшиг болжээ гэж ямар ч тайлбаргүй шууд ойлгодог болов. Зуд бол цунами, газар хөдлөх, галт уул дэлбэрэхтэй адил байгалийн давагдашгүй хүчин гэж олон улс нэгдсэн ойлголтод манай Засгийн газрын хүсэлтээр хүрсэн байна. 2000-2001 он дамнасан зудыг НҮБ-ын шинжээчид ирж үзээд, “зуд” гэдэг үнэхээр гамшиг болохыг тогтоосон. Зуд болбол 70 сая малд нэг өдөр тавьж өгөх хадлан тэжээл хэдий анзайны байх вэ? 70 саяын ганц өлссөн борлон нэг боодол өвсийг дор нь идчихнэ. Дахиад өгөх өвсгүй бол борлон маргааш нь үхнэ. 70 саяыг тэжээх ямар ч боломжгүй. Хангай дэлхий л нөмөртөө хэдэн малыг минь онд оруулдаг. Аргаль янгир тахь хавтгай шигээ хэдэн мал минь хоолоо олж идэхдээ бахтай. “Уран баян хоёр” гэх хэллэг бий. Уран нь малын хошуу, баян нь дэлхий. Мал сүргээ аварч дөнгөх аятай пээдийх төр засаг бол хоосон сүр. Дээрээс буух тундас дороос ургах ургамлаас бид хамааралтай. Тиймээс гол мөрнийхөө ай савд олгой нуур, цөөрөм тогтоож, УЦС-ын том жижиг сангууд байгуулж, хуурай агаараа чийгшүүлж, хур бороо хурмастаас гуй. Элсний нүүдлийн өөдөөс монгол ногоогоороо давш. Бэлчээр бол зууны бус мөнхөд тэжээх баялаг. Зуд байхгүй гэж гүрнээрээ солиорсон маань сургамж болоосой.


Шог зураачид

Орон тооны бус намын үүрийн дарга гэгч бөөн дурын хэнхэг нэгэн-шог зураач маньдаа бол эрлэг байв. Тэр тус болохоосоо илүү яршиг удна. Зайлуул цаанаасаа даалгавартай л даа. Далаад оны үед олон улсын шог зургийн уралдааны комисс манай шог зураачдад урилга игээжээ. Шагнал нь соц. Монголын пролетари зураачдын нүд эрээлжлэм аж. Бид оролцох гэтэл намын дарга та нарыг дураар чинь тавихгүй, явуулах зургийг чинь коллегиор хянана, дараа нь главлитээр батлуулна гэж томров. Олон улсын шог зургийн уралдаан зохиож буй улс нь коммунист Болгар. Бидний явуулсан зургийг Болгарын намын дарга хянана гэвэл тэглээ ч гэсэн бид шийднэ. Та нар толгой дээгүүр харайх санаатай юу гэж намын дарга шазуур зуув. Намаа халдвараас сэргийлж буй нь тэр. ЗХУ, АНУ, Англи, Франц, Итали, Испани, Герман, Голланд, Швед, Дани, Япон, Польш, Турк, Бразил гэх шог хошин зургаар тэргүүлэгч орны зураачтай уралдаж, хошин сэтгэлгээ, ур чадварынхаа царыг харах боломж тул хаалттай нийгмийн залуу зураач бид оролцох гэлгүй яах билээ.

Намын дарга бидний юу зурж буйг сэм тагнаад эхлэв. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэж бид гадарлалгүй дээ. Зургаа түүнээс нуугаад илгээх санаа төрлөө. Бидний санааг танатсан өнөө гайхал чангараад, уралдаанд явуулах зургийг хэлэлцэх хурал зохиов. Адууны сүүлийг хуйхаар нь мөлжиж хяргаснаас ялаа үргээж чадахаа больсныг ёгтолсон А.Гүрсэд гуайн зураг хэрүүл удав. Өвгөн багшийнхаа хөндсөн сэдэвт олзуурхсан зураачид бууж өгөөгүйгээс намын дарга уралдаанд илгээх зургийг бүр Төв Хороонд үзүүлэхээр хатуурхав. Хялгасыг нь хадах ёзоороор хяргасан адууны ясан сүүлний үзүүрт ялааны алуур бэхэлсэн зургийг Төв Хорооны их том дарга харж харж цэвэр ойрад аялгуугаар,

-Манай адууны дэл сүүлийг Зөвлөлт авдаг. Монгол улс сүлдэндээ залсан алдар цуутай адуугаа ялаа үргээх юмгүй болтол сүүлийг нь мөлжиж Орост тушаадаг гэсэн санаа энд яваад байна аа даа гэв. Зураач нар айгаад таг. Уг нь өвгөн зураач А.Гүрсэд малыг ч гэсэн өрөвдөх ёстойг дэлхийд толилуулахаар зурж л дээ. Монголчууд малыг хайрлах үзлээр онцгойг гадны шүүгчид үнэлж магадгүй гэж өвөө Гүрсэд тооцсон байх. Төв Хорооны том дарга аймхай зураачдын арчаагүй царайг анзаарч өрөвдөв үү яав,

-Энэ зургийн далд санааг манай дайсан-хөрөнгөтнүүд тэгж ашиглах вий гэж байгаа болохоос би тэгж байгаа юм биш шүү. Намайг зураачид зөв ойлгоорой гэж хаяагаа манаж халамжлан уярав.

Хуралд оролцсон бусад том дарга нар шог зургуудыг хатуу хянаж, намынхаа үзэл суртлыг хэрхэн хамгаалдгаа Төв Хороондоо үзүүлэх момент гарлаа гээд шог хошин зургуудыг судалж гарлаа. Эхлээд шог зургийн толгойг доош харуулбал юу болж хувирах нь вэ гэж шалгав. Дараа нь цонхны гэрэлд араас нь нэвт харж үзлээ. Эсэргүү санаа шургуулж л таарна-олъё гээд шог зураачдыг дайсан мэт нүүрэн дээр нь гомдмоор хардаж дээрэлхэв. “Шог зургийг басаж болохгүй, дайснууд олзолчих нууц агуулж уу” гээд эргүүлж тойруулж янз янзаар шинжлээд, олон улсын уралдаанд илгээж болох хэдэн зураг сонгов. Хамгийн муу зургууд шалгарсан нь мэдээж. Муусайн шог зураачдаа навс буулгаж авсан орон тооны бус намын дарга додигор байна аа янз нь. Харин ордонд орж үзээгүй шог зураачид эх орныг минь ийм мулгуу хүмүүс жолооддог юм уу. Даанч дээ гэж гутарсан царайтай харагдав.

Ордноос урамгүй гарсан залуус бидний сэтгэлийг засахаар өвгөн зураач А.Гүрсэд гуай ингэж хуучлав: 1960-аад оны үед “Матар” сэтгүүлийн зураач А.Гүрсэд гуай ЗХУ-д 10 хоногийн хугацаатай туршилга судлахаар анх удаа явжээ. Гүрсэд гуайг үдсэн намын дарга түүнд “Нам чамайг алтан Москвад явууллаа шүү. Чи орос хэл сайн сураарай” гээд чанга тэвэрч гэнэ. Арав хоногт шүү дээ. Хариуд нь шог зураач “Үндэснийхээ хэлийг л мартчихгүй ирэх юмсан гэж бодож байна” гэсэн тухайгаа дурсаж шавь нараа хөгжөөв.

Төв Хороо хянаад шилчихсэн зургуудын ард тамгаа главлит санаа амар дарлаа. Тэгтэл намын дарга ноцтой юм олоод харчжээ. Сонор соргогоо намын хүн ямагт харуулахыг хичээдэг хойно. Хөрөнгөтөн орнууд оролцох уралдаанд очих зургийн ар талд Главлитийн ХУЗХГ (хэвлэл утга зохиол хянах газар) гэх хэдэн үсэг бүхий жижиг дөрвөлжин тэмдэг дарсан нь тамга тэмдгээ дайсанд олзлуулах алдаа гаргасныг мань хүн илрүүлэв. “Нээрэн тэгнэ” гэж намын бусад хүмүүс дуу дуугаа авалцаад нөгөө өчүүхэн тэмдгүүдийг зураачдаар арилгууллаа. Главлитийн төлөөлөгч болгонд байдаг хувийн дугаартай тэр тэмдгийг Америк тэргүүтэй империалистүүд дуурайлгаж үйлдээд ашиглах аюулаас намын хүн ингэж аврав. Главлитийн тэмдгээ үзүүлэхгүй бол Япон мэтийн дайснууд дуурайлган хийж чадахгүйд манай нууцын илэршгүй хүч оршдог байх нь гэж шог зураачид ёжтой мушилзлаа. Намын хүний яршиг-хардах гэж лайтай. Ер ажил нь тэр.

Гайхалтай нь ардчилал, чөлөөт зах зээлийн 30 жилд намын хүний тэнэг мангуу явуулга-уур барсаар яваад эцэст нь “нам толгойтой төр” сүндэрлүүлж,унхиагүй иргэдээ дээрэлхэв. “Нам толгой”-д эмээх зовлон байхгүй гээч. Үгүй юм аа, “нам толгой”-д айдаг мангаа нэг бий. Нам толгойн тархи коммунист хордлоготой тул орос хүний өмнө шээс алддаг нь ардчилсан эрэнд хэвээрээ. Харин зохиолч зураачийн дээр намын тагнуул залрахаа больсон нь чамламгүй дэвшил. (1987)


Торгомсог мэдрэмж

Ж.Лхагва Киевийн, би Москвагийн оюутан. Бид богино өгүүллэгүүдээрээ танилцаж, биесээ үгүйлдэг-үй зайгүй анд болцгоосон билээ. Лхагва урлаг уран зохиолын далайгаас шилэхээ шилж, голохоо голдог, баргийн юм тоохгүй, пээдгэр оюутан-ирээдүйн инженер нэгэн. Түүний уянгалаг хошин мэдрэмж намайг татсан байх. Сургуулиа төгссөний дараа бид салахаа болив. Лхагвааг "Тоншуул" сэтгүүлийн газар ирэхэд намайг түүнтэй хамт гараад арилах вий гэж дарга нараас эхлээд үүдний жижүүр хардана. Намайг Лхагваагийн ажлын газраар ороход тэднийхэн бас тэгнэ. Ингэлээ гэж бид тэдгээр хүмүүст гомдохгүй, харин ч хөнгөн онигоо тэрлэж зугаацна. Бид хоёр нийлэхээрээ “зэсэрдэг” нь үнэн юм чинь. Зэсрээд бид хоёр юу хийх вэ? Олсон сэдэвтээ шигтгээ хайна. Энэ нь биесээ дэвэргэх, адтай сэтгэх гэжтархиа дайчлах, авъяасаа хурцлах дасгал маягтай уралдаан болох нь бий. Үүнийг бид төлөвлөж байгаагүй, аяндаа тийм болдог байв. Уулзаагүй цагтаа хэн хэнээ хөгжөөх юмор дор бүрнээ зэхнэ. Ингэж хоёр биеийг сэлбэж явснаас ч болсон уу, уулзах хүсэлд хөтлөгдөн ууж идэж, наргиж даргиж явснаа эдүгээ эргэн дурсахад буруу ч юм хийж явсан хоёр бишээр үл барам харин ч өтөлж үрэгдэхийн цагт амьдралын харанхуй бартаат харгуйд гялалзах оч бадрааж явжээ гэлтэй.

Лхагвааг манайд ирэхэд ээж минь их дуртай. Сайхан ярьдаг хүүгээс сэтгэл сэргээх хэдэн үг “тоншоод” авъя гэж олзуурхана. Лхагва хөгжилтэй ч ярина. Гэрийн мухар сахьж өөд болсон өвгөнийхөө хойноос эрхи эргүүлэхээс өөр ажилгүй эмгэний инээдийг ч хүргэнэ. Манайд ам халсан хоёр гурван найз хөөрөлдөж суутал хаалганы хонх дуугарчээ. Бид яриандаа автаад анзаарсангүй. Ээж хаалга нээж өгтөл живэр сахалтай, мяраалаг залуу зогсож байжээ. Лхагва манайд анх зочилж буй нь тэр. Манай хувцасны жижиг өлгүүрт сул өлгүүр байсангүй. Ээж түүнд,

-Сул өлгүүр байна уу, хүү минь гэхэд Лхагва,

-Эмээ минь урьд уяа дүүрэн багширсан морьдтой байдаг айлыг сайн айл гэдэг сэн. Одоо өлгүүр дүүрэн пальтотой байдаг айлыг юу гэх юм бол доо гэжээ. Ээж минь Лхагватай ийм үгээр танилцсанаа бэлэгшээж дурсдаг сан.

Украинд болох залуу зохиолчдын уулзалтад Ж.Лхагва нар явсан юм. Баруун Украины Льювов хотод болох уулзалт тул манай зохиолчдын хэлэх үгийг үзэл суртлын өндөр хэмжээнд боловсруулж, Төв хороогоор хянуулах хэрэгтэй гэсэн санал гарчээ. Мэдээж намын хүмүүс гаргасан санал байж таарна. Явах гурван зохиолчийн ахлагчаар Ж.Лхагва тодорч, хэлэх үг ноорголох үүргийг түүнд өгчээ. Лхагва хэлэх үг гээд 2-3 хуудас юм бичсэн ч Зохиолчдын хорооны дарга нар, намын дарга дамжуулж уншаад бөөн засвар хийлгэж эргэж буцаж, сүр болж болж Төв хороонд танилцуулж, тэнд бас дарга нар дамжуулж уншаад мөн л зөндөөн засвар хийлгэжээ. Гадаадад явах хишиг хүртсэн Лхагва засваруудыг түвэгшээлгүй хийв. Тэгж тэгж нэг юм хэлэх үг зөшөөрөгджээ. 

Льювовт очсон орой нь мань гурвыг Украины хэдэн залуу зохиолч бааранд хүлээн авч ний нуугүй сайхан цуурчээ. Лхагва ухаантай зохиолч болох гэж зөндөөн донгосч гэнэ. Мэдээж чадлаараа давсалж хошигноо биз. Ж.Лхагва Киевт дээд сургууль дүүргэсэн тул украинаар муугүй ярина. Маргааш нь бие бүрзгэр Лхагва үгээ яаж хэлнэ дээ гэж бэргэж байтал өглөө ба үдийн хоол өнгөрч. Юм үзэж гэнэ. Лхагва нөгөө үгээ хэдийд хэлэх юм бол гээд хэдэн хуудас илтгэлээ өвөртлөөд л яваад байж. Украины зохиолчдод Монголын зохиолчдын ахлагчаар үг хэлүүлэх царай алга гэнэ шүү. Явдал болж батлагдсан үгээ хэлэхгүй буцвал ирсэн хойно үгээ яагаад хэлээгүйг Зохиолчдын хороо асууж, Төв хороо сэжиглэнэ. 

Буцахын урьд оройн хоолон дээр Лхагва Украины залуу зохиолч нөхөддөө “Би нэг үг хэлэх ёстой юмсан. Хэдийд хэлэх вэ?” гэвэл цаадуул нь гайхсанаа “Та үзэл бодлоо ирсэн үдшээ бааранд тун гоё илэрхийлсэн шүү дээ. Таны илэн далангүй наргиантай яриа бидэнд их таалагдсан” гэсэн гэдэг. Лхагвагийн цуурч цэцэрхсэн эсэргүү яриа, онигой тэдэнд таалагдсан ажээ. “Монголын зохиолчдыг тийм хэмжээнд тэгж чөлөөтэй ярина гэж бид огт бодоогүй. Монголд ардчилал явж өгсөн юм байна” гээд Украин нөхөд баярлан Лхагваагийн дал мөрийг алгаджээ. Нөгөө олон дамжлага дамжиж батлагдсан үг Украинд уншигдалгүй ирсэн түүх энэ. Маний үед ардчиллын эх үүсвэр энэ мэт тавигдаад л явсан юм шүү. Харин Лхагва ирээд намын дарга нарт юу гэж хэлсэн бол хөөрхий минь! Бэлтгэсэн үгээ хэллээ. Украин нөхөд алга нижигнүүлэн ташиж байлаа гэж залсан бол уу, яасан бол? 

Лхагваа уулзах бүртээ инээдэмтэй юм ярьж хөгжөөнө. Үнэ стандартын улсын Хороонд тэр ажиллана. Тус Хороо консулын дэнжид шинэ байранд орлоо. Лхагва хамт ажилладаг найз нартайгаа шинэ байраа мялааж, контортоо архиджээ. Лхагва дуулахаараа аягүй чанга опер хоолойгоор, ойр хавийн хана таазны шохой унатал доргиулан дуулдаг юм. Нэг мэдэхнээ Лхагва аймаар чанга дуулж байна гэнэ. Тэгтэл түүний амыг нэг нөхөр нь гарынхаа алгаар таглаад дуулуулсангүй. Тэр найз нь намын үүрийн даргаар саявтар сонгогдсон нэгэн байж. Лхагва бодож гэнэ: Энэ маань өөрөө адил архидаж согтсон атлаа намын үүрийн даргаар сонгогдсон шүү юм болохоороо ажил дээр дуулаад хэрэггүй гэж ам таглаж байгаа юм байж. Ингэж бодтол нөгөө намын дарга болсон найз нь Лхагвагийн амыг таглаж чимээгүй болгочоод өөрөө хангинатал дуулж гарчээ. Зохиолчийн опер хоолой намын даргын хоолойг дараад байсан юмсанж. Хэрэг бишдээд маргааш нь даргынхаа өрөөнд дуудагдав. Дарга нь Лхагвагаас,

-Лхагва чи яагаад ажлын цагаар албан конторт архидав? Бас зүгээр ч архидаагүй бүр дуулж орилж байсан гэнэ гэхэд Лхагва,

-Уучлаарай миний буруу гэж гэнэ. Дарга нь,

-Чи л их чангаар дуулсан гэнэ дээ хөө гэхэд Лхагва,

-Би согтоод тасарчхаж. Нэг мэдэхнээ шив шинэхэн тасалгаанд зөндөөн гоё гоё мебелийн дунд, буйдан дээр суучихсан архидаж байна. Дарга та миний орон сууцгүйг мэднэ. Таныг надад шинэ байр өгч, би байраа "угааж" байна гэж баярлаад дуулж байснаа муухан санаж байна гэж өчжээ. (1998)

“Дэлхий даахгүй баян” номноос толилуулав .