Эрхэм гишүүд ээ! Үндсэн хууль болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн удаа дараагийн зөвлөмжийг хүндэтгэж, сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдааг засна гэж найдъя
-УИХ хүлээж авсан Цэцийн дүгнэлтийнхээ үндэслэлүүдийн эсрэг баталбал Цэцийн их суудлын хуралдаанд хандана-
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Монгол Улсын Эрүүгийн хуульд “гүтгэх” гэмт хэрэг байсан. Үүнийг 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж, батлахдаа халж, 2017 оноос Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг байв. Улмаар 2020 онд “Гүтгэх” зөрчлийг Зөрчлийн тухай хуулиас хасч, Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтаар “худал мэдээлэл тараах” болгосон. Цэцийн 10 дугаар дүгнэлтэд худал мэдээлэл тараах нь гүтгэх гэдгээс өөр агуулгатай шинэ төрлийн гэмт хэрэг байна гэж дүгнэсэн байна лээ. Гэтэл шүүхийн хууль хэрэглээнд “гүтгэх”, “доромжлох”, “худал мэдээлэл тараах” зэрэг ялгаатай ойлголтуудыг хольж хутган хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь сэтгүүлчдийн шүүмжлээд байгаачлан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг “хэт ерөнхий” бичсэнтэй холбоотой гэж үзсэн учраас Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Угтаа гүтгэх гэдэг гэмт хэрэг тусдаа. Худал мэдээлэл тараах нь түүнээс өөр хэрэг.
Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр бол “Худал мэдээлэл тараах” гэдэгтэй нь холбоотой. Цэцийн энэхүү дүгнэлтийг УИХ 2025 оны 12 дугаар сарын 30-нд хэлэлцээд,хүлээж авснаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт хүчингүй болж, үүнтэй холбоотойгоор хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаад хуралдаад явж байна. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар энэ асуудал УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж аваад, хуулийн төслийг өөрсдөө боловсруулж, хэлэлцэж, батлах бүрэн эрхээ эдэлж байна.
Хэрэв УИХ Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа Цэцийн 10 дугаар дүгнэлтийг агуулгаар нь сэргээсэн гэж үзвэл дахиад Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хандаж болно. Тэр эрх нээлтттэй хэвээрээ.
Цэцийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг бол “худал мэдээлэл тараах гэмт хэрэг”болохоос “гүтгэх гэмт хэрэг биш” гэж үзсэн. Харин УИХ үүн дээр ямар дүгнэлт оруулж ирэх вэ, Үндсэн хуульд нийцүүлэх үү гэдгийг бид хүлээж байна.
Аль ч улс оронд хүний нэр төр, алдар хүнд хамгаалагдах ёстой. Харин яаж хамгаалагдах нь туйлын тодорхой байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг зүйл заалтын гол “зөрчил” нь “худал мэдээлэл тараах гэмт хэрэг” гэдэг хэт ерөнхийагуулгатай заалтаар дамжуулан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг удаан хугацаанд шалгах, олон дахин дуудах, эх сурвалжид нь халдах, редакцад үзлэг нэгжлэг хийх замаар айдас, түгшүүр буюу chilling effect бий болгох нөхцөл үүсгэж байгаа явдал юм.
Харин бусад оронд яадаг вэ? Мэдээж хүний нэр төр, алдар хүнд халдашгүйхамгаалагдана. Гэтэл гүтгэгдчихжээ, үүний улмаас тухайн хохирогчийн сэтгэц нь гэмтэнэ, гэр бүлд нь асуудал үүснэ, тэр ч байтугай амь насаа алдахад хүргэсэн ч байж болно шүү дээ. Ийм нөхцөлд уг асуудлыг богино хугацаанд шуурхай шалгаж, шийдвэрлэх зохицуулалтыг бий болгочихсон байдаг. Гэтэл манайд хэдэн жил ч шийдэгдэхгүй, сунжрах тохиолдол бий.
Тэгэхээр Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалт хүний үндсэн эрхийг хязгаарлахад тавигддах “тохирсон байх зарчим”-ын шалгуурт нийцэхгүй байгаагаас Үндсэн хуулийн зөрчилтэй болж таарч байна. Гүтгэсэн үү, эсвэл худал мэдээлэл тараасан уу гэдгийг тогтоох, яг хэзээшийдвэрлэж дуусах хугацаа нь тодорхойгүй үргэлжилдэг. Тэр хугацаандаа эх сурвалжаа нууцлах эрхэд нь халддаг, эд хэрэгсэлд нь үзлэг, нэгжлэг хийдэг.
Тийм учраас сэтгүүлчид Эрүүгийн хуулийн 13.14 буюу “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгнь “Гүтгэх” гэдэг зүйл ангиас өөр гэдгийг маш тодорхой болгож, Үндсэн хууль зөрчсөн дүгнэлтийг нь хүлээж авсан юм бол одоо батлагдах хуулийн төсөл нь Үндсэн хуульд яв цавнийцсэн байх ёстой гэдгийг хууль батлах бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж өгөхийг УИХ-ын эрхэм гишүүдээс хүсэж, шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ Цэцийн шийдвэрт дурдсан үндэслэлийг харгалзан үзэж, Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөхгүйгээр баталбал дахиад Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хандана гэсэн үг.
Жишээ нь, бидний жишээ авах дуртай ардчилсан парламенттай, иргэд нь эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн гэгддэг Швейцарын хуульд ч “хүний нэр төр, алдар хүнд”-ийг хамгаалах зорилгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг тодорхой хэмжээнд хязгаарладаг байна. Гэхдээ маш тодорхой нөхцөлүүдийг хуульчилсан байдаг аж. Холбогдох хүмүүс нь лавшруулж судална биз.
Улс орон бүр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухайд өөрийн онцлогт тохирсон хуулийг баталж мөрддөг. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахдаа Үндсэн хуулийн зөрчлийг арилгахгүйгээр баталбал 2017 оноос өмнөх Эрүүгийн хуульд байсан, 2019 онд Зөрчлийн тухай хуулиас хасаж, 2020 онд Эрүүгийн хуульд 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” гэдэг дотор багтаасан “Гүтгэх” гэмт хэрэг эргэн сэргэнэ. Хамгийн гол нь Монгол Улсын хувьд НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ зөрчих болно.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Эрүүгийн хуулиас “Гүтгэх” гэмт хэргийг халахыг сануулж дөрөв дэх удаагаа зөвлөмж өгчихөөд байгаа. Уг зөвлөмжид “хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахдаа Эрүүгийн хуулиар бус зөөлөн аргаар, тодруулбал, Засгийн газрын түвшиндгэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн арга, ажиллагаагаар худал мэдээлэлтэй тэмцэж, бусдын нэр төр, алдар хүндийг хамгаалахыг сануулсан байдаг. Хэрэв заавал “гүтгэх” гэмт хэрэгт багтааж, Эрүүгийн хуулиар шийтгэхээр хуульд заасан болүүний нөгөө талд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалахзаалтыг заавал баталгаажуулж хуульчлахыг зөвлөсөн байдаг.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар “гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал мэдээлийн эх сурвалжийг хамгаалах механизм заавал хамт явах ёстой гэсэн зарчмыг шаарддаг. Энэ бол ардчилсан парламенттай төдийгүй нийт хүн төрөлхтний хүсдэг, нэхдэг хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчим.Тиймээс УИХ-ын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийг хүндэтгэхийн сацуу НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс удаа дараа өгсөн зөвлөмжийг анхааралдаа авч, шударга хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл болсон ардчилсан зарчмаасаа Монгол Улсын Ардчилсан Парламент ухрахгүй байх гэж найдаж байна.
Үүгээрээ сэтгүүлчид “чөлөөтэй гүтгэх” эрхтэй гээгүй. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад Монгол Улс нэгдэн орсон. Уг Пактаар хүний үндсэн эрхийг зарим талаар хязгаарлахыг зөвшөөрдөг гэдгийг бид мэднэ. Юуны өмнө, бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах үүднээс үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөг тодорхой түвшинд хязгаарлаж болдог. Гэхдээ хязгаарлахдаа тодорхой нөхцөл, боломжит богино хугацаанд асуудлыг шийддэг байхыг шаардах ёстой. Хэзээ дуртай цагтаа цаас барьж ирээд редакциудад үзлэг нэгжлэг хийх, үүргээ биелүүлж буй сэтгүүлчдийг баривчилж, хэзээ дуусах нь тодорхойгүйгээр хууль, хяналтын байгууллагын үүдийг сахиулж, айдас бий болгох буюу “chilling effect”-ээр удирдахаас ангид байхыг л хууль тогтоогчдоос хүсэж байна.

